03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

Дуулианаар дүүрэн өнгөрсөн долоо хоног

jujigchid

Өнгөрөгч долоо хоногт өрнөсөн дэлхийн зарим үйл явдлын тойм

Ж.Ассанж. Дахиад л Ж.Ассанж...

Глобалчлал гэж юуг хэлдгийг өнгөрсөн хэд хоногт хүмүүс тун сайн ойлгож авлаа. Дэлхийн улс орнууд нэгэн зорилгын төлөө дуугаа нэгтгэн ингэж хөдөлсөн удаа түүхэнд тун цөөн тэмдэглэгдсэн болов уу. Бидний үеийнхэн бол Дэлхийн II дайны үеэр л улс орнуудын олонх нь нацист Германы эсрэг ингэж нэгдэж байсныг ном зохиолоос уншин түүхэн сэдэвт кинонуудаас хангалттай үзэж өссөн. Харин орчин үед, бүр тодруулбал энэ долоо хоногт бүгдийг нэгтгэж чадсан байгууллага бол яах аргагүй “Wikileaks”, тэр дундаа тус сайтыг үндэслэгч Ж.Ассанж байлаа.

Америкчуудын явуулж байсан улс төрийн бохир тоглоомыг илтгэх баримтуудыг холбогдох орнуудын төр, засаг бухимдангуй хүлээн авсан ч олонх нь өршөөнгүй сэтгэл гаргаж жүжиглэв. Бүр “хэргийн эзэн, хэнгэргийн дохиур” болсон Ж.Ассанжийг олж авахад дор бүрнээ л хүчин чармайлт гаргав. Эцэст нь хууль бус аргаар түүнийг баривчлаад байна.

Гэхдээ дээгүүрээ ингэж шийдсэн ч энгийн иргэд, Ж.Ассанжийн мэргэжил нэгтнүүд түүний үйл хэргийг илтэд дэмжлээ. Иргэд чаддагаараа түүний тухай бичсэн мэдээ бүрийн дор үйл хэргийг нь дэмжсэн сэтгэгдлүүд бичнэ. Харин дэлхийн олон орны хакерууд бүлэглэл болон нэгдэж түүний өшөөг авсаар байна. Тэд Ж.Ассанжийн үйл ажиллагааг “боосон” гэх байгууллага бүрийн сайтуудыг хэсэг хугацаанд ч болов ажиллагаагүй болгож байв. Харин уржигдраас хэсэг хакер тактикаа өөрчилж, “Wikileaks”-ын баримтуудаас нь өргөн далайцтай, бүр илүү олон хүнд хүргэхээр бэлтгэлээ зэхэж буйгаа мэдэгджээ. Зарим орны төрийн дээд удирдлага ч түүний талд буйгаа мэдэгдсэн. Тухайлбал, Бразилийн Ерөнхийлөгч Луис Игнасиу Лула да Силва Ж.Ассанжийн баривчилгааны талаар улс орнууд дуугарахгүй байгаад гайхснаа илэрхийлэв. Түүний үг хэлэх эрхийг нь хүндлэн, ажлаа хийж чаддаггүй зарим Элчин сайдаас ч дээгүүр тавив. Ийм залууг баривчилсныг нэг ч орон эсэргүүцэхгүй байгаа нь түүнийг бухимдахад хүргэжээ. ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин ч Ж.Ассанжийг шоронд хорьсон явдыг ардчилал мөн эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлэв. Тэр бүү хэл, Америкийн эрх баригчдад хандан “Өөрийн толгой дээрх бухалыг харахгүй байж хүний толгой дээрх өвсийг харна” (Чья бы корова мычала, а ваша бы молчала) гэсэн зүйр үгийг хаяглан өшөөгөө авав. Учир нь Америкийн дипломат ажилтнуудын зүгээс түүнийг элдвээр бичиж байсан баримтуудыг хараад сайхан санагдаагүй нь лав. Ж.Ассанжийн үйл ажиллагааг дэмжсэн бас нэг хүн нь Эквадорын Гадаад хэргийн сайд байв. Ж.Ассанжид өөрийн орондоо улс төрийн орогнол өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлснийхээ хариуд Ерөнхийлөгчөөсөө банга хүртэх шиг болсон.

