04 сарын 18, Пүрэв
°C
USD 3,376.53
USD 3,376.53
EUR 3,587.23
JPY 21.84
GBP 4,206.48
RUB 35.81
CNY 466.48
KRW 2.44

Цас бороотой, цэцэг жимстэй долоо хоног

Зарим нэг үйл явдлыг эс тооцвол энэ долоо хоног ерөнхийдөө тайван өнгөрлөө. Зул сарын баярын уур амьсгалтай зэрэгцэн улс орнууд өөр, өөрийн ололт амжилтаа дүгнэсэн өдрүүдээр үргэлжилж байна.

Дэлхийн цаг агаар гайхашруулж байна

 

Долоо хоногийн тоймоо улс төрөөс эхэлдэг заншлаа хойш тавин дэлхийн цаг агаарын байдалд анхаарлыг тань хандуулъя. Өнгөрөгч долоо хоногийн эцсээр Европын зарим оронд орсон их хэмжээний цас энэ долоо хоногт үргэлжилж гамшгийн хэмжээнд хүрсэн гэж хэлж болно.

Цаг агаарын байдлаас болж Европын болон ОХУ-ын томоохон нисэх буудлууд хаалгаа барихад хүрсэн. Үүний уршгаар хэдэн зуун иргэн Зул сарынхаа баярыг онгоцны буудал дээрээ угтлаа.

Гэхдээ Европын холбооны засаг захиргааны төв болох Брюсселийн нисэх онгоцны буудалд Зул сарын баяраа угтсан бяцхан иргэд гар хоосон үлдээгүй. Нисэх буудлын захиргаанаас тэдэнд бэлэг өгч жаахан ч гэсэн баярлуулсан юм.

Харин Польшид орсон “мөсөн бороо”-ны улмаас Зул сарын баяраар эрчүүддээ машины өвлийн дугуй, шил арчигч сойз, антифризыг нэлээд түгээмэл бэлэглэжээ. Хөрш Герман улсад байдал маш хүнд байгаа. Цас цэвэрлэх төхөөрөмжүүд хамаг хүчин чадлаараа ажиллаж өдөрт хэд, хэдэн удаа зам цэвэрлэж байгаа ч хоёрхон цагийн дараа машин явахын аргагүй болтол цас малгайлан орж байна. Англид мөн л цас их орж сүүлийн 110 жилд болоогүй хатуу өвөл болж байгааг цаг уурчид нь мэдээллээ.

Байгалийн гамшигт үзэгдэл Австралийн иргэдийн баярын уур амьсгалыг ч эвдсэн юм. Тус улсад их хэмжээний бороо орж, хүчтэй шуурга болсон. Үүний улмаас гудамж талбай үерт автан, олон гүүр эвдэрсэн.

Харин өнгөрөгч хагас сайнд эхэлсэн “мөсөн” борооны улмаас Москвад маш их хальтиргаа үүсээд байгаа. Үүнтэй холбоотойгоор ЭМЯ-аас нь иргэдийг аль болох гадуур явахгүй, гэртээ зочид урихгүй байхыг зөвлөсөн. Москвагаас 2500 самосвалаар цас зөөж гаргасан ч иргэдийг гадуур явахдаа хальтирдаггүй ултай гутал өмсөхийг сануулсаар байна. “Мөсөн” борооны улмаас цахилгааны ил утсууд хөлдөж зөвхөн Москва хот орчмын 455 суурин цэг цахилгаангүй болжээ. “Домодедово” нисэх буудал ч цахилгаангүй болсны улмаас үйл ажиллагаа нь түр саатахад хүрсэн. Урьдчилсан байдлаар, “мөсөн” бороо даваа гаригт зогсох төлөвтэй байгаа аж.

Тэгвэл ОХУ-ын өмнө зүгт эсрэгээрээ хавар болж байна. Краснодар, Севастополь мужуудад дунджаар +20 хэмийн дулаантай байгаа учраас голт борын цэцэг дэлбээлж, эрвээхэй тааваараа нисч байна гэнэ. Тэр бүү хэл, зуны эхэн сард “амилдаг” зарим цэцэгс дэлбээгээ дэлгэсэн аж. Севастополь мужийн зарим хэсэгт усан үзмийн моднууд гөлөглөж, алим, интоорын моднууд цэцэглэжээ.

