03 сарын 21, Пүрэв
°C
USD 2,631.41
USD 2,631.41
EUR 2,985.33
JPY 23.58
GBP 3,483.33
RUB 40.93
CNY 392.44
KRW 2.33

Г.Цогтгэрэл: “Рио-2016” олимпийн тэнгэрт эх орныхоо төрийн далбааг мандуулна

Хөгжлийн бэрхшээл гэдэг хөгжлөөс хоцорч, нийгмээс өөрийгөө тусгаарлах шалтгаан биш юм. Сэтгэл, зүтгэл байвал сүрлээр шат хийж, хонгилын үзүүр дэх гэрэлд хүрч болдогийн жишээг хөгжлийн бэрхшээлтэй хэрнээ нийгмийн салбарт манлайлж яваа олон хүнээс харж болно. Тэд спортоор хичээллэж, бие даан амьдрах чадварт суралцсанаар төсөөлөө ч үгүй байсан амжилтаа гаргаж, олны талархлыг хүртэж байна.

 Tsogtgerel

“Би чадна” хэмээн үргэлж өөртөө итгэдэг гэх энэ эмэгтэйг Г.Цогтгэрэл гэдэг. Тэрбээр долоон жилийн өмнө авто машины осолд орж өрөөсөн хөлөө тайруулснаас болж “хөгжлийн бэрхшээлтэй” гэх нэр зүүсэн нэгэн. Гэвч тэр хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж байдаггүй, оюун санааны эмгэг гэж л бий хэмээн хатуухан хэлж, өөрийгөө ялахын тулд их спортын замыг сонгожээ.

Хэн нэгэн багшийн удирдлагагүйгээр өөрөө өөртөө дасгалжуулагч болж анх 2012 онд Бүх ард түмний XIII их наадамд хүч сорин оролцсноор анхны алтан медалиа хүртсэн гэдэг. Тэрбээр үүнийгээ араасаа олон амжилт дагуулсан булган сүүлтэй медаль хэмээн бусдаас илүү хайрладаг гэнэ.

Ингээд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн, Монголын Үндэсний шигшээ багийн паралимпийн хөнгөн атлетикийн тамирчин, спортын мастер Г.Цогтгэрэлтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Анх яагаад паралимпын спортоор хичээллэх болсон бэ?

-2008 онд  авто машины осолд орчихоод сэтгэлээр их унасан. Маш хүнд бэртэж бэртээгүй зүйл ховор байсан тул 14 удаагийн хагалгаанд орсон юм. Тэр үед хөл минь нэгэнт ч минийх биш боллоо. Одоо би юу хийх вэ гэж бодсон. Тэгээд 2012 оноос эхлэн спортоор хичээллэж, өөртэйгээ тэмцэхээр шийдсэн.

-Спортоор хичээллэснээр таны бие махбодь, сэтгэлзүйд ямар өөрчлөлт гарсан бэ?

-Би 10 дугаар ангид сурч байсан хүүгээ гурван жилийн өмнө зуурдаар алдсан. Тэр үед амьдрал дэндүү хатуу санагдаж байсан. Одоо би ганц охинтой. /Тэрбээр хүүгээ ярих үед хоолой нь зангирч, нулимс мэлмэрүүлэн уйлав/  Сэтгэл санаагаа цэгцлэхийн тулд энэ спортоор шуудраад  хичээллэж явна. Тэгээд бэлтгэл сургуулилтаа хийгээд өөрөөсөө илүү энэ спортдоо цаг зав их гаргадаг болсон. Ер нь бол өөрийгөө ялах болон амьдралын хүнд бэрхийг даван туулах сэтгэлийн тэнхээг эндээс л олж авсан даа.

-Хэцүү санагдсан үедээ та өөрийгөө юу гэж зоригжуулдаг вэ?

-“Би чадна” гэж л боддог. Тэгж ч өөртөө хэлж, өөртөө итгэдэг. Бэлтгэл сургуулилт хийх үеэр маш их ядарч туйлдах үе байдаг. Тэр үед охин, хань хоёр минь надад тусалж, дэмждэг. Бас багш минь үргэлж урам зориг, эрч хүч хайрладаг. Эднийхээ хүчээр шантрахгүй явж байна даа.  

-Таны багш гэж ямар хүн байдаг вэ?

-Манай багш Архангай аймгийн Биеийн Тамир Спортын газрын дарга Ц.Нэргүйбаатар гэж мундаг хүн бий. Багш маань намайг уралдаан, тэмцээнд ороод -амжилт гаргаж явах үеэс мэддэг болж, өөртөө шавь оруулсан юм. Багшийнхаа дэргэд очиж, олон улс, тив дэлхийн томоохон тэмцээнүүдэд бэлддэг.

