05 сарын 04, Бямба
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Америкт ажилчин болсон түүх: Миний ажлын өдөр

Миний ажил 7 цагт эхэлдэг . Өглөөний биш ээ, оройн долоо. Цагаа андуурах ч хөгжилтэй шүү. Дээр үед манай байгууллагад нэг залуу ажилладаг байсан. Одоо ч байгаа байх. Ажилд их сайн, өгсөн даалгаврыг найдвартай  хийнэ, гэм нь жаахан  балгах дуртай.
 
Нэг орой мань хүн 8 болох гэж байхад ажил дээрээ ирж л дээ.  Мэдээж амьтан хүн тараад явчихсан эль хуль байж таарна биз дээ. Жижүүртэй мэндлээд жаахан байж байснаа цаг асууж. Наймд тав дутуу байнаа л гэсэн чинь нилээд омогтойгоор энэ ажилчид яагаад өдий болтол ажилдаа ирдэггүй юм бэ гэсэн гэдэг. Гадуур ажилладаг байсан тул хэдүүлээ нийлж уугаад тасарч л дээ, тэгээд сэрээд ажилдаа "ирж"  байгаа нь тэр. Энэ бас ч гайгүй , "нөгөөдөр" нь сэрдэг  ч  хүмүүс бий ш дээ. За би бол ингэж андуурахгүй ээ, уг нь 30 минутын өмнө гараад алхчихвал аажуу тайвуухан, амьтан хүнийг харсан шиг ээ (тийшээгээ даунтаун тал руугаа ойрхон тул гудамжны "оршин суугчид", гуйлгачид, аль нь ч  үл мэдэгдэх хоёрдмол байдалтай хүмүүс, оройхондоо бол эм хүн шиг ганган хувцасласан гомо эрчүүдийг Ларкин гудамжинд харж болно) яваад  орчихдог юм.

Тэгэхэд дандаа банжигдаж суугаад 20 минутын өмнө гараад л хэдэн гудамжийг нь  уруудаад хар хурдаараа харайлгаж, нэг урсгалтай уулзварыг бол улаан, ногоон, шар ямар ч гэрэлтэй  хамаагүй гүйж гараад ажил дээрээ халууцаад хүрэмний энгэрээ задгайлчихсан, хацар нь улайгаад амьсгаадчихсан амьтан давхиж хүрнэ.

Ээлж өгдөг филиппин хүүхэн ёс юм шиг л гадаа ямар байна гэж асуухад нь  дулаахан байнаа л гэдэг, нөгөөх маань ч сүүлдээ мэддэг болчихсон чи гүйгээ биз л гэнэ.  Миний ажил бол уг нь  амархан, ерөнхийдөө хянагч маягийн ажил гэх үү дээ.  Эмээд маань ямар тусламж, юу хэрэгтэй байна  тэндэхийн асрагч, сувилагч нарт хэлж  хийлгэнэ.

За энд бол эмч доктор гэж байхгүй, шаардлагатай үед дуудлагаар ирж  үзнэ. Давхрын босс гээд данагар сайхан өндөр хар хүүхэн, нийгмийн ажилтан гээд дажгүй мариалаг шар авгай,  өөр давхраас ирж хааяа нөхөөсөнд гардаг ганц хоёр мексикийг эс тооцвол дандаа филиппин асрагч, сувилагч  нар ажиллана.

Харин дөрвөн орос сувилагчтай, оросууд бол хаа ч манай "хамаатангууд" юм чинь, ялангуяа нэгнийх нь аав ээж залуудаа монголд ажиллаж байсан гээд надад их сайн. Зарим үед филиппинүүдтэй таарахгүй маргалдах үедээ нүүрэн дээр нь сувилагчдаа оросоор матах үе ч гарч байв.

Филиппиннүүд нэг их засдаг хуурамч зантай, бас гайгүй нь ч бий л дээ. Ерөнхийдөө би урьд нь Рийвэрсайдад хамт ажиллаж байсан туд гадарлана. Сайхан бүлтэрдэг гарууд ч байх.

Би боддог юм, бид хэрэв эдэн шиг унаган англи хэлтэй, бас бичиг баримттай бол ийм ажил лав хийхгүй дээ гэж. Гэтэл 19- тэй энд ирээд гучин хэдэн жил зөвхөн энэ ажлаа хийсэн байвал яах уу.

Уг нь асрагч гэдэггүй сувилагчийн туслах гэдэг ч энэ нь хувь хүнтэй холбоотой бүх арчилгаа, цэвэрлэгээ, үйлчилгээг хийнэ. Бүүр залуухан охидоос гадна залуучууд ч хийж л байна.  Харин өрөө , тасалгаа гээд байр сав цэвэрлэдэг тусгай цэвэрлэгчтэй.

