05 сарын 18, Бямба
°C
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Бид харийнхны тоглоом, гадныхны боол, бусдын идэш болох уу...

Уйлан дуулан гуйж "усыг эргүүлж, уулыг нураана" гэх нь халаг болж, амьдралын баталгаа амьжиргааны дээдийг амлаж ард түмний итгэлийг олж төр түшилцэж түмэн олны хэрэг шийдэхээр сонгогдсон эрхэм УИХ-ын гишүүд маань нэгэнт л сонгогдон бол дөрвөн жилдээ боллоо гэсэн шиг сонгогч олноо мартаж төрийн ажлаа умартаж хувийн эрх ашиг ажил албандаа улайрах нь жирийн үзэгдэл болсон.

Төрийн түшээд ажлаа олигтой хийхгүйгээс болж түмний амьдрал доройтсоор, төрийн нэр хүнд буурсаар. Ингэж нэг юм бор хоног, шар нарыг үдсээр дөрвөн жилийг барна. Энэ зуур эрхэм гишүүний хувийн болоод хувь нийлүүлсэн, хувьцаа эзэмшдэг, хамтран ажиппадаг, хахууль авдаг компани, групп, корпораци хөгжин цэцэглэж томорч төрийн, гадны төсөл хөтөлбөр, зээл тусламжаар бордуулсаар цатгалдана. Ингээд л эрхэм гишүүний сонгуулийн сурталчилгаа төсөв мөнгөөр туйлна. Харин ард түмэн ядуу хэвээрээ болохоор арав таван төгрөгт хууртаж ам хэлний уранд урхидуулж ашиглуулахдаа амар хэвээрээ. Гэхдээ энэ бол жижиг мөртлөө том асуудал, том мөртлөө жижиг асуудал аж. Үүний цаана бас том мөртлөө жижиг, жижиг мөртлөө том айдас, аюул, хардалт нүүрлээд байх шиг.

Ийнхүү муур хулгана болж муухай дээрээ улцан болж байсаар байтал ар худрагаар бүр өвөр түрийд юм юм болоод л байдаг...

Хамгийн эмгэнэлтэй нь ард түмний амьдралын ядуурлаас үүдэлтэй бас илүүтэй боловсрол, оюуны ядуурал чимээгүйхэн "улаан дипломтон" газар авсаар.

Үүн дээр нь хэт үндсэрхэг үзэл түүнийг тойрсон жалга довны ялгаврал, намчирхал, мэдэмхийрэл, хэнээрхэл, цуурхал, туйлшрал, турхиралт ташуур өгсөөр. Гэхдээ зөвөөсөө илүү бруу тийшээгээ өөрөөр хэлбэл, ирээдүйгээс илүү өнөө маргаашийн эрх ашиг, мөнгө дагаж хаашаа л бол хаашаа ханарч, налсаар байна.

Дотор гадны янз бүрийн ашиг сонирхол эрх ашигтангууд үүн дээр нь "ЧҮ, ЧҮ" гэж уухай нэмж уруу өөдгүй уухилуулж ядарсан дээр нь зүдрээсээр. Манайхан ч яахав жингийн цуваа явдгаараа явж нохой хуцдагаараа хуцаж байна гэх санж. Гадныхны хувьд бол өөр өө өөр, "Михайл"-д нэг бодол бий гэж!
Бас ч үгүй хаана хаанаа ашиг сонирхол үйлчилсээр!

Монгол түмнийг өөр хооронд нь хагаралдуулж тэмцэлдүүлж хүчгүйдүүлээд, шашин үзэл суртлаар хүлж 300 жил дарласан Манжийн түүхийг ширээнийхээ ном болгочихсон одоо түүнийг орчин үеийн хэлбэрээр өнөөдрийн манай хөрс суурин дээр "библи" болгон хэрэгжүүлэх муу санаагаа олчихсон бүр ажилдаа ханцуй шамлаад орчихсон явна бий вий. Хаа нэгтэй биш хажууд чинь!

