04 сарын 27, Бямба
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Намайг очиход миний Монголыг бүтнээр нь байлгаарай

-Гадаадад ажиллаж, сурч, амьдарч байгаа монголчууддаа зориулав-

Авлига гэгч үзэгдэл бүх л муу муухай зүйлийн эхлэл болоод байна. Өнөөгийн Монгол оронд маань, та бүхний эх нутагтаа эзгүй хойгуур өнгөрч буй өдөр хоногууд дандаа хар бараан өнгөөр будагдан одож байгаа нь үгүйсгэшгүй үнэн. Гэрэл гэгээтэй сайхныг олж харах боловч хар бараан өнгө нь даанч ихээр давамгайлаад байнаа. Муухай бүхний үүд хаалга нь авлига гэж хэлэх үндэс бий. Хамгийн тод хоёрхон жишээгээр Дархан-Уул аймгийн Хонгор суманд үүссэн нөхцөл байдал, нийслэлийн Багануур дүүрэг дэх хэрэг явдлыг дурдаж болно. Эрдэнэт хүний амь эрсэдсэн, ирээдүйн амьдрах баталгаа алдагдсан энэхүү бусармаг үйл явдлын цаана төр, түмний өмнө үүрэг хүлээсэн хэн нэгэн албан тушаалтны хариуцлагагүй хандсан, ашиг сонирхлын зөрчилд автсан өчүүхэн сувдаг сэтгэлтний хомхой хүсэл л байгаа.

Энэ мэтийг өөр хоорондоо хэлэлцэх зуур цаана чинь Өмнөговь аймагт бүхэл бүтэн уулыг газрын хөрснөөс арчаад хаячихсан байна гэнэ. Эргээд ирэхэд эх нутаг чинь, төрсөн газар шороо чинь, түшиж суниасан уул ус чинь, цээж дүүрэн бардам амьсгалах агаар чинь алга болчихсон байхад дэндүү ойрхон байна. Чанаргүй барилгууд өдөр өдрөөр нэмэгдэж, тэр хэрээр орон сууцны үнийн галзуурал, чанарын доройтол, хэрэглээний солиорол цөм сүлэлдэн хэзээ л бидний цөөхөөн монголчуудаас хэчнээнийг маань цаг бусаар сугалан авч одох бол оо?

Алтан амиараа дэнчин тавин байж хороор хооллон суугаа хөх толботнуудаас хэчнээнийг нь энгэр ээвэр газар аваачих бол оо? Ямар нэгэн байгалийн гамшиг, газар хөдлөлт, гал усны гашуун зовлонгийн тухай энд огт яриагүй гэдгийг уншигч эрхэм эрхбиш гадарлаж байгаа хэмээн найднам. Мууг зөгнөн, ёр дуудаж буй хэрэг биш ээ. Та бид бүгдээрээ энэ бүхнийг таслан зогсоохгүй бол хожмын өдөр авлигын хар сүүдэр миний, чиний, таны амьдралд цэг тавихаар улам бүр дөтөлж айсуй.

Монгол Улс Авлигатай тэмцэх газартай болсон, тэдний л хийх ажил гэж та бодож байна уу? Энэ шинэ байгууллага ямар ч байсан ажиллаад эхэлсэн, зарим ажил нь эгэл олны дэмжлэгийг хүлээж байгаа. Цөөн боловч илүү хүчтэй хэсэгт нь харин айдас төрүүлж байгаа бололтой, дургүйцэл зэвүүцлийн сүүдэр хүүшлүүлж байна. Авлигатай тэмцэх газрыг өдгөө хүнд сурталтнууд хүнд модон хаалгаа мөргүүлэн буцаахыг эрмэлзэж байна. Тэдний үгийг алга ташин хүлээж авах дуу хоолой, хүсэл зориг, итгэл найдвар, урмын сайхан дэмжлэг, зөвийг түшсэн шүүмжлэл яг одоо дутагдаж байна. Авлигатай тэмцэх нь зөвхөн Авлигатай тэмцэх газрын ажил биш. Нийгмийн энэ бохир үзэгдэлтэй БҮГДЭЭРЭЭ тэмцэх хэрэгтэй. Нэг байгууллага бий болгочихоод тэрийгээ харааж ерөөх бай болгон нулимж суумааргүй байна.

Бид чадна аа. Булт олныхоо хүчээр авах, идэхийн хэмжээлшгүй шуналтныг, албан тушаалаа урвуулан ашиглагчийг хазаарлан номхруулж чадна. Өнөөхөндөө авлигатай бид гал унтраах маягаар тэмцэж байна. Галыг гаргахгүй байх нь л хамгийн чухал гэдгийг та мэднэ. Хилийн чанадад таны дуслуулсан хөлс энэ Монгол орондоо хөгжил болон цэцэглэхийг хармаар байна. Нутгаа түшиж үлдсэн саданд чинь очих ёстой мөнгө хэн нэгэн бузар гартны халаасанд шургалан шингэхийг үзмээргүй байна. Сурсан эрдэм бүхэн чинь Монгол Улсад соёл болон соёолж, үр жимсийг нь үр хойчоороо хүртэн суумаар байна. Ард суугаа амраг садан чинь айдас түгшүүргүй амьдарч, алсыг зорьсон чиний замыг амар мэндийн сургаар мялаан байхыг хүсч байна.

Эх орноо, элгэн саднаа, эргэн тойрноо санан санасаар эргээд ирэхэд Монгол маань авлигын хар сүүдэрт халхлагдаад хувь заяа нь хулжсан байх вий. Уйлаад унахад тосон уярах газар шороо, баярлан хөөрөхөд нөмрөн тэврэх уулс минь, ан амьтан нь, ус ургамал нь, хүн зон нь… ер буй бүхэн нь бүтнээрээ угтахыг хүснэ. Миний монголчууд одоо үгээ, хүслээ, үйлсээ нэгтгэх цаг болсоон. Ар гэртээ захиа бичээрэй, тэдэн рүүгээ утсаар яриарай. Энэхүү бичвэрийн санааг утгачлан яриад ганц л үг хэлээрэй. “Намайг очиход миний Монголыг бүтнээр нь байлгаарай” гэж.

Би нэг хөөрхөн хүүтэй. Тэр маань энэ жил нэгдүгээр ангийн сурагч. Түүний ирээдүйд би маш их санаа тавьдаг. Миний амьдрал зөвхөн надаар дуусахгүй учраас, хүүгийн минь ирээдүй миний үргэлжлэл учраас би одооноос л шагайн чинээхэн хүүгээ шударга зан үйлд сургаж байгаа. Авдар дүүрэн үнэт эрдэнэс өвлүүлж чадахгүй ч гэсэн ахуй биеэ ариун нэр төр, шударга зангаар гоёж явахыг нь харахыг хүсдэг. Машины цонхоор чихрийн цаас чулуудсан дэгжин бүсгүйг хараад “Эгч ээ, та яагаад эх орондоо хог хаяж байгаа юм бэ” гэж улайлгадаг хүүтэй хүн, би.

Т.ТУНАМАЛ
2008.02.28

Эх Сурвалж: www.mongolmedee.net


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.