05 сарын 29, Баасан
°C
USD 2,806.96
USD 2,806.96
EUR 3,089.62
JPY 26.03
GBP 3,442.03
RUB 39.47
CNY 392.20
KRW 2.26

САЙХАН СЭТГЭЛИЙН ѲГЛѲГ \“Лантуу хүүгийн богц-2020’’ хандивын аяны тэмдэглэл\

Ч.Ганжавхлан, М.Мѳнхтүшиг хоёр явган аялал хийж, зураг авч явахдаа цар тахлын үед гэр хорооллын айлууд хоол хүнсний хомсдолд орж амьдрал ахуй нь хэцүүдэж буйг анзаарсан юм билээ. Угийн тарчиг амьдралтай айлын хүүхдүүд улам ихээр ѳлсгѳлѳнд ѳртѳж буйг анзаарсан хэрэг. “Лантуун дохио”-ны залуустайгаа зѳвлѳлдѳж тэдэнд туслах зорилгоор “Лантуу хүүгийн богц-2020” хандивын аяныг санаачлан эхлүүлжээ. Зав гаргаж би тэдэнтэй хоёр хоног цуг ажиллав. Хол байхдаа ийм аяныг амжилттай зохион байгуулж байгааг хараад бахархаж байсан хэдий ч, энэ удаад биеэр оролцонгоо бодит байдлыг ѳѳрийнхѳѳрѳѳ мэдрэхийг хүслээ.

ХАНДИВ ЦУГЛУУЛАЛТ

Баянзүрх дүүргийн Улиастайн эцэст байгуулагдсан “Ид шидийн орон-2” байгууламж дээр хандив цуглуулах ажиллагаа 7 ѳдѳр зохион байгуулагдлаа. 70 нэр тѳрлийн 89495 ширхэг хүнс, хичээлийн хэрэглэл, ахуйн хэрэглэл, тоглоом, хуучин хувцасны хандив цугларчээ. Нийтдээ 20 тн гурил, 8 тн будаа, 9.5 тн гоймон, 1.8 тн элсэн чихэр, 5633 маск, 2224 боодол ариун цэврийн цаас, 1,3 тн тѳмс, 1.1 тн лууван, 460 кг овъёос, 1214 ш талх, 2652 уут боорцог зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдээс гадна цугларсан бусад хандивын талаарх мэдээллийг www.lantuu.mn сайтаас тодруулж нягтлах боломжтой аж.

“Ѳгье гэвэл ганцаасаа” гэдэгчлэн сэтгэлийн ѳглѳг багаддаггүйг энд анзаарч байлаа. Жаахан хүүхдүүд хүртэл тѳрсѳн ѳдрийн бэлгээ, хураасан мѳнгѳѳ, тоглоомноосоо илүүчилж авчирч байгаа нь монголчууд бидний бие биенээ хайрлан энэрэх сэтгэлийн хѳрс үндэслэж байгааг нотлов.

Машинд ачиж, зарим нь дугуйгаар зѳѳж, даах чадлаараа гартаа хүнс болон бусад зүйлээ барьж дугаарлан хүлээлгэж ѳгч буй хүмүүсийг харахад ѳѳрийн эрхгүй самсаа шархирч, сэтгэл хѳдѳлж байсан. Нэг тийм үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж тѳрж, мэдрэгдэж байв. Цар тахлын хүнд хэцүү энэ цагт ѳѳрѳѳсѳѳ илүүчилж бусдад тусална гэдэг монгол хүний мѳн чанарын илрэл. Сайн дурын залуус, ирсэн хандивын зүйлсийг ангилан хурааж, түүнээсээ дахин зѳѳвѳрлѳн ялгалт хийж бэлгийн багцыг бэлтгэж байв. Эхлээд харахад барагдашгүй их мэт санагдаж байсан ч залуус шѳнѳжингѳѳ ажиллан хонож бүх ажлыг баяр хѳѳртэйгээр барагдуулж байлаа. Хичнээн олон залуус мѳнгѳ, хѳлс нэхэлгүй сайн дураар энэ ажлыг хийж байгааг харах надад сайхан байсан. Сэтгэлийн дотоод мѳн чанараа ингэж урлан бүтээж буй залуусыг харахад хайрламаар, тэднээр бахархмаар.

ХАНДИВ ТҮГЭЭЛТ

Хандивыг түгээх амралтын хоёр ѳдѳр “Ид шидийн орон-2” байгууламжинд авто машины түгжрээ үүсч байсан гээд тѳсѳѳл дѳѳ. Сониучирхаад харахад тэр орчмын гудамжнуудад машинууд дүүрсэн байв, эгээ л баяр болж буй аятай. Нийт 8 дүүрэг 1 аймгийн хэмжээнд 150 авто машин 2169 ѳрх айлд түгээлт хийжээ. Айл болгонд дунджаар 5 хүүхэд байгаа гэж тооцоод, гудамжаар явж байсан хүүхдүүдэд хүргэсэн гээд нэмэхэд 10845 болон түүнээс олон хүүхдэд “Лантуу хүүгийн богц” хүрчээ. “Ниссан Патрол” зэрэг автомашинтай залуусын нѳхѳрлѳл, нэг ангийн хамт олон, зарим компаниудын түгээлтийн баг гэх мэт олон залуус, эгэл жирийн хүмүүс хүртэл энэ аяны түгээлтэд сайн дураараа оролцов. Тэд машины бензин тосоо ѳѳрсдѳѳ гаргаж, амралтын ѳдрүүдийн цаг заваа энэ сайн үйлсэд зориулж байгаа нь сайхан санагдаж байлаа.

