04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

Харьд одсон, одохоор завдаж байгаа залуустаа хандаж хэлэх үг!

Элэг нэгт ахан дүүс та нартаа Амар байна уу? хэмээн мэндчилье.

Цагийн салхи, амьдралын эрхээр энд тэнд түр хугацаагаар таран одсон Монголын мянга мянган залуус та бүхэндээ сайныг ерөөе.
Ороо бусгаа нийгмийн өөрчлөлт, ойворгон сагсуу өөрийгөө бодсон төрийн томчууд, улстөрчид, муу хүмүүс, өнөө цагийн хатуу бүхэн та бүхнийг харьд одоход хүргэсэн.

Урьд нь би та нартаа гомддог байлаа.

Элдэв үгээр дайрдаг байв. Зугтагсад, Хувиа хичээгсэд гээд л. Монголдоо хурдхан ИР гээд л.
Та нар намайг ВИЗ нь гараагүй гээд л.
Би хариуд нь үлдэгсэд бүгд ВИЗ нь гараагүй хүмүүс биш гээд л.
Та нар намайг атаархагч гээд л.
Би хариуд нь “Та нар ясаа ч болтугай Эх орныхоо хөрсөнд булаарай, тэгвэл ядаж Бордоо болно” гээд л.

 . . .
Энэ бүхний эцэст би, бид яах гэж ингэж муудалцана вэ? гэж бодлоо.

Би өөртэйгээ ярилаа, өөрөөсөө асуулаа, бодлоо . . .?

“Би Та нарыгаа яах гэж явсныг мэдэж байгаа юм байна.
Та нар минь хувиа хичээгээгүй юм байна.
Монголдоо хурдан ирэх гэж ТЭМҮҮЛЖ байгаа юм байна.
Монголоо ХӨГЖҮҮЛЭХИЙГ хамгаас их хүсч байгаа юм байна” гэсэн хариуг дотор хүн минь НАДАД хэлж өглөө.

Одоо яахав ээ? гэж өөрөөсөө асуулаа . . .

Та нартайгаа ХАМТ байх ёстой юм байна гэдгийг ОЙЛГОЛОО. Мэдээлэл харилцаа хөгжсөн өнөө цагт ТА нар дэргэд минь байгаа юм байна.
Захих зүйл байгаа юм байна.
Ирэхдээ Надад, Бидэндээ, Монгол эх орондоо БЭЛЭГТЭЙ ирээрэй гэж захих ёстой юм байна.

Ирэхээсээ өмнө бидэнд явуулах БЭЛЭГ хэрэгтэй юм байна. Та нартаа захья.

-Хэрвээ Чи наанаа өндөр цалин авч байгаа бол наадуул чинь яаж өндөр цалин өгч чадаж байгаа талаарх СУДАЛГААГ НЬ.
-Ямар хэмжээтэй байшин хэрэг болдог вэ? ЗУРГИЙГ НЬ.
-Хэдэн хүн ажилладаг юм бэ? АЖИЛ ҮҮРГИЙН ХУВААРИЙГ НЬ.
-Ямар техник хэрэглэдэг юм бэ? ЖАГСААЛТЫГ НЬ.
-Үүнийг Монголд хэрэгжүүлж та нар чадах уу? АСУУЛТЫГ.

Үүнийг та нар бидэндээ явуулчих юм бол БИД энд дараах зүйлсийг хийгээд БАЙЖ байя.

-Барилгыг нь бариад БАЙЖ байя.
-Хотынх нь суурийг ТАВЬЖ байя.
-Хүмүүсээ нь бэлтгээд НИЙГЭМШИЖ байя.
-Техникийг нь судлаад МОНГОЛЧИЛЖ байя.
-Мөнгийг нь цуглуулаад ХАДГАЛЖ байя.
-Чадахаа хийгээд БҮТЭЭЖ байя.
-Эрүүл мэнддээ АНХААРЧ байя.
-Эх орноо нүд цавчилгүй МАНАЖ байя.

Ирэхдээ бас БЭЛЭГТЭЙ ирээрэй. Шуналтчихлаа уучлаарай.

-Өндөр мэдлэг ӨВӨРЛӨӨД ирээрэй.
-Туршлага, дадлага ӨВЛӨӨД ирээрэй.
-Технологийг нь тархиндаа НУУЦЛААД ирээрэй.
-Өнөр өтгөн гэр бүлээ ДАГУУЛААД ирээрэй.
-Нилээд хэдэн доллар ЦҮНХЛЭЭД ирээрэй.
-Хамгийн гол нь ЗАХИАЛГЫГ нь аваад ирээрэй. Энэ бол хамгийн ГОЛ нь.

Тэгэх юм бол цөмөөрөө борцтой цайгаа хуваан ууж байгаад л БУЖИГНУУЛЖ өгнө дөө. Тэр үед ДЭЛХИЙ биднээс гуйхгүй яах вэ дээ “Хийгээд өгөөч? гэж.
ЗАХИАЛГААР л тасрахгүй бол бид алзахгүй.

Эх орон чинь та нарыгаа хүсэн хүсэн ХҮЛЭЭЖ байна. Ярих зүйл ихтэй ирээрэй.
Цөмөөрөө Хамтдаа бужигнаж байхсан. Олуулаа байх ч сайхан даа.

Тэр цаг удахгүй дээ


Бичсэн: Боржигин овогт Доржсүрэнгийн Галбадрах

Эх сурвалж: dayarmongol.com


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.