02 сарын 24, Бямба
°C
USD 3,386.98
USD 3,386.98
EUR 3,667.76
JPY 22.50
GBP 4,291.30
RUB 36.42
CNY 470.56
KRW 2.55

''Америкт ирсэн манийгаа бөөн долларон дунд суучихаад л босож авахаасаа залхуурцгаадаг'' гэж боддог

-Хоёулаа жаахан буу халах уу өнөөдөр, овоо ч эрт уулзацгаасан байна ш дээ?
-Тэгсэн ч яах вэ?
-Чи ингэхэд ирээд хэр удаж байгаа юм бэ? Ажил төрөл юу л хийгээд байна?
-Нэг мэдсэн л 6 жил болох гэж байна, хүүгээ 3 настай байхад нь орхиод гарсан, одоо сургуульд ороод 3-р ангид орох гэж байна ш дээ, аймаар хурдан юмаа. Юу хийх вэ дээ, ажиллах зөвшөөрөлгүй хүн чинь, хими цэвэрлэгээний хүлээн авах сторт ажилладаг. Аз болоход солонгос эзэн маань надад 100% итгээд, тэндээ би ганцаараа л ажилладаг, хааяадаа 2 долоо хоногтоо заримдаа ч бүр 3 долоо хонож байж нэг ирдэг юм. Тийм болохоор дарамт шахалт байхгүй ёстой амар шүү дээ. Одоо энэ ажлаа хийгээд жил гариу болох гэж байна.

-Хөгшин нь Америкт ирсэнээсээ хойш зөөгчийн ажил л хийж явсанаас биш өөр ажлуудын талаар жаахан ойлголт муу ш дээ, хими цэвэрлэгээнүүдийн ажил чинь дотроо жаахан ялгаатай юу? Жишээ нь чи бүгдийг ганцаараа хийнэ гэхээр арай индүүдлэгэ энэ тэрээ хүртэл хийдэг юм биш биз дээ?

-Оо, яалаа гэж. Миний ажил чинь хүмүүс ирээд хувцас, хунар, бүтээлэг юу байдаг юм тэрийгээ аваад ирэхээр нь хүлээж, тоолж аваад компьютерт бүгдийг нь шивж оруулаад, ''tag''-лаад, энэ нь нэг тэмдэг тавьж байгаа юм, өөр өөр зохих үйлчилгээнүүдийг хийдэг сторууд руу явуулчихдаг юм, тэгээд л ирсэн хувцаснуудыг нь сортлоод л өлгөөд уутлаад бэлэн болгоод үйлчлүүлэгчид ирээд авахад бэлэн болгоно. Товчхондоо нэг иймэрхүү л ажил хийнэ. Pick up стор, бүх юмаа хийдэг индүүтэй, угаалгатай хими цэвэрлэгээ гэхээр өөр шүү дээ.

-Чиний тэгээд энэ ажлын амар тал, хүнд тал нь юу вэ, Монголд юу хийж байсан гэлээ?
-Манай стори чинь оёдол болон гутал засвартайтай л даа, эзэн авгай маань өөрөө оёдлоо хийдэг байсан юм, нохой хамартаа хүрэхээр усч гэхчээр би Монголд байхдаа хөндлөн зүү атгаж үзээгүй хүн чинь харсаар байгаад яаж хөл машин дээр оёдогийг нь сурчихсанаас хойш надад жигтэйхэн итгээд хамаг юмаа даатгаад би ганцаараа ажилладаг болсон л доо, тэгэхдээ ч компьютерт бүх данс тооцоо хэдэн хувцас хэдээр авсан, оёсон, гутал хүлээж авсан бүх зүйл алган дээр юм шиг ил болохоор надад итгэх ч юу байх вэ, компьютертаа л итгэж байгаа хэрэг л дээ. Түрүүн хэлж байсан эзний дарамт байхгүй болохоор дуртай үедээ сууж босож, идэж, ном сонин уншиж байх нь эрх чөлөөтэй амар санагддаг юм, тэгэхээс ч Монголд байхдаа, сургуулиа төгсөөд багшаар үлдэж, одооных шиг дургүй ажлаа 7 хоногийн 6-н өдөр өглөөний 7-оос оройн 7 хүртэл хийдэггүй байсан болохоор сайхан байжээ. Хими цэвэрлэгээний ажлын нэг хүнд юм нь ажлын цаг хэт урт болохоор бидэн шиг залуу хүмүүст их хэцүү, хувийн амьдралгүй л болж байгаа юм. Уулаасаа ч энд ирж өөрийгөө золиослож байгаа л даа. Би чинь хүү ээж, дүү нараа тэжээх гэж л энд ирсэн, заримдаа ч эмэгтэй мөртлөө цэрэгт явсан хүн шиг санагдах үе бий. Өвдөх ч эрхгүй ажиллаж байгаа болохоор, Монголд байгаа зарим хүмүүс маань даанч тэр байдлыг ойлгохгүй ''Америкт ирсэн манийгаа бөөн долларон дунд суучихаад л босож авахаасаа залхуурцгаадаг'' гэж бодоцгоодог юм шиг байгаа юм.


