10 сарын 16, Бямба
°C
USD 2,848.81
USD 2,848.81
EUR 3,308.04
JPY 24.97
GBP 3,908.71
RUB 40.00
CNY 443.15
KRW 2.41

ѲѲРЧЛѲГДѲЖ БУЙ МАЛЧДЫН АЖ ТѲРѲЛ

…Тэртээ талд сүүмэлзэн харагдах гэрийн гадаа:
1. портер машин
2. приус машин
3. бага оврын мотоцикль харагдана.

Талд тааваар бэлчих хонин сүргийн тэртээд “Приус” машин аажим аажмаар залан чиглүүлнэ. “Приус” машинд залуухан бусгуй хѳгжим сонсонгоо фейсбуукээр хэн нэгэнтэй чаатлан нүүр дүүрэн инээмсэглэнэ. Амсхийн жаахан дугхийж сэрээд машины толинд харан нүүр амаа будаж, оо энгэсгээ тааруулах аж. Тѳрѳѳд удаагүй бололтой нялх хүүхдийн уйлах чимээ сонсогдоход ухасхийн хүүгээ ѳвѳр дээрээ авч хѳхүүлэнгээ, аз жаргалтай тѳрхѳѳрѳѳ сельфи хийн инстаграмдаа оруулна. Бүсгүйн нѳхѳр гэрээс гарч хонин сүрэг рүү хараа бэлчээн саравчилангаа, голын ус руу орж буй хэдэн адуугаа хураахаар мотоциклоо асаан унаж тоос татуулан давхиж одов. Ус уусан хэдэн адуугаа мотоциклоороо аажуухан тууж яваа түүнтэй, “Портер” машинд гэрээ ачиж эхнэр хүүхэд нь “Приус” машинд тухлан сүрэг малаа аажуухан туун наашлах нүүдэл таарав.

Сургуулийн амралтаар гэртээ ирсэн охин нь мотоциклоороо хэдэн үхрээ нааш цааш эргүүлэн давхина. Эхнэр нь машин дотроо дэрсхэн хэдэн хүүхдээ хооллонгоо, гаазан плитка дээр буцалж буй усандаа кофе найруулна. Анир чимээгүй талд машины хѳгжимѳѳр цуурайтах зохиолын дуу эгшиглэнтэйгээр уянгалав. Уулзсан гэрийн эзэд хууч хѳѳрѳнгѳѳ кофе тамшаалж, хамрын дээр бурзайсан хѳлсѳѳ сальфеткаар арчих аж…

*ХѲГЖЛИЙН САЙН, МУУ ТАЛУУД:

Цаг хугацааны урсгалд хѳгжлийн дэвшилийг дагаад ѳѳрчлѳгдѳж буй малчдын аж тѳрлийн талаар хүмүүс янз бүрийн бодолтой байгаа.

-Ѳѳ тэгээд одооны малчид залхуу болжээ. Ѳглѳѳ эрт босч малаа саахаа ч больсон. Адуугаа малллаж унахаасаа залхуураад мотоцикль унадаг болсон байна билээ
-Олон зуун жил уламжилж ирсэн эцэг ѳвгѳдийн зан заншил үгүй болж, Хятадын эрхшээлд байгаа Ѳвѳрмонголчуудтай адилхан боллоо доо. “Цѳвүүн цагийн муу ёр” гэж энэ дээ
-Үгүй тэгээд тэднийг муулаад яах ч билээ дээ. Техник технологи хѳгжиж байгаа ѳнѳѳ үед тэдэнд амар байдаг байлгүй дээ
-Урьдын сайхан цаг үгүй болж байна даа. Одоо тэгээд морь малаа сургаж эдэлж ашиглахгүй болохоор арга ч байж уу дээ. Ачлага бүү хэл уналагад хэрэглэх адуугүй болж байна даа.
-Чи тэдний оронд ѳѳрийгѳѳ тавиад тѳсѳѳл дѳѳ. Хэдэн мал маллах гэж урьдынх шиг гэр бүлээ ч ѳѳрийгѳѳ ч золиослоод амьдарч чадах уу? Хѳгжил урагшаа явж байхад монголчууд бид ѳнгѳрсѳн үетэйгээ зууралдаад “тийм ч байх ёстой”, “ингэх ч хэрэгтэй” гэж шүүмжлээд сууж байх нь зѳв үү?