“Олон хүмүүсийн итгэл шингэсэн хандивыг аль болох хэрэгтэй хүмүүст нь хүртээмжтэй түгээхийг хичээгээрэй. Цар тахлын хорио цээрийн үед бүгдээрээ маскаа зүүж, гартаа бээлий хийгээрэй. Энэ удаад амьдралын боломжгүй, эмзэг бүлэг, ядуу буурай гэсэн тодотголыг хэрэглэлгүйгээр хүүхдүүдэд хүртээмжтэй туслах гэж байгаа юм шүү. Бэлгээ түгээхдээ зураг авч сельфи хиймээр байгаа бол хүүхдүүдийн нүүрийг гаргаж болохгүй шүү, энэ нь хүний эрхтэй холбоотой болохоор зѳв ойлгоорой. Сонгууль дѳхѳж байгаа болохоор энэ аяныг улстѳртэй холбож ойлгох вий, зѳв тайлбарлаарай. Зарим хүмүүс бухимдалтай цухалдуу байж магадгүй. Тэдэнтэй болгоомжтой, эелдэг харьцаарай. Ѳѳрсдѳѳ ч болгоомжтой хянуур байж ѳѳрсдийгѳѳ эрсдлээс хамгаалж аюулгүй яваарай.” Түгээх богцоо машиндаа ачаад, сайн дурын ажилтан жолоочтойгоо хамт хѳдлѳхѳѳс ѳмнѳ зохион байгуулах багийнханы ѳгсѳн зааварчилга энэ аяны зорилтыг илэрхийлж байлаа. Түгээх багийнханд үндсэн зааварчилга, явах замын маршрут тэмдэглэгээ, хүнд бүрд маск, бээлий болон хүнсийг ѳгч замд нь гаргаж байв.

Эхний ѳдрийн үдээс хойш Ч.Ганжавхлан, Д.Долгорсүрэн, Мѳнхтүшиг бид дѳрѳв нэг баг болон, Баянзүрх дүүргийн Чулуун хороо, Био комбинат, Шувуун фабрик, Сонсголон, Баянхошуу, Толгойтын хогийн цэг болон гэр хорооллуудаар явсан юм. Ѳмнѳ нь Ч.Ганжавхлан намайг гэр хорооллуудаар дагуулж явж байсан болохоор цочоо бага зэрэг гарсан ч энэ удаад бүр хэцүү дүр зургуудыг үзлээ. Ѳдрѳѳс ѳдѳрт тэлж буй энэ амьдралын хязгаарт ѳдрѳѳс ѳдѳрт нэмэгдсээр буй архидалт, ядуурал, хүчирхийлэл, арчаагүй доройгоосоо гаслан хашгирах тарчлаант чимээг сонсож болохоор…Монголд ирснээс хойш сэтгэлийн минь чанадад тарчлаантай сонсогдож буй энэ гасланг багасгах сан гэж шаналсаар л байгаа. Ѳдгѳѳ УИХ д нэр дэвшиж буй олон эрхмүүдээс гэр хорооллын амжиргааны боломжийг сайжруулах чиглэлээр рекламдаж бус, чин сэтгэлээсээ бодитоор ажиллах хэнийг ч болов дэмжиж ажиллах хүсэл надад байна.

НАДАД ЮУ БОДОГДСОН ГЭЭЧ!

1.Хэрвээ Монголын Тѳрд зѳв хүмүүс гарч, зѳв шийдвэр гарган ѳѳрсдѳѳ манлайлах аваас олон нийт дэмжин давалгаалахад бэлэн байна. Цар тахлын энэ үед олон нийт дэг журмыг сахиж буй нь, “Лантуу хүүгийн богц-2020” хандивын аяны оролцоо дэмжлэг үүнийг нотолж байгаа.

2.Ч.Ганжавхлан болон түүний найзуудын үүсгэн хѳгжүүлсэн “Лантуун дохио” ТББ-ын санаачлан хэрэгжүүлж буй тѳслүүдийг олон нийт талархан дэмжиж байгаа нь тэдэнд итгэдгийн нотолгоо. Гэр хорооллуудын дунд “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хѳгжлийн тѳвүүдийг олноор байгуулах нь хүчирхийллийг багасган сэтгэлгээг ѳѳрчлѳх боломж мѳн.