-Мөнгө гэж ярьсаных чи өдрийн бараг 12 цаг ажиллаад цалин хэр авдаг вэ, үүнийгээ яаж зарцуулж байна даа, хурааж чаддаг уу?
-Үгүй яахав, оёдлоо хамт хийсэнийх 7 хоногийн $600 авдаг, гэвч эхний 7 хоногийн маань цалин сарын эх учраас байрны түрээсэнд $500 нь (1 өрөөнд ганцаараа байдаг болохоор), дараагийн 7 хоногийнх машинд тэр чигтээ (шинэ машин болохоор зээлийн хүүндээ нэлээнг төлдөг), 3 дахь 7 хоногийнх гэр лүүгээ (Монголд байгаа дүү, ээж, хүүдээ сар бүр $400 сүүлийн 5 жил тасралтгүй явуулж байна даа), ингээд хамгийн сүүлийн 7 хоногийнх машины даатгал, хоол болон жижиг сажиг бусад юманд зарцуулагдчихна даа. Ингээд түрүүчийн хэлсэнээр нэг өдөр ч ажил таслах эрхгүй хүн л явна шүү дээ, тэгсэн мөртлөө save-лэж ерөөсөө чадахгүй юм. Сард хааяадаа илүү гаргаж ганц хоёр зууг цааш нь хийнэ, Монголд янз бүрийн төлөвлөөгүй зүйл гарч ирэхэд л тэрнээсээ илүүчлэхээс аргагүй болж байгаа юм.

-Тэгэхээр цааш нь хадгалж чадахгүй болохоор цагаа баахан дэмий өнгөрөөж байгаа юм шиг санагдахгүй байна уу? Монголдоо хэзээ буцах бодолтой байна даа?
-Монголд байхад миний цалин 150,000 төгрөг байдаг байсан, тэр маань байр, хоолны мөнгөнөөс илүү гарахгүй, тийм болохоор энд хичнээн дургүй ажлаа хийгээд явж байгаа ч сэтгэл санааны хувьд хамаагүй тайван, гэрийнхэндээ туслаад $400 сар бүр өгч чадаж байгаадаа, хүүгээ хэрэглээний хувьд юугаар ч дутаахгүй байгаадаа сэтгэл хангалуун сайхан л байдаг л даа. Гэвч би хүүгийнхээ хэзээ ч давтагдашгүй хүүхэд насыг, сургуульд дөнгөж ороод яаж бичиж сурч байгаа, хэнтэй найзалдаг, юугаар тоглодог, эмээдээ хэрхэн эрхэлдэг, загнуулдаг гээд л тэр бүгдийг дахиж хэзээ ч харж чадахгүй гэж бодохоор үнэхээр харамсдаг л юм. Дүү гаргаж өгсөн ч хүүгийн минь энэ орхиж явсан үе давтагдахгүй шүү дээ. Гэхдээ яахав, над шиг олон олон өрх толгойлсон эмэгтэй надтай адилхан зовлон жаргалыг үүрч яваа гэж бодохоор....(хүүгээ жаахан ярьсан чинь яг уйлах гэж байна гээч гээд инээмсэглэв) би ганцаархнаа биш гэж боддог юм. Даанч эргээд хүүтэйгээ уулзахад түүнд юу гэж хариулнаа, яаж ойлгуулнаа гэж бодохоос айдаг.

-Юуг ойлгуулна гэж?
-Үгүй яах вэ дээ, хэзээ нэг өдөр бид нар хамтдаа байгаад би хүүгээ зэмлэх хэрэг гарлаа гэхэд өөдөөс минь та намайг өсгөөгүй, намайг жаахан байхад та мөнгөний төлөө намайг хаяад явсан юм чинь би таны үгийг заавал сонсох ёстой юмуу гэвэл яанаа гэж боддог. Би тэгэхэд нь ''тиймээ ээжид нь мөнгө хэрэг болоод явсан юмаа, мөнгийг хүүгээсээ дээгүүр тавьсан юмаа'' гэлтэй биш, тэр нялх амьтан чинь одоохондоо ойлгохгүй ээж надтай ягаад хамт байж болдоггүй юм бол, надад дээр ирээд буцаад байж болдоггүй юм байх даа гэж бодож байгаа шүү, виз харлана гэж юу байдгийг ойлгохгүй шүү дээ. Дээр нь ааваас нь салсан болохоор хүү минь аав, ээжтэйгээ байгаа хүүхдүүдэд ямар их атаархдаг болоо гэж өрөвддөг.