Монголчууд хүртэл Ж.Ассанжийг дэмжиж байсан нь илт байв. Түүнийг манай орны томчуулын авлига, хууль бус янз бүрийн үйлдэл, иргэдээсээ нууцалсан байж болзошгүй олон баримтыг ил гаргана гэдэгт найдаж байсан хэрэг. Тэр ч ёсоор болж, манай улсын нэр бүхий хүмүүсийн талаарх мэдээлэл цухас гарсан. Гэвч монголчуудад улс төрийн гэхээс илүү улс төр дээр суурилсан эдийн засгийн талаарх нууц баримтууд чухал байсан. Гэхдээ “Wikileaks” дэлгэнэ ээ. Үүнд эргэлзэх хэрэггүй. “Wikileaks” дэлгэж чадахгүй ч энэ сайтын үйл ажиллагааг үргэлжлүүлэх олон сайт мэндлэх нь гарцаагүй. Гурав хоногийн өмнө Ж.Ассанжтай хамт ажиллаж байсан Германы иргэн Даниэль Домшайт-Берг удахгүй “OpenLeaks” хэмээх сайтаа ажилд оруулна гэдгээ зарлалаа. Энэхүү сайт нэрээ нууцалсан хүмүүсээс мэдээлэл авах тусгай хэсэгтэй байх аж. Тэр нь цахим шуудангаас ч илүү найдвартай. “Wikileaks”-ээс ялгаатай нь олж авсан баримтуудаа өөрсдөө нийтлэлгүй сонирхсон байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд илгээх аж. Тэгэхээр монголчуудад үнэнийг мэдэх боломжууд цаашдаа нээгдсээр л байх бололтой. Алив нууц заавал илчлэгддэг гэдэг үгийг санаж хүлээх л үлдлээ.

Ийнхүү дэлхийн улс түмэн бараг цаг тутам гарч байсан Ж.Ассанжийн талаарх шинэ мэдээ бүрийг чих тавин сонсох зуур бусад орон өөр өөрийн гэсэн асуудлаар бас л баялаг өнгөрлөө.

Европд

Цаг уурын хувьд энэ тив нэлээд тогворгүй байгаа. Зарим газар нь цас хэт их малгайлан орсон бол, зарим оронд, тодруулбал Италид, өвлийн энэ улиралд гэнэт +27 хэм хүртэл халжээ. Зун болчихов уу гэлтэй наран шарлагын газар тэсгим хүйтэн ус руу шумбан халуун элсэн дээр биеэ бүлээцүүлж буй хүмүүсийг хараад нэг төрлийн атаархал төрөх шиг. Гэвч цаг уурын иймэрхүү гэнэтийн үзэгдлүүд нь дэлхийн цаг уурын өөрчлөлтийн томоохон илрэл болоод байна. Тиймээс нэг газар нь цас бороо холилдон, нөгөө газар нь ган гачиг болж буй талаарх иймэрхүү мэдээнүүдийг эмзэглэж хүлээн авах нь зохистой. Энэ тивийнхний өнгөрсөн долоо хоногийн амьдрал бас л тогтворгүй өнгөрөв. Нэлээд шуугиан тарьсан мэдээллүүдээс нь хүргье.

Алдарт Нобелийн шагнал гардуулах ёслолын ажиллагааны дараа Норвегийн Осло хотод хэдэн мянган хүн Энх тайвны төлөө шагналд нэр дэвшсэн Хятадын тэрс үзэлтэн Лю Сяобог дэмжиж буйгаа илэрхийлэн жагсаал хийв. Энх тайвны шагналтан эх нутагтаа хоригдож байгаа учраас өөрөө хүрэлцэн ирж чадсангүй. Тиймээс энэ хүндэт шагнал түүний нэртэй пайзыг тавьсан сандал дээр л заларлаа. Харин хятадууд хариуд нь өөрийн Энх тайвны шагналыг бий болгож эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

Хөрш Швед улсын нийслэлд нь гурван удаагийн дэлбэрэлт боллоо. Үүний хоёрыг нь алан хядагчдын үйл ажиллагаатай тайлбарлаж байна. Учир нь хоорондоо хэдхэн минутын зайтай болсон дэлбэрэлтүүдийн өмнөхөн лалынхантай дайтахаа болихыг сануулсан нэрээ нууцалсан этгээд “ТТ” мэдээллийн агентлаг руу ярьсан аж.

