10 сарын 16, Бямба
7.92°C
USD 2,848.81
USD 2,848.81
EUR 3,308.04
JPY 24.97
GBP 3,908.71
RUB 40.00
CNY 443.15
KRW 2.41

ӨЧИГДРИЙН ЖАГСААЛЫН ЦААНА ...???

Өчигдрийн залуусын NoNaadam жагсаалыг нэлээн хүчтэй эсэргүүцэж үгүйсгээд эхлэв.
- Өв соёлоо үгүйсгэсэн
- Тусгаар тогтнолоо, эрх чөлөөгөө үгүйсгэсэн
- Мөнгөөр жагссан
- 7 сарын 1-нийг давтаж, өнгөт хувьсгал хийх гэсэн
- Анархи байдалд уриалсан
- Амьдрал мэдэхгүй залуусын турхиралт ГЭХ МЭТ.
Миний ажигласнаар аль нь ч биш юм.
Энэ засгаас ёс зүйтэй байдал, ухаалаг бодлого, үйл ажиллагааг нэхсэн, өнөөгийн нөхцөл байдалд бухимдсан залуусын нэхэл бухимдал нь энэхүү #NoNaadam гэсэн эсэргүүцлээр илэрч байгаа л хэрэг шүү дээ.
- Зах зээл, хүнсний дэлгүүрүүдэд хэдэн зуу, мянгаараа орж гарцгаах атлаа, сонгууль, шагнал гэж хэдэн зуу, мянгаар нь бужигнуулах атлаа жижиг дунд бизнесүүд, үйлчилгээний газруудаа дампууртал нь хааж хорьчихоод одоо Наадам гэхээр тэр дампуурч, сөхөрсөн бизнес эрхлэгчид чинь дургүйцнэ шүү дээ.
- Сургуулийг бүтэн жилээр хаачихаад, ЭЕШ хойшлуулчихаад, сонгууль, наадам гэхээр чинь энэ логикгүй ойлгомжгүй явдалд хүмүүс дургүйцэх нь аргагүй.
- Эмч нар нь хүч хүрэхээ байж, эмнэлэг нь дүүрч, эм тариа нь олдохоо байж, нийгмийн тодорхой хэсэг нь ПСР шинжилгээний төлбөрөө төлж чадахгүйгээс өвчнөө үгтрүүлэн хүндрүүлж байхад хэдэн тэрбумын Наадам гэхээр тийм дуртай байх уу?
- Таавчигтай эх төдийд ёс зүйн хариуцлага хүлээн огцорлоо гэчихээд, хоёр гуравхан сарын дараа гэнэтхэн бүр ахиад Ерөнхийлөгч болчихдог хачин байдалд залуус дуртай байх уу?
- Харалган буруу бодлогынхоо золиосонд өвчнөө алдаж, өч төчнөөнөөрөө амь эрсдээд байхад Засаг ядахад ганц уучлал, өршөөл гуйж, эмгэнэл хэлэхгүй, дүлий годил царайлаад байгаад залуус бухимдахгүй өөр яах байсан юм бол?
- Үгээ хэлэх эрх чөлөөг нь хязгаарласан хууль дүрэм гаргачихаад гөжүүдлээд, гүлдийгээд буйд хэн хүнгүй бухимдана.
- Татвараа шударгаар төлж, ёс зүйтэй байсан нь хохироод, яаж ийгээд татвараа төлөхгүй аргалж, бултаж явснууд нь Татварын өршөөлөөр хождогт залуус бухимдана. Гэхдээ тэд нь ихэнхдээ улс төрийн нөлөөллийн хүрээнд байдаг компаниуд шүү. Ийм байхад хэн шударгаар татвараа төлөх гэж хичээх юм бол?
- Замын хөдөлгөөнд соёлтой оролцдог, бас торгуулиа цаг тухайд нь төлдөг залуус хохироод, соёлгүй оролцдог, торгуулиа жилээр төлөлгүй аргацаад явдгууд нь өршөөгдөж, хожоод байдагт залуус бухимдана. Ийм байхад яаж замын хөдөлгөөний соёл хэрэгжих юм бэ?
- Ерөнхий сайд нь "Цалингаасаа давсан орлогоо нотолж чадахгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ" гэж тунхаглачихаад, өөрийнх нь намын ах нь хадгаламжиндаа байгаа 1,7 тэрбум төгрөгийнхөө орлогоо нотолж чадахгүй, хүүхэд хуурч буй юм шиг Солонгосоос эгч илгээсэн энэ тэр гэсэн хачин юм ярьж байгаад Ерөнхийлөгч болчихоор залуус бухимдана.
- Дээд шүүх, Үндсэн хуулийн цэцэд хүртэл нөлөөлж, улс төрийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргуулдаг атлаа гэнэтхэн "Улс төрчид шүүгчдэд нөлөөлдөг явдалтай хатуу тэмцэнэ" энэ тэр гээд унахаар чинь хүмүүс гайхаж, шоконд орж л таарна.
- Сөхөрч унатлаа зүтгэж байж арай гэж нэг бизнес босгож байтал цүнх бариад гүйж явсан нөхөр гэнэтхэн хэмжээлшгүй мөнгө хөрөнгөтэй болчихсон, бас болоогүй эрх мэдлээрээ өөрийг нь дарамтлаад, авилга нэхээд эхлэхээр, тэгээд зогсохгүй бизнес нь дампуураад, амиа хорлохдоо тулахаар тэр бизнесмэн бухимдахгүй өөр яах юм.
- Израйл, Унгар зэрэг орнуудад вакцинжуулалт өсөх хэрээр , халдварын тоо буурч байхад, манайд таг эсрэгээрээ байгаагийн шалтгааныг УОК, ЭМЯ огтхон ч тайлбарлахгүй байгааг яагаад гайхаж болохгүй вэ?
- Ковидгүй байсан 2020 оны цагаан сарыг хориглосон. Цагаан сар бол цагтай зүгтэй, хойшлуулж ч болдоггүй, хорьж ч болдоггүй ёс юм. Хавтгай золголт, айл хэсэхийг нь хязгаарлаад, гэр гэртээ ёсоо тэмдэглэж, хамт байгаа үр хүүхдээ татаж үнсээд, цай идээнийхээ дээжийг өргөхийг хорих боломжгүй. Харин Наадмыг бол хойшлуулж болдог. Тийм атал ковид гаарчихсан үед Наадам хийнэ гэхээр хүмүүст ойлгомжгүй байх нь аргагүй.
- Энэ ковидийн үед зээлийн хүүд дарлуулсаар хүн амын гуравны нэг нь сөхөрч байхад юу ч хийхгүй байгаад дургүйцэхгүй өөр яахав.
- Нийгэмд баян ядуугийн ялгарал ихсэж, гэр хорооллуудын дэлгүүрүүд зээлийн дэвтэртээ дарагдаж байхад хил гааль дээр ачаа бараа саатаж, барааны үнэ өссөөр байгааг дуугүй хараад суух ёстой юу?
- Үзээ хараа хэтэвчнээсээ татвар нэрээр төлж бүрдүүлдэг Улсын төсвийг арай гэмээр харалган, бодлогогүй үрээд байхаар хэн хүнгүй дургүйцдэг юм байгаа биз дээ. ГМ

