04 сарын 27, Бямба
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭГСЭД

Хүмүүс ѳѳрчлѳгдѳхийг хүсч байна. Нийгмийн тогтолцоо нэг л буруу байгааг анзаарч, эргэн тойронд байгаа хүмүүсийн сэтгэлгээний сѳрѳг хандлагыг анзаарч, ѳѳрийнхѳѳ арчаагүй дорой байгааг анзаарч эхэлж байна. Товчхондоо бол хандлагаа ѳѳрчлѳх хэрэгтэйг ухаарч байна. Гэхдээ хэнээс юунаас үлгэр авах вэ? Хэн соён гэгээрүүлэх бол? гэж хариулт нэхсэн асуулт хүн бүрийн толгойд эргэлдэж буй.

*КИНОНЫ УРЛАГТ

Үзэж буй киноныхоо дүрд орж ѳѳрийгѳѳ оронд нь тавин тѳсѳѳлж, амьдрал дээр санаатай болон санамсаргүйгээр тэр дүрүүдийг дуурайх нь элбэг. Орчин үед бүтээгдсэн Монголын ихэнхи кино нэг л биш ээ.

Орилоон хашгираан, хараал зүхэл, хэрүүл зодоон, сэкс завхайрал, цус хүчирхийлэл… Жүжигчид нь дүрдээ орж чадахгүй, нэг л дүр эсгэсэн сэтгэлд шингэцгүй, хуурай. Зохиол нь ч муу, хүний дотоод сэтгэл гэхээсээ зүгээр л үйл явдал хѳѳсѳн. Хаанаас нь яаж ч харсан хүнд ухаарал ѳгѳх гэхээсээ яаж ийгээд ахиухан мѳнгѳ олох гэсэн ядмагхан хүсэл мэдрэгдэнэ. Мэдээж зарим сайн бүтээлүүд бий байх. Туулах ёстой замаараа явж байгаа гэж зѳвтгѳх байх л даа. Гэхдээ ийм киноноос хүмүүс ямар мэдрэмж авч байна вэ? гэдэг нь, анзаарахгүй орхиж боломгүй асуудал.

*ХОШИН ШОГИЙН ЖҮЖИГЧИД ОДОО БОЛНОО!!!

Хошин шогийн тѳрѳл анх хѳгжиж эхэлж байхдаа аятайхан байсныг мэднэ. Үзэгчид олширч, их мѳнгѳ олж эхлэх үеэс жүжигчид, энэ тѳрѳл рүү хошуурч эхэлцгээсэн. Баяжицгааж, гавьяа шагнал хүртэцгээж, ѳѳрдийгѳѳ “ОД” гэж бодоцгоож, урлагийг дураараа авирлах тайз болгоцгоосон доо. Сэдэв нь ядуурч, хошин урлаг нь хошин маазрал болон хувирч сүүлдээ киноны, рекламны урлаг руу хүртэл оров. Нѳхрѳѳ дарамталсан бүдүүлэг эхнэрууд, эхнэрээ байнга араар нь тавьдаг архичин нѳхрүүд, хараал зүхэл, хэрүүл зодоон, хүйсийн болхи солилцоо гээд юу эсийг үзэв дээ бид. Oрилж хашгичсан, хѳѳрч сагсуурсан, шѳлѳѳ сэжиглэмээр сорж тамшаалсан, наад захын соёлгүй рекламуудыг үзэхээс ой гутмаар. Одоо болноо хошин шогийн жүжигчид ээ!!! Энэ нийгэмд та нарын үзүүлсэн муу үлгэрлэл хангалттай, хэм хэмжээ гэж бий.