 

Улс төр. Европ

Өнгөрөгч долоо хоногийн хамгийн эхний үйл явдал нь Польшийн Ерөнхийлөгч Ярослав Качинскийн мэдэгдэл байлаа. ОХУ-ын Смоленск мужид амь үрэгдсэн Лех Качинскийн ослын талаарх Оросын дүгнэлтийг тэрбээр хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдсэн. Тэр бүү хэл, ослын дараагаар ОХУ-аас ирсэн Лехийн шарилд эргэлзэж байгаагаа ч илэрхийлсэн. Тухайн үед Ярославыг осол болсон газарт очиход ахынх нь цогцсыг үзүүлсэн хэрнээ Польшид өөр хүний шарил ирсэн гэдэгт итгэлтэй байгаа аж.

ОХУ-ын гаргасан дүгнэлтийг Лехийн охин Марта Качинска бас эсэргүүцэж байна. Европарламентаас Смоленск мужид болсон эмгэнэлт ослын мөрдөх ажиллагаатай танилцах зорилгоор зохион байгуулсан сонсголын үеэр Марта мэдээлэл хийж ослын бодит шалтгааныг олоход Европын улс орнуудын туслалцааг хүсээд Олон улсын комисс байгуулахыг уриалав. Түүнчлэн Улс хоорондын нисэхийн хорооны үйл ажиллагааны үр дүнд олон асуудал ойлгомжгүй үлдэж, сүйрсэн онгоцны зарим хэсэг устаж үгүй болсонд эмзэглэж байгаагаа илэрхийлжээ. Энэ бүхнийг үндэслэн Марта ОХУ-ыг шалтгааны үнэнийг тогтоохоосоо илүүтэй нуухыг оролдож байна гэж дүгнэж байгаа аж. Ярослав Качински ч бас ийм бодолтой байгаагаа илэрхийлэхэд тус улсын сөрөг хүчнийхэн “Ахынхаа үхлийг улстөржүүллээ” гэсэн шүүмжлэлийг хүртсэн юм.

Алан хядагчид Европыг зүгээр байлгахгүй л байна. Саяхан Голландын цагдаа нар Роттердам боомтоос Сомалийн 12 иргэнийг тус улсын нутаг дэвсгэрт алан хядах ажиллагаа явуулах гэж байсанд сэжиглэн баривчиллаа. Ерөнхийдөө Европт Зул сарын баяраар алан хядах үйл ажиллагаа явагдах тухай мэдээлж байсан. Үүнтэй холбоотойгоор тус тивийн улс орнууд онцгой анхаарал тавин ажиллаж байгаа бололтой. Италийн Ром хотноо байрладаг Швейцари болон Чилийн Элчин сайдын яаманд бөмбөг дэлбэрч дипломат хоёр ажилтан их бага хэмжээгээр бэртэл авсан. Гэхдээ дээрх хэргүүдийг тус улсын анархистуудын нэгэн бүлэглэл үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа.

Румыны Парламентад болсон хэрэг энэ тивийн хамгийн эмгэнэлтэйд тооцогдох болов уу. Парламентыг сурвалжилж байсан сэтгүүлч залуу хурлын дээд давхраас танхим руу үсэрч амиа хорлохыг завдав. Дөч гаруй настай энэ залуу цээжин дээрээ “Та нар бидний хүүхдүүдийн ирээдүйг үгүй хийлээ” гэсэн бичигтэй цамц өмссөн байжээ. Энэ өдөр Парламентаас ирэх оны төсвийн зарлагыг хэмнэх үүднээс явуулах зарим ажлыг Засгийн газартаа даатгах талаар хэлэлцэх байсан аж. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, энэ залуу өвчтэй хүүтэй бөгөөд Засгийн газрын явуулсан ажлын дүнд хүүхэд нь эмнэлгийн тусламж болон халамжийн тэтгэвэр хүртэх боломжгүй болжээ. Сэтгүүлч залуугийн нүүрний яснууд хугарсан тул удахгүй мэс засалд орох аж. Төр, засаг иргэдийнхээ эмзэг асуудлуудыг тооцоололгүй шийдвэр гаргах нь энэ мэт эмгэнэлт явдалд хүргэдгийг нэлээд тод харуулсан жишээ боллоо. Танах өөр олон зардал олдож л таараа шүү дээ.

