04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

Хамгийн идэвхтэй нь ЭМЭГТЭЙ ГИШҮҮД

2012 оны сонгуулиар УИХ есөн эмэгтэй гишүүнтэй болсон. Тэд парламентад албан бус бүлэг байгуулж АН-ын бүлгийн гишүүн Л.Эрдэнэчимэгийг даргаараа сонгож байсан цаг саяхан мэт. Харин тэд одоо дөрвөн жил парламентад сууж, туршлагатай улс төрчид болжээ. Тангараг өргөсөн цагаасаа хойш тэд ер зүгээр суугаагүй. Эх хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал харъяалдаг төрийн бус байгууллагуудтай Төрийн ордонд уулзалт хэлэлцүүлэг өрнүүлж хамтын ажиллагаагаа эхлүүлсэн байлаа.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд эмэгтэй нэр дэвшигчдэд 20 хувийн квот тусгаж өгснөөр бүсгүй гишүүдийн бараа парламентад тасрах шахсан байдлаас гарч чадсан. Тэгснээрээ 2004 оноос хойш цөөрсөөр байсан эмэгтэй гишүүдийн тоо 2000-2004 оны төвшиндөө эргэж хүрсэн. Өндөр хөгжилтэй орнуудад эмэгтэйчүүд парламентыг чанаржуулдаг гэж үздэг. Тэр ч утгаараа Монгол Улс 2000 онд болсон дэлхийн төр, засгийн тэргүүнүүдийн чуулга уулзалт дээр 2015 он гэхэд парламентын эмэгтэй гишүүдийн хувийг 30-д хүргэх амлалт авч Мянганы хөгжлийн зорилтууддаа тусгасан. Хэдий тэр хувьдаа хүрч чадахгүй нь ойлгомжтой болсон ч өмнөх УИХ-д байсан гурван гишүүнээ ес болгосон нь бага боловч дэвшил юм.  Харин энэ жилийн сонгуулиар эмэгтэй гишүүдийн квотыг 30 хувь болгох санал МУ-ын түүхэнд анх удаа санал оруулсан боловч эрчүүд нь зөвшөөрөөгүй.

Монгол Улс байнгын ажиллагаатай УИХ-тай болсон цагаас хойш эмэгтэй гишүүдийн эзэлж ирсэн хувийг авч үзвэл 1992-1996 онд 3,9 хувь, 1996-2000 онд 9,2 хувь, 2000-2004 онд 11,8 хувь, 2004-2008 онд 6,6 хувь, харин 2008 оны сонгуулиар байгуулагдсан өнгөрсөн парламентад эхний байрандаа эргэн очиж 3,9 хувьтай болчихоод байсан юм. Харин одоо 11,8 хувьтай байна.

Эрчүүд парламентад давамгайлж олон жил болсон ч нийгмийн асуудал орхигдсон. Ажилгүйдэл, ядуурлыг халамжийн мөнгөөр хаачихна гэж ташаа бодож ирсэн. Гэтэл эмэгтэй гишүүд олонтой орны парламентад авлига хээл хахууль багасч, нийгмийн асуудал сайжирч, ингэснээр улс орон хөгждөгийг Скандинавын орнуудын жишээгээр харуулж болно. Ерөөсөө иргэдийн нийгмийн асуудал улсын хөгжлийн суурь юм хойно. Эмэгтэй гишүүд олшроод ирэхээр орхигдож гээгдсэн нийгмийн асуудлуудад анхаарч эхэлдгийг өнгөрсөн парламент харууллаа.

Монголын хүн ам сүүлийн хэдэн жил хурдтай өсч гурван сая гаруй болсон.  Гэтэл эрчүүд үнэмлэхүй олонх суудал эзэлж байсан өмнөх УИХ-ууд амаржих газруудад анхаарал тавьж байгаагүй. Уг нь эрэгтэй гишүүдээс бүл нэмж, хэд хэдийнх нь гэргий ихэр хүүхэд төрүүлсэн ч уул уурхай, эрдэс баялаг гээд мөнгөтэй салбарууд тийш хошуурч хүн амын хөгжлөө хаячихаад байсан юм.

Монголд жилд дунджаар 50 мянган эх амарждаг байсан бол сүүлийн хоёр жилд 75 мянга болтлоо нэмэгджээ. Түүний бараг тал хувь нь нийслэлийн эхчүүд. Ямар ч гэсэн эрчүүд улс төрөө хийж сайдын суудлаа хуваалцаж гацаж байх зуур эмэгтэй гишүүд эх үрс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд эрэгтэй улстөрчдийн харааны гадуур өнгөрдөг асуудлуудад анхаараад ажлаа ажилдаа шамдан орж өдгөө дараагийнхаа парламентад эрчүүдтэй нэг тойрогт хүчээ үзээд гүйж яваа.

 

Эх сурвалж: www.unuudur.mn


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.