05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

"Иргэний танхим АНУ"-ийн төлөөлөгчид УИХ-ын даргад "Ил захидал" гардуулав.

Энэ сарын 13-20 ны өдрүүдэд Панами Улсад болох Олон Улсын Парламентын Холбооны 124-р чуулганд оролцохоор явж буй УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчид АНУ-д түр саатан ажил хэргийн уулзалт хийж байгаа аж.

4 сарын 11 ны орой АНУ-дахь Монгол Улсын Элчин сайдын Яаманд "Иргэний танхим АНУ"-ийн төлөөлөгчид УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчидтэй богино хугацааны уулзалт хийж, Гадаадад байгаа монголчуудын сонгуульд санал өгөх улс төрийн эрхээ эдлэх боломжийн талаар санал бодлоо солилцон, тэдэнд ил захидал гардууллаа.

Уг уулзалтад  УИХын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын АН-ын ахлагч Ч.Сайханбилэг, Монгол Улсаас АНУ-д суугаа элчин сайд  Б.Бэхбат нар оролцож уг саналын талаар байр сууриа илэрхийлэн ярилцсан байна.

Энэ хаврын УИХ-ын чуулганаар "Сонгуулийн тухай хууль"-д нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаатай холбогдуулан, гадаадад байгаа иргэдийн сонгуульд саналаа өгч улстөрийн эрхээ эдлэх талаар олон жил яригдаж байгаа асуудал сэргэн, олон нийтийн анхаарлыг татаж байгаа билээ. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Гадаадад байгаа иргэдийн тооллого, бүртгэлийн асуудал энэ асуудалд ихээхэн нөлөөлж болох тухай дурдаад, одоогоор хийгдэж эхэлж байгаа "Гадаадад байгаа иргэдийн шинэчилсэн бүртгэл"-д нилээд анхааралтай хандах тухай сануулж, өөрийн байр сууриа илэрхийллээ. Уулзалтад оролцогсод "Гадаадад байгаа иргэдийн шинэчилсэн бүртгэл"ийн ач холбогдлыг үнэлээд, гадаадад байгаа иргэдийн сонгуульд санал өгөх боломжийн талаар нааштай алхам, зөв эхлэлийг тавих талаар санал бодлоо илэн далангүй ярилцан солилцов.
Тэд "Иргэний танхим АНУ"-ийн төлөөлөгчдийн гардуулсан "ил захидал"-ыг хүлээн авахдаа бололцоотой  бүх л хэлбрээр дэмжихээ илэрхийлсэн юм.

ИЛ ЗАХИДАЛ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д. ДЭМБЭРЭЛ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, МАН-ЫН ДАРГА С.БАТБОЛД
МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ШАДАР САЙД АН-ЫН ДАРГА 
Н.АЛТАНХУЯГ
ТАНАА
Ил захидал илгээхийн учир:
Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Монгол Улсын Үндсэн Хуулинд тусгагдсан, иргэд ил тод нээлттэй зарчмаар улс төрийн эрхээ эдэлж сонгуульд саналаа өгөх нь ардчилсан системийн үндэс суурь  билээ.
Улсын Их Хурлын хаврын чуулганаар “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль”-нд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх гэж буй энэ үед Гадаад оронд ажиллаж амьдарч, суралцаж буй монгол иргэддээ улс төрийн эрхийг нь эдлүүлэх талаарх асуудлыг хэлэлцэж тус хуулинд тусгаж өгнө хэмээн найдаж Америкийн Нэгдсэн Улсад оршин сууж буй Монгол иргэд бид энэхүү ил захидлыг илгээж байна.
Өнөөдөр албан бус тоогоор нийт гадаад оронд ажиллаж амьдарч, суралцаж буй монгол иргэдийн тоо 200 мянгад хүрч АНУ-д л гэхэд 30- аад мянган монгол иргэд оршин сууж байна.
Америкийн Нэгдсэн Улсад оршин сууж буй Монгол иргэд бидний энэ санаачлага Гадаад оронд оршин сууж буй нийт Монгол иргэдийн чин хүсэл гэдэгт бид эргэлзэхгүй байна.
Мөн АНУ –аас бусад оронд оршин суугаа Монгол иргэд та бүхнийгээ дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж байна.
"ИРГЭНИЙ ТАНХИМ АНУ"
АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ХОЛБООД
МОНГОЛ СОЁЛЫН ТӨВ
2011-04-11                                                                                                                 Вашингтон ДС хот

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.