04 сарын 28, Ням
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

“Нинжа”-гийн нутгаар дайраад гарвал...

Саяхан Өвөрхангай аймгийн Уянга сумаас холгүй орших газар бөөнөөрөө үүрлэсэн гар аргаар алт олборлогчид дээр очих боломж гарлаа. Тийшээ явах тухайгаа хавь ойрынхондоо дуулгавал дайны талбар, терроризмын голомт руу явах дайны юм болов. Тэнд чинь есөн шид нь бүрэлдэж, арван хуруу нь арзайсан, хүн гэхээсээ араатан гэмээр Нинжа нэртэй, луу данстай юмнууд байдаг хэмээн хүн бүр болгоомжилно. Зарим нь ч бүр буу шийдэм агсаад, байлдааны бэлэн байдалтай явахыг ч нөхөрсөгөөр зөвлөөд авав.
 
Яваад очлоо. Уянга суманд урд нь очиж үзээгүй ч өврийн сайхан хангайн үнэн сайхан газар байсан болов уу хэмээн бодох уулын судлыг хэдэн арван бээрээр нь юу ч үгүй ухаж сэндийчсэн газар таарах бөгөөд ай хайран сайхан нутаг минь хэмээн шүүрс алдах сэтгэл эрхгүй төрөх юм билээ. Бэл даган овоолсон шороонуудын завсар ундуй сундуй барьсан гэрүүд ярайна. Хүн бүр л ямар нэгэн юм хийн завгүй байх бөгөөд эдний дунд хоёр суга таягтай, архи үнэртүүлсэн ахимаг эр, хоёр хүүхдээ хотод сургуульд явуулсанаас хойш ийм ажилтай болсон хижээл эр, түүний эхнэр, Хөвсгөл аймгаас Заамар луу нүүн очоод, хомроглон хөөсөн явуулгын уршгаар энэ газар ирсэн гэр бүл, хүүхдүүдээ эргэж ирсэн өвөө, сургуулийнхаа чөлөө заваар ээж аавдаа туслахаар хотоос ирсэн хүү, ерөөс сургуулиас завсардсан уншиж ч чадахгүй жаал гээд зүсэн бүрийн хүмүүс, Монголын өнцөг булан бүрээс ирсэн байх нь харагдана.

Нийтдээ нүдэн багцаагаар таран суурьшсан хэдэн мянган гэрүүд байх бөгөөд зундаа бол хэд дахин их гэх. Хүмүүсийн хар яриагаар бол зундаа арав хорин мянган гэр байдаг гэлцэх бөгөөд алтчдын хооронд мөргөлдөөн гарах, азарга хэмээх архагууд овоо алттай гэх газрыг түрэмгийлэн эзлэн авах гээд захиргаагүй замбараагүй энэ хүмүүсийг хайхрах улс, хазаарлах хууль, хайрлах хүмүүс байхгүй тул түүнийгээ дагаад сүүдэртэй юм гарахыг алийг тэр гэхэв. Гэвч бидний болгоомжлол тэрхэн зууртаа илүүц болохыг тэнд байгаа ажилчин шоргоолж лугаа адил ажиллах ахимаг насны харцуул, эмэгтэйчүүд голдуу хүмүүс тэр дор нь батлаад өгсөн юм. Харин ч гаднаас хүн ирсэнийх нэг сайн яриад авья гэсэн байртай илэн далангүй хандана.

 
Бидэнтэй хамт алт угаан зогссон хоёр эмэгтэй Уянга сумаас ирсэн гэх бөгөөд нөхөр нь сумын төв дээр ажилтай, өөрөө гэртээ ажилгүй хэвтэж байснаас энд ирээд шороо ухсан нь хамаагүй дээр байдаг, орой болохоор замын машинд дайгдан суугаад гэртээ харьдаг гэнэ. Газрын хишиг юм хойно ямар ч байсан гэртээ хоосон очдоггүй л гэлээ. Хоёр уут шороогоо доор байх тогтмол усан дээр угаахаар очиход хорь гучин хүмүүс хэсэг усыг тойрон шороогоо угаана. Тэрхүү ус нь цооногоос гарсан ус бөгөөд болгоомжтой явахгүй бол хөл алдан унах аюултай гэж байлаа. Үүнийг батлах мэт яг миний хажууд зогсож байсан эмэгтэй зүгээр дороо эргэхдээ л “явчихаа” алдав.
 
Хоёр бүсгүй маань хорь гучин минут гаруй зайрмагтсан усанд зориулалтын хувцасгүйгээр шороогоо угааж угааж, өчүүхэн төдий хэдэн гялтганасан “юм” олсоноо нямбайлан цаасанд боогоод өөдөө өгсөв. Тэд шууд “алт авна” гэсэн гэрийг зорих бөгөөд цаг гаруйн хөдөлмөрийнх нь хөлс нь 0,04 гр алт болжээ. Энэ нь ердөө арав хүрэхгүй мянган төгрөг бөгөөд алт авагч нь хажуудаа хүнсний бараа зарах тул яаж зүгээр байхав, хоёр ширхэг модон чихэр аваад амттайхан гэгч нь хүлхэж байна. Тэр модон чихэр ямар ч хоолноос, ямар ч үнэтэй амттанаас илүү байгаадаа гэж бодоход өөрийн эрхгүй атаархах сэтгэл төрнө. Учир нь тэд хэний ч хөдөлмөрийг мөлжиж, худал хэлж, хулгай хийгээгүй бөгөөд цэвэр тэдний хоёр гараас гарсан амт билээ л. 
 

