04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Монгол руу явуулдаг татвар маань их дээ

-Ойрд уулзаагүй, сонин сайхан, ажил төрөл сайн л биз дээ?
-Өө, сайн сайн. Ажлаа хийгээд л, Миами явж хэд хоног амраад байж байтал л зун дуусчих шив дээ.

-Ажил гэснээс та ажлынхаа тухай жаахан тодорхой ярихгүй юy? Ирээд хэдэн жил болж байгаа вэ?
-Эгч нь Америкт ирээд 5 жил болох гэж байна, ирсэнээсээ хойш л хумсны салонд ажиллаж байна даа барaг, дунд нь ганц хоёр ажил сольж үзсэн, хэд хоног дэлгүүрийн шал цэвэрлээд, дахиад нэг сар хими цэвэрлэгээнд ажиллаад үгээ хэлсэн дээ. Хүмүүсийн хиртэй хувцасны үнэр танар надад жаахан эвгүй байсан. Харин хумсны салонд бол хүний гар хөлийн хумсыг сайхан болгоод л, түүнээсээ кайф аваад л... Цалин ч гайгүй, хийснээрээ, Америкууд тип өгөөд сурчихсан хүмүүс болохоор типээрээ гэхэд л өдөрт овоо хөөрхөн мөнгө хийнэ шүү дээ. Эгч нь энэ ажилдаа их дуртай, хүүхнүүдийг ч гэсэн хими цэвэрлэгээ, сандвич, кассчин хийж хэдэн цагаар зогсож байхаар хумсны курсэд суугаад гоо сайхны салонд ажиллавал арай ахиу цалинтай биед ч амар гэж уруу татмаар л байдаг юм. Ажиллах цаг нь бага, ажлын ачаалал ч бага юм шиг санагддаг, хийгээд сурчихсан болохоор тэр юмуу зовлон багатай л санагддаг ш дээ. Хэдэн хүнд сайн хийгээд өгөөд байхад л байнгын үйлчлүүлэгчтэй болчихдог, тэгээд сүүлдээ танилууд болчихно. Америкууд миний гар хөлийн массажинд их дуртай болохоор тип ер нь гайгүй шүү.

-Тэр хумсны курсэд тэгээд харалчихсан хүмүүс явж болдог уу? Үнэ ханш нь хэд байх вэ? -Харалчихсан, нийгмийн даатгалын дугааргүй (SSN) байсан ч Тax ID-тай л бол курсэд явж болдог. Үнийн хувьд $1000, эхний 14 хоногтоо онол үзээд, дараагийн 14 хоногт дадлагат гараад тодорхой тооны гарын хумс, хөлийн хумсны засалт, тайралт болон будалт, хиймэл хумс хийх энэ тэр гээд дадлага хийж цагаа гүйцээсэний дараа шалгалтанд орох эрхээ авдаг. Ингээд шалгалтандаа тэнцчих юм бол лицензээ авдаг, тэнцэж чадахгүй тохиолдолд мөнгө төлж байж дахин шалгалтанд орно. Ихэнх курс ажиллуулдаг салоны газруудад дадлагын оюутнууд үнэгүй, эсвэл хямдралтай маш бага үнээр хумс янзалж өгдөг, тиймээс та бүхэн хямдхан хумсаа янзлуулья гэвэл ийм газруудад очиход мөнгө хэмнэнэ шүү. 

-Зарим хүмүүс хүний хиртэй хумс, хөлийн эвгүй үнэр танар гээд жаахан дургүй байдаг юм байна лээ.
-Тэртээ тэрэнгүй нэг удаагийн бээлий өмсөөд хийж байгаа болохоор надад тэр нь муухай санагдаггүй, харин ч эсрэгээрээ тийм муухай байсан гар хөлийг ийм гоё болгочихлоо гэж үү, гээд л урлаг талаас нь бараг харах гээд байгаа юм биш үү заримдаа... Гоё зураг дээр нь зураад будаад хачин сайхан болгоод, хөл гаранд нь массаж хийгээд тухайн хүнийг хэсэгтээ л амруулаад, аз жаргалтай болгодог болохоор энэ ажлаа ердөө голдоггүй ш дээ. Харин эсрэгээрээ хийсэн будалтаа, инээмсэглэн баярлалаа гэж хэлж байгаа үйлчлүүлэгчээ хараад тэрнээсээ кайф авдаг.

 

Гар болон гэр утас руу
$20 - 3 цаг 06 минут

ComFi Phone Cards


-Хүмүүсийг гоё болгодог гэснээс өөрийгөө гоё болгохдоо хэр вэ? Энд ирчихээр Монголд байсан шигээ нүүр царай, үс гэзгэндээ анхаарал тавьж чадаж байна уу? Үнийн хувьд боломжийн санагддаг уу, үнэтэй санагддаг уу?
-Өө, Монголд байсныгаа яаж гүйцэх вэ, монголд байхад бол ядаж л 7 хоногт 1-2 удаа үсчин, гоо сайхан ороод л янзлуулчихдаг байлаа, гэтэл энд чинь нэг гоо сайхан ороход л 100-аас доошгүй доллар, үсээ тайруулж, сэнсдүүлэхэд солонгос газар л орохгүй бол 50-аас доошгүй доллар зарцуулах гээд байна ш дээ. За тэгээд авч байгаа цалинтайгаа харьцуулахад 150-200 доллар нэг удаа зарцуулахад гайгүй мэт санагдавч дассан сурсанаараа Монгол ханшаараа бодоод үзэхээр аймаар үнэтэй санагдаад л хааяахан л тоотой цөөхөн орно доо. Би ч тэгээд хүний арьс гэдэг идэж ууж байгаа юмнаасаа их шалтгаалдаг гэдгийг сайн мэддэг болоод ч тэр үү, хүнсэндээ их анхаардаг.  Монголтойгоо харьцуулбал энд цаг агаар хамаагүй таатай болохоор дээр нь идэж ууж байгаа хоол хүнс нэг их хүнд биш болохоор аяндаа нүүрний арьс цагаараад, зөөлрөөд ирдэг юм шиг санагддаг.

