05 сарын 04, Бямба
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Америкт ажилчин болсон түүх: Шинэ "мэргэжил"

Хичээлийн амралт ч эхэлж би ч эмгэнээсээ салаад  шинэ ажил руугаа нүүлээ . Эрдмийг хичээлээр гэдэг ч би бас залхуу сурагч байсан. Даалгавраа хийж очсон удаа бараг байхгүй , анги дээрээ  очоод  багшийг асуухаар яаж ийгээд  аргалчихна . Бага байхын л юмыг дандаа цагийг нь тулгаж байгаад нэг мөсөн хийдэг зан маань одоо ч хэвээрээ. Дотроо бодоод л яваад байна , тэгж тэгж нэг эхэлбэл харин дуусгачихдаг. Харин энэ инглишийг яагаад ч юм  " старт " хийж өгдөггүй  , инерцээрээ яваад байсан хэрэг. Одоо ч гэсэн тэр.

Шинэ ажил маань бас л эмээчин  үү гэж үү . Биш ээ , хүүхдийн цэцэрлэгийн багш. Яг үнэндээ бол багшийн туслах л даа , гэхдээ хүүхдүүд маань намайг багш аа гээд  дууддаг юм. Эзэн маань орос , харин хүүхдүүд  бол америк , ази , латин гээд оросоос бусад үндэстэн   . Энд хараад байхад үйлчилгээний бизнес эрхэлдэг оросууд өөрийн клиентээр оросуудаа авах дургүй , асрамжийн газарт ч тэр , бодвол хэл ам их гарна гэдэг юм уу  бүү мэд .

Гэр цэцэрлэг гээд хувийн байранд цэцэрлэг нээхийг зөвшөөрдөг , мэдээж тодорхой шаардлагуудыг хангасан байх ёстой , жишээ нь гадаа хашаандаа тоглоомын талбайтай байх гэх мэт . Хоёр давхар байшингийн доор нь цэцэрлэг , дээр нь би нэг жижиг  өрөөнд нь , арай томд нь хоёр орос  амьдарна . Тэд ч бас над шиг " багш " л даа . Арай ахимаг настай Таня нь хөв хөдөөний  тов тосгоны , харин Марина нь залуухан охин . Эзэд маань өөр цэцэрлэгийнхээ дээд давхарт нь суудаг юм .

Эхний өдөр тэр олон хүүхдийн шуугианд миний толгой эргэж гүйцэв . Олон ч гэж дээ 12-13 хүүхэд , хоёр багштай . Ядаж нэрийг нь мэдэхгүй , памперс , хувцсыг нь солих гээд будлиад л , энд ч нэг нь уйлаад тэнд ч хоёр нь зодолдоод зарим нь дээд давхар луу гүйж " манай гэр " -ийг  үймүүлээд арай гэж нэг юм  орой болж тэд ч тарсан даа. Удалгүй хүүхдүүдтэйгээ танилцаж ажиллахад ч хялбар болж ирэв . Арай томуудад нь  үсэг тоо , өнгө , дүрс гэх мэт хичээл болон сэтгэхүй хөгжүүлэх тоглоом заах , хүүхдийн кинонууд үзүүлэх , ном уншиж өгөх ,  гадаа талбай дээр тоглуулах гээд нээрээ л багш болохыг шахлаа. Хүүхдүүдийн ихэнх нь " хольцтой " , өөрөөр хэлбэл аав ээж хоёр нь өөр үндэстэн . Аргагүй л дэлхийн бүх орны цагаачдаас бүрдсэн улс гэдэг нь мэдэгдэнэ  . Ер нь цэвэр цустай хүүхэд нэг хоёр л байсан . Нэг хөөрхөн ази хүү , яг монгол хүүхэд шиг онигор нүд , налчгар хамартай , тэгсэн ээж нь хятад аав нь вьетнам.

