05 сарын 04, Бямба
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Америкт ажилчин болсон түүх: Хэл сурахад шалтаг хэрэгтэй

Энэ сард ажил хийсэн гэх хэцүү , бас хийгээгүй ч  гэж болохооргүй өнгөрөв .  Бэлэнчлээд хоёр ч агентлагаас ажил авсан чинь "  нестандартный "  хүмүүс  өгөөд , санаанд огт таараагүй , дараа нь бодоход  "борлогддоггүй бараа " -гаа шахсан юм билээ . Ер нь ажилгүй боллоо гэдэгт нэг их санаа зовдоггүй хүн л дээ . Өр шир , хүүтэй хугацаатай зээл гэх мэт юмгүй болохоор олдсон болгоныг хийхгүй ,  голж шилдэг  ухаантай . Хэн ч байсан тэгнэ л дээ .

Би докторынхоос нүүгээд Сан Францискод эргээд ирэв . Яахаараа тэгдэг юм бүү мэд , өөр тийшээ яваад  энд л эргээд ирдэг , ирье гэж учиргүй хүсээд байдаггүй хэрнээ   нүүдлийн зам ийшээ чиглэчихсэн байдаг  юм .   Уламжлал ёсоор хэд хоног амрахаа мартсангүй , гэхдээ арай соёлтойхон , номын санд очиж интернэтэд суух , далай руу аялал хийх . кинотеатрт кино үзэж   өнгөрөөгөөд   шинэ   " томилолт " - оо авлаа .

Хоёр  долоо хоногт би  5  " охин " солив .  Манай " мэргэжилтнүүд " сайхан зантай үедээ эмээ нараа ингэж нэрлэдэг  юм . Муу дураа хөдөлбөл хэрэглэдэг бас нэг  " нэр томъёо " бий , гэхдээ би одоо  уурлаагүй байна . Тэгсэн дандаа  " харш  " жилтэй хүмүүс таардаг юм . Уг нь  урт , өндөр , өргөн , жин , IQ , хурд , багтаамж гээд параметрууд нь ялгаатай мөртөө эцсийн үр дүн нь бүгд ижилхэн гардаг гэнээ .

Эхний ажлаа нэг агентлагаас авав  . Сонины ч юм уу бусад зараар ажил олж болно л доо . Гэхдээ их шалгууртай байдаг болохоор заримдаа амарчлаад зуучлалын агентлагаас авдаг юм . Яагаад   гэвэл  " ар нь түүз " , миний өмнөөс клиенттэй гэрээ  хийчихдэг учраас ямар ч " мөрдөн байцаалт " -гүй шууд ажилдаа орчихно .

За энэ   " охин "  маань нилээд өндөр настай , "  санах байгууламж " нь ердөө 5 минут л ажиллана . Нэг охинтойгоо , тиймээ жинхэнэ охин нь  70 орчим настай байхаа , хамт амьдардаг , тэр нь гэр аж ахуйн ажлаа даачих юм  . 

Эмгэн яахав өдөржин " гимнастик "  хийнэ . Ганцаараа хийж чадахгүй учраас заавал " партнер " хэрэг болно.  Сууя гэхээр нь татаад суулгаад өгнө , хэдэн минут болоод хэвтье гэнэ , суугаад л , хэвтээд л , суугаад л  ... давтамж нь  хэдхэн минут .  

Би юу гэж дуугүй байхав , та дөнгөж сая суусан ш дээ гэхээр үгүй ээ би төдөн цаг хэвтлээ гэнэ . Хэдэн минутын өмнө хийсэн үйлдлээ мартчихна .  Ингээд " робот " болсон чинь эмгэн биш би шургаж  унах нь ээ . Ганцхан өдөр ажиллаад залхаад яваад өгсөн .

Дараагийн гурван ажил бас санаанд нийцсэнгүй хоёр гурван  хоног ажиллаад больсон , нэг нь сэтгэхүйн хувьд гажигтай , нөгөө нь шөнө унтуулахгүй 24 цагаар ажиллуулах гээд , гурав дахьтай нь амралтын цаг дээрээ тохирсонгүй .

Эцэст нь нэг эмгэн санал болголоо , очсон чинь уг нь эхэндээ гайгүй юм шиг байсан чинь яваандаа зэс нь цухуйдаг юм . Их бүдүүлэг хүн байсан , олон ч асрагч сольсон юм билээ  ,  бид  хоёр хэдэн  удаа  " байлдаад "   сүүлдээ миний тэвчээр барагдаж  сургуульд сурлаа гэж шалтаг зохиогоод салсан даа . 

Тэднийх , дандаа өндөр  настан    зуун тавиад   айл хөнгөлөлттэй хөлс төлж амьдардаг том байшинд байсан . Яг тийм байрны  сарын түрээсний үнэ 800 - 900  $ байхад тэд зөвхөн 250 - ийг төлдөг ,  бодвол тэр еврейгийнх нь нийгэмлэг  юм уу холбооноос  ( би өөр газар өгч байхыг  хараагүй ) долоо хоног бүр хайрцагтай хоол хүнс , зарим эм гэх мэт юмнууд үнэгүй өгдөг , их   гавьяатай улсууд байдаг байх гэж бодмоор  .

Тэгэхэд  манай " гавьяат "  далан хэдэн настайдаа америкт ирсэн , нэг  өдөр ч  ажиллаагүй ,  нэг  ч центны татвар төлж үзээгүй хүн  шүү дээ  . Тэндэхийн оршин суугчдын  ихэнх нь еврей , цөөхөн хятад , цагаан америкчууд , харин асрагч нар бол " өнгө өнгө"-өөрөө байна даа . 

Тэнд  надаас гадна нэг монгол хүүхэн ( нэг монгол эрэгтэй байсан ч зав байдаггүй байсан ) ажилладаг  ,    бид хоёр нэг филиппин эмэгтэй , бас нэг  хар ( арьстай ) хүнтэй  дөрвүүлээ  " фракц " байгуулаад    хааяа нийлж  паариддаг , хожим нь бүгдээрээ ажлаа солиод тал тал тийшээ явцгаасан ч нөхөд хэвээрээ үлдэж   одоо ч холбоотой байгаа .

Тэгээд сургуульд сурна гэж эмгэнийг хуурсан биш , "роль"-доо итгээд тэр дороо гүйж очоод хэлний сургалтанд бүртгүүлчихэв ээ . Дандаа ажил ажил , завгүй гэдгээр түрүү бариад суръя гэж боддоггүй л байсан байхгүй юу . Эмгэн бид хоёрын олон удаагийн үзэл суртлын " дайн " миний ялалтаар төгсөж , " хорчин " -гоосоо салснаар барахгүй номын дуу сонсохоор явж одов оо ...

Эх сурвалж: http://altargana.blog.banjig.net/post.php?post_id=12156 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.