05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Сонгууль баяр мөн үү? (ёгт нийтлэл)

Эх орны хамгийн том баяр юу вэ гэж хүмүүсээс асуувал: -Цагаан сар өвөл болдог болохоороо нэг тиймэрхүү, наадам зун болдог ч гэлээ үзэх юм олддоггүй өдөржин стадионы шороон дунд ганц хоёр хуушуур олж идэх гээд тийм ч сонирхолтой үзчихмээр юм олддоггүй гэж хариулцгаана. -Тэгээд би нэг өвөөтөй санамсаргүй таараад хамгийн том баяр таны бодлоор ямар баяр вэ гэж асуухад: -Хамгийн гоё баяр бол Сонгууль гэдэг баяр шүү дээ хүү минь. Яахав ээ 4 жилд нэг удаа болдог ч гэсэн нэг болохоороо янзтай шуугиан тарьж ховрын бараа болсон нөгөө 76 чинь гадаад дотоодынхоо тоглолтыг дуусгаад ядарсан муу монголчууддаа нэг юм бараагаа харуулна шүү дээ гэж ирээд л ярьж гарлаа.

-Тэгээд тэдний ур чадвар гэдэг чинь жилээс жилд л ахиад байгаа шүү дээ охин минь, сүүлийн үед өвөө нь монголынхоо одуудыг тоохоо байгаад байгаа шүү дээ, ер нь нэг урлагийн шинэ жанр гарч ирж байна уу гэж би сүүлийн үед бодоод байгаа юм, энэ сонгууль гэдэг баярыг цаашдаа их чанартай зохион байгуулаад байвал монгол үндэсний баяр гээд дэлхийд ер нь нэрээ дуурсгаж мэдэхээр урлагийн төрөл болно гэж өвөө нь бодож байгаа шүү.

Ер нь энэ санаагаа нэг их олон хүнд хэлээгүй байгаа чи цааш нь хүн амьтанд ам алдваа гээд чихэн дээр минь наалдаж ирээд, өвөө нь энэ санаагаа баталгаажуулан оюуны өмчийн газраас патент авчихья гэж бодож байгаа шүү гэж аяархан шивнэчихээд түс хийтэл инээд алдахад нь би гайхан ..... -Өвөө минь та юун урлагийн шинэ төрөл яриад байнаа, би уг нь танаас хамгийн том баярын талаар л асуусан юмсан, яагаав цагаан сар,шинэ жил, наадам гээд л гэж хуруугаа даран хэлэхэд..... -Өвгөн нэг их тоосон шинжгүй, наадуул чинь улиг болчихсон сонирхолгүй бараанууд шүү дээ хүү минь, чи залуу хүн байж өнөөгийн энэ даяарчлагдаж байгаа нийгэмтэй чинь хөл нийлүүлж алхах хэрэгтэй шүү дээ, тийм баярууд чинь одоо хэнд ч сонирхолгүй болоод цаана чинь шинэ соргог юм моодонд ороод байна, ер нь ч хүүхээ манай монголчууд энэ өндөр хөгжсөн орнуудыг гүйцэхээсээ нэгэнт өнгөрчихөөд байгаа энэ үед яаж зөв бодлого гаргаж ирэх вэ гэдгийн чинь нэг тал нь дэлхийн хэмжээнд танигдах брэнд гаргаж ирэх явдал юм шүү дээ, тэгэхээр би сүүлийн үед сонгууль гэдэг шинэ баяр зохиогоод түүнийгээ дэлхийд брэнд болгож хөгжүүлвэл яасан юм бэ гэж бодоод байгаа шүү, манайхан чинь баярт дуртай ард түмэн юм чинь яадаг юм, дуртай зүйлээрээ л дэлхийд нэрээ түгээх хэрэгтэй ш дээ.