Ядуу буурайгаас нь эхлүүлээд ид мандан бадарч явсан "юм юмтай" улс орнуудыг хүртэл хөөрхөн дөнгөж хөөрхий болгодог дэлхий дахинд эмгэнэлт уянгын аймшигт баатарлаг жүжиг эвтэйхан зохиож найруулаад тавьчихдаг, юмтай улсын юмыг дээрэмдэх, тонох цөлмөх улс төр бизнесийн төсөл хөтөлбөр төлөвлөгөө зохиож хэрэгжүүлдэг моод дэлхийн "акул", "матар" 'Үнэг", "хэрээ" улсуудын дунд дэлгэрч өрсөлдөөн улам ширүүсч өөр хоорондоо "ан" болох улс орон ард түмнийг хэд хэд хуваан залгих явдал аль эрт цагаас хүчээ аван өдгөө улам арга нь нарийсч боловсронгуй болсоор манай хаяагаар шургаж, тооноор шагайж, үүдээр морилж өдгөө хойморт заларч, гудамжинд орилж нэг үгээр хэлбэл хаа сайгүй болжээ.

Дахин давтан өгүүлэхэд дэлхий дээрх бүрэн эрхт тусгаар тогтносон "юмтай" гэж цээж балбаж байгаа улс эх орны ашигт малтмал байгалийн баялаг гээд ер нь хүн төрөлхтөнд хэрэгтэй ашигтай юм бүхнийг нь цөлмөж адаг сүүлд нь цөмүүлсэн самар шиг хоёр хэсэг хоосон болсон эх орон, өрөнд орсон өөдлөхөө больсон эдийн засаг, өлсгөлөн гуйланчлал ядуурал ажилгүйдэл нүүрлэсэн нийгэм, ашиг хонжоо харж ард түмэн эх орноо худалдаж гадныханы гар хөл болж хагартлаа баяжсан тоотой хэдэн эрх мэдэлтэн, албан тушаалтан, авлигачин олигархуудтай болгоод "ядуу буурай орон, зэвсэгт мөргөлдөөнтэй орон, ер нь дампуурсан улс үндэстэн" гэсэн хаяг шошго зүүж өгөөд хаядаг, энэ ажилдаа баялаг туршлагатай, үүндээ амташсан, өөрсдийгөө үсрэнгүй хөгжсөн, ардчилал шударга ёс сайхан амьдралыг бий болгож чадсан, мөрөөдлийн улс, түүгээр ч барахгүй ядуу улсуудад туслаж дэмжигч донорууд, буянтанууд, бас болоогүй байдал хурцдаж шаардлага гарвал өөр хоорондоо, дотроо тэмцээд бай¬гаа хагаралдаад байгаа улс үндэстэн байвал явж очоод дотоод хэрэгт оролцож хүмүүнлэгийн, энхийг сахиулагч, сэргээн босгогч гэх зэрэг сайхан нэртэй цэрэг зэвсэг оруулж зөв гэж дүгнэсэн талыгаа өмгөөлж буруутгасан талыг нь цээрлүүлж, шаардлага гарвал "яс хаяж", дургүй хүргэсэн хэсгийг нь шийтгэж, устгаж, бүх юмыг нь цэгцэлж өгөгч, өөрсдийгөө бусдаас дээр эрх мэдэл, хүч чадал, ухаан бодолтой, бурхан гэж итгүүлдэг үүнийгээ бүх талаар сурталчилж үзэл суртал ухуулга эрчимтэй явуулдаг улс орны тоглоом болох хувь заяа бидэнд тун ойрхон байна шүү.

