04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

Зодоонтой, жагсаалтай, гэмт хэрэгтэй долоо хоног

Энэ долоо хоногт дэлхийн улс орнууд бас л халуухан үйл явдалтай өнгөрөөж байна. Оросууд жагсаалтай, Украины улстөрчид зодоонтой өнгөрөөх шив. Бусад улс орнуудад дутахааргүй чих дэлдийлгэм үйл явдал болсон. Орост өрнөсөн жагсаал мөн л өрнөлөө авч одоо үндсэрхэг үзэлтнүүд жагсаал хийх сургаар Москва болон Санкт-Петербург хотын цагдаа нар, ОМОН-ы ажилтнууд танктайгаа хотын төв гудамж талбайд манаа хийж байна. Мөн тэд жагсаалын талаар тодорхой мэдээлэл олж авахын тулд интернэтийн сүлжээг хянаж байгаа аж. Үүнээс гадна дэлхийн зарим оронд болсон онцлог үйл явдлыг тоймлон хүргье.

Радагийн гурван гишүүн эмнэлэгт байна

Украины Рада манай УИХ-аас дутахгүй байнга хэрүүлтэй байдаг. Харин өнгөрөгч пүрэв гаригт гишүүд нь хоорондоо зодолдон гурав нь гэмтэж эмнэлгийн тусламж авахад хүрлээ. Үүнээс хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд асан Юлия Тимошенкод эрүүгийн хэрэг үүсгэх болсон талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд дурьдаж байсан юм.

Харин Рада дахь Ю.Тимошенкогийн эвслийнхэн үүнийг эсэргүүцэж хурлын индрийг эзлэн Парламентын үйл ажиллагааг зогсоогоод байсан юм. Хурлын индрийг чөлөөлөх зорилгоор Рада дахь Мужуудын намын төлөөлөгчид тэдэнтэй зодолдов. Үүний улмаас хоёр гишүүн тархиндаа хүнд гэмтэл авч, нэг гишүүний гар нь хугарсан байх магадлалтай хэмээн эмнэлэгт хүргэгджээ.

“Аль-Каида” бүлгийнхэн Зул сарын баярыг ашиглана

Олон улсын зартай энэ бүлэглэлийнхэн Зул сарын баярыг далимдуулан АНУ болон Европт алан хядах үйл ажиллагаа явуулах бололтой. Энэ талаар Иракийн удирдлагууд АНУ-д мэдэгджээ. Иракт баривчлагдсан дээрх бүлэглэлийн зарим гишүүн мөрдөн байцаах явцад энэ талаар мэдээлсэн бололтой. Тэдний хэлж буйгаар, энэ сарын 20-оос эхлэн нэг сарын хугацаанд дээрх хоёр газар амиа золиослогчид ээлж дараатайгаар дэлбэлэх үйл ажиллагаа явуулах аж. Энэхүү мэдээллийг батлах арга байхгүй ч, АНУ үүнд маш их ач холбогдол өгч байна. Учир нь өнгөрөгч Зул сарын баярын өдрүүдэд Амстердамаас Дэтройтын чиглэлд ниссэн онгоцонд Нигерийн иргэн бөмбөг дэлбэлэхийг завдсан хэрэг гарч байсан юм.