Энэ мэт олон логикгүй, бухимдуулсан, ёс зүйгүй явдалд бухимдсан бухимдал л NoNaadam -аар илэрч байгаагаас биш тэр ёс уламжлалдаа дайсагнасан, ТТ-ын 100 жилээ эсэргүүцсэн, өнгөт хувьсгал хийх гэсэн явдал гэж би огт харахгүй байгаа шүү. Ер үнэхээр болохгүй бол тэгээд өөрчлөхийг шахаж шаардахаас өөр яах юм, тэнэглэл эцэстээ тулахаар хувьсгалд л хүргэдэг. Харин тийм байдалд хүргэхгүйн тулд, алдаа гажуудлыг бага дээр нь засаж залруулахын тулд өнөөдөр жагсаж, үгээ хэлж байгаа нь эрүүл зүй ёсны зүйл ээ.
Харин тэр дундуур хаана ч байдаг элдэв хор, улс төрийн ашиг хонжоо, анархи байдал, бүр уламжлал соёлдоо дургүй харийн соёлд орчихсон нөхдүүд хүртэл гүйгээд ирчихсэн. Тэгэх нь ч тодорхой. Гэхдээ энэ нь залуусын уг эхлэл санаачилгыг бүрэн үгүйсгэх, харлуулах хүчин зүйл биш юм.

Залуусыг нийгмийн идэвхтэй болж, дуугаа хүчтэй бөгөөд соёлтой хүргэж чадаж байгаад би хувьдаа баяртай байна. Аль ч нийгэмд, цаг үед шинэчлэгч хөдөлгөгч хүч нь залуус, оюутнууд байдаг. Харин сүүлийн 30 жил манай залуус үхмэл үхээнц, унтаа эсвэл аль нэг намын далбаанд намирч явж ирсэн. Тэр байдал өөрчлөгдөж, өнөөдөр залуус төрийн бодлогын алдаа дутагдлыг харж, шударга ёс нэхэж чадаж буй нь өнөөдрийн хохирол гэхээс маргаашийн гэрэл гэгээ болно. Учир нь засаг төр тэнэг байхыг улам бүр хумин хязгаарлаж, илүү хариуцлагатай, ёс зүйтэй байхаас өөр аргагүй байдлыг сануулсан дохио болж байна гэж үзэж буй учраас Залуусын энэхүү тэмцлийг дэмжсэн. Тэдний энэ санаачилга, хараа, хүсэл зоригийг мохоож боломгүй.

