05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Визны асуудлаар дахин нэг удаа

Эртээд АНУ-ын Элчин сайдын Яамны үүдийг сахин хэдэн өдөр хэвтсэний дүнд нилээд хэдэн зүйлийг ажиглав. Манайхан ч яахав, маань мэгзэмээ бэлдээд, хэлэх үгээ цээжлээд, хур хөрөнгөө баталгаажуулаад, хувцсаан сольж, хуруугаан арчаад их л бэлдсэн байх нь ажиглагдана. Ярилцлага явдаг журмаараа явах бөгөөд ерөнхий консул, дэд консул хоёул хүмүүсийг толгой дараалан унагаж байхыг харахад нэг талаар бухимдмаар. Гэхдээ гээндээ ч гоондоо ч гэдэг шиг манайхан ч гэсэн хэтэрхий чармайснаасаа болоод өөрсдөө эргээд нүхэндээ унах нь олонтаа ажиглагдаж байснаас цухас дурдсугай.
 
Мэдээж Америкт аялах гэж байгаа, сурах гэж байгаа хүмүүсээс юун түрүүн хөрөнгөний баталгаагаа үзүүлэхийг шаардана. Урд нь зөвхөн хэдэн ногооноор хөрөнгийн баталгаа хэмээх банкны бичиг хийлгээд ордог байсан бол энэ нь өнгөрсөн. Өдөрт орж ирж буй дөчөөд хүний ихэнх нь кассандаа арван мянган хэдэн зуун доллар бас хэдэн центтэй гэсэн бичиг бариад ороод ирэхээр хэн ч гэсэн эргэлзэн тээнэглэлзэлгүй яахав. Түүний дээрээс нэмээд Америк ах нар сүрийг үзүүлэн манай улсын банк, иргэний бүртгэл мэдээлэл зэрэг газрууд уруу дураараа нэвтрэн орж шалгаж, тэднээс хүссэн мэдээллээ авч буй тул худал хуурмаг гэдгийг нь аль хэдийнээ мэдсэн байх буюу.

Тиймээс тэд аргаа өөрчлөн гүйлгээ хийсэн банкны хуулга юм уу баримтаа авчрахыг шаарддаг болсон. Одоогоор үүнийг хуурамчаар үйлдэж байгаа эсэхийг мэдэхгүй, юутай ч манайхан цоо шинэ дэвтэр үзүүлэн, итгэл үнэмшил муутай гэдгээ харуулж байх юм.

 
Уул шугамандаа, өвөр зуураа ярихад л таны хэдэн төгрөгөөр Номингоос бараа авч, хэдээр нь Тэнгист кино хэдэн удаа үзэж, хэзээ хэд хоног зочид буудлаар хоноглосон, хэдний өдөр хэдэн цаас бэлнээр гаргав, бас хэддэх өдөр хэдий хэрийн юм оруулав зэрэг нь үнэндээ бол таны хувийн нууц л даа. Энэ банкны хуулгыг нэг бүрчлэн нарийн шалгахгүй ч гэсэн таны хувийн мэдээлэл бусдын гарт өдөр судартайгаа очиж, цааш нь архив болон хадгалагдана гэдэг бол нэг их хүсэх зүйл биш л байгаа юм даа.
 
Ай миний хаяг Аршаантын 18 гэдэг шиг сурахаар I-20 үзүүлсэн нөхдүүд сурах зардлаа ихэвчлэн өөрсдөө буюу эцэг эх нь даана хэмээн хэлж байна. Мэдээж тийм боломжтой, үл хөдлөх хөрөнгө, үндсэн хөрөнгөтэй өчнөөн айлууд бий болсоныг үгүйсгэх аргагүй. Гэвч нөгөө л их гүрний дээрэнгүй үзлээр нөгөө хэдэд энэ нь хэт их романтик, хэт үнэмшилгүй сонсогдох тул шууд л татгалзсан хариу өгнө. Харин сургуулиасаа ядаж 20-25 хувийн тэтгэлэг яаж ийгээд очихоосоо өмнө авч чадах юм бол энэ нь бас харж үзэх шалтаг болох үндэслэл нь арай бодитой.
 
Дээрээс нь сургуульд суралцахад арван хэдэн мянган доллар хангалтгүй гэдгийг консул гуай аргагүй ойлгож байгаа. Энэхүү үндэслэлийг тайлбарлахдаа олон улсын оюутнуудад эхний нэг жилд кампус буюу сургуулийн хотхон дотроо ажил хийж болдог гэсэн үндэслэлийг гаргаж хэлэх хэрэгтэй санагдсан. Ингэж байж л ядаж сургалтын зардлын хагасыг биш юмаа гэхэд сарынхаа хоол хүнс, сурах бичиг зэрэгтээ нэмэрлэнэ хэмээн хэлэх хэрэгтэй. Харин хоёр дахь жилээсээ гадуур ажил хийж болох бөгөөд гэхдээ энэ нь тухайн сургуулиас шалтгаалаад долоо хоногийн дөч хүртэл цаг өгдөг. Гэхдээ үүнийг заавал консулд хэлэлтгүй цаадах чинь мэдэж байгаа.
 
