03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

Нацист болж жүжиглээд алуурчинг олов

evrei

Германы “BILD” сонины сэтгүүлч Максимилиан Кивел
43 настай Марк Гоулд Америкийн түүхч бөгөөд еврей гаралтай нэгэн. Тэрбээр Германд хувиараа мөрдлөгө явуулсны ачаар Дэлхийн II дайны үеэр өөрийнх нь гэр бүлийн хүмүүсийг хөнөөсөн “СС”-ийн оберштурмбаннфюрер, өдгөө 97 настай Бернард Франк докторыг илрүүлжээ. Ингэхдээ өөрийгөө нацист үзлийг баримтлагч гэж итгүүлэн “СС”-ийн алуурчны итгэлийг олж авсан байна. Бернард Франк сүүлийн 65 жил Гессен хотноо амар тайван аж төрж байв.
Марк Гоулд2006 онд Германд иржээ. Тэрбээр нацистуудтай найзалж, “СС”-ийн ахмад дайчдын уулзалтад алгасалгүй оролцож эхэлсэн байна. Ийм нэг уулзалт дээр тэрбээр Гитлерийн хоёр дахь өргөөний хамгийн сүүлчийн комендантаар ажиллаж байсан доктор Бернард Франктай танилцсан аж. Тэрбээр цагтаа Генрих Гиммлерийн баруун гар гэгдэж еврейчүүдийг устгах ажилд оролцож байжээ.  

“Нэг удаа Франк надад захидал ирүүлэхэд нь би түүний гарын үсгийг шууд таньсан. Яг энэ гарын үсэг еврейчүүдийг үй олноор нь хөнөөх тухай 1941 оны долдугаар сарын 28-ны өдөр үйлдэгдсэн тушаалын дор байдаг юм” гэж Гоулд ярив. Тэрхүү тушаалын гайгаар нас барсан еврейчүүдийн дунд Гоулдын гэр бүлийн 28 гишүүн байсан аж.
Ингээд Гоулд доктор Франктай ярилцангаа дээрх тушаалын талаар яриа үүсгэжээ. Тэгтэл Франк нэг их түүртэлгүй “Еврейчүүд немцүүдийг их дарамталдаг байсан юм аа. Тэгээд өөрсөддөө булшны нүх бэлдээд өгчихсөн хүмүүс шүү дээ” гэж гэнэ. Яг энэ үеэр Гоулд биеэ барьж чадалгүй нас барсан садангуудынхаа нэрийг хашгирч эхэлжээ. Франк бүр самгардахдаа “Чи чинь миний найз уу, дайсан уу” гэж асуув. Харин Гоулд “Би чиний дайсан. Чи миний гэр бүлийнхнийг алсан” гэжээ.
“BILD” сонины мэдээлснээр, Америкийн эрх баригчид Уисбадены Эрүүгийн цагдаагийн удирдах газартай хамтран доктор Бернард Франкийг мөрдөн байцаах ажлыг явуулж эхэлсэн байна.

Тайланд, Камбож хоёр “АSЕАN”-ы ажиглагчдыг хүлээн авахаар боллоо

evrei2Тайланд, Камбож хоёр индуист шашны эртний сүмийг тойрсон газар нутгийн маргаанаас болж зэвсэгт мөргөлдөөн хийхэд бэлэн болоод байгаа аж.
“Преа Вихеа” сүм орчмын газар нутгийг эзэмших тухай энэхүү маргаан 100 гаруй жил үргэлжилж байна. Учир нь сүмийн барилга нь Камбожийн нутаг дэвсгэрт байрладаг ба түүн рүү Тайландын нутаг дэвсгэрээс ордог нь ийн маргаан дэгдэх шалтгаан болоод байгаа юм. XI зууны үед байгуулагдсан уг сүм өдгөө аялал жуулчлалын үзмэр болгон ашиглагддаг аж. Энэ сарын эхээр хоёр орны цэргийн албан хаагчдын хооронд болсон буудалцааны үеэр таван хүн амь үрэгдсэн байдаг.Тиймээс хоёр улсын зүгээс энэхүү маргааныг шийдвэрлэхэд нэмэр болгох зорилгоор Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо (АSЕАN)-ны ажиглагчдыг хүлээж авахаа зөвшөөрчээ. Ажиглагчид хилийн хоёр талд ажиллах аж.

БНАСАУ-д “Египетийн хувилбар” хэрэгжих боломж бий юу?

“Хойд Солонгосын хэдэн арван иргэн зохион байгуулалтгүйгээр Ким Чен Ирийн төрсөн өдрийн баярын өмнөхөн эсэргүүцлийн жагсаал хийсэн байна” хэмээн Өмнөд Солонгосын “Чосон ильбо” сонинд бичжээ хэмээн “Agence France-Presse” мэдээлэв.
“Чосон ильбо” сонинд дурдсанаар эсэргүүцлийн жагсаал Пхенан-Пукто мужийн Чонжу, Ренчхон болон Сончхон хотуудад явагдсан гэнэ. Жагсагчид “Бидэнд амьдрах арга алга! Цахилгаан өг! Будаа өг!” гэх уриалгуудыг хашгирч хүнсний бүтээгдэхүүн болон цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулахыг шаарджээ.

“Эхэндээ ганц хоёр хүн л эсэргүүцлээ илэрхийлж байтал яваандаа ойр хавийн байрнаас хүмүүс гарч ирж олон хүн болсон” гэж нэрээ хэлэхээс татгалзсан Хойд Солонгосын эх сурвалж дээрх сонинд ярьж өгсөн гэнэ. Түүний ярьснаас үзвэл, энэхүү жагсаал энэ сарын 14-нд буюу Ким Чен Ирийн төрсөн өдрөөс хоёр хоногийн өмнө болсон бололтой. Их удирдагчийн төрсөн өдөрт зориулсан үндэсний баярын бэлтгэл ажлын хүрээнд Чонжу болон Ренчхоны цахилгаан эрчим хүчний нөөцийг нийслэл Пхеньян руу татсан нь жагсаал хийх шалтгаан болжээ.
Мэдээлэл өгсөн Хойд Солонгосын эх сурвалжаас Өмнөд Солонгосын Аюулгүй байдлыг удирдах газрынхан нарийн мэдээлэл авахыг хүссэн ч цаадах нь нэмж юу ч хэлсэнгүй хэмээн “Чосон ильбо” сонин дурджээ.

“AFP” сонин “Чосон ильбо”-ийн мэдээллийн дагуу олон судлаачтай уулзжээ. Олонх нь БНАСАУ-д “Египетийн хувилбар” хэрэгжих боломжгүй гэсэн аж. Учир нь тус улсад интернэт, мэдээ мэдээллийг нарийн хянадгаас гадна сөрөг хүчин болчих хэмжээний үйлдвэрчний эвлэлийн, шашны эсвэл бусад төрлийн сайн дурын холбоо, нэгдэл огт байдаггүй хэмээн тайлбарлажээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.