03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

Арай өөр “гоал”

Дэлхий даяараа “гоал”-ын төлөө “алаан” болж байна. Европ тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, NBA гээд цэнхэр гарагийн хүн зон тэр чигээрээ спортоор өвчилж, бөмбөг бүрийн араас уухай хашгирч, уулга алдаж байна. Гэтэл Монголд 18 хоногийн хугацаатай арай өөр “гоал”-ын араас улс даяараа үхэн хатаж, талцаж, таалцаж, зарим нь дуу дуулж, зарим нь бүжиг бүжиглэж сонгуулийн хар хайрцаг руу “гоал” хийх гэж улайрцгаах.

Энэ удаагийн сонгууль гэх улс төрчдийн “аварга шалгаруулах тэмцээн” өмнөх өмнөхөөс нэг л өөр. Тэд энэ удаа илүү урлагжсан, цахимжсан, авилгажсан, уран цэцэн болжээ. Улс төрөөс хамгийн хол хөндий байдаг дэлхийн алдартай спортыг хүртэл Монгол ухаанаар улстөржүүлээд авч байна.

Тухайлбал, NBA-ын аварга шалгаруулах тэмцээнийг Facebook хуудсаар шууд дамжуулангаа АН-ын үнэнч дэмжигч залуу сонгуулийн сурталчилгаа хийчих жишээтэй. Дургүйцэл хүлээж авахгүй “блок” хийчихнэ шүү гэж сүрдүүлэхээ бас мартсангүй. NBA-д амиа тавьдаг бидний хэдэн нөхөд ухуулаг сонсонгоо сагсан бөмбөгөө үзлээ. Талбай дээрх цэвэр тэмцлийн ард Монголчууд маань Facebook хуудасны сэтгэгдэл хэсэгт ан мана, ач тач үзэлцэв.

LeBron James, Stephen Curry нарын тухай яриа сүүлдээ лобби, сонгууль, өнгөрсөн дөрвөн жил, төрийн ордон цэнгээний газар, Ганбууш, Нара, Болтрон, Бат-Үүлдээ туллаа. Stephen Curry шидсэн болгон нь орно гэж АНдуурлаа л гэнэ. LeBron James багаа МАНдууллаа л гэнэ. Спортын ариун ордонд адаар ааш гаргасан түүнийг талбайгаас хөө. Шүүгч нь яг авилга авчихаж. Өнөөдрийн тоглолтод #АНлайк энээ тэрээ гээд бөөн юм. Алтан мужийн дайчид энэ удаа бодлогоор биш эмоцоороо тоглолоо. МАНай баг харин бодлогын дагуу тоголлоо гээд бөөн хэрүүл, маргаан. Сонгуулийн синдром. Тэнд оруулсан “гоал” бүрийн араас сонгуультай холбоотой ямар нэгэн ил бөгөөд далд ухуулга. Товчхондоо бол сагсан бөмбөгийн тоглолт үзэнгээ энэ жилийн сонгуулиар аль нам юу хийж байгаа, хэн хэн юу ярьж байгаа талаар олон мэдээлэлтэй болоод авлаа.

Талбай дээрх гал гарсан өрсөлдөөн дуусч Cleveland Cavaliers хожлоо. Тэднийг хожилд хүргэсэн зүйл нь багийн ажиллагаа, дасгалжуулагчийн тактик, багийн гишүүн бүрийн хүчин чармайлт, шилдгүүдийн зоримог шийдвэр байлаа. Тэр дундаа шүүгчийн Stephen Curry-д техникийн алдаа өгч талбайгаас хөөсөн явдал нь тэдний хожлыг улам бататгаад авсан. Яг үүн шиг арай өөр бөмбөгийн араас гүйж байгаа бидний монголчуудын дөрвөн жилдээ нэг удаа болдог улс төрчдийн “аварга шалгаруулах тэмцээн”-ий дүн гарах тун дөхөөд байна. Энэ тэмцээний эцсийн дүнг сонгогч гэх эрхэм шүүгчид бид л гаргана. Хэнийг нь хөөх вэ. Хэнд нь сануулах вэ гэдэг бидний шүүлт мэргэн байж чадвал тэмцээн шударга дуусна. Тиймээс сонгогч хэмээх сэтэртэй шүүгч бидний шүүлт мэргэн байг ээ.
/Сонгуулийн сурталчилгааг газар дээрээс нь шууд дамжуулав/


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.