Косовогийн Ерөнхий сайд хүний эд эрхтэн наймаалсан уу

kosovosaidОдоогоос хоёр жилийн өмнө дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тус улсын өнөөгийн Ерөнхий сайд Хашим Тачигийн талаар ноцтой мэдээлэл нийтэлж байсан юм. Цагтаа Косовогийн чөлөөлөх армийг толгойлж, бүр олон улсад эрэн сурвалжлагдаж байсан энэ эрхэм 2008 оноос дээрх албан тушаалд томилогджээ. Армийн удирдагч байх хугацаандаа захиалгат аллага болон хүний эд эрхтний наймаанд мэргэшсэн гэмт хэргийн бүлэглэлийг толгойлж байсан гэх мэдээлэл байдаг. Үүнийг гэрчлэх олон баримт “тэнүүчилдэг”. Нэг баримтаас нь дурьдахад, 1999 онд Косовод болсон бөмбөгдөлтийн дараахан дор хаяж хоёр ачааны машинаар дүүрэн энгийн номхон серб иргэнийг Албани руу гаргасан гэдэг. Үүнийг батлах мэт олон хүнийг нэг дор оршуулсан цэгүүд Албанид байдаг бөгөөд тэднийг амьд байхад нь эрхтнүүдийг нь авч, дараа нь егүүтгэсэн болохыг Гаагийн мөрдөгчид нотолсон нь бий. Өөр олон нотлох баримтуудыг улирч буй долоо хоногт хэвлэлүүд мэдээлсэн тул энэ хүрээд өндөрлөе.

Тэгвэл өнгөрөгч долоо хоногт ЕХ-ны тусгай зөвлөл хоёр жилийн турш явуулсан шалгалтаараа Хашим Тачиг Косово дахь албаничуудын гэмт хэргийн бүлэглэлийг толгойлж байсныг нотоллоо. Харин Хашим Тачи бүр хоёр хоногийн дараа уг мэдэгдэлд эсэргүүцлээ илэрхийлсэн ч Косово дахь ЕХ-ны цагдаагийн алба нэгэнт мөрдөн шалгах ажлаа эхлүүлээд байна.

Уг нь өнгөрөгч долоо хоногт тус улсад анх удаа Парламентын сонгууль болж Хашим Тачигийн толгойлдог Ардчилсан нам 32 хувийн саналаар олонх суудлыг нь авсан юм. Харин ОХУ-ын Гадаад хэргийн яам уг сонгуулийг булхайтай явсан хэмээн үзэж байгаа.

Интернэт ертөнцөд

asaЖ.Ассанж суллагдсан талаарх мэдээлэл энэ долоо хоногийн хамгийн гэгээлэг нь байсан биз ээ. 240 мянган фунтын барьцаа төлбөрийн нэлээд хэмжээг нь сайн дурынхан бүрдүүлж өгсөн. Ирэх сарын 11-нд Английн Вестминстерийн шүүх Шведийн талаас гаргасан гомдлын талаар авч хэлэлцэнэ. Тэр өдрийг хүртэл гадуур байх энэ хугацаандаа Ж.Ассанж өдөр бүр Английн цагдаад бүртгүүлнэ. Мөн тэрбээр биедээ байршил тогтоогч цахим бугуйвч зүүсэн байгаа. Гэвч “Цахим ертөнцийн Бин Ладен”-ийг америкчууд өөрийн “мэдэл”-дээ авахыг туйлаас их хүсч байгаа тул АНУ-ын шүүхээр оруулах хувилбаруудыг тооцоолсоор байна. Тиймээс Ж.Ассанжийн олж авсан эрх чөлөө удаан үргэлжлэхгүй болов уу гэсэн эмзэглэлийг сэтгүүлчид илэрхийлсээр байгаа.

Харин “Wikileaks” сайтынхан захирлынхаа эзгүйд зүгээр суухгүй байна. “Bank of America” тус сайтын санхүүжилттэй холбоотой гүйлгээ хийхээс татгалзсаны дараа тэд “Twitter” дэх блогоороо “эрх чөлөөнд дуртай хэн боловч” уг банкин дахь данснуудаа даруй хаахыг уриаллаа. Илүү аюулгүй, найдвартай банкинд мөнгөө байршуулахыг зөвлөв. Үүнийг “Та нарын талаар бидэнд ноцтой баримт бий шүү” хэмээн тус банкныханд хандсан нэг ёсны дохио гэж ойлгож болох юм.

