04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

ХОРИН НЭГ ХОНОГИЙН ГЭРИЙН ХОРИО /25 дахь өдөр/

Цагийн байдал хүндрэх тал руугаа хазайж, өдөр бүр өөрчлөгдөж байна. Цар тахлын халдвар зүүн эрэгт тун хүндэрч, баруун эрэгт тогтоон барихыг хичээж байна. Халдвар авсан хүн ихсэхээр эмнэлэгт буй халдвар аваагүй хүмүүсээ хамгаалах асуудал хүндэрч байна. Хятад улс эл асуудлыг шийдэхдээ зөвхөн корона вирусын зориулалтай эмнэлэг байгуулж амжилтад хүрсэн. Америк тийм зорилт тавиагүй болохоор мэс засал хийх, үр хөндөх гэх мэт ажлаа хойшлуулж, бүх нөөц бололцоогоо корона вирустэй тэмцэхэд чиглүүлж, эмнэлгээ холимог өвчтөнтэй хэвээр байлгахаар тогтон ажиллаж байна. Хиймэл амьсгалын аппарат ажиллуулах мэргэжилтэн хүрэлцэхгүй байгаа тул эмнэлгийн ажилчдын дунд хурдавчилсан сургалт явуулж байна. Халдвар авсан өвчтөнтэй эмнэлгүүд тусгаарлалтын нарийн горимд шилжсэнээс болж, хэвтэж эмчлүүлж байсан хүмүүс эрсдэлтэй болж байна. Нэг үхрийн эвэр дэлсэхэд мянган үхрийн эвэр доргино гэгчээр өөр хоорондоо хамааралтай хямрал үүсэж байна.

Өчигдрөөс эхлэн Сан Франциско хотод хүнсний дэлгүүр зэрэг хүн олонтой газарт орохдоо заавал нүүрээ хаах, маск зүүх журам тогтов. Зөрчсөн хүнийг 1000$-оор торгож гэсгээхээр болжээ. Өнөөдрөөс Лос Анжелес хотноо мөн маск зүүх шаардлага тавьж эхлэх юм байна. Хоорондоо зайгаа барих арга сайн хэрэгжсэний үр дүнд цар тахлын тархалтыг хязгаарлан барьж байна хэмээн мужийн захирагч мэдэгдэв. Үүнтэй би мөн санал нэг байна. Харин маск зүүж дадах дээрээ аанай л байх шиг. Хотын төвөөр явахад хаа нэгтэй маск зүүсэн хүнтэй таарав. Бага хүүдээ хэдэн ширхэг маск явуулахаар шуудан оров. Дараалалд зогсох талбайн 6 фийт тутамд шар зураас тавьсан, хүмүүс яг түүн дээр зогсож байна. Шуудан хүлээн авагч гартаа бээлий, нүүрэндээ маск, бүрхүүл зүүж, ширээндээ мөн хуванцар бүрхүүлтэй болжээ. Хамгаалалтыг хэрэндээ сайн хийсэн харагдав. Дараалалд зогссон ихэнх хүн масктай байлаа. Шуудангийн үйлчилгээ жаахан удааширчээ.

Манай мужид хууль бусаар ажилладаг латин америк хүмүүс их бий. Бараг дуртай үедээ хилээр гүйгээд ороод ирдэг нөхөд болохоор аргагүй биз ээ. Энэ баян мужийн хамаг хар бор ажлыг тэд л бага хөлсөөр нугалдаг. Ажлын мухлай нар бичиг баримтгүй болохоороо тогтсон цалингийн хэмжээнээс бага мөнгө авдаг хэрэг. Тэд олуулаа, бас нутагтаа үлдсэн аав ээж, ах дүүдээ байнга мөнгө шилжүүлж, илгээмж явуулдаг. Цар тахлын улмаас нийтээрээ гэрийн хорионд орсон болохоор зоогийн газрууд, албан байгууллагууд хааж, үйлчилгээний ажил хийдэг латинууд ажлаасаа олноороо халагджээ. Нэгэнт хууль бус тул тэдэнд нийгмийн даатгалын дугаар байхгүй учир элдэв тэтгэлэг олдохгүй, санхүүгийн бэрхшээлд унаж, хоол ундаа авах мөнгөгүй, бараг хагас өлсгөлөнгийн байдалтай болсон тул буяны байгууллагууд хоол хүнсний зүйл үнэгүй тараан өгч байна. Латин хүмүүс Сан Хозе хот орчмоор төвлөрч амьдардаг болохоор хоол унд үнэгүй тараадаг цэгүүд тэнд нээгджээ. Цар тахлын өвчлөлтөөр латинууд хар бор арьстны дараа орохоор өндөр байгаа гэнэ. Үүнд үндсэн хоёр шалтгаантай ажээ. Нэгт, даатгалгүй болохоор эмнэлэгт ер үзүүлдэггүй, ямар архаг өвчинтөөгөө мэддэггүй байна. Хоёрт, тоосжилт их, ус муутай газар төрж, өссөн тул архаг багтраа (астма) өвчинтэй байдаг гэнэ. Корона вирус бол багтраатай хүнийг андахгүй барьж авдаг нь тодорхой болжээ. Мексикийг ус их муутай газар гэж анх удаа сонслоо.