Энэ мэтээр нэг хүн өдөрт дор хаяж арав гаруй удаа шороо угаах бөгөөд тэр бүртээ ямар ч л байсан хоосон буцдаггүй гэсэн. Алт авдаг гэр нилээд хэд байх бөгөөд бидний орсон алт худалдан авагч нар үдийн 2 цагийн алдад гэхэд дөрвөн сая гаруй төгрөгний алт худалдан авсанаа үзүүлж байлаа. Энд хоёр жил ажиллаж байгаа боловч ямар нэгэн аюул, заналхийлэлд өртөөгүй байна, амьдрал давгүй байгаа тухайгаа өгүүлж байлаа.
 
Магадгүй тэднийг газрыг сэндийчэн, байгал орчныг сүйтгэж байгаа, нөхөн сэргээлт хийдэггүй хэмээн буруутгах боловч, тэд зөвхөн алтны том үйлдвэрүүдийн аль хэдийнээ ухаад төнхөөд, дэлбэлээд явсан газарт л орж ажилладаг хэмээн өөрсдийгөө зөвтгөж байсан. Түүнчлэн ямар нэгэн химийн бодис, мөнгөн ус хэзээ ч хэрэглэдэггүй бөгөөд зөвхөн усаар угаадаг болохоо дахин дахин хэлж байсан. Тэдэнд хандсан ямар нэгэн нийгмийн үйлчилгээ, төрөөс үзүүлж байгаа хараа хяналт шалгалт гэхээр энд үнэндээ алга байлаа. Эмнэлгийн тусламж байхгүй тул өвдөж хавдвал өөрсдөө аргалах гэж үзэж, тусыг эс олбол урагшаа Уянга руу орно. Хүүхдүүдэд зориулсан сургууль цэцэрлэг гэхээр ч юм үнэндээ алга. Хэрэв тэд болдог бол хэдүүлээ нийлээд хоршоо, нэгдэл маягтай юм байгуулаад улсад татвар төлөхөд үнэндээ болохгүй, татгалзах юм байхгүй гэнэ.
 
ninja07.jpgТэдний зарим нь сонин хэвлэлийнхэнд, зураг авч байгаа хүмүүст таагүй хандах бөгөөд баахан хүмүүс ирээд л явахдаа нинжа нарыг дандаа буруугаар нь харуулж, таниулдаг. Тэгээд ч гадаадын сурвалжлагч нар ирэхдээ дандаа болохгүй бүтэхгүй гэсэн нийгмийн эмзэг сэдэв рүү дайрах юм хэмээн шүүмжлэлтэй хандах хэсэг ч байна. Урд нь Хөвсгөлд бага сургуулийн багш байсан нэгэн эмэгтэй Заамарт байхдаа олон нийтийн байгууллагын дэмжлэгтэйгээр тэндхийн хүүхдүүдэд хичээл зааж байсан бөгөөд Уянга суманд ч гэсэн тусалж дэмжих байгууллага байвал энэ ажлаа үргэлжлүүлэн хийхэд бэлэн тухайгаа хэлж байлаа. Тэгэхдээ тэрбээр хүний мөнгө харан зүгээр суухыг хүссэнгүй, айл саахалтынхаа арав гаруй хүүхдээс хэний ч тусламжгүйгээр эхлэх санаатай байгаагаа дурдаж байлаа.
 
Энэ мэтчилэн энэ газар ажил хөдөлмөр оволзоно. Тэдэнд нинжа хэмээх хөгийн нэрийг хэн өгсөнийг мэдэхгүй ч гэсэн хэдэн арван цагийн турш шороо ухан, аж амьдралаа залгуулан явж байгаа албан бус тоогоор бол зуун мянга гаруй гар аргаар алт олборлогчдыг буруутгах өчүүхэн ч шалтгаан үнэндээ хайгаад олсонгүй. Нэг хэсэг тэдний эрх ашгийг хуульчлах юм ярьсан, бас нэг хэсэг нь хөөн тарааж, энэ төрлийн бизнесийг ор үргүй алга болгоно хэмээн амлаж байсан боловч сүх далайтал үхэр амарчлан тэд нар маань шороогоо ухсаар, алтаа угаасаар, олсон хэдийгээ аж амьдралдаа яаж ийгээд хүргэчихсэн гэж, хотод байгаа сургууль соёлын мөр хөөсөн хүүхдүүддээ илүүчилчихсэн хэмээн хичээсээр, зүтгэсээр, хөдөлмөрлөсөөр байна.
 
П. Байка

 
Эх сурвалж: mongolmedee.net

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.