Алдарт “Yahoo.com”-ын хайлтын системд өнгөрөгч мягмар гаригт доголдол гарсан нь нэлээд шуугиан тарив. Хэрэглэгчид хүссэн зургаа хайлгахад оронд нь порно зураг гарч ирсээр байв. 30 минут ноцолдсоны эцэст “Yahoo” энэ алдаагаа засч чадсан ч шалтгааныг нь дурьдахаас татгалзсан. Харин сэтгүүлчид үүний шалтгааныг өмнөх өдөр нь тус компанийн зүгээс гаргасан мэдэгдэлтэй холбон тайлбарлаж байна. “Yahoo” ажиллагсдынхаа дөрвөн хувийг халахаа мэдэгджээ. Тиймээс Зул сарын баярын өмнөхөн ажлаасаа халагдсан нэгэн нь иймэрхүү маягаар тохуурхаж, өшөөгөө авсан байх магадлалтай аж.

За, тэгээд Англид өнгөрөгч долоо хоногт их хэмжээний цас орж, эцэстээ хөл бөмбөгийн Премьер Лигийн тэмцээнүүд хойшлоход хүрсэн нь хөгжөөн дэмжигчдийг нь гонсойлгоод байгаа. Мексикт 159 хоригдол шоронгийн төв хаалгаар (!) оргон зугтсан. Венесуэлын Ерөнхийлөгч Уго Чавест тус улсын Парламентаас 1.5 жилийн хугацаатай онцгой эрх олгосон гээд мэдээллүүдээр баялаг өнгөрлөө. Гэвч арай онцлог мэдээнүүдээс нь тоймлон хүргэхэд ийм байна.

Бүжиг үү, стриптиз уу

bujigЗарим уншигч Аргентины телевизээр бүжгийн нэгэн сонин тэмцээн яваад байгаа талаар тодруулахыг хүсчээ. Үнэхээр Аргентины телевизээр “Ододтой хамт бүжиглье” нэртэй бүжгийн тэмцээнийг нэвтрүүлж байгаа аж. Уг нь Оросын телевизээр гардаг “Танцы со звёздами” гэдэг шоуны нэг хэлбэр боловч арай өөр зарчимтай. Тэр нь тус улсын одууд стриптиз маягийн бүжиг хийж буйд оршиж байгаа юм. Энэ бүжгээ стрип дэнс гэж нэрлэнэ. Энэ тэмцээн 2006 оноос явагдаж эхэлсэн аж. “Youtube” сайтад “Strip dance show match in Argentina” гэж бичээд одуудын стрип дэнс үзэж болно.

Жаахан инээд бэлэглье...

butterflyХөөрхий “Wikileaks”-ыг Пакистаны рекламны нэгэн агентлаг “Butterfly” нэртэй эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийн сурталчилгаанд ашиглажээ. “Wikileaks” интернэтэд “нэвтэрсэн” мэдээллүүдийг олж авдгараа алдартайг нь ашигласан бололтой. Тэгэхээр дээрх ариун цэврийн хэрэглэл “яадаггүй” болохыг уншигч та таамагласан биз ээ...

Бас нэг инээдтэй юм болсон. Өнгөрөгч долоо хоногт Америкийн “CNN” телевиз ОХУ-д болж буй жагсаалын шалтгааныг Оросын Дорнод зүгийн иргэд цаг урагшлуулж, хойшлуулахыг эсэргүйцсэнээр тайлбарлаж бөөн шившиг болов. Удалгүй тус телевиз үзэгчдээсээ уулчлал хүсч, алдааг ирлрүүлэхэд тусалсан оросуудад талархал илэрхийлсэн юм. Одоо уншигч та төсөөл дөө... Нэвтрүүлэгчийн арын фон дээр Манежная талбай дээр зодоон, цохион болсон дүрс гарч байхад “Владивостокийн иргэд цагийн өөрчлөлтийг эсэргүүцэж байна” гэсэн мэдээ уншаад л...


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.