03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

Шинэ оны эхний долоо хоног

Эрхэм уншигч олондоо шинэ оны мэнд хүргэж өнгөрөгч долоо хоногт болсон үйл явдлуудын хураангуйг хүргэе.

 

Улс орнууд шинэ оноо хэрхэн угтав

Сиднейн далайн эрэг дээр болдог баярын салютыг үзэхээр дэлхийн олон орны хүмүүс зорьж ирдэг. 12 минутын турш үргэлжилсэн гоёмсог энэ үзвэрийг оны хамгийн сүүлчийн өдөр ойролцоогоор 1.5 сая хүн үзэж сонирхожээ. Яг ийм шоуг мөн Рио-де-Жанейрод зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд 20 минут үргэлжилсэн үзвэрийг хоёр сая орчим хүн үзсэн байна. Харин Тайм скуэрт буусан болор бөмбөлөг АНУ-д шинэ он ирсэнийг мэдэгдсэн бөгөөд алдарт дуучин Фрэнк Синатрагийн “Нью-Йорк, Нью-Йорк” дуу эгшиглэх зуур талбай дээр цугалсан олны дээрээс чихэр цацжээ. Англид уламжлал ёсоороо “Биг Бэн” цагны хонхны дуунаар салют буудуулсан бол Берлинд Бранденбургийн хаалганы өмнө мөн л гоёмсог шоу болж өнгөрсөн байна. Харин Францын нийслэлд салют буудуулахыг хориглосон ч оргилуун дарс буудуулахыг хориглоогүй нь ойлгомжтой. Шинэ оныг Францад угтсан хүмүүс Эйфелийн цамхаг болон Елисейн талын гоёмсог “хувцас”-ыг үзэж сонирхжээ.

Эстонийн хувьд шинэ оноо бас нэгэн баяртай хамтарч тэмдэглэв. Нутаг дэвсгэрийн хэмжээгээр Европдоо жижигт орох энэ улс оны сүүлчийн өдөр Европын холбооны 17 дахь гишүүн болсон юм. Ирэх он бол туулай жил. Дорно зүгийнхэн энэхүү өхөөрдөм амьтныг тайван, сайхан сэтгэлтэй, хайр дурлал, нөхөрсөг харилцааг бэлэгддэг гэж үздэг билээ.

Чеченийн нийслэл Грозный хотод нэмэх хэмтэй, дулаахан байгаа учраас төв талбайнхаа сүлд модонд зориулж хөрш улсуудаасаа дал гаруй ачааны машинаар цас ачуулж ирэв. Хүүхэд битгий хэл, томчууд хүртэл цас харж байгаадаа баярлаж, цасаар тоглож зугаацлаа. Ноднийн жил энэ улс бас гаднаас цас ачуулж ирж байсан юм. Одоо харин тэр их цасыг цэвэрлэх маш том ажил үлдлээ.

Ihtsas

Харин Голландад 1960 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн шинэ оны анхны өдөр бүх нийтээрээ голын хүйтэн усанд ордог уламжлал тогтсон байдаг. Улс даяар ойролцоогоор 60 гаруй газар энэхүү арга хэмжээг явуулдаг ба энэ жил Схевинген дахь хамгийн том цэгт 10 орчим мянган хүн ус руу шумбалаа. Үүнийг доорх видеоноос сонирхож болно.

Шинэ оныг зарим нь хэцүүхэн угтлаа

Өнгөрөгч долоо хоногт Австралид олон хоног үргэлжилсэн бороо үерийн гамшиг дагуулсан талаар мэдээлж байсан билээ. Тэгвэл шинэ он гарсаар байдал дээрдсэнгүй. Олон хоног үргэлжилсэн борооны улмаас Күинслэнд мужийн голууд эргээсээ хальж 20 гаруй хотод ойролцоогоор 200 мянган хүн үерт боогдоод байна. Тэд цахилгаангүй, хүнсгүй хэцүүхэн байгаа аж. Үерийн ус Франц, Герман улсыг нийлүүлсний дайтай талбайг хамарчээ. Зарим хотод үерийн усны хэмжээ нэмэгдсээр байна.

ОХУ-д орсон “мөсөн” борооны улмаас Москва хот орчмынхон шинэ оноо цахилгаан, дулаангүй угтжээ. Зарим нь бүр ус ч үгүй хонож байгаа тул зөөврөөр ус түгээж байна.