Харин хамгийн гэгээлэг мэдээ нь яах аргагүй Зул сарын баярын өдөр тохиосон явдал байлаа. Ромын Пап лам Бенедикт XVI Христийн шашинтнуудад баярын мэнд хүргээд 65 орны хэлээр мэндчилгээ дэвшүүлсэн юм. Цас бороотой, байгалийн гамшигтай ч Христийн шашинтнууд дор бүрнээ баяраа сайхан угтсан гэдэгт итгэлтэй байна.

ulstur

Улс төр. Ази

Тайландад хавраас хойш онц байдал тогтоогоод байсныг өнгөрөгч лхагва гаригт цуцлахаар боллоо. Энэ оны дөрөвдүгээр сард экс Ерөнхий сайд Т.Чинаватыг дэмждэг “улаан цамцтанууд”-ын Засгийн газрыг огцруулах өргөн хэмжээний хөдөлгөөн өрнүүлсний хариуд дээрх арга хэмжээг авсан юм. Гэвч “улаан цамцтанууд” тэмцлээ үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдээд онц байдал тогтоосон үед ч жагсаал хийсэн юм. Тэд улстөрч хүний золиос болоод байгаагаа хүлээн зөвшөөрөх хүсэлгүй байна. Т.Чинават ч голдуу орон нутгийн иргэдээс өөрийнх нь төлөө тэмцэхийг хүссэн гэж хэлж болно.

Японы хувьд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевын Курилын арлуудад айлчилсан явдлыг мартаж чадахгүй л байна. Тиймээс удирдлагууддаа энэ айлчлалын талаар мэдээлээгүй, айлчлал хийнэ гэдгийг нь олж мэдэж чадаагүй зэрэг шалтгааныг үндэслэн ОХУ-д сууж байсан Элчин сайдаа эгүүлэн татлаа. Харин Дундад Ази хавиар буун дуутай л байна. Израилийн нисэх хүчин энэ сарын 25-ны үүрээр Газын зурвас орчмын нутаг дэвсгэрийг бөмбөгдөв. Палестины цэргүүд Израилийн нутаг дэвсгэр рүү “Кассам” төрлийн пуужингаар галласны хариуд уг арга хэмжээг авчээ. Израилийн явуулсан ажиллагааны улмаас хүний амь нас эрсдээгүй хэмээн Палестины тал мэдээлсэн. Харин энэ өдрийн өглөө Пакистанд амиа золиослогч нэгэн бөмбөг дэлбэлсний уршгаар 39 хүн амиа алдаж, 60 орчим хүн шархадсан. Ерөнхийдөө алан хядагчид амиа золислогчдынхоо эгнээг тэлж байгаа нь тун эмзэглүүштэй асуудал болжээ. Иракийн Дияла мужийн оршигч суугч нэгэн өөрийнхөө 19 настай охиноо егүүтгэсэн хэрэг энэ долоо хоногт гарсан юм. Охиноо “Аль-Каида” бүлэглэлд нэгдэн амиа золиослохоор шийдсэнийг нь мэдсэн эрд үүнээс өөр арга олдоогүй бололтой.

Гаити

Гаитид хурдацтай тархаж, олон хүний амь насыг авч одож буй тахал. Олон удаагийн газар хөдлөлтөд нэлээд хүнээ алдаж, хот суурин нь балгас болсон энэ улсын нийт 10 мужийн зургаад нь нэр нь үл мэдэгдэх тахал газар аваад байна. Албан ёсны мэдээгээр Гаитид мянга орчим хүн тахлын улмаас нас барсан аж. Харин бие даасан шинжээчдийн таамаглаж буйгаар, ойрын үед нэмж 300 мянган хүн тахалд нэрвэгдэх аюултай байгаа гэнэ. Тахал тархаад буй мужуудад ажиллаж байгаа эмч нар хүн амыг цэвэр ус болон савангаар хангаж байгаа ч өвчинтэй тэмцэх аргаа олж чадахгүй хүчин мөхөсдөж байна.