Нөгөө Б.Хурцын маань хоригдож буй Англичууд Вестминстерийн шорон ойрын үед ачааллаа дийлэхгүй шинжтэй. Хэд хоноод л нэг хүнийг хорьдог заншил тогтох нь. Нөгөө талаар, хуулийг үнэнхүү сахин биелүүлж байна гэлтэй. Англичууд Ж.Ассанжийг баривчлаад удаагүй байтал ОХУ-ын тагнуулын албанд ажиллаж байсан Екатерина Затуливетерийг дээрх шоронд хорьсон нь олны анхаарлыг бас татав. Екатерина Затуливетер өдгөө Английн парламентын гишүүн Майк Хэнкокийн туслахаар ажилладаг нь олон таамаг дэвшүүлэхэд хүргэсэн. Гэвч өмнөх ажилтай нь бус Англид оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтэрсэнтэй холбоотойгоор баривчилсан нь тогтоогджээ.

Харин ОХУ-д энэ долоо хоногт нэгэн томоохон хэрэг дэгдсэн нь эцэстээ үргэлжилсэн жагсаал цуглааны эхлэлийг тавив. Хөл бөмбөгийн “Спартак” багийн хөгжөөн дэмжигч Егор Свиридов гэх 28 настай залуугийн амийг кавказ гаралтай этгээдүүд 6-ны орой бүрэлгэсэн юм. Түүнийг хороосон гэх Дагестаны харьяат таван хүнийг баривчилсан ч нэгээс бусдыг нь цагдаа нар тавьж явуулсан аж. Үүнийг эсэргүүцсэн хөл бөмбөгийн мянга, мянган фанат хоёр ч удаа томоохон жагсаал хийв. Эхний жагсаалд хоёр мянга орчим хүн оролцсон бол, 11-ний өдөр болсон жагсаалд зургаа орчим мянган хүн оролцлоо. Тайван замаар өрнөж байсан Манежная талбай дээрх жагсаал эцэстээ эмх замбараагүй байдал, зодооноор дууссан нь харамсалтай. “Москва бол Кавказ биш”, “Та нарын үр хүүхдүүд энэ аллагын хариуг амсах болно”, “Оросууд аа, урагш аа!” гэх үгстэй лоозон барьж явсан залуус руу Дундад Азийн төрхтэй бүлэг хүмүүс дайрч зодоон үүсгэжээ. Зодооны улмаас олон хүн бэртэж, цагдаа нар 65 хүнийг баривчлав. Эсэргүүцлийн жагсаал олон хотод нэгэн зэрэг эхэлсэн бөгөөд Санкт-Петербургт болсон жагсаалын үеэр иргэд “ОМОН”-чуудтай зодолдсноор төгссөн байна. Сүүлийн үеийн мэдээгээр, кавказчууд оросуудын үйлдлийг эсэргүүцсэн жагсаал хийнэ гэж мэдээлж байсан ч ОХУ-ын цагдаагийн газраас энэхүү мэдээллийг няцаажээ.

Энэ зуур нэгэн инээдэмтэй мэдээ хүргье. Украинчууд Гадаад хэргийн сайддаа оны “Хогийн ургамал” хэмээх ажил үйлс нь урагшгүй яваа улстөрчдөд гардуулдаг “шагнал”-ыг өгөхөөр зэхээд байгаа аж. Ер нь иймэрхүү “шагнал” олон оронд байдаг. Харин манай улс нэг ийм шагнал гэх үү, шийтгэл гэх үү зүйлийг ажлаа хийж чаддаггүй, элдэв хэл ам таталдаг дарга нарт гардуулж байх уламжлал тогтооход буруугүй мэт бодогдоно.

Дээр дурьдагдсан байгаль, цаг уурын өөрчлөлттэй холбоотой нэгэн мэдээлэл бас нэлээд шуугиан тарьж олны анхаарлыг татлаа. Улаан тэнгист акул загаснууд хүн рүү дайрсан хэд хэдэн тохиолдол гарснаас үүдэн Египетын алдарт “Шарм Аль-Шейх” амралтын газар хаалгаа барилаа. Акул загасанд хазуулсан нэг хүн нас барж, гурван хүн тахир дутуу болсон байна. Мөн хэдэн хүн их, бага хэмжээний бэртэл авчээ. Аварга загаснуудын гаргаж буй энэ авирыг эрдэмтэд дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлттэй холбон тайлбарлаж байна. Олонх сайт, телевизийн сувгууд энэ мэдээлэлд долоо хоногийн турш анхаарлаа хандуулсан юм.