Харин Египетийн Александрия хотод алан хядах үйл ажиллагаа болж хорь гаруй хүний амь эрсдэн, 80 гаруй хүн шархтав. Шинэ оны хонх дуугараад хагас цаг болоо ч үгүй байхад Коптын сүмийн үүдэнд машин дэлбэрсэн нь эцэстээ лалын болон христийн шашинтнуудын хоорондох мөргөлдөөн болж хувирсан юм. Шинэ оны ёслол үйлдсэн сүсэгтнүүд сүмээсээ гарч байсан яг тэр үед гар хийцийн бөмбөгөөр “тоноглосон” машин дэлбэрчээ. Үүний дараахан христийн шашинтнууд лалынхны сүм рүү нэвтрэн орж, чулуугаар нүүлгэж эхэлсэн аж. Эцэстээ томоохон зодоон үүсч, цагдаагийнхны туслалцаатайгаар зогсоож чадав. Алан хядах уг ажиллагааны ард “Аль Каида” бүлэглэл бий гэж таамаглаж байгаа ч одоогоор батлагдаагүй байна.

uilyavdal

Бразилийн Ерөнхийлөгч тангараг өргөлөө

Тус улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхийлөгч сонгосон бөгөөд шинэ оны анхны өдөр Дилма Руссеффийн тангараг өргөх ёслол болж өнгөрлөө. Гэхдээ бусад улсын Ерөнхийлөгч нарын ёслолоос арай өвөрмөц болсон юм. Дилма Руссефф Парламентын ордон руу “Rolls-Royce” хөлөглөн хүрсэн ба замынх нь турш машиныг нь эмэгтэй хамгаалагчид дагаж гүйв. Машины жолооч нь хүртэл эмэгтэй байсан. Дэлгэрэнгүйг доорх видеоноос сонирхоорой.

http://www.youtube.com/watch?v=dmaqQvSaevM

Харин ОХУ цорын ганц Ерөнхийлөгчтэй болох талаар зарлиг гаргалаа. Тодруулбал, Ерөнхийлөгч Д.Медведев холбоот бусад улсын тэргүүнийг Ерөнхийлөгч гэж нэрийдэхийг хориглох тухай зарлиг гаргажээ. 2015 оны нэгдүгээр сарын нэгэн гэхэд холбоот улсууд Ерөнхийлөгчөөсөө “салж” дуусах аж. ОХУ-д одоогоор 12 улс тэргүүнээ Ерөнхийлөгч гэж нэрлэж байна. Үүнд Буриад, Башкири, Марий Эл, Татарстан, Удмурти, Чуваш, Якут, Адыгей, Дагестан, Ингушети, Кабардино-Балкар болон Карачаево-Черкесс улсууд Ерөнхийлөгчтэй аж. Мөн зарим муж орон нутгийнхаа хууль тогтоох дээд байгууллагаа Төрийн Дум гэж нэрлэдэг байсныг нь хоригложээ.

Бусад үйл явдлууд

busad1Израилийн агаарын хүчин Газын зурвасыг бөмбөгдсөн хэвээр байна. Өнгөрөгч оны эцсээр тэд тус нутаг дэвсгэрийг бөмбөгдсөн бол энэ сарын 2-нд дахин довтолж төв хэсэгт байрлах зэвсгийн үйлдвэр болон хойд зүгт байрлах нэгэн объектийг амжилттай устгаж чадсан аж. Бөмбөгдөлтийн үеэр хүний амь эрсдээгүй гэж мэдээлсэн. Энэ онд Газынхны зүгээс Израиль руу 235 пуужин “илгээсэн” байдаг. Тиймээс Израиль дээрх ажиллагааг хариу болгож явуулж байгаа юм.

ОХУ-д “ЮКОС”-ын захирлаар ажиллаж байсан М.Ходорковский болон түүний хамсаатан П.Лебедев нарт давтан эрүү үүсгэж 14 жилийн ял оноосноор Дэлхийн худалдааны байгууллагад (ДХБ) элсэх асуудал нь эргэлзээтэй болж эхлэв. Уг нь ОХУ уг байгууллагад элсэх гэж 17 жил зүтгэж байгаа юм. Харин ДХБ-ын зарим гишүүн орон дээрх хүмүүст ял оноосон нь хууль бус явдал гэж үзэж байна. Гэтэл ДХБ-д элсэхийн тулд 153 орон бүгд зөвшөөрөх учиртай.

1970-1980-аад онд шуугиулж байсан алдарт “BoneyM” хамтлагийн цорын ганц эрэгтэй дуучин шинэ оны босгон дээр нас барсан нь шүтэн бишрэгчдэд нь эмгэнэлтэй явдал боллоо. Санкт-Петербургийн нэгэн зочид буудалд амьсгал хураасан 61 настай Бобби Фарреллын зүрх нь зогссоноос нас барсан байсныг тогтоожээ.

Бобби 1981 онд хамтлагаасаа гарсан ч дөрвөн жилийн дараа эргэж орсон юм. Тэрбээр Голландын харьяалалд байдаг Аруба арал дээр төрсөн ба сүүлийн жилүүдэд Голландад амьдарч байжээ.