Энд ихэр хүүхдүүд олонтой , нэг цэцэрлэгт дор хаяж нэг ихэр байна . Манай нөгөө  " ихмэдэх " армян найз авгай л , эндэхийн хүүхнүүд голцуу хиймлээр үр суулгахдаа юмыг яаж мэдэхэв гээд "запас"-тай хийлгэдэгээс олон ихэр төрдөг гэж  авсан шүү . Тийм  байх нь байдаг биз . Харин миний ихэр жаалууд бол удамтай , ээжийнх нь өвөө ихэр юм гэсэн. Цэцэрлэг ч гэж дээ бараг ясли гэж болохоор , хүүхдүүд  нэгээс гурван настай .   Угжны ангаахайнууд ч байна .  Эндхийн ээжүүд хүүхдээ хөхүүлэх нь ховор ,  формула гэдэг хүүхдийн тэжээлээр угжина . Маш олон төрлийн витамин эрдэс бодистой  , бараг хөхний сүү шиг найрлагатай гэх юм билээ  , их  ч үнэтэй. Тэгээд ихэвчлэн асрагч хөлслөөд ажилдаа орж жаахан том болохоор нь цэцэрлэгт өгнө дөө . Үнэтэй байшин зээлийн гэрээгээр авчихсан байдаг болохоор ажилдаа орохоос ч аргагүй байдаг биз дээ . 

 Хүүхдүүдийг сайн харахгүй бол зодолдоод юм уу унаад энд тэндээ хөхөрчихвөл эцэг эх нь цагдаа ч дуудаж мэднэ . Хүний хайр татсан хөөрхөн ааштай сэргэлэн нь ч  бий , юм л бол уурлаж уцаарлаж  байдаг аашны тулмууд ч байна . Зарим хүмүүс их орой гэрлэж хүүхэдтэй болдог тул эцэг эхийг нь өвөө эмээ нь гэж андуурсан ч удаа бий. Хүүхэдтэй ажилладаг , тэр ч байтугай цэцэрлэг байрладаг байранд амьдардаг хүн бүр хурууны хээгээ өгч гэмт хэргийн " архив " - аа шалгүүлах ёстой . Учир нь энд хүүхдийн хулгай маш их байдаг. 13 ( андуурч байж  ч магадгүй , хүүхэдтэй улсууд сайн мэдэж байгаа байх ) нас хүрээгүй  бол ганцааранг нь гэрт юм уу машин дотор   үлдээж болохгүй , том хүнгүйгээр тоглоомын талбай , гудамж , дэлгүүр , үйлчилгээнй  газар  явах , нийтийн тээвэрт суухыг хориглодог ,  хэрэв зөрчвөл эцэг эх  нь хуулийн хариуцлага хүлээнэ . Сургуульд заавал хүн хүргэж өгч авах ба дунд сургуульд орохоор сургуулийн тусгай автобус үйлчилдэг .

Би нэг удаа Wikipedia дээр юм хайж байгаад алга болсон хүүхдийн жагсаалт үзсэн чинь хэдэн мянган нэрс байсан , эхнээс нь уншчихаад  шөнө нь бараг унтаж чадаагүй . Энд өнгөцхөн харахад их тайван юм шиг мөртөө мэдрэлийн согогтой , гаж донтон садистууд зөндөө байдаг юм билээ. Ингээд хэдэн хар шар хүүхэдтэйгээ бужигнаж байтал нөгөө хичээл маань эхлэв . Өдөр явахаар ажил хийх боломжгүй  тул оройн ангид бүртгүүллээ . Ажил маань хол хоёр автобус дамжаад хожигдон барин очиж нэг цаг хагас  суугаад буцаад шөнө болгож ирэх тул их ч ядарч гарчихлаа. Манай эзэн авгай харьцаа муутай , намайг ажиллаж байхад хоёр ч хүн ажлаас гарсан , удалгүй бид гурвын ( нөгөө хоёр орос ) ээлж  болж , би   гурван сартай хүүг гэрт нь харахаар яваад өглөө . Нөгөөдүүл ч бас өөр ажил олоод явцгаасан . Гэхдээ бид одоо хааяа уулзалдаж ярилцаж  100 грамм татдаг юм даа .

Эх сурвалж: http://altargana.blog.banjig.net/post.php?post_id=14404 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.