05 сарын 18, Бямба
°C
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Америкт ажилчин болсон түүх: Эзэн хичээхгүй бол ...

Манай монголчуудын нэг  зан нь бусдын хувийн амьдралыг их сонирхох дуртай. Жишээ нь хамт ажилладаг хүмүүс  бие биенийхээ   хувийн амьдралыг бүгдийг мэддэг, тэр ч байтугай урд шөнө нь хэн нөхөртэйгээ зодолдсон, хэн хэнтэй бааранд суусан бүгд  маргааш нь " толь "-инд харсан аятай ил тод болчихно .

Хэрвээ нэг хүний тухай мэдмээр бол цуг ажилладаг юм уу нэг байранд амьдардаг танил руугаа утасдахад л  авгай хүүхэд, авдаг цалин, ах дүү гээд л, тэр ч байтугай гэр орондоо юутай , тэр нь ямар үнэтэйг ч төвөггүй мэдчихэж  болно .

Галт тэргэнд ч юм уу эмчийн үүдэнд хүлээж суухдаа дөнгөж танилцаад л өөрийнхөө бүх намтрыг хөврүүлж алдана даа. Тэгээд хэн нэгний нууцыг нөгөөд нь санаатай буюу санамсаргүй хэлснээс үүдээд гэр бүл, найз нөхдийн хооронд хэрүүл маргаан , зодоон нүдээн болох нь ч бий.

Монголчууд цөөхөн хүн амтай нь энэхүү "аман лавлах"-ын гол үндэс нь болдог биз. Халхын хавтгай дээр хаа ч очсон "хамаатан садан" олдож л таардаг даа. Энд хараад байхад бас ч яг манайхантай адилгүй юм аа. 

Би ч ямар хамт олон дотор ажиллаж үзсэн биш, гэхдээ нэг найзынхаа олон жил хамт ажилласан нэг хүнтэй таараад түүнийг асуусан чинь нэр, унадаг машины маркаас өөр юм  мэдэхгүй байсан.
 
Гэтэл тэр хоёр өдөр бүр хоёроос доошгүй цаг хамт байдаг гэж байгаа. Хоорондоо юм ярьдаг л байж таараа, юу ярьдаг юм, кино юм уу нөгөө бэйсболоо биз. Хүний хувийн асуудалд хэн ч хушуу дүрдэггүй нь, мэддэг ч учиргүй дэлгээд байдаггүй нь  надад их таалагддаг юм даа.

Ингээд саявтар болсон нэг явдлыг бичье. Зарим нь ч чи муу хаанаас ирчихээд өөрийгөө хэн болсон гэж бодоов гээд дуун дээр л хэлнэ дээ. Тэгэхдээ нуулгүй хэлэхэд  хэтэрхий "монгол зан"  бас яршигтай санагдсан  шүү.

Нэг орой ажил руугаа жаахан эртхэн гарлаа. Замд нэг хуучин номын дэлгүүр байдаг, түүгээр дайрч хямдхан сонирхолтой ном авах санаатай. Тэгсэн гудамжинд  нэг хүүхэн чи монгол уу гэж байна.  Явж байхдаа  нэг найзтайгаа утсаар ярьж явсан нь намайг хэн болохыг нотлоод  өгөхгүй юу. Тийм ээ  л гэлээ.

Тэгээд л  хэдэн настай, хэдэн хүүхэдтэй, хэзээ ирсэн, хаана хэнтэй байдаг, ямар ажил хийдэг гээд бүх асуултууд хөврөөд л би ч бас монгол юм чинь хариулаад зөрүүлж асуугаад л  нөгөө дэлгүүр орох ч хөг нь  өнгөрөв. Би ч яг үүдэнд нь ирчихээд ормоор байдаг, хүн юм яриад байхаар больж чаддаггүй.

Сүүлдээ  " анкет "  улам нарийсаад санхүү рүү орж байна, би  ч ерөнхийлөөд орхилоо. Гудамжинд таарсан хэн нэгэнд  ( хэдийгээр земляк ч гэсэн би анх удаа харж байгаа хүн шүү дээ ) хамаг юмаа тоочдог нь зөвхөн манайханд л байдаг байх даа.