Харин Гаитид үл мэдэгдэх өвчний дэгдэлт гаарсан хэвээр байгаа бөгөөд сүүлийн үеийн мэдээллээр 150 орчим хүн халдвар аваад байгаа аж. Халдвар тархаж эхэлсэн цагаас хойш 3 333 хүн амиа алджээ. Ялангуяа өнгөрөгч сарын дундуур тахал эрчээ авч өдөрт 100 орчим хүн нас барж байв.

Тахлын шалтгааныг Гаитид байрлаж буй энхийг сахиулах хүчнийхний баазаас үүдэлтэй гэх сэжиг бий. Учир нь Непалын энхийг сахиулагчид байрладаг мужаас тахлын анхны шинж тэмдэг илэрсэн юм. Тиймээс НҮБ-ын зүгээс өвчний шалтгааныг олохоор хувиараа мөрдлөгө явуулж байгаа аж.

Далай, тэнгист

Энэтхэгийн далайд Сомалийн дээрэмчид “Блида” хэмээх Алжирийн нэлээд том усан онгоцыг барьцаалаад байна. Уг усан онгоцод Украин, Алжир болон Филиппиний 27 далайчин байгаа аж. Европын холбооны Тэнгисийн цэргийн хүчнийхний мэдээлснээр, Сомалийн дээрэмчдийн гарт нийтдээ 27 усан онгоц, 654 далайчин барьцаалагдаад байгаа аж.

musundBarigdsanHulugХарин Номхон далайн Агнуурын тэнгист 10 усан онгоц мөсөнд “барьцаалагдаад” байна. Үүнээс зөвхөн “Содружество” хэмээх хөвөгч бааз дээр 500 орчим хүн байгаа аж. Сахалины цутгалын мөс маш зузаан байгаа учир эдгээр усан онгоц буталж дийлэхгүй байна. Тэдний байгаа газар руу татаж гаргах зорилготой том усан онгоцууд хүрч очжээ. Эхний усан онгоцууд өнгөрөгч пүрэв гаригт гацсан бөгөөд өөрсдийнхөө хүчээр гарах гэж цаг алдан, тусламж дуудаагүй аж. Тэд нарт хангалттай хүнс, ундны ус байгаа болохоор санаа зовох зүйлгүй юм байна.

Сонирхуулахад

otherРумынд зурхайч, үзмэрчдийн үйл ажиллагааг хуулиараа зөвшөөрчээ. Тус улсын Парламентаас дээрх хүмүүсийг гэрийн үйлчлэгч, шарил занданшуулагч болон жолооны багш зэрэг хувиараа үйл ажиллагаа явуулдаг хүмүүстэй эн зэрэгцүүлж үзэхийг хуульчилав. Ингэснээр үзмэрч нь албан ёсны мэргэжил болж хувирлаа. Румынчуудын олонх нь уг мэдээг сайнаар хүлээн авсан ч зарим нэг асуулт хариултгүй үлдэж байх шиг. Тухайлбал, үзмэрчид орлогоо мэдүүлж, ашгийн татвар өгөх эсэх нь зарим нэг хүнд ойлгомжгүй байгаа аж. Мөн хүмүүст үйлчилгээ үзүүлсний дараа хэлсэн бүгд нь биелэх эсэх талаар баталгаа өгөх үү гэдэг нь эргэлзээ төрүүлж байна.

Харин Хойд Солонгосын телевизээр анх удаа барууны кино гаргасан явдал олны анхаарлыг татах нь эргэлзээгүй. Өнгөрөгч сарын 26-нд тус улсын үндэсний телевизээр нь “Бэкхем шиг тогло” алдарт киног үзэгчиддээ хүртээлээ. Английн найруулагч Гуриндэр Чандхагийн энэхүү кинонд энэтхэг охин хөл бөмбөг тоглохын тулд гэрээсээ оргож Германд ирдэг тухай гардгийг манай уншигчид сайн санаж байгаа. Энэхүү киног Англи, Хойд Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 10 жилийн ойг тохиолдуулан солонгосчуудад үзүүлжээ. Ингэхдээ аль хэсгүүдийг хассан нь тодорхойгүй ч киног найман минутаар хорогдуулсан аж.

Зарим орны зурхайд энэ жилийг туулай бус муур жил хэмээх нь бий. Товчхондоо, дөрвөн хөлтэй жижигхэн үслэг амьтны жил гэж ойлгосон ч болно. Тиймээс дөрвөн хөлт бяцхан амьтдыг тэжээж буй бүх хүн энэ жил азтай, одтой явна гэдэгт итгээрэй. Амьтан тэжээдэггүй хүмүүс дээрх амьтдын дүрстэй зүйлсээр өөрийгөө эсвэл гэрээ чимэхэд л хангалттай.

 

Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе!

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.