-Гаргасан амжилтаасаа хуваалцвал?

-Улсын чанартай тэмцээн уралдаануудад байнга оролцож амжилт гаргаж байсан. Тиймдээ ч паралимпийн Монголын Үндэсний шигшээ багийн тамирчны нэг болж чадсан юм. Мөн 2013 онд Монголын шилдэг тамирчин, 2013, 2014 оны аймгийн шилдгийн шилдэг тамирчин болсон. Томоохон амжилтаас дурдвал,  Бээжингийн Гранпригаас алт, ОХУ-ын АШТ-ээс аваргын алтан медаль хүртэж байлаа. Мөн БНСУ-ын Инчеон хотноо болсон Азийн аваргаас хүрэл медальтай ирж байсан.

-Амжилт гаргасан паралимпийн тамирчдыг төр, засгаас хэр их дэмждэг вэ?

-Саяхнаас л тив дэлхийн чанартай уралдаанд оролцох зардал мөнгийг улсаас гаргаж өгдөг болж байна. Харин аймаг орон нутгаас дэмжлэг хүсэх гээд саяхан би бичиг баримтаа бүрдүүлээд өгчихсөн байгаа. Миний хувьд аймагтаа ганцхан байдаг паралимпийн үндэсний шигшээ багийн тамирчин. Цаашдаа тусалж дэмжинэ байх гэж найдаж байгаа.

-Мэдээж унааны зардлаас гадна бусад зардал, мөнгө маш их гардаг байх. Хувийн хэвшлээс ивээн тэтгэдэг байгууллага бий юу?

-Одоохондоо хувийн хэвшлээс ивээн тэтгэсэн байгууллага байхгүй. Нэг удаа Оюутолгой ХХК-д хандаж үзсэн. “Тавантолгой” ХХК-д бас хандаж үзсэн. Гэвч бүтээгүй. Тэдний хувьд спортоос илүү оюунлаг тал руу нь дэмждэг юм шиг санагдсан.

-Та цаашдаа өөр шигээ хүмүүст багшлах талаар төлөвлөж байгаа юу?

Тийм бодол байдаг.  Хэрэв хэн нэгэн хүсвэл миний болон манай багшийн шавь болж болно. Гэхдээ би өөрийгөө одоохондоо багшлах болоогүй байх гэж бодож байна. /инээв/ Хүн гэдэг амьтан чинь үхэн үхтлээ сурч, суралцаж явдаг шүү дээ.

-Таны цаашдын зорилго?

-Би “Рио-2016” олимпоос эх орондоо медаль өвөртлөн ирэх зорилго тээсэн байгаа. “Чадна” гэж өөртөө маш их итгэж байна. Тиймдээ ч өдөр бүр 20 тоннын жинтэй зээрэнцэг, бөөрөнцгөөр жилийн дөрвөн улиралд бэлтгэл сургуулилтаа базааж байгаа. Дасгал хийхдээ 5-15 кг жинтэй туухайг хойш, урагш хол зайд шидэх байдлаар бэлддэг. Эдгээр жин нь нэмсээр байгаад давтамжаараа 20 тоннын хүчний дасгал болдог юм.

-Өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй хэмээн голж хаалганы цаана суугаа хүмүүст хандаж та юу хэлэх вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж байхгүй. Хүний оюун санаа эрүүл л бол юуг ч хийж чадна. Манай багш надад ингэж хэлдэг. “Чи бол хөгжлийн бэрхшээлтэй хүн биш. Чи бол цоо эрүүл, бусдын л адил. Тиймээс чи эрүүл хүн шиг шантралгүйгээр бэлтгэлээ хийх ёстой” гэж зөвлөдөг. Энэ үг надад маш их урам өгдөг. Энэ үийг би хэлмээр байна. Багшийнхаа ачаар амжилттай яваа тул Ц.Нэргүйбаатар багшдаа болон гэр бүлийнхэнд нь талархаж явдгаа илэрхийлмээр байна. Бас хайрт ээждээ талархаж явдаг. Тэгээд эцэст нь “Чи чадна, Чи ялна” гэж хэлье дээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж нэр зүүгээд явах уу эсвэл хэр их тэмцэж чадахаас шалтгаалж хэрхэн амьдрах нь шалтгаална. Хувь хүний ухамсар, идэвх зүтгэл их чухал шүү.

-Ярилцсанд баярлалаа. Таны хүсэл биелж, "Рио-2016" оны олимпийн тэнгэрт Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулаад ирнэ гэдэгт итгэж байна. Танд амжилт хүсье.

-Та бүхэнд ч бас баярлалаа. Ажлын амжилт хүсье.

