03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

Мьянмарын Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Аунг Сан Сү Чийтэй уулзав

Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Мьянмарын Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Аунг Сан Сү Чийтэй уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Монголын ард түмэн сурсан мэдсэн зүйлээ бусадтай хуваалцах эрмэлзлээр дүүрэн байдаг. Энэ эрмэлзлийн дагуу, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд бид Мьянмар Улсад ажлын айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна. Айлчлалын богино хугацаанд бид олон арга хэмжээнд оролцлоо.

Юуны түрүүнд түүхэн сонголтыг хийсэн Мьянмарын ард түмэнд баяр хүргэе” гэв.

Мьянмарын Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Аунг Сан Сү Чий хариу хэлэхдээ “Хоёр улсын харилцаа эрчимжиж буй энэ чухал цаг мөчид айлчлан ирсэнд тань талархаж байна. Таны айлчлал манай хоёр орны цаашдын хамтын ажиллагааг улам бүр батжуулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч таны ажлын айлчлалд амжилт хүсэн ерөөе” хэмээв.

Монгол Улсын Ерөнхийлөгч энэхүү айлчлалын хүрээнд өнөөдөр буюу 15-нд Монгол, Мьянмарын бизнес уулзалт болон “Байгалийн баялаг ашиглалтын зүй зохистой менежмент 2” сэдэвт семинарт оролцон, улс орныхоо ардчилсан шилжилтийн замыг туулсан туршлага, алдаж оносон сургамжаасаа хуваалцахыг хичээсэн тухай дурдлаа. Мөн маргааш буюу 16-нд товлогдоод буй Мьянмарын төрийн албан хаагч, багш, оюутнуудтай хийх уулзалтын тухай ярив. Уг уулзалтад Монголын ардчиллын замнал, нийгмийн байдал, эдийн засаг, уул уурхайн салбарт хуримтлуулсан туршлагын талаар таниулахыг зорьж буйгаа дурдав. Аливаа улс орны хөгжил сайн засаглалаас шууд хамаардаг учраас энэ чиглэлд Монгол Улс чухам ямар ахиц дэвшил гаргаж, ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгааг танилцуулахаар зорьсон тухайгаа Монгол Улсын Ерөнхийлөгч ярилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Өнөөдөр эхэлсэн “Байгалийн баялаг ашиглалтын зүй зохистой менежмент 2” сэдэвт семинарын үеэр талууд байгалийн баялаг нөөц бүхий улс оронд түгээмэл тулгамддаг онц чухал асуудлуудыг хөндөж, оновчтой шийдэл олныг санал болгож байсан. Тиймээс энэхүү семинар нь оролцогч талууд болох Монгол, Мьянмар, Киргизстан тэргүүтэй улс орны төлөөлөгчдөд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэж байна.

Уул уурхайн баялгаа ашиглаж эхэлсэн он жилүүдэд Монгол Улс эдийн засгийн үзүүлэлтээрээ дэлхий нийтэд тэргүүлж байсан. Бага хугацаанд олсон их хэмжээний ашгаа нийгмийн халамж, мөнгө тараах гэх мэт ирээдүй муутай ажилд зарцуулсан. Улмаар түүхий эдийн хэрэглэгч орнуудын эрэлт дэлхийн эдийн засгийн хямралын улмаас буурснаар Монголын эдийн засагт хүнд үе ирсэн. Энэ хүндрэл бэрхшээлээс гарахын тулд монголчууд уул уурхайн баялгаа хөгжил дэвшилд үр дүнтэй ашиглаж чадсан Норвеги тэргүүтэй улс орны туршлагаас судлан хэрэгжүүлж эхэлсэн нь үр дүнгээ өгч байна. Монгол нь уул уурхайн баялаг нөөцийн хувьд Мьянмартай ижил төстэй тул энэ салбарт хуримтлуулсан туршлагаа чөлөөтэй хуваалцах хүсэлтэй байдаг” хэмээв.

Мьянмарын Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Аунг Сан Сү Чий хэлэхдээ “Ардчиллыг эрчимтэй хөгжүүлэхийн зэрэгцээ өөрийн хуримтлуулсан туршлагаа бусадтай хуваалцаж буй Монголын ард түмэнд талархал илэрхийлье. Харилцан туршлагаа хуваалцан хамтран ажиллах нь хоёр талын харилцааг эрчимтэй хөгжүүлэхэд чухал үүрэгтэй” хэмээн онцлов.

Монгол Улсын Ерөнхийлөгч 1990-ээд оноос хойш Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо эрс өсч, өнөөдөр нийт иргэд нь цахим орчинд чөлөөтэй санал бодлоо илэрхийлж, олон нийтийн сүлжээг ямар ч саадгүй ашигладаг болохыг дурдав. Уулзалтын төгсгөлд тэрбээр удахгүй Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын дээд түвшний уулзалтад Мьянмарын Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Аунг Сан Сү Чий оролцоно гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.