05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Америкт ажилчин болсон түүх: Ирсэн нь

Энд Монголын жирийн нэг сэхээтэн бүсгүйн Америк дахь ажил амьдралыг яг үнэнээр нь нэмж хасалгүйгээр өгүүлсэн болно.Америк оронд ирээд би хүн өөрийн эх орондоо эзэн байхын үнэ цэнэ, монгол хүний овсгоо самбаа, тэсвэр тэвчээр, аливаад амархан дадаж сурах чадвараас гадна бас атаач жөтөөч , соёлгүй, хүний мөсгүй байдал гээд Монголдоо бол нэг их ажиглагдахгүй жирийн үзэгдэл боловч харин харьд бол их тодоор мэдрэгдэх олон юмыг мэдлээ. Гэхдээ би энэ тухай бичих гээгүй, бас хэдэн ногоон олж түүнийг маань амьтан ах дүү нар маань хэрхэн хуваан үрж тарсныг ч бичихгүй . Харин хэрхэн шинэ "мэргэжилтэй" болсон талаараа бичих болно.

За би гэдэг хүн 2003 оны намрын нэг нартай өдөр АНУ-гийн баруун эрэг дээр Сан Франциско хотод газардав. Нутгаас гарахдаа Эрээн-Бээжин гэсэн чиглэлээр ирсэн маань бөөн адал явдал болсон . Ингээд нэг таньдаг хүний маань охин тосож аваад ойролцоох жижиг хотод байх гэртээ аваачив. Нөхөр, 1 настай охинтойгоо амьдардаг юм байна. Тэднийд хэд хоног хүүхдийг нь харангаа ажил эрэв. Англиар хүний яриа ойлгохгүй, уншвал бага зэрэг ойлгодог надад хаанаас амар ажил олдох вэ.

Нэг өдөр нөгөө охин маань , та зэргэлдээ Oakland хотод Pizza-ны курон (айлуудын хаалганд өлгөдөг сурталчилгаа ) тараах уу гэж байна. Тэгье гээд нэг монгол залуу, бас нэг залуу хүүхэнтэй гурвуулаа өдөр бүр 5 цаг тараагаад 40 $ авахаар болж 7 өдөр ажиллав. Тийм амар ажил биш, өглөө очоод 1000 курон аваад үүргэвчинд хийж үүрээд гудамж хэсээд айл бүрийн үүдэнд өлгөөд явахад бичиг цаасны ажлаас өөр юм хийж үзээгүй байсныг хэлэх үү ядрах ,хөл нуруу өвдөхөөс гадна айлын нохойноос айх, хар тамхичин болон гажигтай хүмүүсээс зугтах, бороонд норох гээд л янз бүрийн юм тохиолдоно. Эзэн маань орос хүн тул амархан хэл нэвтэрч нэг удаа бүр хэрэлдсэн гэж байгаа. Тэнд pizza захиалгаар хүргэдэг монгол залуу харин тус болж ажлын зартай орос сонин авчирч өгснөөр би өөр хотод , залуухан орос гэр бүлийн 2 ихэр хүү харах live-in ажил олов.

Энэ нь байр, хоолны мөнгө төлөхгүйгээр тэр айлдаа амьдраад ажилладаг, ялангуяа гэр бүлгүй энд ганцаараа байгаа хүнд их зохимжтой (анх ирэхэд эндэхийн юмны үнэтэй гэж , ухаан алдаж унамаар санагддаг байж билээ ) хэдийгээр мөнгө хэмнэдэг сайн талтай боловч ажлын цаг урт, өдөрт 10-12 цаг, долоо хоногт 6 өдөр ажилладаг . Миний эхний энэ ажил надад америкийн ахуй ,амьдрал, хэрэглээ, хоолонд дасахад их юм сургасан,бас гэр орноо санах үйтгарлахыг дүрсгүй жаахан хоёр банди маань мартагнуулж, тэднийхээ зөөлөн буржгар сэвлэгийг үнэрлэж суухдаа элэг минь дэвтдэг байлаа. Хүүхэд гэдэг амьтан ёстой ариухан, хайрлахгүй байхын аргагүй шүү.

Тэр 2 ч надад сайн гэж жигтэйхэн, ээж ааваасаа илүү над руу гүйлддэг, гурвуулаа өдөржингөө хөглөрч, новширч, нурааж тарааж уйлж дуулж өнждөгсөн. Ихэр мөртөө тэс өөр зантай, нэг нь сэргэлэн, зальтай нөгөө нь хэнэггүй, гүндүүгүй яг л монгол хүүхэд шиг, нөгөөдөө дандаа дээрэлхүүлж юмаа булаалгаж байдаг би тэрүүндээ илүү хайртай дандаа өмөөрдөг байсан . Тэгсэн намайг явахад нөгөө зальт нь илүү үгүйлж 2 өдөр хоол идээгүй, бас өглөө 4 цагт сэрээд намайг дууддаг байсан гэж эцэг эх нь сүүлд ярьж намайг уйлуулсан шүү. Би одоо ч тэднийд очдог ,бүгд намайг хуучнаараа хүлээж аваад зочилж байдаг . Тэр 2 маань том болчихсон, одоо ч гэсэн намайг таньдаг, очихоор цүг тоглоё гээд баярлаад л 2 талаас зүүгдээд байдаг,гэхдээ л өөрийн хүүхэд шиг хайрлан өсгөж сүүлд явчихсан хойноо ч байнга санан дурсаж дурсах бүрдээ мэлмэрүүлдэг байсан миний бяцхан жаалууд маань биш болсон байна лээ. Эднийд яг нэг жил ажиллаад явсан даа . Зөндөө хөгтэй юм тохиолдож байсан, ганц хоёрыг нь дараа бичье.

Эх сурвалж: http://altargana.blog.banjig.net/post.php?post_id=7759 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.