04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

Хар тамхины бүлэглэлийнхэнд 6-15 жилийн ял оноов

Өчигдөр болсон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар С.Наранбаатар тэргүүтэй хар тамхи тээвэрлэсэн хэргийг ялтнуудын өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, нэгээс бусдынх нь ялыг хэвээр үлдээв.

Шүүх бүрэлдэхүүн Ч.Эрдэнэбаатарыг хар тамхи мансууруулах бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 11 жил хорих ялыг 6 жил 6 сар хорих ял болгон хөнгөрүүлжээ.

Харин анхан болон давж заалдах шатны шүүхээс С.Наранбаатарт чанга дэглэмтэй хорих ангид 15 жил хорих, Э.Гоомарал, Ж.Наранмандах нарт чанга дэглэмтэй хорих ангид тус бүр 11 жил хорих, Э.Онон, О.Навчаа, Р.Лена нарт чанга дэглэмтэй хорих ангид тус бүр 10 жил 6 сар хорих ял тус тус оногдуулсныг хэвээр үлдээв. Мөрдөн байцаалтын явцад С.Наранбаатар, Э.Онон, Р.Лена, О.Навчаа нар нь бүлэглэн Монгол, БНХАУ, Малайз улсын хооронд бусдаар мансууруулах бодисыг удаа дараа тээвэрлүүлсэн нь тогтоогджээ. Тухайлбал, тэд нэр бүхий 35 хүнээр тус бүр 1-4 удаа ийнхүү мансууруулах бодис тээвэрлүүлсэн байна. Мөн С.Наранбаатар нь 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ж.Амгалангаар брэнд бараа нэрээр халхавчилсан 3.9 кг, Т.Анхбаяраар 3.7 кг героин агуулсан мансууруулах бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зорилгоор Малайз улсаас БНХАУ руу тээвэрлүүлжээ.

Э.Гоомарал нь Ж.Наранмандахтай урьдчилан үгсэн тохиролцож 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Буянт-Ухаа олон улсын боомтоор Монгол Улсын хилийг нэвтрэхдээ НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” нэгдсэн конвенцийн дөрвөн жагсаалтанд орсон диацетилморфин буюу герион гэх сэтгэцэд нөлөөлөх бодис агуулсан 2027 грамм бэлдмэлийг Малайз улсаас авчирч, хууль бусаар хил нэвтрүүлсэн байна. Мөн Ч.Эрдэнэбаатартай урьдчилан үгсэн тохиролцож, 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Буянт-Ухаа олон улсын боомтоор Улаанбаатар-Бээжин чиглэлийн СА902 аяллын онгоцоор зорчих үедээ БНХАУ-ын Гуанжоу хотод хүргэх зорилгоор дээрх бэлдмэлийг Монгол Улсын хил нэвтрүүлсэн нь нотлогджээ. Э.Онон нь 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Д.Алимаа нарын Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн хоёр цүнхтэй брэнд бараа нэрээр халхавчилсан мансууруулах бодисыг санаатайгаар хадгалж байжээ.

Я.Баяр


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.