Эдний хараанд нэгэнт бид орсон нь үнэн. Энийгээ бид нар хөрөнгө оруулагчдыг татчихлаа, гадны баян орнууд том компаниуд бидэн рүү хошуурч байна, одоо л бөөн мөнгөн бороо бидний дээр асгарах нь гээд онгироод байдаг. Гэтэл "эв түнжингүй", "тогтворгүй", "эрх зүйн чадамжгүй", "олигарх", "авлигачин" улс төртэй, "нэр хүндгүй", " хувийн эрх ашиг нь давамгайлсан", "эрлийз хурлийз", "гадны гap хөл бологч", "шашин номлон сурталчилагч" удирдагчидтай дээр нь бөөн бөөн иргэний хөдөлгөөн, "босогчид" нь борооны дараах мөөг шиг олширч, олон нийтээс хандивласан нэртэй хаанаасаа ингэтлээ баяжсан нь бүү мэд олон зуун саяар нь мөнгө төгрөг цацаж, жагсаал цуглаан, хуралдай зохион байгуулж, ороо нь орсон буур шиг оволзож байгаа ардчилалтай, масс болох дийлэнх гэж тодорхойлуулаад байгаа, 60-90% нь ядуу гэж цоллуулаад байгаа ард түмэн нь болохоор нийгмийн идэвх гэж нойл болсон, эцэстээ хэн нь үнэн зөв яриад байгааг ойлгохоо болиод, сүүлдээ энэ бүхнийг тоохоо больж, дэмждэг ч үгүй дэмждэггүй ч гэдэггүй, ядууралтайгаа эвлэрч, хувь заяагаа элдэв орж "ирсэн, ирж байгаа, шашин урсгалд даатган мөргөж, егсөн хоолыг нь идэж, хувцсыг нь өмсөөд л санаа амар сайхан инээмсэглээд л орчин үеийн "манкурт боол" маягаар амьдрахыг хүсч хааяа нэг нийгмийн хамгаалал нэмэгдэх, ядуусыг харж үзэх, тэдэнд зүгээр мөнгө төгрөг эд зүйл өгсөн юманд магнай тэнийн баярлах жишээтэй.

Ер нь л болж өгвөл нэн ядуу бүлэгт хамрагдаад байж л байвал ямар ч байсан туслуулаад мөнгө эд зүйл зүгээр сууж байгаад аваад байдаг гэсэн сэтгэхүй нь тогтож сурч хөдөлмөрлөх "баяжих" ямар ч сонирхолгүй болсон, хааяа санаа зовдог юм нь тэтгэвэр, групп, хүүхдийн менгө, нийгмийн хамгааллын мөнгө, шинэ гэр бүлийн мөнгө, шинэ хүүхдийн мөнгө, cap болгон ядуус олгодог гурил будаа, түлээ нүүрсний сураг... дээр нь болж өгвөл гадагшаа харийн орон руу л гарч байвал диваажинд очих юм шиг санадаг тэнд л сайхан амьдрал байдаг, харин монголдоо байхгүй үхэхдээ ирээд л ясаа тавибал барав гэж эх орноо оршуулгын газар "там" мэт санадаг бодолтой болсон ийм л иргэний нийгэмтэй манай оронд тун ч эрсдэлтэй бас гадныханд зажлуулахгүй залгиулах магадлал өндөртэй.

Харин акул матар үнэг хэрээ улсуудад бол тун ч таатай сайхан амттай бүр зүсээд сэрээ зоогоод тавьчихсан бэлэн бялуу болж харагдаж байгаа нь дамжиггүй....

Яахыг бид биш бидний сонгосон бидний төлөөлөл болсон тэр л хүмүүс шийдэх нь гарцаагүй. Гэхдээ эцэст нь хор хохирол ашиг хонжоо аль нь бай бид бүгд л адилхан хүртэж адилхан хариуцлага хүлээх болно! Ирээдүйн өмнө. Тэгэхээр бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гээд хоёр саяулаа хашгираад байх уу?

Төр тунгалаг түмэн олон мэргэн болтугай!

Тэр гадны бурхан ч байна уу акул, матар, үнэг, тахиа, гахай ч байна уу манайд ирээд явна, эс бол үл явна бүгдийг авна бидэнд юу ч өгөхгүй, эсвэл явсан ч байх хугацаандаа л бидэнд өчүүхнийг өгнө гэвч явахдаа биднээс бүгдийг авч байж л явах болно!

Цөөхүүлээ юм даа арай дөнгүүр талхны үйрмэг оногдох юм болов уу? Энэ бол туйлшрал байж мэдэх ч хэтрүүлэг биш шүү! Эрдэмтэн мэргэд эрхэм төрийн түшээд ухаант ард түмэн минь зөв байж заяа нь тэгш байг!  Ерөөхөөс асуухаас халаглахаас өөрөөр дуусгаж чадахгүй байгаа нийтлэлийг минь өршөөгөөрэй.

Болод.М 
Эх сурвалж: www/mongolmedee.net 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.