04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Д.Трампын доромж үг дахин шуугиан дэгдээв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Гаити, Сальвадор болон Африкийн орнуудыг “Баасны нүх” хэмээн нэрлэж, гэмт хэрэг ихтэй улсуудаас цагаачлалыг зогсоох тухай ярьсан нь хэвлэл мэдээлэл төдийгүй дэлхийн олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй тулгарав. Ерөнхийлөгч пүрэв гарагт хууль тогтоогчидтой уулзах үедээ Норвегиэс ирэх цагаачдыг илүүд үзнэ гэх мэтээр ярьсныг гадаадын улс төр, бизнесийнхэн эрс шүүмжилжээ. Баасан гарагт тэрбээр энэ талаар тайлбарлахдаа хатуу үг хэлснээ хүлээн зөвшөөрсөн боловч түүний ярьсан зүйлийг гуйвуулсан гэжээ. Иллинойс муж улсаас сонгогдсон Ардчилсан намын сенатч Ричард Дурбин уг уулзалтын үеэр ноён Трамп “үзэн ядсан, арьс өнгөөр ялгаварласан доромж үгсийг олонтоо хэлсэн” хэмээн нотолсон байна.

АНУ-ын Ерөнхийлөгч цагаачлалыг хумих түрэмгий бодлогоо хэрэгжүүлэхийн тулд үндэстний зөрчил, гадныхныг үзэн ядах үзэл дэлгэрүүлж байгаа гэж олон хүн буруутгадаг. НҮБ-ын хүний эрхийн төлөөлөгч Руперт Колвилл хэлэхдээ түүний үгийг цочирдом, ичгүүртэй гэж шүүмжлээд “Тэр хүн ялгаварлан гадуурхахаас өөр үг ашигладаггүй нь харамсалтай” хэмээсэн юм.

НҮБ дэх Африкийн бүлгийн дарга Өмнөд Африкийн Элчин сайд Жесси Дуарте Гаити ч бай аль ч улс “баасны нүх” биш, “АНУ-ын Ерөнхийлөгч үзэн ядсан үгээ буцаан, уучлал гуйх ёстой” гэж мэдэгдэв.

Өнгөрсөн долоо хоногийн эхээр ноён Трамп АНУ-д хүүхэд насандаа хууль бусаар орж ирсэн 800 мянган цагаач иргэнийг хамгаалах хуулийг цуцлахыг оролдсон билээ. Гэвч баасан гарагт тэрбээр сенатад уг санаачилгыг батлахад бэрхшээл үүссэнийг хүлээн зөвшөөрсөн. Гаитийн Засгийн газар Трампын амнаас гарсан гэж яригдаж байгаа “үзэн ядсан, доромж үгэнд гүнээ цочирдож, зэвүүцэж байна” гээд “Ийм үг өндөр тушаалын ямар ч улстөрчид байх ёстой ухаалаг, мэргэн, хүлээцтэй, ажигч гярхай зан байдлын илрэл бус” хэмээн мэдэгдсэн байна. Ноён Трамп твиттертээ гаитичуудын талаар гутаасан зүйл хэлээгүй, тус орныг “маш ядуу, түгшүүртэй” гэж тодорхойлсон гэж бичжээ.

Сальвадорын Засгийн газар тайлбар буюу няцаалт хийхийг хүлээсэн боловч АНУ-ын засаг захиргаанд албан ёсны эсэргүүцлийн нот ирүүллээ. Энд сальвадорчууд 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлага болон Катрина хар салхины сүйрлийг сэргээн босгоход хувь нэмрээ оруулсныг дурдаад “Сальвадорын эр зоригтой, үнэнч шударга иргэдийг хүндэтгэхийг шаардаж байна” гэв. Үүний өмнөхөн ноён Трамп 2001 оны хүчтэй газар хөдлөлтөд хохирсон Сальвадорын иргэдэд түр оршин суух эрх олгож байсныг цуцалж, 200 мянган хүнийг албадан гаргах санал тавьсан юм.

Суданы телекомын тэрбумтан Мо Ибрахим “Трампын хэл яриа доромжлол, үндсэрхэг, арьс өнгөөр ялгаварлах үзлийг энгийн зүйл болгож байна. Хамгийн их түгшээж байгаа зүйл бол сайн сайхны үзэл санаанд суурилах ёстой АНУ маань дэлхийд тэргүүлэгч, олон улсын дэг журмын тулгуур байх байр сууриа алдаж байгаа явдал” хэмээсэн юм. Тэрбээр цааш нь “Америкийн өмнөд нутагт баасны нүх орнуудаас цагаачдыг хүчээр авчирч, боол болгож байсан түүх бий” гэв. Бизнесийнхэн Ерөнхийлөгчийн үгийг эсэргүүцэн дуу хоолойгоо нэгтгэсний дотор Goldman Sachs-ын ерөнхий захирал Ллойд Бланкфейн Эрх чөлөөний хөшөөний зургийг твиттертээ тавиад “Энэ бүх новшийг үл харгалзан Америкийн үнэт зүйл гялалзах болно” гэж бичжээ.

Дэвид Пиллинг, Жюд Веббер

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.