Түүнчлэн хоёр дахь жилээсээ Цагаачлалын Албанд хандан “economic hardship” буюу санхүүгийн боломжгүй гадаад оюутнуудад олгох ажлын зөвшөөрөл хүсч болдог. Энэ талаар Глобал Удирдагч Их Сургуулийн захирал Р. Отгонбатын номонд тодорхой өгүүлсэн байдаг. Гэхдээ би очингуутаа ажил хийгээд, дээрх ажлын зөвшөөрөл хүсэх гэж байгаа хэмээн гэнэн цайлган сэтгэлээр хамаг булчирхайгаа тоочвол бүр ч буруугаар эргэх талтай. Тиймээс голыг нь олоод л хариулж байвал өлзийтэй болов уу.
 
За тэгээд л ийм ч том компанитай, тийм ч том эдлэнтэй гэсэн гэр бүлийн улсууд хүүхдээ дагуулан аялалын виз авахаар ярилцлага өгнө. Тэдний ярьж хэлж байгаа нь нэг нэгнээсээ ялгарахын аргагүй адилхан. Танай сайхан өлгий нутгыг үзэж сонирхоноо, ардчилалыг эх барьж авсан газраас нь очиж үзнээ гэх зэргээр би лав консул байсан бол буцаад наад хаалгаараа паспортоо аваад гар гэмээр хариултууд өгнө. Баярлууштай нь би консул биш юм даа. ‘Та тэгээд хаагуур хаагуур явах төлөвлөгөөтэй байнав’ гэсэн консулын асуултад “Лос Анжелес орж Дисней Уорлд, Холливууд үзээд Лас Вегас орно доо” гэх зэргээр нөгөө л жижүүрийн хэдэн маршрут хэлнэ. Гэтэл үнэндээ хар ухаанаар аваад үзэхэд насанд хүрээгүй хүүхдээ дагуулаад Лас Вегас ороод байх шаардлагагүй л байхгүй юу. Ямар хүүхдээ дагуулаад мөрийтэй тоглоомын газар оролтой биш. Тэгээд ч энэ нь хууль бус. Арай өөр маршрут зохиовол дээр ч юм уу.
 
За тэгээд таны хөрөнгө чинээнээс үл шалтгаалан ихэнхдээ “Харамсалтай нь таны үзүүлсэн баримт, тайлбарууд нь танд виз олгох хангалттай шалтгаан болж чадахгүй байгаа учраас танд виз олгохоос энэ удаа татгалзаж байна” гэсэн утгатай үг хэлнэ. Та ‘яагаад гэж асууж болно эсвэл, ээ өгчихөл дөө’ хэмээн хошуу дэвсэн гуйж болно. Нэгэнт консул миний бие шийдвэр гаргасан тул энэ нь эцсийн шийдвэр болох бөгөөд та хичнээн маргалдаж, гуйсан ч үүнийг өөрчлөх арга байхгүй гэх вий. За дахин гуйж гувшин, эс бөгөөс маргалдах маяг үзүүлэх аваас ‘та уурлаж, давшилж, орилж чарлаж болно, харин ингэснээрээ дахин ярилцлагад орох боломжоо хумиж байна гэдгээ санаарай’ гэсэн хатуухан сануулга өгнө. Мэдээж паспорт дээр чинь эсвэл дагуулан өгөх цаасан дээр нь “энэ хүн намайг хэл амаар доромжилсон, өмнөөс шороо цацсан, хашгирсан” гэх мэтийн тэмдэглэгээ хийхгүй боловч тэрхүү компьютер дээрээ юу гэж тэмдэглэл хийдгийг мань мэт нь үнэндээ тааварлах ч үгүй юм байна.
 
Дээр өгүүлсэн болгон нь хувь хүний ажиглалт, дүгнэлт дээр үндэслэсэн эд гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэрэв энэхүү бичлэгээс болж виз гараагүй тохиолдолд тухайн хариуцлагыг өгүүлэгч хариуцахгүй болохыг эртнээс анхааруулж байна. Та байгаагаараа байгаад, байж байгаагаа үзүүлбэл эгээ л нөгөө үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцдэгийн үлгэрийг амьдрал дээр биелүүлэх вий.
 
Тэгээд ч эрхэм консул эмэгтэйг хэр баргын юманд гуйвж дайвах нэгэн биш гэдгийг тэнд байгаа америкчууд ч ам өрсөн хэлэх бөгөөд түүнээс эмээдгээ ч үл нууна. Тэр бүү хэл энэ зун визэнд горилсон хэдэн оюутнууд нийлж байгаад “Dear Lisa, Give me a visa” гэдэг дуу хүртэл зохиосон сурагтай.
 
Хэзээ манай улс хөгжлийн манлайг олоод бусад улсын иргэдийг хүлээж авахдаа хүнд суртал, төрийн  нүүрээ харуулдаг болно доо. Тэр цаг ойрхон байх болтугай. Тэр болтол Лиза эгч ээ, виза өгөөч.
 
Эх сурвалж: mongolmedee.net 

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.