Үүнтэй холбогдуулан хэлэхэд манай монголчууд дотор хар бор ажлыг "боолын хөдөлмөр" гэж жигших маягтай ярьдаг буруу ойлголт байдаг. Боолын хөдөлмөр гэвэл гав дөнгөтэй мөртөө хүчээр ажиллаж, ямарч цалин авахгүй зарагдаж, эрхгүй дарлагдаж хөдөлмөрлөхийг хэлэх болов уу. Хулгай хийхгүй, худал ярихгүй, хар бор ажлыг гололгүй хоёр гараараа хийж, цалин мөнгө авч буй нь өөрийн чадлаараа олсон ариун цагаан хөдөлмөрийн үр шим юм. Хөдөлмөр хийгээд хүн ажил сурч амьдрал сайжирч, өөдөлж дэгжинэ үү гэхээс огт мууддаггүй, амь амьдралаа бүрэн аваад явчихдаг даль жигүүртэй болдог. Манайд хөдөлмөрлөж үзээгүй мөртөө худал ярьж, хулгай хийж, улс орныг идэж хөлжсөн хэсэг нөхөд аархаж, бусдыг доош хийж "боолын хөдөлмөр" хэмээн ярьсныг нь учир үл мэдэгчид түүнийг нь сэвээд байдаг бололтой. Боолын хөдөлмөр гэж ярьж буй хүмүүс оюуны хомсдолд орсноо мэдэж, өөрөөсөө ичих цаг нэгэнт болжээ. Харьд ажиллаж, амьдарч буй монголчууд ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдрал ахуйгаа өргөж, төдий чинээгээрээ улс орондоо тус дэм болж буйд харин тэднээр бахархах хэрэгтэй.

Цар тахлын шинжилгээнд халдвар авсан байж болох сэжиг бүхий 2 сая хүнийг хамруулахад хагас сая орчим нь халдвартай гарчээ. Тэгэхээр шинж тэмдэг илрээгүй хичнээн хүн байж болох вэ? гэсэн асуудал үүсээд байна. Цар тахал тусаад бүрэн эдгэрснийг тогтоох, улмаар давтаж халдвар авсан эсэхийг нь мэдэх зорилгоор антибоди шинжилгээнд хамруулах талаар ярьж байна. Антибоди шинжилгээний төвийг манай энэ хавьд бол Стэнфордын их сургууль дээр байгуулах юм байна. Халдвар бүрэн эдгэрсэн тухай баталгаа өгөх нь ажилдаа эргэж ороход тун хэрэгтэй зүйл ажээ. Цар тахал тусаад эдгэсэн, бусдад халдаах магадлалтай хүмүүсийг зарим орны адил гар утасны байршлаар хөдөлгөөнийг нь хянах санал гарч буй ч хүний хувийн нууцад хамрах асуудал болохоор шийдэж чадахгүй байна. Эргэн тойронд ийм өөрчлөлтүүд болсоор байна. Америкт ажиллаж амьдарч буй монголчууд маань биеэ ядраалгүй, стресст авталгүй, эрүүл чийрэг байж тахлын гамшгийн үеийг туулахын өлзийтэй ерөөлийг өргөн барья!

Ш.Баатар
2020.4.9

 

 

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.