-Хүү чинь чамайг ойлгох байлгүй дээ, эмээ нар ч айхтар даа, амьдралын ухаантай болгоод л өсгөчихнө. Харин явуулсан мөнгийг чинь танайхан хэрхэн зарцуулдаг бол?
-Өө, тэгээд байр утасны мөнгөнд тал нь явчихдаг юм шиг байгаа юм, хүү сургуульд орсоноос хойш багш нар нь бизнес хийгээд хэрэггүй шахуу номыг заавал худалдаж ав гэдэг, дээр нь тийм ч юм ийм ч юм гээд их олон татаас авдаг гэсэн. Ингээд л үлдсэн нь хоолонд явдаг юм шиг байна лээ. Дүү нар одооноос л их сургуулиа төгсөцгөөж байна, тэд нарын төлбөрт ээж группийн мөнгөнөөсөө, миний явуулсанаас бас илүүчлээд болгодог гэсэн.

-Улс орон маань л нэг дорвитой алхам хийж гадаадад гарсан Монголчуудаа буцаж татах, энд ажиллаж авч байгаа цалинг авах боломжийг хангах л хэрэгтэй байна даа, тиймээ ? Чи буцна гэж боддог уу, энд удах юмуу?
-Харин тиймээ, та нар энд байгаа хүмүүсийн бодит амьдрал байдлыг Монголд байгаа хүмүүст ойлгуулах хэрэгтэй, манай муу гэрийнхэн ч яах вэ, намайг хэрхэн яаж мөнгө олж байгааг сайн ойлгодог. Харин зарим эгчмэд найз хүүхнүүдийн маань том болсон хүүхдүүд, нөхрүүд явуулсан мөнгөөр нь ч баарддаг, нийлдэг, үрэлгэн ханддаг гээд л үглэж л байдаг юм. Би ч тэгэж байгаад буцна даа л гэж боддог л доо уул нь, даанч яг одоохондоо буцаж бас болохгүй байнаа явах гэсээр байтал дахиад нэг 3, 4 жил болох байх, ингэж байсаар 10 жил болох нь байна шүү, цаг хугацаа гэж...
-Би ч зөндөө олон төрлийн ажил хийж байгаа хүмүүстэй уулзаж, зовлон жаргалыг нь, ажлынх нь онцлогыг яриулна даа гэж төлөвлөөд л байна. Нээрээ хими цэвэрлэгээний бизнесийг Монголд ч юмуу, мөнгөтэй бол энд ч юмуу хийе гэвэл боломжийн санагддаг уу? Энэ ажлаасаа яг юуг сурч байна даа?
-Одоохондоо Монголд хийхэд дэмий байхаа, харин энд ийм сторитой болчихвол би өөрөө оёдлоо хийгээд сурчихсан юм чинь хүн хөлсөлж авахгүй хэмнэлттэй, ашигтай санагддаг юм. Америкууд ч ёстой ганц товчоо хадаж мэдэхгүй улс шүү дээ, үүнд $2 төлөх нь тэдэнд юу ч биш, бараг үнэгүй хийлгүүлж байгаатай адил байдаг биз. Сурч байгаа зүйл гэвэл янз бүрийн ааш араншинтай хүмүүстэй харьцсаар хүнтэй харьцаж сурч байна, хэр баргийн юманд уурлахгүй тэсвэртэй, хүний эвийг олж сурч байна л гэх үү дээ. Дээр нь ерөөсөө Америкийн амьдралаас бас эдний зан заншил, хүмүүсийн хуулиа хүндэлдэг, баримталдаг, цагийн юм цагтаа байдаг,  өөр өөр орны хүмүүсийн ялгаатай байдал, үзэл бодлоос бас их юм сурч байна.

-Америкууд гэснээс танай үйлчлүүлэгчид нь голдуу хаанахууд байдаг юм бэ?
-Бараг 60% нь цагаанууд, үлдсэн нь харууд, энд төрж өссөн эрлийз азиуд эсвэл Америк нөхөртэй ази хүүхнүүд байдаг, хөөрхий муу Испаниуд ч маниустайгаа адил өөрсдөө л угааж хатааж индүүдэхээ боддог байхаа, ердөө ирдэггүй юм.
-За за хими цэвэрлэгээнд ажилладаг хүмүүс тэгвэл нэг иймэрхүү байдаг байжээ, өнөөдрийн чинь амрах цагаас зөндөө авчихлаа. Сайхан буу халсанд баярлалаа. Дараа уулзья даа.
-Өө зүгээрээ, орой бараг 8 дөхүүлж орж ирээд, усанд ороод л, юм идсэн болоод, жаахан компьютер харж байтал унтах болчихдог нэг л хэвийн амьдралтай хүнд ингээд чамтай уулзаад гэр орныхоо тухай ярьсан чинь сайхан байлаа. За ажлын амжилт хүсье!

Ярилцсан Ариука.

Энэхүү ярилцлагыг хуулбарлан тавьбал заавал оrloo.com гэсэн эх сурвалжийг нь тавина уу.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.