04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Энэ долоо хоногийин онцлох үйл явдлууд

“Домодедово”-д амиа золиосолсон этгээд кавказ хүн байжээ

ОХУ-ын Мөрдөх товчооныхон “Домодедово” нисэх буудалд бөмбөг дэлбэлж амиа золиосолсон этгээдийн хэн болохыг нь тогтоожээ. Тэрээр Хойд Кавказын уугуул 20 настай залуу байсан гэнэ. Мөрдөх товчооныхон одоогоор овог нэр болон улсынх нь нэрийг хэлэхээс татгалзаж байна. Тэд уг алан хядах ажиллагааг юуны өмнө гадаадын иргэд рүү чиглэгдсэн байж гэсэн таамгийг дэвшүүлжээ. Учир нь амиа золиослогч уг бөмбөгөө зорчигчдыг тосох танхимд дэлбэлсэн юм.

Өнгөрөгч даваа гаригт болсон дэлбэрэлтийн үеэр 35 хүн нас барсны дотор Англи, Украин, Герман, Узбекистан, Таджикистаны иргэд байв. Харин 100 гаруй иргэд шархатсаны дотор Таджикистан, Нигери, Франц, Итали, Молдав, Герман, Серби, Словак, Словенийн иргэд байжээ. Алан хядах ажиллагаа болсны дараахан амиа золиослогч хэн байсан талаар олон таамаг нийтлэгдэж байсан. Нэгдүгээр сарын 27-нд зарим хэвлэл амиа золиослогчоор Ставрополь мужийн иргэн Виталий Раздобудько болох талаар таамаг дэвшүүлж байсан ч уг мэдээллийг холбогдох байгууллагууд няцаасан юм.

Цагаачдын хүүхдэд АНУ-ын иргэншил олгохгүй

 

АНУ-ын Аризона мужийн Төлөөлөгчдийн танхим болон Сенатад хуулийн хоёр төслийг өргөн барьжээ. Уг төслүүдэд хууль бус цагаачдын АНУ-д төрүүлсэн хүүхдэд автоматаар тус улсын иргэншил олгодог байсныг хориглох тухай асуудлыг хөндсөн байна.

Эхний төсөлд “Аризона мужийн иргэн гэж хэнийг хэлэх тухай” тодорхойлолтыг багтаасан аж. Хуулийн төсөл санаачлагчдын үзэж буйгаар, хүүхдийн эцэг эх нь АНУ-ын иргэн биш бол түүнд Аризона мужийн иргэншлийг олгохгүй гэнэ. Мэдээж хэрэг энэхүү төслийг баталвал маш олон хүн шүүхэд хандана. Гэвч төсөл санаачлагчид үүнээс огтхон ч айхгүй байгаагаар барахгүй АНУ-ын Дээд шүүх хүртэл заргалдахад бэлэн байгаагаа мэдэгджээ. Дээд шүүхэд тэд АНУ-ын Үндсэн хуулийн 14 дахь нэмэлт заалтыг эргэж харахыг хүсэх аж. Энэ заалтад АНУ-ын нутаг дэвсгэрт төрсөн хүүхэд бүр тус улсын иргэншлийг авах эрхтэй гэж заасан байдаг гэнэ. Харин төсөл санаачлагчид 19 дүгээр зууны үед нэмэлтээр орсон уг заалт тухайн үед хар арьст боолуудад зориулагдсан байсан тул өнөө үед тохиромжгүй болсон талаар мэдүүлэх аж. Түүгээр үл барам энэхүү заалт Латин Америк болон Мексикээс хууль бусаар цагаачилж ирсэн маш олон хүмүүст Америкт үлдэх боломжийг баталгаажуулж байна гэж тэд эсэргүүцэж байгаа юм байна.

Хоёр дахь төсөлд нь Аризона мужийн захирагчийг дээрх асуудлаар бусад мужийн захирагч нартай заавал зөвшилцөх тухай баримт багтжээ. АНУ-ын бусад мужийн захирагч нар мөн л цагаачдын хүүхдэд иргэншил олгохгүй гэдгээ зөвшөөрөх ёстой болох аж.

Ким Чен Ирийн том хүү ярилцлага өгчээ

Японы “Токио Шинбун” сонинд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ирийн том хүү Ким Чен Нам ярилцлага өгсөн байна. Олон сэдвийг хөндсөн уг ярилцлагадаа Ким Чен Нам Хойд Солонгост эдийн засгийг шинэчлэх асуудал нуран унасан, Пхеньян цөмийн зэвсгээсээ хэзээ ч татгалзахгүй, мөн эцэг нь бага дүү Ким Чен Уныг өөрийн залгамжлагчаараа томилохыг нэлээд эргэлзсэний эцэст шийдсэн тухай ярьжээ.

Ким Чен Нам Хятадад амьдардаг бөгөөд дүүгийнхээ эрх мэдлийг булаах сонирхолгүй байгаагаа хэлсэн аж. “Элэг нэгтнүүд маань хэрхэн амьдарч байгаа талаар сонсохоор миний зүрх шимширдэг. Тэдний амьжиргааны түвшин нэмэгдээгүй гэдэгт итгэж байна. Эх орноо тогвортой хөгжүүлж, ард түмэн нь сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд эдийн засгаа сэргээгээсэй гэж хүсмээр байна. Бага дүүдээ ч үүнийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе” гэжээ.

Ким Чен Нам эх орноосоо хөөгдөж гарсан, улс төрийн эрх мэдэлгүй нэгэн аж. “Албан тушаалыг өвлүүлэх нь социализмийн үзэл санаатай огтхон ч тохирохгүй зүйл. Эцэг маань ч үүний эсрэг байр суурьтай хүн. Гэвч улс орноо тогтвортой байлгахыг хүссэндээ өөрийн суудлаа өвлүүллээ гэж би ойлгож байгаа. Хойд Солонгос дахь тогтворгүй байдал нь бүс нутгийн тогворгүй байдлыг араасаа дагуулах аюултай” хэмээн Ким Чен Нам ярьжээ. Харин өнгөрөгч арваннэгдүгээр сард Өмнөд Солонгосын Ёнпхендо аралд болсон буудалцааныг Хойд Солонгосын “ухаан муутай” цэргүүдтэй холбон тайлбарлажээ. “Цөмийн зэвсэгтэй гэдгээ зөвтгөхийг хичээн, “армийг нэн түрүүнд” тавьж, энэ бус нутагт дайн болж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлэхийг хичээдэг хүмүүс байдаг л юм” гэсэн тайлбарыг өгчээ.

 

Б. Уянга

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.