05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

Харуудын хороолол

Америк орныг хар арьстангүйгээр төсөөлөх аргагүй. Хот болгонд тэдний оршин суудаг дүүрэг байх. Хамгийн том нь болох Нью Йорк хот дахь Xарлем хорооллын тухай дуулаагүй хүн ховор биз.

Надад эндхийн харуудын хороололд хэд хоног ажиллах "завшаан" тохиолдсон юм. Бусдын  тусламж шаардлагатай өндөр настай хүмүүст нийгмийн халамжийн газраас мөнгийг нь төлөөд  сард гуч дөчин цаг хүн ажиллуулах гэрээг ажил зуучлагч агентлагуудтай хийдэг юм. Би ажлын өдрүүдэд ажилладаг тул хагас бүтэн сайнд цөөхөн цагийн ажил хэрэгтэй байна гэж хүссэний дагуу миний ажилладаг агентлаг долоо хоногт арван цагийн ажил өгөв. Цагийн үнэлгээ нь овоо мөртөө хийгээд байх юм нь бага энэ ажлыг би хоёр сар хийсэн.

Утсаар хаягийг нь бичиж аваад нэг хагас сайнд яваад очлоо. Эхлээд үйлчлүүлэгчээ хар цагааныг нь ч мэдсэнгүй, агентлаг ямар тэрийг хэлэх биш, огт очиж үзээгүй дүүрэг тул  интэрнэт ахаасаа  замаа "асууж" аваад  гарав. Трамбайнд сууж нилээд тойрон түчигнэсээр бараг дөчөөд минут явлаа. Хотын төвөөс гараад  нөгөө миний тэмцээн үздэг бейсболын  том стадион өнгөрөөд л харууд олшроод ирэв.

Би арьсны үзэлтэн биш л дээ.

Хар болсон нь ямар тэдний буруу биш. Заасан буудал дээр буусан чинь жинхэнэ харуудын хороолол байна.  Тэгэхээр нэг их  нооройсон гудамж, навсайсан оромж, овоолсон хог байна гэж бодуузай. Яг л орчин үеийн америкийн хот, ногоон мод алаг цэцгээр чимэглэсэн өргөн саруул гудамжууд, гаднаа  зарим нь хуучивтар зарим нь  шинэ загварын ганган машинууд тавьчихсан  хоёр гурван давхар орон сууцнуудтай бусдаас ялгарах юмгүй ердийн л  газар байна.

Харин замд таарах арван хүний ес нь хар, үлдсэн нь мексик, хужаа эсвэл цус холилдсон нь илт өнгөт арьстай эрлийзүүд. "Цагаан" хорооллыг бодвол гудамж нь их олон хүнтэй юм. Амралтын өдөр болоод тэр үү хэд гурваараа бөөгнөрөн энд тэнд зогсоод ярилцаж гудамжны нөгөө талд яваа нэгэнтэйгээ замаар өнгөрөх машин тэрэгний дууг ч үл хайхран хашгираад юм асууж  ч байх шиг.

 Тэр ч байтугай  явж байгаа машиныг замын голд зогсоогоод  нэг их чухал биш  зүгээр ердийн л хаашаа явж байна, би шуудан орно, тэр байна уу  гэх мэтээр  ярилцах нь сонин санагдлаа. Ер нь бие биеэ мэдэхгүй танихгүй хүн ч алгаа. Нэрээ дуудалцан харын өвөрмөц (жаахан ялгаатай шүү, над мэтийн хэл муутай хүн ярилцагчаа хараагүй бол тийм амар мэдэхгүй ч цагаанууд бол утсаар сонсоод л шууд таньдаг) аялгатай хэлээрээ чанга ярин хөгжилтэй инээлдэж хийх юмгүй жаргалтай сайхан улсууд л энд тэндгүй.

  Урд нь миний ажиллаж амьдарч байсан айлууд маань цагаануудын дүүрэгт (тийм газрыг сайн орчинд тооцдог юм билээ) байсан, тэнд  бол хүүхдээ юм уу нохойгоо салхилуулж эсвэл гүйж байгаа хүнээс өөр хүн гудамжинд үзэгддэггүй, хоорондоо таарсан ч мэндлээд л зөрөөд өнгөрөхөөс яриа дэлгээд зогсоод байх нь бараг харагддаггүй юм билээ. Анх очоод гадуур гарахдаа жаахан будилаад байгаа айлынхаа гудамжийг олдоггүй, хүнээс асуух гэтэл хааяа машин сүнгэнээд байхаас  нэг ч хүн явдаггүй,  мунгинаж эргэж тойрсоор нэг юм харьсан юм даг.