Улс төр. Африк

Африкийг гадныхан “Шарх нь анидаггүй зүрх” гэж томъёолсон байдаг. Аймшигт тахал өвчин, алан хядах ажиллагаа, үе үе гарах иргэний дайн зэрэг нь тус тивийнхнийг үнэндээ л сульдуулж байгаа. Гэвч тэд тэвчсээр, энэ бүх гамшгийг даван туулсаар л... амьдарч байна. Нигерийн Жоос хотноо энэ сарын 25-нд цуврал дэлбэрэлт болсны улмаас 32 хүн амь насаа алдаж, 74 хүн их бага хэмжээний бэртэл авчээ. Тус хотын дүүргүүдэд нийтдээ долоон дэлбэрэлт болсон ба бүх бөмбөгнүүд гар хийцнийх байсан аж. За, тэгээд Африкийн олон оронд янз бүрийн л үйл явдал тохиолоо. Гэхдээ энэ тивийн талаар бичсэн дэлгэрэнгүй нийтлэл удахгүй нийтлэгдэх болно.

allaga

Улс төр. Америк

Юуны өмнө, АНУ-ын хүн ам 308 сая 745 мянга 538-д хүрсэн тухай мэдээллийг хүргье. Өнгөрөгч хавар энэ улс хүн амын тооллого явуулсан юм. 2000 онд явуулсан тооллогоос хойш хүн ам нь 9.7 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. АНУ-д 1790 оноос эхлэн арван жил тутамд хүн амаа тоолдог уламжлал тогтсон аж. Гэхдээ энэ жилийн тооллогын дүн баримтууд 2083 онд л олны хүртээл болох аж.

Хүн амын тооллогыг үндэслэн мужуудаас Конгресст сонгогдох гишүүдийн суудал тодорхойлогддог. Дээрх тооллогыг үндэслэвэл, Техас муж Конгрессийн 435 суудлаас 36-г, Калифорни 53-г авах аж. Аризон, Флорид, Жорж, Невада, Юта болон Вашингтон ирэх сонгуулиар өмнөхөөсөө арай илүү суудал эзлэх нь. Харин Мичиган, Нью-Йорк, Огайо, Пенсильвани мужууд одоогийн суудлаа алдах боллоо. Хүн амынхаа тооллогоор Конгрессынхаа суудлыг ч тодорхойлоод авчихдаг амар арга юм даа.
Энэ тивийг сүүлийн үед хамгийн их зовоож буй асуудал нь Гаитид хурдацтай тархаж, олон хүний амь насыг авч одож буй тахал юм. Олон удаагийн газар хөдлөлтөд нэлээд хүнээ алдаж, хот суурин нь балгас болсон энэ улсын нийт 10 мужийн зургаад нь нэр нь үл мэдэгдэх тахал газар аваад байна. Албан ёсны мэдээгээр Гаитид мянга орчим хүн тахлын улмаас нас барсан аж. Харин бие даасан шинжээчдийн таамаглаж буйгаар, ойрын үед нэмж 300 мянган хүн тахалд нэрвэгдэх аюултай байгаа гэнэ. Тахал тархаад буй мужуудад ажиллаж байгаа эмч нар хүн амыг цэвэр ус болон савангаар хангаж байгаа ч өвчинтэй тэмцэх аргаа олж чадахгүй хүчин мөхөсдөж байна.
Есдүгээр сарын 11-ний аймшигт явдлаас хойш эдүгээ есөн жил өнгөрчээ. Харин тухайн үед хохирсон 40 мянган хүнд 4.3 тэрбум долларын нөхөн төлбөр олгох хуулийн төслийг АНУ-ын Конгресс өнгөрөгч долоо хоногт баталлаа. Таван жилийн хугацаанд олгогдох энэхүү нөхөн төлбөрийг гал сөнөөгчид, аврах албаны ажилтнууд, ихэр цамхагийн нурангийг цэвэрлэсэн ажилчид болон ойр орчмын байрнуудын оршин суугчид хүртэх аж.

