05 сарын 02, Пүрэв
°C
USD 3,378.90
USD 3,378.90
EUR 3,602.25
JPY 21.40
GBP 4,218.56
RUB 35.95
CNY 466.63
KRW 2.44

Хүүхдийг хайрлах нь хамгийн том буян - Асрамжийн газарт өнгөрөөсөн хагас өдөр

Асрамжийн газарт өнгөрөөсөн хугас өдрийнхөө талаар бичихээс өмнө би “ТА ГАНДАН ОРЖ НОМ УНШУУЛДАГ МӨНГӨӨРӨӨ ЧИХЭР АВААД, ХЭРЭГГҮЙ ГЭЭД ХАЯЧИХАЖ БАЙГАА ХУУЧИН ХУВЦАСАА УГААГААД ЦЭВЭРХЭН ЭВХЭЭД УЛСЫН ТӨВ АСРАМЖИЙН ГАЗАРТ ОЧООД ХҮҮХДҮҮДЭД ӨГӨӨРЭЙ. Таны энэ үйл, ГАНДАНД ОРЖ МЯНГАН НОМ УНШУУЛСАНТАЙ ТЭНЦЭХҮЙЦ ИХ БУЯН ХУРААСНЫГ ХҮҮХДҮҮДИЙН БАЯРЛАСАН СЭТГЭЛИЙН НҮД ТАНЬД ААНДАА ХЭЛЭЭД ӨГНӨ. САРД ГАНЦ УДАА, ҮГҮЙ ЭЭ УЛИРАЛД ГАНЦ Ч БАЙСАН БОЛНОО. ТАНЫ ХИЙСЭН ГАНЦХАН АЛХАМ, ААВ ЭЭЖИЙН ХАЙРААР ДУТАЖ ЯВАА ХҮҮХДҮҮДЭД ХҮМҮҮС, ХҮМҮҮСЭЭ ХАЙРЛАДАГ ГЭДГИЙГ УХААРАХАД ХЭРЭГТЭЙ. ЭНЭ БОЛ ТЭДНИЙ ИРЭЭДҮЙН АМЬДРАЛД ХИЙЖ БАЙГАА ХАМГИЙН ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЮМ ШҮҮ.”
ТА ТӨСӨӨЛӨӨД ҮЗ ДЭЭ – хоолны ширээний ард аав ээждээ “би хоолоо нэмүүлмээр байна" гээд хошуугаа унжуулан тунирхан суухын оронд, амт муутай нормын нэг тавга хоол идчихээд, нэмэлт гэдэг үгийг мэдэх ч үгүй ширээнийхээ араас үг дуугүйхэн босоод явах тэр жаалыг .....
ТА ТӨСӨӨЛӨӨД ҮЗ ДЭЭ – аав ээжийнхээ дунд тарвалзан унтахын оронд, уцаартай асрагчийн чанга хахир дуунаар, толгойн дээгүүрээ бушуухан шиг хөнжлөө хулмайлдан, өөрийгөө унтуулахыг албадах гуравхан настай бяцхан хүүг ...

ТА ТӨСӨӨЛӨӨД ҮЗ ДЭЭ – гурван настай дүүгээ хээв нэг том хүн шиг аргадаад, нулимсыг нь арчаад, хэгжүүхэн үг хэлэх таван настай хэрсүүхэн хүү, гомдсон сэтгэлээ нуун хөнжлийнхөө цаана чимээгүйхэн эхэр татан уйлахыг ...
ТА ТӨСӨӨЛӨӨД ҮЗ ДЭЭ – хүний өгч байгаа цэвэрхэн, хуучин хувцасыг өмсөөд, тохой томдсон ханцуйг нь арагш нугалаж өмсчихөөд “би өмнө нь хэзээ ч ийм шив шинэ хувцас өмсөж байгаагүй ээ” гэж хэлээд баярлалаа гэж хэлэх бяцхан охиныг ....
ТА ТӨСӨӨЛӨӨД ҮЗ ДЭЭ – Орж ирэх эмэгтэй болгоныг энэ “миний ээж тээ нөгөө намайг ирж авах” гээд хүлээлгийн сандал дээр өдөр болгон хэзээ ч хараагүй, хэзээ ч ирэхгүй ээжийг харуулдан суух, хазгай муруй ярих хэлд орж ядан байгаа бяцхан хүүг .... ээжийгээ хүлээлгийн сандал дээр өдөр болгон харуулдан мэндчилэх гэж үеийхнээсээ түрүүлж хэлд ороо юм болов уу ...
ТА ТӨСӨӨЛӨӨД ҮЗ ДЭЭ – хүүхдийн нүдэнд хэзээ ч унах ёсгүй хэрсүү, хэгжүүн, ууртай, гомдсон, гутарсан, жигшсэн, хүлээсэн, царайчилсан харцыг ...
ХҮҮХЭД ХЭЗЭЭ Ч, ЮУНЫ Ч ӨМНӨ БУРУУТАЙ БАЙХ ЁСГҮЙ. ТЭД ЗҮГЭЭР Л ХҮҮХДҮҮД ШҮҮ ДЭЭ.