Энийг ер нь Монголынхоо имидж болгон дэлхийд сурталчилах хэрэгтэй, тэгвэл ч Монгол хурдан дэлхийн түвшиний од болно доо гэж хэлээд өөрийнхөө хэлсэн үгэнд өөрөө баясаж суухад нь би дахиад л : -Өвөө та юу яриад байнаа, сонгуулыг яаж брэнд болгож болох билээ дээ, танаас би уламжлалт баяруудаас хамгийн их дуртай баяр чинь юу вэ л гэж асуусан шүү дээ гээд түгдэрхэд минь...Өвгөн уурлаж: -Тэгээд яачихаав чи чинь яасан хүний үг ойлгодоггүй хүүхэд вэ, би наана чинь улс үндэстэнийг хамарсан хамгийн том баярын талаар яриад байна, энэн шиг ийм олон хүнийг хамарч өргөн хүрээтэй болдог өөр баяр хаа байна гэж бүр бухимдаж эхлэв. Тэгээд хэсэг чимээгүй байснаа надад бүр чин сэтгэлээсээ тайлбарлаж гарав. За чи сонс: -4 жил болоход маш олон сайхан нүүрний буянтай хүмүүс гарч ирээд бүгдээрээ ярилцаж хэлэлцэж байгаад энэ Монголыг чинь энэ тэнцүүхэн хуваагаад эхийг нь эцээж тугалыг нь тураахгүйгээр чин сэтгэлээсээ бидэнд зориулж жүжиг тоглож өгдөг юм шүү дээ охин минь, үнэхээр сонирхолтой баяр шүү, ер нь ойр ойрхон болдог үндэсний баярууд зайгаа тавьж өгч энэ сонгууль гэдэг баярыг жил болгон хийж өгөх хууль гаргавал таарна гэхэд нь би дахиад л үгийг нь тасалж: - Үгүй ээ та буруу л ойлгоод байх шиг байна.

Сонгууль чинь баяр биш энэ чинь улс төрийн маш том үйл явдал...гэтэл -Үгүй юуных нь том үйл явдал байдаг юм өдөр бүр зурагтаар гардаг хошин шогтой л адил хэмжээний зүйл шүү дээ. Энэ чинь, үнэгүй, тасалбар тараахгүй мөртөө өөрсдөө гэрт гудамжинд ирж дуулж бүжиглэж бэлэг тараагаад л,өндөр настай хүмүүсийг өргөж авч явж саналыг нь аваад л ер нь хөгшин залуу гэлтгүй бүх л насны хүмүүсийг баясгахын төлөө бүхий л чадлаа зориулдаг их сайхан баяр шүү дээ. Сонгууль дөхлөө гээд л жилийн өмнөөс л сураг чимээ нь дуулдаж эхэлсэн юмсан. Одоо хаяанд ирчихсэн чинь сэтгэл догдлоод л байна шүү, үнэгүй юм авч, хэдэн өдөр сайхан хөгжөөд авнаа гэхэд нь -Үгүй дээ өвөө минь та настай хүн байж ингэж бодож байх ч гэж таныг ингэж баяр гэж буруу ойлгон хөл хөөрцөг болоод байхаар чинь залгамж халаа болсон залуу үе бид нар чинь яаж энэ сонгууль гэдгийг зөвөөр ойлгох билээ дээ гэхэд

-Та нар зөвөөр ойлгоод яах юм бэ, байгаа юмыг байгаа чигээр нь хүлээж авч, өнөөдрөөрөө сэтгэл хангалуун амьдар гэдэг сайхан үг гарчихаад байгаа шүү дээ хүү минь, чи чинь одоо ном хэвлэл уншдаггүй юмуу хаашаа юм бэ, түрүүнээс хойш л буруу ишилсэн сүх шиг шал өөр юм яриад байх юм, хөгшин надаас долоон дор гэж доогтойхон инээчихээд, намайг учрыг нь ухаж ойлгож чадаагүй байхад -Ийм нэр алдартай жүжигчид чинь жил болгон ирж ингэж бидэнд гэгээн дүрээ харуулж, үнэгүй тоглолт хийж өгдөггүй юм шүү дээ хүү минь гэчихээд, зүгээр л чи олон юм яриад байлгүй өөрийнхөө ажлыг л хий, аяндаа бүх юм тодорхой болоод ирнэ гээд, -би үлдсэн хэдэн насандаа сэтгэл санаагаа өөдрөг байлгаж байгаад муу хөгшнийхөө араас л явья гэж бодох юмдаа гэчихээд өвгөн нуруугаа үүрэн сонгууль хэмээх баяраа үзэж дагаж цэнгэхээр олны дундуур орон алга болж өглөө......


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.