Америкт

Энэ улсын хувьд ойлгомжтой. Өнгөрсөн долоо хоногийг тус улсын улстөрчид, томоохон банкны эзэд нь зүүн дээр суусан мэт өнгөрөөх шиг боллоо. Элдэв нууц баримтуудаас болж бараг нойргүй хоносон биз. Үнэндээ ч Америкийн нэр хүнд дэлхийн тавцан дээр навс уналаа. Хэдийгээр Америкийн эрх баригчид цаашид дипломат албаны олон хэрэгслийг ашиглан холбоотнуудтайгаа эв зүйгээ олохыг тууштай хичээх болно гэж мэдэгдэж байгаа ч өдгөө тэдний үгэнд итгэх орон даанч олдохгүй нь. Ж.Ассанжийн нийтлүүлсэн баримтууд олон орны эрх баригчдад Америкийг өөр өнцгөөс, арай өөр нүдээр харах нөхцлийг бүрдүүлж өгчээ. Одоо тэдэнд “агуу орон” гэх цолоо эргүүлэн олж авахад маш их хугацаа орох нь мэдээж.

Харин Голливудынхан энэ сенсацыг ашиглан кино бүтээхээр болж байгаа. Одоогийн тооцоогоор, 100 сая орчим долларын хөрөнгөөр босох уг киноны Ж.Ассанжийн дүрд Лиам Нисон, Аарон Экхарт эсвэл Брэд Питт, харин Х.Клинтоны дүрд Дайан Уист эсвэл Жүүди Дэнч тоглоно гэсэн төсөл яригдаж байна. Эдгээр жүжигчний хэн нь ч байсан Ж.Ассанжийн дүрд ихэд нийцэж буй нь харагдлаа.

 

Интернэт ертөнцөд шуугиан мундахгүй л байна

Одоогоор бас нэг шуугиан дэгдчихээд байгаа. Америкийн алдарт “Goldman Sachs” банкны программист залуутай холбоотой. “Goldman Sachs” банкийг манай монголчууд эчнээ мэднэ. Олон-Овоотын лицензийг Ц.Мянганбаяр энэ банкинд өгсөн байсан нь илэрч нэг хэсэгтээ л дуулиан шуугиан болоод “Луйварчин банк” энэ тэрээрээ баахан дуудуулсан гайхал. Тэгвэл эсрэгээрээ энэ банк өөрөө луйвардсан хэрэг гарчээ. Энэ түүхийг сонссон хүнд “Шунал ихэдвэл шулам болно”, мөн “Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно” гэсэн үгс санаанд орох вий.

40 настай Сергей Алейников гэх орос залуу 2008 онд “Goldman Sachs” банкинд жилийн 400 мянган долларын цалинтай Дэд Ерөнхийлөгчийн албыг хашиж байжээ. Гэтэл “Teza Technologies” компанийн зүгээс түүнд жил бүр 300 мянган долларын цалин, дээр нь эхний жилд нь нэг удаа олгохоор 700 мянган доллар, мөн компанийн ашгаас хамааран ойролцоогоор 150 мянган доллар жил бүр өгөхөөр амласан аж. Залууд энэ санал таалагдаж “Goldman Sachs”-аас гарчээ. Гэхдээ зүгээр ч нэг гарсангүй. Банкны программуудын кодыг хуулж аваад шинэ ажилдаа оржээ. Удалгүй “Goldman Sachs”-ын удирдлага энэ хэргийг илрүүлснээр түүнийг цагдаад мэдэгдсэн байна. Харин болсон явдлыг сонссон нөгөө “Teza Technologies” компани Алейниковоос харьцаагаа тасалж, ажлаас нь халав. Сергей хийсэн хэргээ хүлээхгүй байгаа ч цагдаагийнхан буруутайг нь нотолсон тул ирэх оны гуравдугаар сард болох шүүх хурлаас тэрбээр 15 жилийн ял сонсох магадлалтай аж. Дээрх зүйр үгүүдийг мэддэгсэн бол хөөрхий Алейников ийм хэрэг тарихгүй л байсан байх даа.

Энэ долоо хоногт дэлхийн зарим оронд болсон дуулиануудын хувьд нэг иймэрхүү.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.