05 сарын 20, Даваа
81.41°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Ихэнх нутгаар бороо орно

Наймдугаар сарын УЦУШГ-аас ирүүлсэн урьдчилсан мэдээгээр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй бөгөөд ихэнх нутгаар өдөртөө дулаан байх боловч зарим газраар шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна.

Бaруун зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгий, Увс, Ховд, Завханы нийт нутаг, Говь-Алтай , Баянхонгорын ихэнх хэсгээр 16-21 градус буюу олон жилийн дунджаас 1.0 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. (3 дугаар зураг).

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар сэрүүснэ. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, хөрсөн дээр 1-6 градус хүрч цочир хүйтэрнэ.

Мөн нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, сүүлчээр нь нутгийн зүүн хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүсч, зарим газраар түр зуур 16-18 м/с, зарим үед үүнээс ч давж ширүүсч болзошгүй.

Төвийн нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь Архангай, Булганы нутаг, Хөвсгөлийн зүүн, Сэлэнгийн баруун, Өвөрхангайн хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.5 градусаар дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр сэрүүсч Хөвсгөлийн уулархаг нутгаар сарын сүүлээр шөнөдөө хөрсөн дээр 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ.

Мөн энэ сард ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар түр зуур 16 м/с хүрч ширүүснэ.

Зүүн зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь 16-21 градус дулаан буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 1.1градусаар дулаан байна.Энэ сард орох борооны нийт хэмжээ нь нийт нутгаар олон жилийн дунджаас бага байх төлөвтэй.

Сарын эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар сарын дундуур зарим газраар дуу цахилгаантай.бороо орох төлөвтэй. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх бөгөөд зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч болзошгүй.

Говийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 20-25 градус буюу олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байна.
Сарын эхэн болон дунд үеэр нутгийн хойд хэсгээр сэрүүсч шөнөдөө 8-13 градус, сарын сүүлээр ихэнх нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 33-38 градус хүрч халах төлөвтэй. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-33 градус дулаан байна.

Мөн сарын эхээр болон сүүлчээр зарим газраар бороо орох төлөвтэй. Харин хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх бөгөөд ялангуяа сарын эхэн ба сүүлчээр зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Наймдугаар сард агаарын температур 1981-2010 оны дунджаар Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр 20-25, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсгээр 10-15, бусад нутгаар 15-20 градус дулаан байдаг.

Гэвч цаг агаарын нөхцөл жил бүр харилцан адилгүй байна. Тухайлбал, 1980 оноос хойш зөвхөн 1984, 1985, 1990, 1993, 2003 онд бүх нутгаар дээрх дунджаас 1-3 градусаар хүйтэн байсан бол 2001-2002, 2005-2008, 2011 онд уг дунджаас 1-4 градусаар дулаан байв. Ялангуяа 2002 онд агаарын үнэмлэхүй их температур ихэнх нутгаар 30-35, Орхон-Сэлэнгийн сав, Говийн нутгаар 35-39, хөрсний гадарга дээр 55-65 градус хүрч халсан байна. Зарим жилд баруун ба төвийн нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүрч цочир хүйтэрдэг бөгөөд энэ нь арван жил тутамд 1-3 удаа тохиолддог.

1981-2010 оны дунджаар хур тунадас Хөвсгөл, Архангайн зүүн, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсэг, Булган, Сэлэнгийн ихэнх нутгаар 71-99, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн бүх нутгаар 13-40, бусад нутгаар 41-70 мм бороо(2 дугаар зураг) ордог. Гэвч 1996, 2001, 2002, 2004, 2006, 2011 онд ихэнх нутгаар бороо харьцангуй бага орсноос бэлчээрийн ургамал хатаж, гантай байсан бол 1981, 1984, 1987, 1990, 1991, 1994, 1998, 2000 онд бороо хур их орсон бөгөөд ялангуяа 1998 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2-3 дахин их бороо орсон. 2000 онд Хөвсгөл, Архангай, Булганд 18-38 цаг үргэлжилсэн усархаг хүйтэн бороо, 2003 онд Архангай, Сэлэнгэ, Сүхбаатарт 12-17 мм голчтой мөндөр, 2007 онд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар хагас хоногтоо 32-60 мм хүчтэй аадар орж иргэд, аж ахуйн байгууллагуудад ихээхэн хохирол учирч байв.

Салхи 15 м/с-ээс дээш түр зуур хүчтэй ширүүсэх тохиолдол говийн нутгаар жил бүр 1-2, бусад нутгаар арван жилд 2-4 удаа тохиолддог. Тухайлбал, 1980 онд Дорноговийн зүүн хэсгээр 42 м/с, 1997 онд Дундговийн нутгаар 34 м/с хүрч байжээ.

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.