*СОШИАЛ ОРОН ЗАЙД

Нийтээрээ сошиал орон зайд донтож буй энэ үед маш их мэдээллийг авч, маш олон үйлдлийг дагаж байгаа. Facebook, Twitter, Instagram-уудад олон дагагчидтай дагуулагчид бий. Үлгэр жишээч, мэдээлэл нь мэдлэг ѳгдѳг, ухаарал эргэцүүлэлд хѳтѳлдѳг хүмүүс олон бий. Эдгээрээс гадна сошиал орон зайд бусдыг ѳдѳѳн турхирдаг, хагалан бутаргаж бухимдуулан хилэгнүүлдэг хүмүүс бий. Ядуу, арчаагүй амьдралдаа гутран бухимддаг олон хүмүүст, хэн нэгнийг буруутан болгон үзэн ядуулдаг, аль нэгэн байгууллагыг гутаан доромжилж эсэргүүцэн туйлдуулдаг, аль нэгэн шийдвэрийг ѳѳртѳѳ ашигтай байдлаар эргүүлэхэд ашигладаг нь аймшигтай. Яг онилоод доромжлоход хэн нэгнийг “Хэн ч биш” болгон хувиргадаг, биеийг нь шархлуулахаас илүү сэтгэлийг нь сэмлэн тарчлаадаг энэ сүлжээ олон хүмүүсийг гутранги дорой болгож байна.

*СЭТГҮҮЛ ЗҮЙД

Олон нийтийг бужигнуулсан сенсацид дуртай, судалж таниагүй ярилцагчаасаа ѳѳрѳѳ илүү ухаантай илүү хѳѳрхѳн харагдах ядмагхан хүсэлтэй, бичвэр үг яриа нь болхи цэгцгүй, амьдрал нь тийм ч боломжтой бус болохоор мэргэжилийн боломжоороо “мѳнгѳ хийх” мѳрѳѳдѳлтэй сэтгүүлчид олширчээ. Ёс зүйтэй, хараат бус сэтгүүл зүйн зарчим нь мѳнгѳѳр хашигддаг болохоор олонхи тохиолдолд “Хаалтын гэрээ” хийж үнэн худлын хязгаарт будилан бүдчинэ. Сүүлийн үед “эрэн сурвалжлах” сэтгүүл зүй хѳгжиж, манан дундаас үнэнийг эрэлхийлж байгаа нь таалагдаж байгаа. “Барын сүүл” болж үнэ цэнээ худалдаж байснаас “батганы толгой” болж ѳѳрийнхѳѳрѳѳ байх нь дээр гэдгийг ойлгож эхэлж байгаа ч, ихэнхи сэтгүүлчид ѳѳрсдийгѳѳ шүүмжлүүлэх дургүй. Иргэд хэвлэлийн мэдээлэлд итгэхгүй эргэлзэж байгаа нь тэдний мѳн чанарын илэрхийлэл.

*ТЕЛЕВИЗИЙН САЛБАРТ

“Монгол ТВ” нь дэлхийн түвшний “Авъяаслаг Монголчууд”, “Войс”, “Шарк Танк” Монголын “Аппрентис” зэрэг шоунуудыг контент болгон гаргаж байгаа нь иргэд болон залуусын сэтгэлгээ, хѳгжилд сайнаар нѳлѳѳлж буй. Энэ хэрээрээ “Монгол ТВ” телевизийн  салбрын хѳгжлийн босго хийгээд үзэгчдийн сэтгэлгээний хязгаарыг тогтоож чадаж байна. ТВ хѳгжилд контент хамгийн чухал байдаг аж. Мѳнѳѳх л сонирхолгүй уйтгартай, албархуу ѳгүүлэмжтэй, жалгын сэтгэлгээнээсээ хальж чадаагүй контентуудыг хүмүүс сонирхохоо больжээ. Монголын ТВ үүдын бүх мэдээ нь адилхан, контентууд нь ѳѳр хоорондоо ялгарахгүй шахам байгаа нь хѳгжилд садаа болж байна. Хүмүүсийг соён гэгээрүүлэх гэхээсээ сонгуулиас сонгуулийн хооронд амь зогоон оршиж буй ТВ үүд олон байнаа. Энэ байдал нь сэтгүүлчдэд ч хѳгжих боломж олгодоггүй.

