05 сарын 03, Баасан
°C
USD 3,380.31
USD 3,380.31
EUR 3,622.00
JPY 21.74
GBP 4,235.02
RUB 36.63
CNY 466.82
KRW 2.46

Мөнхийн хайр ...

Үнэрлэх үртэй болсон ижийд
Харамлах зовлон хамт ирсэн
Харуй бүрийгээс харамлахдаа
Хар халзан туулай болгон нууж
Ханиаж бүлээрэхээс харамлахдаа
Халууныг биедээ шингээж
Өлгийтэй надад амиа тавьсаар
Өлзийтэй ижий минь
Өөрийгөө мартсан..
Д.Төрбат

Хүнийг хайрлах Монгол эхийн хайрыг юутай ч зүйрлэшгүй билээ. Биеэсээ бие салган ариун амь хайрласан мөртлөө ханахгүй төрүүлсэн үрээ насан туршдаа, бүр надаас хойш үр минь сайн яваасай билээ дээ гэж үргэлж сайныг зөгнөж байдаг нь хүний энэ хорвоод гагц Монгол ээжид л байдаг хайр юмуу даа. Тэртээ 1978 оны өвөл би 8 настай 1-р ангид сурч байлаа. Шүд маань өвдөөд ээжтэйгээ хөтлөлцөн үүрээр 06 цагт Улаанбаатарын гудамжаар олон ч удаа алхаж билээ. Шүдний эмнэлэгт дугаар авч үзүүлэх гэж л тэр шүү дээ. Хүүгийнхээ шүд янгинан өвдөхийг ээж минь биеэрээ мэдэрдэг байсан байх даа. Ингээд тун удалгүй хэд хоногийн дараа би ээжтэйгээ хотын гудамжинд алхаж явах үед ээж маань -Ээж нь жаахан суугаадхая гээд автобусны буудлын сандал дээр сууж байгаад л тэндээсээ эмнэлэгт хүргэгдэн үр хүүхэд биднийгээ орхин хорвоогийн мөнх бусыг үзүүлж билээ. Энэхэн үедээ би балчир ухаандаа ээждээ дахин эрхэлж чадаагүйдээ харамсан уйлж явсансан.

Долоон жилийн дараа 7-р ангид сурч байхад шүд өвдөн эгчтэйгээ хамт өвлийн өглөөний жаварт хайруулан шүдний эмнэлэгт үзүүлж явах тэр л үед ээжийгээ ихээр санаж байхгүй ч гэсэн ачийг нь үргэлж санаж явах ёстойгоо ойлгож билээ. Миний гурван эгч минь дунд сургуулийн сурагч гурван эрэгтэй дүүгээ эхийн хайраар хайрлан, муу бүхнээс харамлан өсгөж хүн болгож өсгөсөн ачтангууд минь юм даа. Иймийн учир ээждээ ачилж чадаагүй ачаа эгч нартаа, монгол ээжүүддээ зориулахад зориульюу. Хүний үрийн төлөө хайрын нулимсаа унагадаг нь монгол эхийн л сэтгэл. Ертөнц дээр Монгол эхийн төрүүлж өсгөсөн хүүхэд л насан туршдаа ээжийгээ хайрлах чин сэтгэлтэй байдаг юмуу. Бусад зарим үндэстэн улсууд ээждээ хайртай гэж дуулахгүй мөртлөө Есүс-т хайртай, Мариа эх-д хайртай гээд л дуулаад байх юм. Тэд би Есүсийн хүүхэд, гэгээн Мариагийн хүүхэд тэр бурхан надад амь өгч амьдруулсан гэж гүн бат итгэчихсэн байдаг болохоор тэгдэгч юмуу. За тэр гадаад улсууд яах вэ бидэнд хамаатай биш гээд л орхиё. Тэгэхээр бас Монгол оронд маань Христийн шашин болон бусад шашин урсгалууд орж ирж дэлгэрч байгаа өнөө үед болохгүй юмаа.

Яагаад гэхээр миний л мэдэхээр Солонгосын Христийн сүмийн пастер эмэгтэй Монголд нисч очин Христэд итгэгч залуусын гэрт орон аав, ээжийнх нь хоймортоо залсан бурхан шүтээнийг нь аав, ээжийнх нь нүдэн дээр хүүтэй нь хамжин хамж гаргаад хагалж, хугалж эвдэн шатаагаад нүх ухан газарт булаад уг үйлдлээ болон ээжийнх нь нулимс цийлэгнэсэн зургийг видео болон фото зурагт авсаныгаа Солонгост авч ирэн Монголчуудад бахархалтайгаар үзүүлж байхыг үзлээ. Христэд итгэгч залуус Цагаан сар тэмдэглэдэггүй л гэнэ, золгодоггүй л гэнэ, аав, ээждээ үнсүүлдэггүй л гэнэ. Ингээд л шашины нөлөөнд хэт автаад байвал аав, ээжийгээ хайрлах хайр нь яван явсаар Есүсийг хайрлах хайр болон хувирч, Есүст итгэгч ээжүүдэд Монгол эхийн хайр үгүй болох вий дээ гэж дэмий л зовинох юм. Монгол хүнийг аав, ээжийн хайрын дуугүй төсөөлөшгүй. Харин тэгэхэд баруун европчууд монгол залуусыг ээждээ хайртай, аавдаа хайртай гэж дуулахаар танай монголчууд ямар гаж дуу дуулдаг юм бэ?

Танай монгол залуус яагаад ээждээ хайр зарладаг юм? гээд л өөрсдийн өнцгөөс ойлгоод байдаг. Арга ч үгүй юмуу даа. Тэнд чинь хүүхдээ чи одоо насанд хүрлээ. Би чамайг өсгөх үүргээ биелүүллээ баяртай гээд л гэрээсээ явуулдаг. Хүүхэд нь ч жилдээ хэдхэн ирж -Та намайг хүмүүжүүлсэн сайн хүн билээ гэж хамт хоол идээд л болно. Өө бүр хэзээ ч эргэж уулзахгүй нь ч байдаг гэсэн. Тэгэхээр монгол эхийн хайрыг яаж ойлгох вэ дээ. Хүн хүссэн шашинаа шүтэх нь огт буруугүй ч уг шашиныхаа номлолыг монгол хүн, монгол ахуй, монгол зан заншилдаа авцалдуулвал зохилтой билээ. Миний бүр хүүхэд байхын багын найз казак хүүхэн Солонгост солонгос залуутай гэр бүл болоход Монголдоо амьдардаг аав, ээж нь охиндоо их л хатуурхаад байсан хүмүүс харин охин нь зээг нь төрүүлсэнийг сонссоноос хойш Монголдоо бушуу ирээрэй гээд л шавдуулаад байдаг болсон. Монгол эхийн хайр ийм л аугаа билээ. Монголын аман домогт хүн болж төрнө гэдэг зүүний үзүүрт будаа тогтоохын дайтай хэцүү гэж өгүүлдэг. Монголчууд минь, залуус минь ээжийгээ хайрлаж яваарай.

(47 насандаа долоо дахь хүү намайг төрүүлж өгсөн ээж таньдаа хүү нь хайртай. Ээж Д.Чанцал таныгаа дурсан бичлээ.)

Батмонгол Балган


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.