Манай үйлчлүүлэгчийн хувьд нэг их цаг баримтлаад ажлаар шахаад байхгүй, би уг нь нэг өдөр таван цаг ажиллах ёстой ч дээд тал  нь хоёр, голдуу нэг цаг хагас  л ажилладаг байсан. Ажил нь ч  хөнгөн, бэлдсэн хоолыг нь халааж өгөөд аяга тавгийг нь хурааж угаагаад хорь гучин минут зурагт үзүүлсний  дараа унтахаар нь  явна. Гурван ч удаа ирээд хэрэггүй гээд намайг амраасан. Тэгэхдээ бүх цагийг минь бүтэн бичиж өгдөг буянтай хүн дээ.

 Миний ажигласнаар хар хүмүүс цайлгандуу, найрсаг зөөлөн зантай ч бас барьц муутай юм шиг санагдсан. Дүү  нь гээд нэг туранхай хар хүүхэн өнөөдөр нь жигтэйхэн сайн найзууд шиг сүйд майд болж салаад маргааш нь ирэхэд шал хөндий царайлж  бараг мэндийн зөрөөгүй ч байх шиг.

Надад  ганц нэг таньдаг хүнээс өөр ойр дотнын "өнгөт" найз байх биш, тэгээд ч олон хүн сайтай муутай, янз бүр л байдаг биз. Хар болгон муу биш, бас цагаан болгон ч сайн  биш гэж боддог юм.

Нэг удаа ажлаа тараад буудал руу явж байтал эсрэг талын гудамжинд олон өнгийн том шаарнуудаар хэд хэдэн багана босгож зөндөө хүмүүс бөөгнөрсөн байхыг харав. Хурим хийж байгаа юм болов уу гэж бодоод хэрэгт дурлаж аз жаргалтай хосуудыг харчих санаатай яваад очлоо.

Томоо гэгчийн тавцан засчихсан, хэдэн булиа хар залуучууд дээр нь өсгөгч хөгжим угсарч дөрөв таван микрофон зоочихсон шалгаж байна. "Хүргэн, бэр" хоёр ч харагдсангүй,  тэгээд ч хуриманд ийм концерт тоглохгүй биз, ямар нэгэн баяр болох гэж байгаа юм болов уу гэж таагаад харж зогслоо.

Хар хүүхнүүд угаасаа тод улаан, шар, ногоон, ягаан өнгийн хувцсыг  ээмэг зүүлттэйгээ өнгө хослуулан гоёх дуртай, сайхан ч зохидог юм. Энд ч бас хурц өнгийн, зарим нь гялалзсан чимэгтэй  хувцсаар гоёсон тарган туранхай   эмэгтэйчүүд   цэцэг адил өнгөлөг хувцаслаж  том алаг нүд эргэлдүүлсэн хэдэн хүүхдээ дагуулчихсан,   хар эсвэл  цагаан юм л  голдуу өмсдөг харчуудынхаа дундаас эрс ялгаран  харагдана.  Гонжоом углаж зангиа зүүсэн албаны царайтай хэдэн цагаан "дарга", дунд нь нэг ази    хүн байв.

Жаахан зайдуу  том эрээн мяраан сүүдрэвчүүд босгож доор нь  ширээ тавиад шил лаазтай уух юм,   төрөл бүрийн сэндвич, бялуу  мэтийн  идэх юмнууд тавиур дээр өрөөд гялгар цаасаар бүтээчихсэн, тэнд цугласан олныг харахад сэтгэл нь их хөдөлж хөөрсөн шинжтэй. Над шиг толгойдоо горшоок (мануухайных шиг биш шүү, нөгөө Бритнигийн экс Кевин өмсөөд зургаа авхуулж ОК сэтгүүлд гарсантай өнгө хийц нь адил ... жаахан өөрийгөө өөд нь татъя энэ чинь) углаад пүүз өмсчихсөн жирийн гар тэнд алгаа.

Тэгээд хажууд байх авгайгаас юу болоод байгааг асуутал дуурийн "байшин"-гийн нээлт гээд гараараа зангасан зүг рүү нь хартал  " Bay Veiw Opera House" гэж томоор бичсэн хаяг нь хар торон "гивлүүр"-ийн цаанаас тодхон харагдах өндөр байшин хажууд сүндэрлэн байх нь өнөөдрийн хөл хөгжөөний "эзэн" юмсанж.

  Хөгжим нь арай бэлэн болоогүй, тэгээд ч аягүй бол энэ хэдэн хар цагаан дарга нар нь үг хэлээд мөддөө дуу хуур нь эхлэхгүй биз гэж бодоод хүлээхээсээ залхуураад яваад өгсөн. Тэгээд замдаа  энэ байшинд хар фрак цагаан цамц, эрвээхэй зангиатай  хар залуу,   гялалзсан урт палаажтай хар бүсгүйн хамт дуурь дуулах үдэш эдгээр  хүмүүс цуглаж   нижигнэтэл алга ташин баяр хүргэх байх даа гэж бодож явлаа. Дуурь гэснээс "Учиртай гурав"-аа сонсох юмсан...

Эх сурвалж: http://altargana.blog.banjig.net 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.