Улс төр. ОХУ

Өмнөх долоо хоногт үргэлжилсэн олон жагсаал, цуглааны дараахан Ерөнхий сайд В.Путиний ард түмэнтэйгээ хийсэн ярилцлага араасаа маш их хэл ам дагууллаа. Путин зарим нэг асуултад хариулахдаа сөрөг хүчнийхний тухай болон Ходорковскийн талаар таагүй үгс унагав. “Немцов, Рыжков, Милов зэрэг хүн таны бодлоор юу хүсээд байгаа юм бол” гэсэн асуултад Путин “Мөнгө, эрх мэдлээс өөр юу хүсэх вэ дээ, тэд. 1990-ээд оны үед тэд чинь Березовскийтэй нийлж цөөнгүй тэрбумыг халаасалж амжсан хүмүүс шүү дээ” гэж хариулсан юм. Үүнээс болж сөрөг хүчнийхэн шүүхэд гомдол мэдүүлээд байгаа. Харин нэр нь дурьдагдсан Березовский 1999 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Путинд 25 сая доллар зарцуулсан гэдгээ түүнд сануулж өгөв. Хэрэв сонгуулийн кампанит ажил “бохир” мөнгөөр явагдсан гэж байгаа бол Путин өөрөө хууль бус Ерөнхийлөгч байжээ гэж дүгнэж болох талаар Березовский мэдэгджээ. Ерөнхий сайд өнөөг хүртэл үүнд хариу өгөхгүй байгаа нь сонирхолтой хэрэг. Нээрээ ч Березовскийн мөнгөөр сонгуулийн кампанит ажлаа явуулсан хүн юу ч хэлэх билээ дээ. Харин Ходорковскийн талаар Путин “Хулгайч нар шорондоо л байх хэрэгтэй” гэж хэлэв. Ходорковскийн хариу нийтлэлийг Оросын “Независимая газета” сонин нийтэлсэн юм. Уг нийтлэлд Ходорковский Путиныг ихэд өрөвдөн “Би Путинд сайхан сэтгэл, тэвчээртэй байдлыг хүсэн ерөөе. Хүмүүс түүнээс айдаг бус хайрладаг байгаасай” хэмээн егөөджээ.

Путины ард түмэнтэйгээ хийсэн шууд ярилцлагын үеэр нэгэн мужийн эмнэлгийн зүрхний эмч холбогдсон нь олны анхаарлыг татаж нэлээд шуугиан дэгдээж чадав. Өнгөрөгч сард Ерөнхий сайд Путин Иваново мужийн эмнэлгээр зочилсон аж. Тэр үед түүнд үзүүлсэн эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг тус эмнэлгийн захиргаа түүнийг явсны дараа буцаагаад задлаад далд хийчихсэн аж. Түүнээс гадна эмч, сувилагч нарыг 3-4 дахин өндөр цалин авдаг гэж хэлэхийг шаардсан, мөн зарим тасагт өвчтөнүүдийн оронд “зүсээ” хувиргасан эмнэлгийн ажилчид байсан зэргийг илчилжээ. Путин энэ бүхэнд гайхаж байгаагаа илэрхийлээд улсын төсвөөс энэ эмнэлэгт 130 гаруй сая рубль шилжүүлснийг нотлов. Энэ мэдээллийн дагуу ЭМЯ-наас шалгалтын комисс илгээх даалгавар өгөхөө ч мэдэгдсэн юм.

Энэ явдал нэлээд өрнөл авч уг эмнэлгийн удирдлагуудыг сандаргасан нь ойлгомжтой. Тэд дээрх яриаг үгүйсгэж, худал мэдэгдэл гэж удаа дараа мэдэгдсэн. Тэр бүү хэл, ийм нэртэй эмч огт байдаггүй ч гэж мэлзэв. Харин Хренов эмч ажлаа алдахаас эмээж байгаагаа хэвлэлүүдээр мэдэгдсэний дараа Ерөнхий сайд биечлэн түүн рүү ярьж “Бид танд тусална. Битгий санаа зов. Таныг ямар ч тохиолдолд хаяхгүй” гэжээ.