Аль ч талаас нь дүгнэхэд магтан сайшаагаад, эсвэл буруутган зэмлээд байх хэцүү. Аливаа хѳгжил, ѳѳрчлѳлт сайн тал руугаа явж байх ёстой гэдэг санаатай би санал нийлдэг. Малчдын аж амьдралтай холбоотой, заавал анхаарах ёстой хэдэн асуудал байна, миний бодлоор:

1. Малчдын хѳдѳлмѳрийг эдийн засгийн эргэлтэд оруулах бүхэл бүтэн систем байх ёстой болж байна
2. Малын гаралтай түүхий эдийг олон улсын стандартын дагуу анхан шатны боловсруулалт хийж экспортод гаргах систем бий болох
3. Малчдын амьдралын тав тухыг хангах, тэднийг аль болох эрсдэлээс хамгаалах нийгмийн стандарт байх шаардлагатай

Малчдыг хэт бѳѳцийлѳѳд, эсвэл зѳнд нь хаяад байгаа одоогийн үзэгдэл тэдний бие даасан хѳгжилд саад болж байгаа. Дээрх санаануудыг бодит ажил болгоход Тѳрийн бодлого, энэ чиглэлийн судалгааны болон бизнесийн байгууллагууд, малчид хамтарч ажиллаж байж л зѳв шийд гаргана. Малын түүхий эдийн үнэ ченжүүд болон гадны хѳрѳнгѳ оруулалтын хяналтад байх, махны экспортын квот хувьдаа ашиг олох зорилготой хэн нэгэн улстѳрчдийн мэдэлд байгаа одоогийн байдлыг шинэчлэх нь ѳѳрчлѳлтийн эхлэл болох юм.

*ФЕРМЕРИЙН болон НҮҮДЛИЙН МАЛ АЖ АХУЙ:

АНУ-д энэ чиглэлээр 3 дугаар ТВ нэвтрүүлэг бэлтгэж явахдаа “Генийн ѳѳрчлѳлтгүй органик хүнсийг баян ядуу ялгалгүйгээр бүх иргэд нь хэрэглэж байгаа энэ дэлхийн цорын ганц орон Монгол минь юм” гэж олзуурхан бодсон. Ѳѳрсѳддѳѳ байгаа үнэ цэнээ анзааралгүй бусдын алдааг давтаж байдаг нь монголчууд бидний муу тал. Монголдоо махны чиглэлийн үхрийн фермерийн аж ахуй хѳгжүүлж буй “Баяндэлгэр”, Сэлэнгийн Зүүн бүрэн сум дахь аж ахуйг очиж үзээд надад ийм санаа тѳрсѳн хэрэг. Цаашдаа Монголын мал аж ахуй дараах 3 чиглэлээр хѳгжих байх:

1. ДЭЛХИЙН СТАНДАРТЫН ДАГУУ ХѲГЖИХ ФЕРМЕРИЙН АЖ АХУЙ

Нэгж малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхдээ аль болох генийн ѳѳрчлѳлтгүй органик байдлыг хадгалах нь энэ фермийн зорилго. Олон улсын түвшинд экспортлоход:
-боловсруулах
-савлах
-хадгалах
-тээвэрлэх
-маркет дээр борлуулах стандартуудыг хатуу мѳрдѳхѳѳс гадна гарал үүслийг баталгаатай нотлох нь хамгийн чухал юм билээ. Малыг эрүүлжүүлж, эрүүл байлгах нь экспортын чухал шаардлага.

2. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛТАЙ ХОСОЛСОН НҮҮДЛИЙН МАЛ АЖ АХУЙ

Жуулчид Монголд юу үзэх гэж ирдэг вэ? Тэдэнд сурлэг уулс, сүрт хүрхрээ, аагим цѳл, говийн үзэмжээс илүү:
-Байгальдаа зохицон аж тѳрдѳг нүүдэлчин ахуй, зан заншил, урлаг соёл, тоглоом наадгай сонирхолтой байдаг
-Ямар генийн ѳѳрчлѳлт үгүй органик хоол хүнс, тэдгээрийн хэрэглээ соёл нь сонирхолтой байгаа

Тэгэхээр аялал жуулчлалтай хосолсон, уламжлалаа хадгалсан нүүдлийн аж ахуй бие биенээ түшиглэн хѳгжих ирээдүй байна хэмээн мунхаг би тѳсѳѳлж байна.

3. АХУЙД ТҮШИГЛЭСЭН НҮҮДЛИЙН МАЛ АЖ АХУЙ

Ѳвгѳд дээдсээс уламжилж ирсэн, монголчууд бидний бусдаас ялгагдах хэв шинж болсон нүүдлийн мал аж ахуйгаасаа салж чадахгүй. Харин ѳнѳѳгийн хѳгжил, ѳѳрийн тав тухаа эрхэмлэсэн хэв шинжээрээ хѳгжин ѳѳрчлѳгдѳх л байх. Зүлгэн дээр гэрээ барьж зүгээр л тааваараа жаргасан малчин амьдрал цаашдаа улам л олшрох байх.

