05 сарын 05, Ням
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Г.Дэнзэн: “Эрдэнэс Тавантолгой” компанийн тендерт оролцоогүй гэж мэдэгдэв

ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэн өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнтэй уулзах үеэрээ “Миний нэр дээр бүртгэлтэй ямар нэг компани байхгүй” хэмээн мэдэгдлээ.

Тэрээр сүүлийн үед Ерөнхий сайдтай садан төрлийн холбоотой, энэ байдлаа ашиглан эхнэрийнхээ компанийг Хятад руу нүүрс экспортлох тендерт ялуулсан. “Эрдэнэс Тавантолгой” ХK-иас “Говь повер” хэмээх компани 17 тэрбумын тендер авч нүүрс зөөвөрлөхөөр болсон гэх асуудалд ороогдох болсон билээ.

Харин өнөөдөр тэрээр “Энэ асуудал бол гүтгэлэг. Ийм зүйл яригдаж эхлэх үед чимээгүй ажлаа хийгээд явж байсан. Сүүлийн үед энэ яриа маш их газар авч, гэр бүлийн байдалд хүртэл таагүй уур амьсгал авчрах боллоо. Би хайрлаж дурласан бүсгүйтэй. Тэр маань Ерөнхий сайдын хамаатан. Гэхдээ бид албан ёсоор батлуулж хараахан гэр бүл болоогүй байна. Бидний нэр дээр бүртгэлтэй ямар нэг компани байхгүй. Гүтгэлэг хэрээс хэтэрсэн тул өөрийн хүсэлтээр нэр төрөө сэргээлгэхээр холбогдох газарт нь хандлаа” хэмээн ярьсан юм. Тэрээр ажилдаа шударга зарчмыг баримтлан ажиллаж байгаагаа тодотгоод тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” компанийн гадаад удирдлагыг ажлаас нь чөлөөлөхөд л зөвхөн удирдлагын зардал 65 хувиар багассан гэдгийг жишээ болгон хэлэв. Мөн Г.Дэнзэн “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс Тавантолгой” компани болон ШУТИС, Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд давхар ажиллаж, хуулиар тогтоосон цалин хөлсийг нь авдаг ч “Эрдэнэс Тавантолгой” компанийн дотоод үйл ажиллагаанд нөлөөлөх боломжгүй, харин шаардлагатай үед л ТУЗ-ийн хуралд нь оролцдог гэсэн юм.

Түүнчлэн “ЗГХЭГ-ын өмнөх тэргүүн дэд дарга Ш.Солонго ажлаас халагдсан нь надтай ямар нэг хамааралгүй. Түүнийг тавдугаар сарын 18-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар ажлаас нь чөлөөлсөн. Бид нэг баг болон ажиллаж байсан ч эрхэлдэг ажил өөр өөр байсан. Намайг 8 хүнийг ажлаас халсан мэтээр гадуур ярьж байгаа нь ор үндэсгүй. Энэ найман хүний 7-г нь Ш.Солонго даргын тушаалаар ажлаас нь чөлөөлсөн байдаг юм билээ. Хоёр хүн нь гавьяаныхаа амралтад суусан бол нэг ажилтныг АТГ-т шилжүүлсэн. Бусад хүнийг түр хугацаагаар ажлаас нь чөлөөлсөн байсан" гээд тушаалын эхийг үзүүлэв. Дэд дарга Г.Дэнзэн “Төрийн байгууллагуудад шалгалт оруулахад дарга нар нь их хэмжээний урамшуулал, хөнгөлөлтийг өөрсдөдөө олгосон цөөн бус үйлдэл илэрсэн. Цаашид ч шударгаар ажиллах болно. Шударгаар ажиллаж байгаа маань л гүтгэлгийн шалтгаан болсон гэж үзэж байна. Ардчилсан намын нэр хүндэд нөлөөлөхүйц хууль бус үйлдэл хийгээгүй. Бид "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг эргэлтэд оруулж, иргэддээ амалсан амлалтаа хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно" гэв.

Б.Туул


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.