05 сарын 05, Ням
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

С.Эрдэнэ: Цаашид бэлэн мөнгө хавтгайруулж тараахгүй

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж, Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого чиглэл, түүний хэрэгжилт, үйл ажиллагааны явц, үр дүнгийн талаар мэдээлэл хийв.

Тэрээр мэдээллийнхээ эхэнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам байгуулагдсан цагаас хойшхи найман сарын хугацаанд хийсэн ажлаасаа танилцуулав.

Юуны өмнө тус яам хүн амын хөгжлийн цогц бодлого тодорхойлох, нийгмийн хамгааллын салбарын асуудал гэсэн хоёр чиглэлд чамгүй анхаарал хандуулж ажиллаж байгаа аж. Нэгдүгээрт, Хүн амын хөгжлийн цогц бодлогыг тодорхойлохыг зорьж, хүүхэд, эмэгтэйчүүд, залуучууд, ахмад настан гэсэн үндсэн бүлгүүд дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүлгийг нэмж, бүлэг бүрт чиглэсэн ажлуудыг эхлүүлжээ. Энэ хүрээнд Ахмадын үндэсний чуулганыг Дархан-Уул аймагт, Эмэгтэйчүүдийн үндэсний чуулганыг Орхон аймагт, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон Залуучуудын үндэсний чуулганыг нийслэлд зохион байгуулж, бодлого чиглэлээ тодорхойлсон бол Хүүхдийн үндэсний чуулганыг зургадугаар сарын 10-нд зохион байгуулах гэж байгаагаа сайд мэдэгдэв. Тус яам ойрын хугацаанд Хүн амын хөгжлийн цогц бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж, төслөө Засгийн газар, УИХ-д өргөн барихаар ажиллаж байгаа гэлээ. Сайдын мэдээллээс иргэдийн нэлээд анхаарал хандуулж буй зарим нэг асуудлыг доор онцлон хүргэе.

Эрүүл мэндийн салбарыг цааснаас салгана
Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг гурван үе шаттайгаар хийхээр төлөвлөсөн. Эхний үе шатны ажил буюу Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн төслийг өргөн барьснаар хэлэлцүүлгийн шатандаа явж байна. Энэ хууль батлагдсанаар Эрүүл мэндийн даатгалын салбарт эрх зүйн том өөрчлөлт гарна. Даатгуулагч өөрөө эмчилгээ үйлчилгээгээ сонгодог байх, эрүүл мэндийн даатгалаа өөрөө захиран зарцуулдаг байх, өөрөө хяналт тавьдаг байх гээд эрх зүйн шинэлэг зохицуулалтууд орж ирнэ. Мөн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг цахим картад шилжүүлнэ. Энэ нь нэг талдаа төлбөрийн хэрэгсэл, нөгөө талдаа мэдээллийн хэрэгсэл байх болно. Даатгуулагч бүр дээр бие даасан сан үүснэ гэсэн үг. Эрүүл мэндийн даатгалын хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Азийн хөгжлийн банктай 10 гаруй сая долларын өртөг бүхий гэрээ байгуулсан.

Тэтгэврийн даатгалын сангийн үр өгөөжийг дээшлүүлнэ
Хамтын тэтгэврийн даатгалын хуулиар болон бусад хуулийн хүрээнд даатгуулагчийн мөнгийг гэр бүлийн гишүүд нь хүртдэг байх зарчмыг баримтлаж байна. Тухайлбал, нэг бүлийн хоёрын хэн нэг нь бурхан боллоо гэхэд үлдсэн нөгөө нь хань ижлийнхээ тэтгэврийн тодорхой хувийг өөрийнхөө амьдрах хугацаанд давхар авдаг болно. Ингэснээр ахмад настан ямар нэг эрсдэлд орохгүй байх нөхцөл бүрдэнэ. Ийм зохицуулалтуудыг хийхээр төлөвлөж байгаа нь Тэтгэврийн даатгалын сангийн үр өгөөжийг дээшлүүлж байгаа хэрэг юм. Тэтгэврийн даатгалын шинэчлэлийн хүрээнд тэтгэврийн даатгалын тогтолцоог гурван үе шатлалтай байхаар харж байна. Одоогоор Дэлхийн банктай хамтарч хийсэн энэ талын судалгаа дуусах шатандаа явж байгаа. Суурь тэтгэврийн сантай болох, үүн дээр одоогийн байгаа хуримтлалын тогтолцоогоо хадгалах, мөн өмчийн олон хэлбэрийн оролцоотой нэмэлт тэтгэврийн сантай байхаар төлөвлөж байна.

Асрамжийн газрын хүүхдүүдийн их дээд сургуулийн төлбөрийг улсаас даана
Хүүхэд асран хүмүүжүүлэх газрын төвийн тогтолцоог нэрээс эхлэн өөрчилнө. Гэр бүл хөгжлийн өнөр бүл төв гэдэг нэршилтэй болж байгаа. Ийм төвүүдийг бүсүүдэд бий болгоно. Өнөр бүл төвийн дэргэд компъютер, гадаад хэл гэх мэт сургалт явагддаг хүүхэд хөгжлийн төвүүдийг стандартын дагуу бий болгохоор ажиллаж байна. Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн хажууд байдаг цэцэрлэгийн барилгаас 4 барилгыг орон сууц болгон тохижуулж байна. Энэ байранд тус төвийн 18 нас хүрсэн хүүхдүүд амьдарна. Тэд амьдралд хөлөө олтлоо тэндээ амьдарна. Цаашид ийм байруудын тоог нэмэгдүүлнэ. Мөн Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтарч эдгээр хүүхдүүдийг их дээд сургуульд элсэн суралцсан тохиолдолд төлбөрийг улсаас төлдөг байх зохицуулалт хийхээр судалгаа хийж байна.

21 мянган төгрөгийн үлдэгдлийг удахгүй олгоно
Хүний хөгжлийн сангаас авах 21 мянган төгрөгөө дутуу авсан иргэдийн судалгааг гаргасан. Тооцоо судалгааны дагуу 2013 оны улсын төсөвт 32 тэрбум төгрөгийг суулгаж батлуулсан. Энэ мөнгө ирэх 6 дугаар сараас олгогдох болов уу, учир нь Хүний хөгжлийн сангийн хуримтлал одоо л бий болж байна. Шинэчлэлийн Засгийн газрын хүрээнд бэлэн мөнгөний бодлогыг цаашид хэрэгжүүлэхгүй. Харин иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс өмнө нь олгогдоогүй байсан 21 мянган төгрөгийг олгож байгаа юм. Цаашид бэлэн мөнгө тараах биш зорилтот бүлгүүдийг оновчтой тодорхойлж, төрөөс үзүүлэх халамжийг хангалттай түвшинд үзүүлдэг болно. Өөрөө өөрийнхөө амьжиргааг аваад явж байгаа иргэдэд үйлдвэрлэлийн зээл олгох, ажлын байраар хангах, сургаж дадлагажуулах чиглэлд бодлогоо чиглүүлж ажиллана.

Б.Туул


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.