…Хүн малын зоо тэнийсэн Монголын минь дэлгэр зун сайхаан. Хаяаг нь шууж зүлгэн дээр барьсан гэрийн тооноор аргалын утаа цэнхэртэн суунаглаж, дэлгэсэн хаалга шуусан хаяаны тэртээд амар амгалан Монголын ахуй нь үзэгдэн, уянгалаг чимээ нь талд уусан эгшиглэнэ. Хотоос зочлон ирсэн ах дүүстээ хонь тѳхѳѳрѳн, авчирсан бэлэг сэлтийг нь дээжлэн хүндэтгэж, тэр л уудам талын хайр энхрийллийн долгион дунд Монголын их амар амгалан үүрсдэг. Хѳдѳѳтэй, хоттой Монголын энэ л орчилд хүмүүн бид жаргаж амьдардаг аа. “Дээдсээс ѳвѳлсѳн малчин заяа, дэлхийд ховорхон морьтой заяа” гэж…

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2021-06-21
Улаанбаатар хот

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

БИД ЯАГААД БИЕ БИЕДЭЭ ДУРГҮЙ БАЙДАГ ВЭ?
БИД ЯАГААД БИЕ БИЕДЭЭ ДУРГҮЙ БАЙДАГ ВЭ?
“Монголчууд бид цѳѳхүүлээ атлаа яагаад бие биенээ хайрлан, эв нэгдэлтэй байж болдоггүй юм бол?” хэмээн хааяадаа харуусан боддог. Харь оронд ажиллаж амьдарч байхдаа “буцаад очих эх орон гэдэг сэтгэлийн ямар их ѳмѳг түшиг, амьдралын минь нѳмѳр нѳѳлѳг, ирээдүйн минь итгэл найдвар болох”-ыг ямар ч сурталчилгаагүйгээр чин сэтгэлээсээ ойлгодог. Туурга тусгаар эх орны минь голомтыг сахин аж тѳрж буй та нарыг ч бас сэтгэлдээ хайрлана. Хѳгжлийн цаг хугацааны хуучин харгуйгаар бидэрч буй мэт хэдий боловч, ѳѳрсдѳѳ ухааран засч залруулах олон зүйлүүд байнаа. 1.ХУВИА ХИЧЭЭГЧ (дэлгэрэнгүй…)
ДУУНЫ ГЭРЭЛТ ХӨШӨӨ
ДУУНЫ ГЭРЭЛТ ХӨШӨӨ
Монголчууд дуунд гэрэлт хөшөө босгодог соёлыг дэлхийн соёлын түүхэнд анх авчрав. Монгол ухаан. Монгол нээлт. Төв талбайн өмнөх Наа багшийн “Халуун элгэн нутаг” дууны хөшөөнөөс аваад л орон даяаар лавтай зуугаад дууны хөшөө бий байхаа. Дуу, бөх хоёрыг манайхан шиг дээдэлдэг орон орчлонд үгүй мэт. Аварга цолтой харьсан бөх л бол төрийн тэргүүн. Эсвэл нийслэл хүрээний дарга. Их хуралдайн гишүүн “сарааз маёоор” болдог. Гавьяа байгуулсан дуучин л бол “төрийн нарийн”, “театр чуулгын дарга” болох ёс зөвхөн монголоос эхтэй. Өөр газар би дуулсангүй. Харсангүй. Майкл Жексон чуулгын дарга байсан тухайд
АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛД НИЙТИЙН ТЭЭВРИЙН НѲЛѲѲ
АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛД НИЙТИЙН ТЭЭВРИЙН НѲЛѲѲ
08/17/2021
Бараг 400 000 орчим тээврийн хэрэгсэл холхиж байдаг Улаанбаатар хотод замын түгжрэл асуулт дагуусан асуудал болоод удаж буй. Замаа ѳргѳтгѳх, метро болон дүүжин тээвэр гэх их мѳнгѳ шаардах тѳслүүд ярих хэдий ч одоогийн бодит нѳхцѳл байдлуудаа ѳѳрчлѳн сайжруулах талаар хэн ч ярихгүй юм. Байдлууд ямар байна вэ? *НИЙТИЙН ТЭЭВРИЙН МУУ БАЙДЛУУД: (дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2021 Орлоо-Инфо ХХК.