Улсын Төв Асрамжийн газрын хаалгаар гарах бүрт, зүрхэн тушаа хүндээс хүндээс, бүр хүндээс хүнд туухай дүүжлэгдээд, хоолой маань цэхэртээд, нулимс маань өөрийн эрхгүй нүдний аяга дүүргээд хэцүү байдаг юм. Хүний гар харж, бусдын нүд харуулдан, бараандуу өдөр хоногийг өнгөрөөж байгаа, хоосон ходоодонд захирагдсан хулгайн нүдээр дэл сул зүйлийг тэмтчих харцтай балчир хүүхдүүдийг хараад тэдний төлөө юу ч хийж чадахгүй байгаадаа гутрах шиг санагдаад л тэр. Өмнө нь асрамжийн газраар ойр ойрхон очдог байлаа. Тэр бүрт энэ мэдрэмж минь намайг хэдэн өдөртөө л зовоогоод, өдөр тутмын ажил амьдралд минь муугаар нөлөөлөөд байдаг болохоор, би асрамжийн газар руу зүглэхээс зүрхшээдэг болоод байгаа юм.
Харин энэ удаад ажлын завсар гарсан дээр нь, хуучин муусайн хувцаснуудаа цуглуулаад жаал жуулхан юм аваад асрамжийн газар руу явлаа. Би дандаа эрэгтэй дүү нартай болохоор хуучин муусайн хувцаснуудаа цуглуулаад асрамжийн газрын хүүхдүүдэд өгдөг болсон.

Үүдээр оронгуут л нөгөө л нэг танил шээсний, хирний бас хайр нэмхэмжилсэн үнэр намайг угтлаа.
Хуучин ч гэсэн хувцаснуудаа сайхан угааж индүүдээд цэвэрхэн шиг эвхээд таарсан хүүхдүүдэд өгөөд “баярлалаа эгчээ” гэх үгийг сонсох ямар сайхан байдаг гээч. Тэдний баярлалаа гэх үг өмнө нь, хэний ч амнаас сонсож байгаагүй үнэн сэтгэлийн жинхэнэ баярлалаа байж чаддаг юм. Хувцасыг минь аваад нүдэнд нь цог гэрэлтээд л, бүр нэг баяртай гээч ....
Жил гаруйн өмнө, би асрамжийн газар байгуулах гээд хөл алдан гүйж байлаа. Эхний хөрөнгө оруулагчид нь дэмжинэ гээд, Цолмон найз охин маань туслана гээд л .... Яг тэр үед асрамжийн газрынхаа бүх зүйлийг төлөвлөн ярилцаад бүр унтаж ч чадахгүй зүүдэндээ хүртэл хүүхдийн инээд цалгисан асрамжийн газраа төсөөлөн унтдаг байлаа. Ахын маань хэлсэн “хүн хүмүүжүүлнэ, сургана гэдэг чинь тийм амар зүйл биш. Эхлээд чи өөрөө хөл гараа ол. Өөрөө хүн болох ёстой. Юм юманд бухимдаад байдаг, автдаг зангаа захирч бас наад сэтгэл хөдлөлөө хэрэгтэй үед нь нууж чаддаг болох ёстой” гэж хэлсэн үг нь мэдээж хамгийн үнэн байсан юм. Гэхдээ өөрийн гэсэн асрамжийн газартай болно гэсэн маань, миний энэ насны мөрөөдөл ч байж болох юм.

Асрамжийн газарт өнгөөрсөн хагас өдөртөө би авч очсон “Үүлэн бор” номноосоо (энэ номыг би бичиг үсэг тайлагдсаныхаа дараагаас л амтархан унших болсон анхны ном. Одоо ч дүү нараа унтуулахад ашигладаг хэрэгсэл болгоод байгаа. 11-р ангийн зөнөг дүү нар маань Оогий эгчээ үлгэрээ уншуулая гэж хэлдэг гээд боддоо. Хайраар хүмүүмжсэн хүүхэд, хүүхэд л байдаг юм хөөрхөн) хүүхдүүдийг тойруулж суулгаад үлгэр уншиж өгөхөд ямар хөөрхөн гээч. “Ах дүү Иван”, “Хөх Чоно хөлгөлсөн хаан хүү Иван” гэхчилэнгээр хүүхдүүдийн хүсэлтээр дарааллуулан уншсаар байтал нэг мэдэхэд 4 цаг өнгөрчихнө. Ингээд л, би явна нөгөөх л хүнд гунигтайгаа, гэхдээ өөрийгөө хурдхан шиг бэрхэд хөл алдахгүй “том” эмэгтэй болгочихоод өөрийн гэсэн асрамжийн газартай болно доо гэсэн хүсэлтэйгээ ...

Эх сурвалж: http://oogiinoo.blogspot.com


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.