12038483 1606442819616020 3171990619536648736 n

Г.Цогтгэрэл гэх энэ бүсгүй тун дайчин агаад зорьсон зорилгодоо хүрэхийн тулд шантрашгүй зүтгэж явна. Тэрбээр анхныхаа тэмцээндээ орохын тулд багш ч үгүй хэрнээ өөрийнхөө группийн мөнгийг, ээжийнхээ тэтгэврийн хамтаар зээлж оролцож байсан гэх. Түүний энэ зоримог чанар дэмий зарлага болоогүй юм. Анхны тэмцээний амжилтаа алтан медадиар буухиалж, өдгөө 13 алт, 1 мөнгө, 1 хүрэл медалиар энгэрээ чимжээ.

Эндээс та мөрөөдөлдөө үнэнч байж, тууштай тэмцэж чадвал боломжгүй, бүтэхгүй зүйл байдаггүйн жишээг харж болно. Заримдаа бид хоёр хөл бүтэн, оюун санаа эрүүл атлаа өнөөдрөөс илүүтэй хөдөлмөрлөхгүйгээр бэлэнчлэн амьдрах нь цөөнгүй.

П.Мөнхжаргал

#ILoveMongolia2015

 

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

ѲРСѲЛДѲЖ БУС ѲѲРИЙГѲѲ ХѲГЖҮҮЛЖ АМЬДАР
ѲРСѲЛДѲЖ БУС ѲѲРИЙГѲѲ ХѲГЖҮҮЛЖ АМЬДАР
02/04/2019
Монголчууд бидний бие биедээ атаархаж, бие биенээ муулж байдаг муу араншингийн үндэс нь УРАЛДААН бас ѲРСѲЛДѲѲН  гэж надад бодогддог юм. Монголчууд бид хар багаасаа л уралдаж, ѳрсѳлдѳж ѳссѳн. Хэрвээ айлын хүүхдээс ямар нэгэн байдлаар дутуу байх аваас “турсгаа хуулуулах” хэмжээний шийтгэл эс бѳгѳѳс уруулаа тас зууж, нулимсаа залгилах хэмжээний “шоололт” амсана. Аав ээж минь биднийг загнахдаа “Чи тэдний хүүхдийг хар, тэгээд ѳѳрийгѳѳ хар” гэж жишээлнэ. Заавал түүнтэй адилхан байх ёстой болоод ирэхээрээ гэмгүй түүнд хорсож занана, эс бол түүнээс ямар нэгэн муу тал олох гэж анана. Түүнээс ѳѳрийгѳѳ
ЭГДҮҮЦЭЛ
ЭГДҮҮЦЭЛ
02/01/2019
Би ѳѳрийн хэрээрээ зѳндѳѳ сайн үйлс хийх гэж хичээдэг, гэхдээ олон сайн зүйлс хийж амжиж байгаа. Миний хийж байгаа сайн үйлсийг анзаарч байгаа олон хүмүүс надтай холбогддог л доо. Тэд ихэвчлэн "Галаа ахаа та мундаг юм аа, тантай би хамтарч ажилламаар байна" хэмээн санал тавих нь олонтаа. Мэдээж би зѳвшѳѳрнѳ, гэхдээ нэг болзолтойгоор. "Чи энэ санаан дээр ѳѳрийн чадах зүйлээ хийгээд үз дээ" гэнэ. Тэрээр учиргүй их зүйл амлаад л гарч одно, ихэвчлэн сураггүй болно. Хааяа нэг тааралдахаараа "Галаа ахаа би нѳгѳѳ ярьсан зүйлээ бодоод л яваад байгаа шүү дээ" гэнэ. Эсвэл "Миний зав болдоггүй ээ"
НАС АХИХААР...
НАС АХИХААР...
Жил жилийн шинэ онд цаг хугацаа насыг минь жигүүр дээрээ тээж ѳндрѳѳс ѳндѳрт нисдэг. Хичнээн ѳндѳрт дүүлэх тусмаа энэ ертѳнцийг, эгэл амьдралыг дээрээс нь хараачлан сэтгэлдээ багтаана. Үлдэж хоцорсон цаг хугацаа бус ѳмнѳ минь тодрох ирээдүй миний хѳтѳч болон намайг дагуулна. Бид ѳнгѳрч буй цаг хугацааны тоосноос сугарч зѳвхѳн урагшаа л тэмүүлдэг болохоор энэ амьдрал хязгааргүй бас таашгүй мэт. Аргамжааны сурыг алд алдаар эвхэх мэт цаг хугацааны урсгал, дурдатгал мѳрѳѳдѳл хоёрын зааг дээр түрхэн амсхийх мэт. Санаа алдах бүрийд салхилах цаг хугацааны шуурганы ул мѳр, нүүрэн дэх үрчлээсэнд минь

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2019 Орлоо-Инфо ХХК.