…Монголын нийгэмд хэт хар бараан мэдээнүүд зонхилж байгаа нь хүмүүсийн сэтгэлийг гутранги болгож буй том шалтгаан. Ийм мэдээнүүдийн гайгаар хүмүүс:

“Монгол орон мѳхѳж байна”,
“Удахгүй Хятадын колони болно”,
“Улстѳрчид бүх баялгийг худалдаж дуусч байна”,
“Монголын залууст ямар ч ирээдүй алга”,
“Монголд ингэж зовж байснаас гадаадад гарч жаргасан нь дээр”,
“Монгол хүн угаасаа арчаагүй тэнэг, зусар дорой”,
“Монгол эрчүүд архичин заваан бас бүдүүлэг танхай”

Гэсэн ойлголтыг авч бие биенээ хүндлэхээ больж үзэн ядацгааж, бие биедээ итгэхээ больж хардаж сэрдэн, бие биенээ хайрлахаа больж хагаралдан бутарч байна. Энэ байдал үргэлжилсээр байх уу???

*БИДЭНД БАХАРХАХ ЁСТОЙ МАШ ОЛОН ЗҮЙЛ БАЙГАА:

1.     Бид энэ дэлхийд асар том улс гүрнийг байгуулан хѳгжүүлж байсан аугаа түүхтэй ард түмэн
2.     Нүүдэлчидийн ахуй, соёл, зан заншил, урлаг нь монголчууд биднийг ямар ч нѳхцѳлд хурдан дасан зохицох чадварт сургасан
3.     Том орон зайд томоор харж сэтгэх, юмс үзэгдлийг цээжлэн тогтоох, алив зүйлд бачимдалгүйгээр ууч сэтгэлээр хандаж ирсэн уламжлал байна
4.     Бидэнд ѳдгѳѳ дэлхийн рок урсгалын талбарт тэргүүлж буй “ХҮ” хамтлаг байна
5.     Бидэнд дэлхийн сонгодог урлагийн ертѳнцѳд ѳѳрийн орон зайгаа зарлаж буй дуучин Амартүвшин, Ариунбаатар нар болон бүжигчин Болд, Алтанхуяг, Анужин нар байна
6.     Бидэнд дэлхийн оюун ухааны салбарт тэргүүлэн гайхуулж буй Хатанбаатарын шавь нар байна
7.     Бидэнд Японы сумо барилдааны спортод ноёрхож бaйсан Дагвадорж, Даваажаргал нар тэргүүтнүүд байна
8.     Бидэнд олимпийн домогт аварга болох Түвшинбаяр, Бадар-Ууган нар байна.

Гурван сая хүнтэй монголчууд бидний амжилт бага гэж үү? Бид яагаад үүнийгээ тоолгүй үгүйсгээд ѳчүүхэн алдаа дутагдалуудаа дѳвийлгээд байна вэ? Дэлхийд тамгалагдсан Монгол үндэстэнтэй адилтган жиших үндэстэн тийм болон бий гэж үү?

*OДОО БИД:

-       ЭВ НЭГДЭЛ
-       ХАМТЫН АЖИЛЛАГАА
-       ҮНДЭСТЭНИЙ БАХАРХАЛ
-       МОНГОЛЧУУДЫН ҮНЭТ ЗҮЙЛ
-       САЙХАН ИРЭЭДҮЙ
-       АМЖИЛТ БҮТЭЭЛ

Эдгээрийн тухай бичиж нийтэлж, туурвиж бүтээмээр байна. “ЦУВЖ ЯВСАН БАРСААС ЦУГАЛЖ СУУСАН ШААЗГАЙ ДЭЭР” хэмээн ѳвгѳд дээдэс минь сургасан бѳлгѳѳ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2020-01-06                                                                                                     Улаанбаатар хот


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.