04 сарын 27, Бямба
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Д.Трампын тарифын эсрэг дэлхийн “Хариу урвал”

АНУ–ын Ерөнхийлөгч Д.Трамп гангийн импортод 25, хөнгөн цагааны импортод 10 хувийн гаалийн татвар ногдуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэний дараа дэлхий дахин хэсэгтээ л шоконд орсон билээ. Европын холбоо болон Канад улс нөхцөл байдлыг дахин харахыг зөвлөж байхад Азийнхан ихээхэн болгоомжилж байна. Харин америк хэрэглэгчдийн хувьд бүхий л төрлийн худалдан авалтандаа илүү хэмжээний мөнгө төлөх хэрэгтэй болох нь. Зүгээр л шар айрагны лаазнаас авахуулаад авто хэрэгслүүдийг бодоод үзэхэд хангалттай.

Ийнхүү мэдээлэл тархаж эхэлсэн ч дээрх зохицуулалт гарах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Өнгөрсөн баасан гаригаас эхлэн дэлхийн томоохон эдийн засгууд сөрөг “хариу урвал” үзүүлээд эхэллээ. Металлаас эхтэй энэхүү худалдааны дайн хүнсний бүтээгдэхүүнд ч нөлөөгөө үзүүлж мэдэх юм.

ЕВРОПЫН ХОЛБООНЫ МЭДЭГДЭЛ

Дэлхийн худалдааны хамгийн том бүлэг болох Европын холбоо Трампын энэ­хүү төлөвлөгөөнд яг таг өөрийн байр суурийг илэрхийлээгүй байна. Ингэхдээ тэд Европын холбооны зах зээл АНУ–ын гангийн хямралын “үер”-т автахаас сэргийлэхийн дээр Дэлхийн худалдааны байгууллагаас гомдол гар­гуу­лахгүйн тулд “хам­гаа­лах” арга хэмжээнүүдийг авах ёстойг сануулсан юм.

Европын коммиссын төлөөлөгч Александр Уинстерстейн бүлгийн гүйцэтгэх бүрэлдэхүүн ирэх лхагва гаригт зүй ёсны сөрөг арга хэм­жээний талаар хэлэлцэнэ хэмээжээ. “Бид үүнийг дүрмийн дагуу хийх болно” гэж тэрээр Брусельд сэтгүүлчдэд өг­сөн ярилцлагадаа ду­рджээ. “Гэхдээ бид маш үр дүнтэй бас тогтвор­той­гоор ажиллах болно” гэж тэр нэмж хэлсэн байна.

ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН СУУРЬ ЭРСДЭЛД ОРООД БАЙНА

Доналд Трамп АНУ–ын зэсийн импортыг хязгаар­лахаар төлөвлөж байгаа нь Дэлхийн худалдааны байгууллагын аюулгүй байдалд заналхийлнэ хэмээн Европын Гангийн холбоо зовниж байна.

“Энэ асуудал нь Дэл­хийн худалдааны бай­­гуул­лагыг маш их эрсдэлд оруулна” гэж үйлдвэрлэлийн группийн ерөнхий захирал Аксел Еггерт Брусельд “Блүүмберг” теле­визэд өгсөн ярилцлагадаа хэлжээ.  “Энэ бол үндэсний аюулгүй байдлын тухай биш. Харин энэ бол АНУ–ын үйлдвэрлэлийг л дэмжих гэсэн зүйл учраас боломжгүй юм” гэж тэрээр Трампыг энэхүү тарифын бодлогоо эргэн харахыг уриалсны дээр эрэлтээсээ давсан Хятадын гангийн үйлдвэрлэлийг хумихад Европын холбоотой хамт­ран ажиллахыг урьсан байна.

Тэгвэл Берлинд канц­лер Ангела Меркелийн ахлах төлөөлөгч Стеффен Себерт“Германы Засгийн газар Трампын төлөв­лөгөөний эсрэг байгаа. Эдгээр гаалийн татвар нь манай ган болон хөнгөн цагааны үйлдвэрлэлд цохилт болно” гэж мэдэгджээ.

ТРАМПИЙН “ЖИРГЭЭ”

“Улс орон (АНУ) худалдаа хийгээд түү­нээсээ олон тэрбум ам.доллар алдаж байгаа бол худалдааны дайн сайн хэрэг, бас ялахад ч амархан” гэж Трамп жиргэжээ. Мөн тэрээр “Жишээ нь, бид тодорхой нэг улстай хийх худалдаагаа 100 тэрбум ам.доллараар бууруулж чадвал аятайхан болно. Нэмж худалдаа хийх хэрэггүй. Бид томыг хожно. Энэ амархан” гэв. Энэ бол Ерөнхийлөгчийн өнгөрсөн Баасан гаригийн өглөө хийсэн хоёр дахь жиргээ байлаа.

БЭЭЖИН ИНГЭЖ ҮЗЭВ

Өнгөрсөн бямба гаригт Бээжинд Хятадын улстөрийн зөвлөлдөх конференц болсон байна. Энэ үеэр тус улсын улс­төрийн томоохон зөвлөхүүд цуглажээ. Энэ үеэр Хятадын Төв банкны зөвлөх, Цинхуа их сур­гуулийн эдийн засгийн профессор Бай Чонген сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Хурцдаж буй худалдааны маргаан нь дэлхийн эдийн засгийг эрсдэл рүү түлхэж байна. Бусад улс орнуудаас ирэх хариу арга хэмжээг АНУ зохицуулах шаардлага тулгарна” гэжээ.

“Hyundai Motor” БОЛГООМЖИЛЖ БАЙНА

Hyundai Motor Co. АНУ–д хэр олон автомашин угсрагддагийг дахин бодож үзэх хэрэгтэй хэмээн мэдэгдэж байна. Учир нь дэлхийн автомашины хамгийн том үйлдвэрлэгчид АНУ–ын Ерөнхийлөгч Д.Трампын ган болоод хөнгөн цагаанд үүсгэх эрс арга хэмжээний эсрэг юу гэж дуугарахыг бодолцох хэрэгтэй гэж тэд үзэж байна. “Тарифын энэхүү өөрчлөлт нь АНУ дахь манай үйлдвэрлэл болоод цаашдын тэлэлтэнд сөрөг нөлөө үзүүлнэ. Гангийн салбарт ногдуулах тариф нь бүтээгдэхүүний зардлыг нэмнэ. Ингэснээр АНУ–ын хэрэглэгчдэд илүү үнэтэй хүрнэ. Ингэснээр эрэлт шууд буурна” гэж Hyundai-гийн төлөөлөгч Жим Трейнор “Блүүмберг”-т илгээсэн цахим шуудандаа дурджээ.

Ж.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.