05 сарын 20, Даваа
°C
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Ц.Мөнхтөр: Яам агентлагийн орон тоог 15 хувиар цөөрүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өнөөдөр Засгийн газрын хуралдааны талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ төсвийн байгууллагуудын бүтэц орон тоог 15 хувиар  бууруулах болсон талаар мэдэгдлээ.

 

УИХ-ын энэ оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 70 дугаар тогтоолоор төрийн захиргааны байгууллагын бүтэц, орон тоог боловсронгуй болгох замаар төсөвт хэмнэлт хийхийг Засгийн газарт даалгасан. Энэ дагуу Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа яам, агентлагуудын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн баталжээ. Ингэснээр Засгийн газрын 15 яам, 26 агентлаг, ЗГХЭГ-ын орон тоог 15 хувиар цөөрүүлэхээр боллоо. Засгийн газрын агентлаг 100-гаас дээш ажилтантай бол дэд дарга эсвэл орлогч дарга нэгтэй, 100-гаас цөөн ажилтантай бол дэд буюу орлогч даргагүй байх, агентлагийн газар нь дотроо хэлтэсгүй, хэлтэс нь дотроо тасаг, албагүй, нэгжийн орон тоог 7-гоос багагүй, дунджаар 10 байх чиглэл баримтлах гэнэ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хууль  ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэхтэй холбоотой тус хуулийг ямар журмаар хэрэгжүүлэх талаар анхаарах зүйлсийг хэлэлцсэн байна. Уг хуулийн хүрээнд Сангийн яам шилэн дансны нэгдсэн хуудсыг ажиллуулна. Цахим хуудсанд улсын болон орон нутгийн төсөв, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, ирэх оны төсвийн төсөл зэрэг шаардлагатай бүх бичиг баримтыг байрлуулна. Шилэн дансны хууль хэрэгжснээр иргэд төсөв санхүүгийн зарцуулалтад хяналт тавих боломж бүрдэх юм.  

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-ын Мянганы сорилтын сангаас Монгол Улсад дахин төсөл хэрэгжүүлэх болсонтой холбогдуулж, төсөлд хамрах  салбарт нэн шаардлагатай төслийн саналыг боловсруулан Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов. АНУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлдэг Мянганы сорилтын сангийн үйл ажиллагааны 2015 оны төлөвлөгөөнд буцалтгүй тусламж үзүүлэх нийт 68 орон багтсанаас Монгол Улс 37 дугаар байрт багтжээ. Мянганы сорилтын сан өмнө нь манай улсад 285 сая долларын төсөл амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд Монгол Улсын сайн засаглалыг бэхжүүлэхийн төлөөх үйл ажиллагааг үнэлж, төслийн эхний шатанд хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлийг үндэслэн энэхүү шийдвэрийг гаргасан гэж зөвлөх Ц.Мөнхтөр мэдээллээ.

Б.Туул


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.