05 сарын 18, Бямба
°C
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

“Эрдэнэс тавантолгой”-н хувьцааг арилжаална

Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг гадаад, дотоодын зах зээлд арилжаалах Хөрөнгийн биржийн сонголт, компанийн бүтцийн талаар Ажлын хэсгийн танилцуулгыг сонсов. Үүнтэй холбогдуулан тус компанийн хувьцааны тодорхой хувийг Монгол, Лондон, Хонконгийн хөрөнгийн бирж гэсэн гурвалсан бүтцээр арилжаалах, хувьцаа арилжаалах компанийн үнэлгээ өндөр байх боломж, татварын таатай орчин, нөхцөл, эрх зүйн зохицуулалт, Хөрөнгийн биржийн шаардлагуудыг харгалзан хувьцаа арилжаалах компанийг Их Британид бүртгэлтэй компани байх нь зүйтэй гэж үзлээ.

Лондонгийн Хөрөнгийн биржид бүртгүүлэхдээ FTSE индекст багтаж чадвал эрэлт илүү их нэмэгдэх бөгөөд энэ индекст орохын тулд Их Британид бүртгэлтэй, хувьцаа арилжаалах компани байгуулах ёстой юм. Энэ чиглэлээр ажиллахыг Төрийн өмчийн хороо болон “Эрдэнэс МГЛ” компанийн удирдлагад Засгийн газрын хуралдаанаас даалгав. 

Тавантолгой төсөлд хамтран ажиллаж байгаа зөвлөх банкууд болон хуулийн зөвлөхүүдтэй зөвлөлдсөний үндсэн дээр компанийн үнэлгээ, хөрөнгийн зах зээлийн хандлага, стратегийн үүднээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны тодорхой хувийг Монголын болон Лондон, Хонконгийн Хөрөнгийн биржид гурвалсан аргаар бүртгүүлэх боллоо. Гурван Хөрөнгийн биржид гарснаар өргөн хүрээтэй хувьцааны илүү их эрэлт үүсгэх боломж нээгдэнэ гэж Засгийн газар тооцоолж байна. Хувьцааг дотоодын болон олон улсын хоёр Хөрөнгийн биржид зэрэг арилжаалахын тулд “Эрдэнэс Тавантолгой” компанийн бүтцэд өөрчлөлт оруулах, үүнтэй уялдан дотоодын хөрөнгийн зах зээл, Хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай холбоотой хууль, дүрэм журамд зохих өөрчлөлт оруулна.

“Эрдэнэс Тавантолгой”  компанийн хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн биржид арилжаалах асуудлаар гол зөвлөх, зохион байгуулагчаар Дойче банк /ХБНГУ/, Голдмэн Сакс /АНУ/, хувьцааны борлуулалтын ажилд  БиЭнПи Париба /Франц/, Маквэари /Австрали/ банк хамтран оролцохоор ажиллаж байна. Мөн төслийн аудитор болон татвар, хуулийн зөвлөх чиглэлээр олон улсын нэр хүндтэй томоохон байгууллагуудтай хамтарч байгаа юм. Хувьцааг гадаадын Хөрөнгийн биржид арилжаалахад гол баримт бичиг болох Үнэт цаас гаргах танилцуулгыг бэлтгэн компанийн бизнес төлөвлөгөө, санхүүгийн загварыг  ч зөвлөхүүдтэй хамтран боловсруулж байна.

ОАТ-ыг тэглэж, үнийн өсөлтөөс сэргийлэв

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний Онцгой албан татварын хэмжээг тэглэх, “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг дотоод, гадаадын Хөрөнгийн биржид арилжаалах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор оруулж ирж байгаа нэг тонн дизелийн түлш тутамд 100 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг “0” болгохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Дээрх шийдвэрийг энэ сарын 11-ний өдрөөс мөрдөж эхлэх юм. Энэ сарын хувьд ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж байгаа дизель түлшний хилийн үнэ 73 ам.доллар буюу 95 мянган төгрөгөөр нэмэгдсэн тул онцгой албан татварыг ийнхүү тэглэлээ.

Энэ нь дотоодын зах зээл дэх түлшний жижиглэнгийн үнийг тогтвортой байлгахад чухал ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байна. Бусад алслагдсан боомтоор оруулж ирэх автобензин, дизель түлшинд ногдуулж байгаа онцгой албан татварыг хэвээр мөрдөхөөр боллоо. Ингэснээр газрын тосны бүтээгдэхүүний бүх төрөлд онцгой албан татварын хэмжээ “0” болж, гаалийн албан татвар ч тэглэгдэж байна. Автобензин, дизель түлшний хилийн үнэ өсөхөд Засгийн газар онцгой албан татварыг бууруулан, хилийн үнэ буурахад татварыг нэмж тухай бүр нь арга хэмжээ авч байсан. Үүний дүнд шатахууны дотоодын зах зээл дэх жижиглэн худалдааны үнийн огцом өсөлт саарч, тогтвортой байгаа юмХарин сүүлийн үед “Роснефть” компани манай улсад хангалттай хэмжээний газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэхгүй байгаа. Үүнээс болж импортлогч аж ахуйн нэгжүүд ОХУ-ын алслагдсан нутгаас, илүү өндөр үнээр АИ-92 автобензин худалдан авахаас өөр аргагүйд хүрч байна. Иймээс дотоодын зах зээл дэх энэ төрлийн бензиний литр тутмын үнийг 30 төгрөгөөр нэмэх саналаа импортлогчид Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд хүргүүлсэн байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.