За тэгсэн утсаа өг гэлээ,  энэ ч яахав,  бичээд өгчихлөө. Одоо ажил олж өг гэнээ.  За би сураг тавья, миний хуучин ажиллаж байсан цэцэрлэгт орон тоо байж магадгүй гэтэл одоо утасдаад асуугаад өг гэдэг юм. Яг  одоо чадахгүй,  яагаад гэвэл ид ажлын үе нь, хүүхдүүд тарж байгаа тул утсанд хариу өгөх хүн байхгүй  гэж хэлээд  ажилдаа очих цаг болсон тул салаад явлаа.

Би оройн цагаар чөлөө гарахаар доод давхарт байх комьютерийг хэрэглэж, банжигдах юм уу мэдээ уншдаг юм. Хурд нь бага учир их удаан ажилладаг, гэхдээ яахав дээ. Тэгтэл нөгөө шинэ найз утасдаж байна, юу хийж байгаагаа хэлтэл интернетээр ажил эрээд өг гэнээ.
 
Би  өөр юм хийж байнаа, одоо чадахгүй л гэлээ. Ер нь ч тэгээд над шиг " сийнгэл вуумэн" биш төрсөн хүүхэд, дүү нар нь байдаг юм гэсэн. Тэгээд дууссан гэж бодож байнаа уу, шөнө дунд утас дуугарсан чинь дахиад л нөгөөх.

Өдөр шөнийн аль цагт  хувийн асуудлаар утасдах, хэдийд ч хамаагүй айлын хаалга тогшин " хүндэт " зочин болох  " эрх " манайханд бий.  Хэн ч бай хийх гэж төлөвлөсөн хувийн ажлаа хойш нь тавиад ирсэн зочдоо хүндэтгэн дайлдаг нь монгол ёс. 

Шинэ "найз" маань хоногийн  хорин дөрвөн цагт дуртай үедээ залгахаас гадна ( би шөнө ажилладаг болохоор өдөр унтаж амардаг юм, миний  унтаа сэрүүнийг харин ч нэг сонирхохгүй дээ ) хувийн асуудлыг ч сонирхоод,  юм тулгаад байх нь хэцүү.

 Нэг хүнийг таньдаг гээд хэлчихсэн чинь тийшээ давхиж очоод миний тухай, хэнтэй найзалдаг энэ тэр гэж лавласан ч байх шиг, залхаачих юм аа.  Дараа  нь  сонин олж ирээд хэдэн ажлын зар харж хэлж өгсөн,  лав л  тэрэн дотроос   ажил олж чадаагүй байсан даг.

Тэгснээ байсхийгээд  л утасдаад  чи сонин авчирсан уу гэх юм. Үгүй тэр сонин нь    үнэгүй , дэлгүүрийн үүдэнд овоолоотой байж л байгаа ш дээ, автобусанд суугаад л очоод авна биз дээ.

Сүүлдээ ч надад уцаарлаад байгаамуу хэнд уурлаад байгаа юм бүү мэд,  ажилгүй мөнгөгүй гээд бөөн зовлон тоочоод л үглэх юм. Урд нь ажиллаж байсан зуучлагч агентлагийн утас, хаягийг өгөөд уулзууллаа, нөгөөдүүл нь ямар ч хэлгүй, бүр орос ч үгүй, бас туршлага энэ тэр алга гээд голоод олигтой ажил өгөөгүй юм гэнэ.  Тэгээд ч өөрөө өглөө эрт босож чаддаггүй энэ тэр гээд сонин юм яриад байдаг юм билээ.

Ингээд эцсийн арга, утасдахаар нь хариу өгөхөө больсоон. Хэд дуудаад одоо чимээгүй л байна. Хааяа нэг ийм "нойтон хамуу" ч гэх юм уу хүнтэй таарах хэцүү шүү. Одоо юу болж явдаг юм бол доо,  нутгийн маань бүсгүй. Төрсөн хүүхэд нь байдаг болохоор гайгүй биз дээ.  Эзэн хичээхгүй бол заяа яаж хичээхэв дээ.

Эх сурвалж: http://altargana.blog.banjig.net/post.php?post_id=27625 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.