Харин Наадам тэмдэглэх ёстой юу гэвэл ямар нэгэн хэлбэрээр заавал тэмдэглэх ёстой юм. Өнгөрсөн зуунд гарсан нэн том үйл явдал нь 1921 оны Ардын хувьсгал байсан. Хэдий алдаа оноо сүлэлдсэн ч энэ түүхэн үйл явдлын үр дүнд нь бид тусгаар тогтнолтой болж, дундад зуунаас орчин үе рүү шилжиж чадсан байдаг. Соц үеийг хэдий элдвээр хараах ч сүүлийн хэдэн зууны түүхэнд байгаагүй онцгой сэргэн мандлын эрин үе байсан гэдэг нь түүхэн баримтаар бүрэн нотлогддог. Төрт ёсны бэлгэдэл, Төрийн сүр жавхаа, ард түмний уламжлал ёс заншлаа бодоход, ялангуяа энэ хэцүү цаг үед Төрийн баяр наадмыг, 100 жилийн ойг алгасан өнгөрөөх боломжгүй юм. Харин энэ мэтээр МАН тэнэглэж мугуйдлаад байваас тэр түүхэн их яруу алдрыг гутаахаас цаашгүй болно шүү..
Гэхдээ яавч 10 тэрбумаар биш./Эхлээд 10 тэрбум төсөвлөсөн байснаа олны дургүйцлээс их танасан. Энэ л гэхэд эсэргүүцэх нэг шалтгаан мөн юм/ Яавч цөөнхийн зугаа цэнгэл төдийгөөр биш. Хойшлуулж болно, цомхон бөгөөд сүр жавхаатай ч тэмдэглэж болно. Гарц бол бий. Тэнэглэл хаа сайгүй хөглөрч байдаг учир хайх хэрэггүй байдаг. Харин ухааныг эрж хайдаг, гарцыг эрж хайдаг. Нийгмийн зөвшилцөл гэдгийг учир энд бий.
Тиймээс өчигдрийн залуусын жагсаалыг шинэ үе сэрж байна хэмээн итгэж дэмжсэн. Тэдний урам зоригийг хугалж, бухимдал дээр нь бухимдал нэмж, бурууд түлхэж болохгүй ээ. Зөвшөөж, зөв тийш нь залж чиглүүлж байх учиртай юм.

Б.Номинчимэд

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

БИД ЯАГААД БИЕ БИЕДЭЭ ДУРГҮЙ БАЙДАГ ВЭ?
БИД ЯАГААД БИЕ БИЕДЭЭ ДУРГҮЙ БАЙДАГ ВЭ?
09/24/2021
“Монголчууд бид цѳѳхүүлээ атлаа яагаад бие биенээ хайрлан, эв нэгдэлтэй байж болдоггүй юм бол?” хэмээн хааяадаа харуусан боддог. Харь оронд ажиллаж амьдарч байхдаа “буцаад очих эх орон гэдэг сэтгэлийн ямар их ѳмѳг түшиг, амьдралын минь нѳмѳр нѳѳлѳг, ирээдүйн минь итгэл найдвар болох”-ыг ямар ч сурталчилгаагүйгээр чин сэтгэлээсээ ойлгодог. Туурга тусгаар эх орны минь голомтыг сахин аж тѳрж буй та нарыг ч бас сэтгэлдээ хайрлана. Хѳгжлийн цаг хугацааны хуучин харгуйгаар бидэрч буй мэт хэдий боловч, ѳѳрсдѳѳ ухааран засч залруулах олон зүйлүүд байнаа. 1.ХУВИА ХИЧЭЭГЧ (дэлгэрэнгүй…)
ДУУНЫ ГЭРЭЛТ ХӨШӨӨ
ДУУНЫ ГЭРЭЛТ ХӨШӨӨ
Монголчууд дуунд гэрэлт хөшөө босгодог соёлыг дэлхийн соёлын түүхэнд анх авчрав. Монгол ухаан. Монгол нээлт. Төв талбайн өмнөх Наа багшийн “Халуун элгэн нутаг” дууны хөшөөнөөс аваад л орон даяаар лавтай зуугаад дууны хөшөө бий байхаа. Дуу, бөх хоёрыг манайхан шиг дээдэлдэг орон орчлонд үгүй мэт. Аварга цолтой харьсан бөх л бол төрийн тэргүүн. Эсвэл нийслэл хүрээний дарга. Их хуралдайн гишүүн “сарааз маёоор” болдог. Гавьяа байгуулсан дуучин л бол “төрийн нарийн”, “театр чуулгын дарга” болох ёс зөвхөн монголоос эхтэй. Өөр газар би дуулсангүй. Харсангүй. Майкл Жексон чуулгын дарга байсан тухайд
АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛД НИЙТИЙН ТЭЭВРИЙН НѲЛѲѲ
АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛД НИЙТИЙН ТЭЭВРИЙН НѲЛѲѲ
08/17/2021
Бараг 400 000 орчим тээврийн хэрэгсэл холхиж байдаг Улаанбаатар хотод замын түгжрэл асуулт дагуусан асуудал болоод удаж буй. Замаа ѳргѳтгѳх, метро болон дүүжин тээвэр гэх их мѳнгѳ шаардах тѳслүүд ярих хэдий ч одоогийн бодит нѳхцѳл байдлуудаа ѳѳрчлѳн сайжруулах талаар хэн ч ярихгүй юм. Байдлууд ямар байна вэ? *НИЙТИЙН ТЭЭВРИЙН МУУ БАЙДЛУУД: (дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2021 Орлоо-Инфо ХХК.