04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

Шинэ цэвэрлэх байгууламжийг ирэх хавраас барьж эхлэх үүрэг өглөө

“Төв цэвэрлэх байгууламжийг ирэх хавраас барьж эхэлнэ. Үүний тулд эрчимтэй ажиллана. Ажлаа хийж чадахгүй, хариуцлага алдсан хүмүүст хатуу арга хэмжээ авна” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр тус байгууламжийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ мэдэгдлээ. Улаанбаатарчуудын “шүдний өвчин” болсон уг асуудлыг шийдэх гэж манай холбогдох байгууллагынхан олон жил ярьж, хэлэлцэж ирсэн. Харамсалтай нь, нэг шийдэлд хүрч чадахгүй, улстөржүүлсээр багагүй хугацаа алдаж, тус байгууламж өдгөө арай ядан ажиллаж буй билээ.

1964 онд 500.000 хүн амтай хотод зориулан ашиглалтад оруулсан тус байгууламж өдгөө хүчин чадлаасаа 20.000-40.000 шоо метрээр их бохир ус хүлээн авч цэвэрлээд Туул голд нийлүүлдэг. Зөвхөн усны хэмжээ нэмэгдсэн бус, түүнд агуулагдах бохирдол нь ч хүлцэх хэмжээнээс 2-5 дахин ихсэж буй аж.

Уг нь 90 хувьтай байх ёстой цэвэрлэгээний түвшин нь өчигдөр 76.3 хувьтай байгааг Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү танилцуулсан. Үүнээс гадна байгууламжийн тоног төхөөрөмж болон шугам сүлжээ ч муудсаар байгаа гэнэ. Нэгэнт нөхцөл байдал ийм тул одооноос асуудлыг ярьж, хэлэлцэж суух бус, ханцуй шамлан нэн даруй хэрэгжүүлнэ гэж Засгийн газрын тэргүүн өчигдөр олон нийтэд амлалаа.

 

Үе үеийн Засгийн газар Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийднэ гэж амлаж байсан ч ажил хэрэг бололгүй цөөнгүй жилийг үджээ. Хамгийн сүүлд гэхэд Засгийн газрын 2015 оны 450 тоот тогтоолоор концессын гэрээгээр шинэ цэвэрлэх байгууламж барихаар шийдвэрлэсэн. Үүний дагуу сонгон шалгаруулалт зарлахаас эхлээд нэлээд ажил болж байснаа гэнэт сураг алдарсан билээ.

Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханаас тодруулахад “БНХАУ-ын хоёр компани концессын сонгон шалгаруулалтад оролцсон. Гэсэн ч манайхан концессоор барих боломжгүй гээд болиулсан байна. Концессоор бариуллаа гэхэд мөнгийг нь эргэн төлөхөд хэцүү. Улсаас жил бүр 60-70 тэрбум төгрөгийн татаас өгөх болчихоод байсан юм билээ. Үүнийг манай талаас шийдэхэд хэцүү тул концессоор шийдэх боломжгүй төсөл гэсэн дүгнэлт гаргасан байсан” гэсэн юм.

Өнгөрсөн хоёр жил орчмын хугацаанд Төв цэвэрлэх байгууламжийг концессоор барина гэж дэмий хугацаа алдсан гэсэн үг. Тиймээс одоо буцалтгүй тусламж, олон улсын хөнгөлөлттэй зээл, улсын төсвийн хөрөнгө зэргээр л асуудлыг шийдэхээс аргагүй болжээ.

Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх чиглэлээр хийсэн, одоогоор хамгийн дорвитой гэж хэлж болох ажил бол ТЭЗҮ боловсруулсан явдал. Барих талаар ямар ч алхамгүй байгууламж өдгөө хоёрын хоёр ТЭЗҮ-тэй болчихоод буй. Ерөнхий сайдыг байгууламжтай танилцах үеэр холбогдох албаныхан дээрх хоёр ТЭЗҮ-ийг танилцуулсан бөгөөд нэгийг нь Францын “Артелиа” компани, нөгөөхийг нь Японы ЖАИКА байгууллагынхан боловсруулжээ. Япончуудын боловсруулсан ТЭЗҮ-ийг ашиглана гэвэл багагүй хугацаа, нэмэлт судалгаа шаардлагатай гэнэ.

Харин Францын компанийнх шууд хэрэгжүүлчихэж болохоор бэлэн төсөл боловч лаг боловсруулах, байгууламжаас гарсан усыг дахин ашиглах дамжлагагүй гэсэн сул талтай юм байна. Эдгээрийг судалж, нэн даруй шийдвэр гаргаад, дулааны улирал эхлэхээс өмнө хөрөнгө босгох, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлаж, ирэх хавраас ажил эхлэх боломж бүрдүүлэх үүргийг Ерөнхий сайд энэ үеэр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд өгсөн юм.

“Төв цэвэрлэх байгууламжид шаардлагатай 350 сая ам.долларын хөрөнгийг энэ онд багтаан босгож чадвал ирэх хавар ажил эхлэх боломжтой. Тэгж чадвал шинэ байгууламжийг 2021 онд ашиглалтад оруулах бололцоотой. Бидэнд хугацаа алдах эрх байхгүй. Цаг бага байна. Олон жил улстөржлөө. Одоо ажлаа эхлэх цаг болсон. Засгийн газрын өмнөө тавьсан гол, томоохон зорилгуудын нэг нь цэвэрлэх байгууламжийг шинэчлэх. ТЭЗҮ нь бэлэн байна.

Хамгийн гол асуудал нь хөрөнгө. Донор орнууд, олон улсын тусламж, дэмжлэгээс гадна улсынхаа нөөцийг ч дайчилна. Бүхэл бүтэн улс байна даа, боломжийн хэмжээнд хөрөнгө мөнгө босгох чиглэлээр санаачилга гаргаж ажиллах зайлшгүй шаардлага бий. Тиймээс Ерөнхий сайдын захирамжаар Барилга, хот байгуулалтын сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулна” гэж Засгийн газрын тэргүүн онцолсон.

Түүнчлэн “Ажлын хэсэг ажлаа хийж чадахгүй бол хариуцлага тооцохоос өөр аргагүй. Сайд ажлаа хийж чадахгүй бол чаддаг хүнээр солихоос өөр замгүй. Ийм л зарчмаар ажиллана. Надад ажил хийдэг, асуудлыг шийддэг сайд дарга, төрийн албан хаагч хэрэгтэй. Дээр нь сахилга бат, дэг журам, ажлын хариуцлагаа зайлшгүй сайжруулах ёстой” хэмээлээ.

Олон жил сунжирч удааширсан шинэ цэвэрлэх байгууламж барих ажлыг зайлшгүй шийдэж, ирэх хавраас барьж эхэлнэ гэж Засгийн газрын тэргүүн ийнхүү мэдэгдлээ. Хэрхэхийг улаанбаатарчууд харах л үлдэв. Чухал үүрэг авсан Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан “Олон жил ярьсан эл асуудлыг маш богино хугацаанд шийдэх, хөрөнгийн эх үүсвэр олох нь бидний гол ажил. Цаг алдахгүйн үүднээс бэлэн болсон төслийг сонгох болов уу гэсэн бодолтой байна.

Үүний дараа ажлын зураг гаргах ёстой. Ажлын зургаа хийгээд тендер зарлахад зургаа орчим сарын хугацаа шаардлагатай юм байна. Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу ирэх хавар гэхэд ажлаа эхлэхийг хичээнэ” хэмээн мэдэгдэв.

 

Эх сурвалж: www.montsame.mn


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.