Нэг филиппин асрагч хүүхэн намайг хужаатай адилхан байна гэлээ. Миний уур хүрээд чи яг хужаа шиг харагддаг гэсэн. Хоёулаа адилхан намхан нуруутай, налчгар хамартай, өргөн шанаатай юм байж бие биенийгээ хужаатай зүйрлэж доош нь хийгээд, инээдтэй.

Би оройд 7 инчийн дэлгэцтэй жижиг DVD тоглуулагчаар дандаа кино үзэж суудаг юм . Нэг удаа монгол зохиолын дууны СД сонсоод байж байтал нэг асрагч орж ирээд ямар хөөрхөн нөөтбүүк вэ гэхээр нь тоглоод тийм ээ гэсэн чинь үнэмшчихсэн.

СД болохоор дүрсгүй цэнхэр дэвсгэр дээр  үгнүүд нь цагаан  өнгөтэй, нээрээ л бүүр дээр үеийн ДОС бил үү НОРТОН бил үү программ байсан тэрэнтэй төстэй харагдсан юм байх.

Орой эмээгээ унтуулчихаад доод давхарт байх зөвхөн үйлчлүүлэгчдэд зориулсан комьютер дээр сууна.  Та нар анзаарсан бол би зарим сомментоо "гадаад"-аар бичээд байгаа чинь тэр. Тэр  ПС  ч гэж лав  өнгөрсөн зууны эд биз, юм хайхаар гацаад алга болчихно,  заримдаа бичсэн юмыг маань ч "идчихнэ" .

Гаднаас  орж ирэхдээ үүдний жижүүрт ажилчин гээд хэлчихдэг, тэгэхгүй бол визитор гээд бүртгэж барих гээд байдаг юм. Би чинь ажлаа л хийж байгаа биз дээ. Сүүлдээ ч бүгдээрээ таньдаг болчихсон. ПС-г зөвхөн үйлчлүүлэгч л хэрэглэх ёстой. Тэгэхээр нь би үйлчлүүлэгч гээд л суучихна даа.

Энд хэдэн цаг ч суусан дур л даа, тэгэхдээ би голдуу шөнийн 11 хүргээд явж "люкс" өрөөндээ орж унтана. Өрөө маань ганц хүнийх, ийм өрөө энэ байшинд ердөө 10 байдаг тул жинхэнэ люкс шүү.

Би "орон тооны бус" юм чинь  эмнэлгийн цагаан хэрэглэл, хөнжил, дэрийг  тавьж байгаад эвхдэг ор (camping bed )-оо засаж унтлагын хувцсаа өмсөөд хаалгаа хааж аваад ( өвчтний өрөөний хаалга өдөр шөнийн аль ч цагт онгорхой байх дүрэмтэй ч шаардлага гарвал би өөрөө тэднийг дууддаг юм ) унтана даа. Заримдаа ч гайгүй заримдаа ч нойр муутай хононо.

Өглөө эмээгээ хооллож бас зарим хоолыг нь  "идэлцэж" өгөөд 10 цагт дараагийн ээлж иртэл  ном сонин, сэтгүүл  унших, FM сонсох,TV үзэх  гэх мэт " соёл гэгээрэл"-ийн  ажил хийнэ.. Ажлын цаг урт болохоос хийх юм багатай, гэхдээ надад үндсэн цалингаас гадна шөнийн, амралтын өдрүүдийн гээд нэмэгдэлтэй.

  Орой хоолны өрөөнөөс халуун, хүйтэн  ус авах гээд юм уу аягатай юм халаах гээд коридороор явж байхдаа
...нутгийн чамдаа хайртай байлаа би
   нууцхан бодсоор хадамд гаргалаа  гээд л дуулна. Нөгөөдүүл чинь сонсоод ямар дуу юм гэхээр нь лаав соонг  гэдэг.

Энэ зургаан давхар байртай, 250-иад үйлчлүүлэгч, 150 орчим ажилчинтай том нөхөн сэргээх төв нь хувийнх юм гэсэн. Хангамж маш сайтай, ажилчид нь ч хариуцлагатай, үйлчлүүлэгчид нь ч дүүрэн байдаг юм билээ.

 Ингээд л  энд ажилчин ч биш, бас өвчтөн ч биш , энгийн хувцастай жийнсэн өмдтэй нэг хүн  сайхан зантай үедээ лаав соонгоо дуулж хоногийн арван зургаан цагийг  өнгөрүүлээд гурван сар болж байна даа.

Эх сурвалж: http://altargana.blog.banjig.net/post.php?post_id=28709 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.