-Ажилдаа дуртай гэснээс авдаг цалиндаа бол бүр л дуртай биз дээ. (инээлдэв) Хэдийг аваад хэрийг Монгол руу явуулдаг вэ дээ? Ерөнхийдөө зарлага хэр гардаг вэ?
-Цалингаа авах ч сайхан шүү, даанч Монгол руу өгдөг татвар маань дэндүү их дээ. Анх ирчихээд бага цалинтай тэрнээсээ илүүчлээд чадах ядахаараа явуулдаг л байлаа. Одоо авах цалин сардаа $3000-$4000, би чинь commission буюу олсон орлогынхоо 60 хувийг өөртөө авч, үлдсэн 40 хувийг эзэндээ өгдөг. Солонгос газрууд ингэж цалинжуулдаггүй, цагаар хөлсөө өгдөг, харин Вьетнам газрууд хувь өгдөг. Цалин өсөхийн хэрээр Монгол руу өгдөг татвар маань дагаад л өсөөд байх юм. (инээв)
Манай хүү аавтайгаа Монголд байдаг л даа, ааваас нь салаад удаж байна, гэхдээ хүүдээ сар бүр $500 явуулна, дээр нь бараг л утсаар хичээл номыг нь хийлгүүлэхээс авахуулаад 7 хоногтоо бол $20-оор ярьчихна шүү. Бас хөөрхөн мөнгө зарцуулчихна. Яриагүй алгасаж байсан өдөр надад байхгүй дээ. Харин ээж аавдаа сар бүр явуулдаг байснаа болиод цагаан сар, наадам зэрэг баярын үеэр, өвчин зовлонтой онцгой үеүдээр нэг дор арай ахиу мөнгө өгдөг болсон. За тэгээд машины даатгал болон зээлийн хүүндээ $600, байрандаа (таун хаус) бас рүүммэтгүй тухтай амьдарчих санаатай 2 хүний $1800 яваад өгчихдэг гэж байгаа. Дээр нь тэгээд идэж ууна, эмэгтэй хүн болохоор дэлгүүр орохоороо хувцас хунарт бас нүд унагана гээд баланс бол яг сайхан тэг болоод таарч байгаа юм. Хурааж хуримтлуулна гэж байхгүй шүү дээ. Яваандаа тэгээд болох  байх, эгч нь их том мөрөөдөлтэй хүн шүү дээ.

-Тэгээд тэр том мөрөөдлөө энд биелүүлэх юмуу, Монголдоо буцаж очоод уу?
-Эгч нь бол нэг хэсэгтээ л(10-15 жил бололтой) буцах бодолгүй байгаа, тэгэхээр энд эхлүүлнэ гэж боддог ш дээ.
-За тийм байдаг байж, тэгвэл Америкт анх ирээд юм мэдэхгүй хөглөж байсан тохиолдлоосоо яриач.
-Одоо санахад Rosslyn-д л хаашаа билээ явах гээд автобус хүлээгээд найз хүүхэнтэйгээ цуг явж байсан юм. Тэгсэн автобус ч ирлээ, оочерилсон хүмүүсийн урдуур ороод л найз хүүхэндээ суудал авчих санаатай Монголдоо байдаг шиг л дайраад л орлоо. Тэгсэн манай хүн байдаггүй, би ч суудал авчихсан додигор сууж байваа. Нилээн удаж араас орж ирээд л ''Та бүр нэг нүүр түллээ, энд чинь автобусандаа орохдоо оочерлож ороод жолоочдоо мөнгөө төлж ордог байхгүй юу'' гэж билээ.  Бас нэг удаа метрогоор явж байсан юм, чих гэдэг чинь онгойгоогүй дөнгөж ирчихсэн шиников, хаалга онгойхоор л ''Georgetown'' гэж хэлээд байдаг, ийм нэртэй зогсоол ийм олон байдаг юм даа гээд гайхаад байсан бүүр сүүлд нь ''Door opening''  гэдгийг нь тэгэж сонсоод байсныгаа ялгаж сонссон. Олон хүн тэр үгийг янз янзаар сонсдог юм байна лээ. Бас жолооны үнэмлэх авдаг газар болох DMV-д дугаар өгөөд оочерлоод суухад ''number тэд'' гээд л дууддаг ш дээ, тэрийг анхандаа ''намба тайван'' гэж сонсдог байсан гэж байгаа, инээдтэй, 2, 3 жил болж байж чих онгойсон шүү.

Ярилцсан Ариука.
Орлоо.комд ярилцлага өгөхийг хүсэж буй хүмүүс байвал бидэнтэй service@orloo.com гэсэн хаягаар эсвэл ''харилцах'' гэдгээр холбоо бариарай. Таны нэр дурдагдахгүй зөвхөн хийж буй ажил, амьдралаа бусдад ойлгуулах юм.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.