3.Ѳнѳѳгийн Монголын залуусын сэтгэлгээ хандлага их ѳѳр болжээ. Тэд хий хоосон ярихыг биш, бодит ажил санаачлагуудыг хүсч байна. Тэд ѳѳрсдийгѳѳ рекламдаж сурталчлахыг бус чин сэтгэлээсээ нѳхѳрлѳн хамтдаа бүтээхийг хүсч байна. Монголын нийгэмд залуусын сэтгэлгээний эерэг давалгааг бий болгож буй “Лантуун дохио” ТББ-ын залууст талархаж байнаа.

…Тэдэнтэй хамтдаа ѳнгѳрүүлсэн хоёр ѳдѳр үнэхээр сайхан байлаа. Эерэг энергийн бѳѳн урсгал дунд хѳвѳх мэт. Хаашаа л харна, хайр талархлаар гэрэлтсэн инээмсэглэл, бие биедээ талархсан баяр хѳѳр, урам зоригоор цэнэглэгдсэн эрч хүч…”Амьдрал ийм сайхан шүү дээ” гэж хэлж ѳѳрийн эрхгүй инээмсэглэмээр…Хэн нэгнийг дѳвийлгэн хѳѳргѳж, хоосон магтахын аргагүй ар араасаа долгилох жигдхэн давалгаанд дунд урсах мэт…

САЙХАН БАЙСАН ШҮҮ, ЗАЛУУС АА! МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ БОЛСОН ТА НАРГҮЙГЭЭР ХѲГЖЛИЙГ ТѲСѲѲЛѲХ АРГАГҮЙ, ТА НАРТАА АМЖИЛТ ХҮСЬЕ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2020-05-19
Улаанбаатар

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

СОШИАЛ “СЭВЭЭЧИД”
СОШИАЛ “СЭВЭЭЧИД”
04/28/2020
Саяхан би дуучин Д.Болдын тоглолтын талаар жиргэсэн юм. Яг үнэндээ жиргээний мэдээллүүд уншиж байгаад буруу ойлголтоороо жиргэсэн нь миний алдаа байлаа. Жиргээний эхний сэтгэгдлийг уншаад, би ямар тэнэг юм бичсэнээ ойлгоод устгав. Энэ бол 5 минутын л хугацаанд болсон хэрэг. “Уучлаарай. Эх сурвалжаа нягтлаагүй бичсэн нь миний буруу болжээ. Би мэдээллээ устгалаа” гэж бичиж учирласан боловч, миний жиргээг аль хэдийн скрийн шот хийгээд маш олон сувгаар түгээж эхэлсэн байв. За тэгээд ѳдѳржингийн юм болсон доо. Найзууд минь над руу утасдан анхааруулан сануулж, олон хүн намайг ѳрѳвдѳж, олон хүн
ѲМЧЛѲГДСѲН “ХАЙР”
ѲМЧЛѲГДСѲН “ХАЙР”
04/12/2020
-Чи яагаад энэ бүсгүй рүү хараад байгаа юм бэ? Би энэнээс муухай харагдаад байна уу? -Чи яагаад энэ хүний нүүрномын пост дээр зүрх дараад байгаа юм бэ? Тэр чамд тийм ухаантай санагдаад байна уу? -Чи яагаад энэ хүнтэй уулзсан юм бэ? Би чамд гологдоод байна уу? -Чи яагаад над руу харахгүй байгаа юм бэ? Надаас уйдаад байгаа юм уу? -Чи яагаад надад урьдынх шигээ анхаарал тавихгүй байнаа? Надад хайргүй болчихсон юм уу? -Чи яагаад??? (дэлгэрэнгүй…)
ТАРЖ БУТАРЧ, ТАЛЦАЖ МАРГАЛДАХ МОНГОЛЧУУД БИД
ТАРЖ БУТАРЧ, ТАЛЦАЖ МАРГАЛДАХ МОНГОЛЧУУД БИД
03/28/2020
*Аль ч улстѳрийн намууд дотор танил, дотно найз нѳхѳд надад бий. Ирсэнээсээ хойш тэдний ихэнхитэй уулзан ярилцаж үзэв. Хүний мѳн чанарынхаа хувьд адил санаа бодолтой тэд, улстѳрийн намуудад хуваагдсанаасаа хойш уулзаж ярилцах, санаа бодлоо хуваалцахаас жийрхдэг болсон нь анзаарагдаж байна. “Урвагч” хэмээн адлагдахаасаа айдаг, нам доторхи орон зайгаа алдахаасаа эмээдэг, ирээдүйд хүртэж болох ашгаа булаалгахаасаа болгоомжилдог бүхэл бүтэн үеийг намууд бэлтгэжээ. Улстѳрийн намуудын ийм “залгамж халаа”-нууд Монгол Улсын үндсэн эрх ашиг, үнэт зүйл дээр нэгдэж чадах болов уу? хэмээн би эргэлзэж

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2020 Орлоо-Инфо ХХК.