05 сарын 02, Пүрэв
°C
USD 3,378.90
USD 3,378.90
EUR 3,602.25
JPY 21.40
GBP 4,218.56
RUB 35.95
CNY 466.63
KRW 2.44

Монгол хүн

ГЭМШИЛ

Төрүүлж өсгөсөн эх эцгээ дээд тэнгэртэй зүйрлэж элбэрэл ачийг нь хариулах учиртайгаа дуу шүлгэндээ тэрлэж, бурууг зөвтгөж зөвийг буруутгаж цэц булаалдах хэрнээ аав ээжийгээ амидад нь ачилж хөлийг нь хучиж амьсгаа хураах мөчид нь толгойг нь түшиж суух хувьтай хүмүүн чухам хэр олон бол?!
Аж амьдралын мөр хөөж, "аз жаргалын" эрэлд мордож, эрээд олдохгүй "эрдэнийг" сураад олдохгүй "сувдыг" харийн нутгаас далайн чанадаас олж ирэхээр мордсон бидэн хүний газар гүний нутагт үсээ цайж үеэ өнгөртөл сууж нуруугаа бөгтийж хуруугаа хөштөл ажиллавч, эдлээгүй бүхнээ эдэлж идээгүй бүхнээ хүртэвч, энэ биений “мөнхийн” хүслийг гүйцээж эрлийн эцэст хайсан эрдэнээ олохоо болиод, эргэж ирнээ гээд орхисон ээж ааваа эрээн мяраан эд, ногоон мөнгөөр хуурч, хүний газрын өнгө мөнгөнд шүтсэн хүсэлдээ хүлэгдэн эх нутгаа зорин ээждээ эргэж очихоо умартан, "аргагүйн эрх" амьдралын бэрхээр шалтаг хийвч, өөрийгөө зөвтгөн өрөөлтэй барьцан өнөөдрийг аргацаавч хожмын нэгэн өдөр хожуудсан тэр л мөчид хайсан тэр жаргал нь хаахна байсныг харах бизээ, гэмшил ухаарал хур болон буух агшинд амьдралын утга учир аз жаргал гэдэг хүний нутгын хатавчинд бус алдхан биений чинь амин газар, аав ээжийн чинь баярын магнайд, алаг үрсийн чинь хүлээсэн сэтгэлд, монгол хүний чинь хийморь лундаанд байдгийг ойлгох буюу.

УХААРАЛ

Ухаарал гэдэг түмэн лангийн үнэтэй буюу.
Хүний юм бүхэн л сайхан санагдаж, харийн оронд л жаргал байгаа харагдаж, чухам тэр л дутаад байгаа бүхнийг олж авахаар өөрт байгаагаа үрж зарж, өрөөл нэгнээс зээлж гуйж, үр хүүхдээ бэтгэрүүлэн, хань ижлээ орхиод, элэг бүтэн айл гэрийн амин жаргалаа хугаслан, эрүүл бие залуу нас хамаг бүхнээ золиослоод харийн нутгийг зорин одсон бидний цөөхөн монголчууд хүний газрын шороон-түмэн дунд атга арвай шуудай будаанд холилдон далдрах шиг түүхийн он тооллоор бол нүд ирмэхийн зуур уусан шингэх авай.

Хүний нутаг гайхмаар, шил толиор гялалзаж, тэнгэрт тулсан барилгууд нь, толь шиг дардан зам нь, тансаг орд харш, цэцэрлэгүүд нь хараа булаам донжтой ч үзээд өнгөрөхийн төдийд хүртээлгүй буюу үүрээд харихгүйгээс хойш үнэгүй буюу. Гялбаж гайхуулсан өнгө гэрлийг нь гэтэлвэл, дэлхийд бардамнасан хөгжлийн нь ар луу нэг өнгийвөл хүний ертөнцийн эгээ л үнэн дүр төрх муугаа нуусан буруугаа булсан хөшигний нь ард буйг олж харах болой.

Алхах гишгэх бүр нь мөнгөөр хэмжигдэх ертөнцөд аав ээжийгээ ачлах үүрэг бус хуулийн дагуу такс төлөх үүрэг амьдралынх нь утга учир болон уураг тархинд нь зоогджээ. Эцэг эхээ гэх сэтгэл нь тэдний мөнгөөр хэмжигдэнэ, үр хүүхэд бус албан тушаал, зэрэг зиндаа чухал. Ядарсан ядуурсан давхарга нь хоол тараах цэгт дугаарлаж хүний хаясан хуучнаар амьдрал залгуулж гадаа хонож гандаж явахад ялзартлаа баяжсан тарган шарууд нь өөрсдөө төөрдөг олон давхар харшдаа зарц тогооч, жолооч хөлслөн мөнгө л үржүүлэхийн төлөө төрсөн мэт ханаж цадахыг үл мэдэн ертөнцөөс ангид цатгалдан суумуй. Саятан эмгэн 20 сая доллароо нохойдоо өвлүүлэн үлдээж, баян айлын муур ноход нь тусгай дэлгүүр, эмнэлэг, парк, усанд сэлэх газар, зоогийн газраар үйлчлүүлж, Холливудын хэдэн жүжигчид нь архи хар тамхинд мансуурч, улс төр хөөсөн томчууд нь авилгал, донд автаж, энэ бүхний үр дагаврыг дундаж иргэд нь үүрнэ.

Цагаан арьстан дээд давхраанд тооцогдож, хар арьстан, ази, латин америкууд хар бор ажлыг нь нугалж, арьс өнгөөр ялгаварлахгүй хэмээн цаасан дээрээ бичивч америк орон даяараа арьсны үзлээр ханхлана. Цагаан гартнууд хар ажил хийх учиргүй мэт, гэтэл үсрэнгүй хөгжил нь зогсонги болоод ирэхээр цагаачдаас боллоо, тэд бидний ажлыг булаалаа гэх, цагаач нь хэн бэ гэхээр нутгийн индиануудаас бусад нь бүгд цагаач гэлтэй, тиймийн учир хууль ба хууль бус цагаач гэх тодотгол хэрэглэнэ. Аль ч үеийн бай цагаачдын л хүч, ухаанаар барьж босгосон нийгэм өнөөдөр олонхи нь цөөнхдөө үйлчилдэг, хууль ёсны мөлжлөгийн машин болжээ.

Эх сурвалж: http://mgljinblogger.blogspot.com/


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.