Дарга нарын нүдийг хуураад гаргадаг нь зөвхөн Орост ч бус манай оронд нэлээд өргөн хэрэглэгддэг арга. “Цагаан халаатаа өмсөөрэй. Ширээнийхээ бүтээлгийг солиорой” гэж орилдог нь худал гэж үү...

Ассанжийн бичсэн ном “Wikileaks-ын санхүүг аварна

“Wikileaks” сайт энэ онд хандивын журмаар бараг нэг сая евро цуглуулж чадсан аж. Үүнээс 100 мянга нь ажилчдынх нь цалинд зарцуулагджээ. Гэхдээ 100 мянган еврогийн 66 мянга нь Ассанжийн шагналт цалинд зориулагдсан байна. Гэвч ажилчдынх нь цалин манай орныхтой харьцуулахад тийм ч бага биш. Энэ оноос тус сайтын удирдлага “GreenPeace”-ын аргачлалыг нэвтрүүлснээр ажилчид нь сардаа таван мянган еврогоор цалинждаг болжээ.

Цугалсан мөнгөний 380 мянган еврог нь компьютерын тоног төхөөрөмж худалдан авах, интернэтийн төлбөр болон ажилчдын томилолтын зардалд зориулагдсан аж. Гэхдээ төлбөрийг нь төлж чадахгүй байгаа тооцооны хуудас олон байгаа гэнэ. Тийм ч учраас Ж.Ассанж дурьдтгал номоо бичиж 1.5 сая доллар олох санаатай байна. Америкийн “Knopf” хэвлэлийн газар түүнд 800 мянган доллар, Английн “Canongate” 500 мянган доллар төлөх гэрээ хийсэн. Гэхдээ ном нь бусад орны зах зээлээс ч нэлээдгүй мөнгө цуглуулна гэж найдаж байна. “Уг нь би ном бичмээргүй байна. Гэвч үүнээс өөр арга алга. Саяын шүүх ажиллагаанд би 200 мянган фунт стерлинг зарцуулсан. Гэтэл цаана нь өмгөөллийн зардал болон “Wikileaks”-ын үйл ажиллагааг тогтвортой явуулах хэмжээний хөрөнгө олох хэрэгтэй байна” хэмээн Ассанж сэтгүүлчдэд мэдэгдсэн.

 

Олимпийн бааавгайг гүйцэх билэг тэмдэг олдох болов уу

2014 онд ОХУ-ын Сочи хотод болох Олимпийн билэг тэмдгийг шалгаруулах уралдаан зарлаад удаж байгаа. Гэвч 1980 онд болсон Москвагийн Олимпийн баавгайтай өрсөлдөхүйц билэг тэмдэг олно гэдэг хэцүү бололтой. Учир нь баавгайд дургүй ард түмэн гэж бараг үгүй билээ. Тухайлбал, Канадын Калгари хотынхны Зул сарын билэг тэмдэг нь Тедди бамбарууш байдаг аж. Арванхоёрдугаар сарын сүүлчээр болдог хоккейн тэмцээний эхний гоолын дараа Тедди бамбаруушийг мөсөн гулгуурын талбай руу шиддэг уламжлал тогтсоор 16 жил болжээ. Хоккейчид хэдэн мянган Теддийг цуглуулаад баярын өдрөөр амьжиргааны түвшин доогуур айлуудын хүүхдүүдэд бэлэглэдэг аж.

sport

Жаахан инээд бэлэглье

Грекийн хөл бөмбөгийн талбайд болсон явдлыг нутгийнхан нь Зул сарын гайхамшиг хэмээн нэрлэжээ. “Верия”-“Леви-диакос” багуудын тэмцээний үеэр арай хүчтэйд тооцогддог “Верия” багийнхан хэдхэн секундын дотор дөрвөн ч удаа гоол оруулах гээд чадсангүй. Өшиглөсөн бөмбөг бүр нь штанг цохиод байж. Гэсэн ч эсрэг багт энэ нь нэмэр болсонгүй. Тэд 1:0 харьцаагаар ялагдсан байна. Инээдэмтэй энэхүү явдлыг доорх видеоноос үзээрэй.

Уншигчиддаа шинэ оны мэнд хүргье!


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.