05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

А.Ганбат: Өөрийнхөө сонирхлыг олох ёстой болохоос өрөөлийг дуурайвал утгагүй

Америкт арав гаруй жил ажиллаж амьдарч байгаа А.Ганбаттай ярилцлаа. Түүний өвөрмөц сонин хобби, ертөнцөөр зочлоорой.
-Америкт ажиллаж, амьдраад хэр удаж байна?

Америкт ирээд 10 гаруй жил болж байна. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэрийг маань Саранцацралт гэдэг. Би одоогоор чулууны жижиг үйлдвэр эрхэлж байна.

-Америкийн мотоцикль унадаг монголчууд тэр дундаа Вашингтоныхон өөрийг чинь Харлей Ганаа гэхээр андахгүй юм билээ. Хэзээнээс мотоцикль сонирхож эхэлсэн бэ?

-Монголд Oросын “Урал” гэж мотоцикль байлаа. Түүнийг чопэр маягийн болгож янзлаад унаж байсан. Намайг Монголд байхад манай найзууд Харлей Ганаа гэж нэр өгсөн. Харлей миний мөрөөдөл байсан юм. Харлей Дэвидсон унаад дууг нь сонсч үзэх юмсан гэж мөрөөддөг байлаа.
Америкт ирээд мөрөөдөж явсан мотоцикь дээрээ сууж үзсэн. Сэтгэл их хөдөлж байсан. Аажимдаа ажил амьдрал цэгцрээд ирэхээр өөрийн гэсэн мотоцикльтэй болсон. Одоо Harley Davidson road king, “Yamaha”-гийн чопэр мотоцикльтой. Ер нь Калифоринд мотоцикль их байдаг. Эндээс л хүмүүс төрөл бүрийн мотоцикль хардаг.

-Олуулаа Харлей Дэвидсон эсвэл чопэр унаад явж байгаа хүмүүс сүртэй харагддаг. Ер нь хурд, хүчний гайхамшиг болсон Харлейг унахад ямар мэдрэмж төрдөг юм бол?

-Харлей их сүртэй нүргэлсэн дуутай. Миний хувьд мотоциклио унаад давхиж байхад хүч, бяр мэдрэгддэг шүү. Ёстой нөгөө “эр хүний жаргал” гэдгийг мэдэрнэ.Ер нь Харлей Дэвидсон америкчуудын хувьд домог. Мөн дайны үед их чухал үүрэг гүйцэтгэсэн. Хэсэг хугацаанд энэ брэндийн борлуулалт буурсан.
Тэр үед америкчууд мотоциклио олон тоогоор үйлдвэрлэж цэрэг армийнханд нийлүүлсэн. Ингээд Харлей Дэвидсоны борлуулалт сайжирсан юм билээ. Харлей Дэвидсон бол америкчуудын хувьд хүнд хэцүү үеийг хамт туулсан үнэнч хүчтэй нөхөр гэлцдэг. Өөрөөр хэлбэл, энэ унаа Америкийн тусгаар тогтнолтой салшгүй холбоотой.

-Ийм төрлийн мотоцикль худалдаж авахад чамгүй үнэтэй байх?

- Тийм,үнэтэй. Гэхдээ хүн мөрөөдөлтөй, хийх дуртай зүйлтэй байх ёстой болов уу. Зарим хүн намайг зүгээр л нэг “Мотоцикльд дурласан нөхөр” гэж хардаг байх. Гэтэл энэ бүхэн намайг зорилго, эрч хүчтэй, амьдралыг маань илүү амттай болгосон. Би анхны мотоциклио 17 мянган ам.доллараар авч байлаа. Энэ төрлийн мотоциклиуд дунджаар 20-30 мянган ам.долларын үнэтэй байдаг.

Дуртай зүйлээ авахын тулд өмнөө зорилго тавьж жирийн үед ажилладагаасаа хоёр дахин илүү хөдөлмөрлөдөг байсан. Гэр бүлээ авч явахын зэрэгцээ хоббидоо үнэнч байна гэдэг амаргүй. Гэхдээ би хоббиндоо гар татах дургүй. Ямартай ч энд ирээд гурван жил уйгагүй ажиллаж байж мотоцикльтой болсон. Өглөөнөөс орой хүртэл үйлдвэрт ажиллана.

Ажлын бус цагаар үйлдвэрээ хувиараа түрээслээд ажилладаг байсан. Ихэнхдээ шөнө тарна. Заримдаа бүр 72 цаг ажиллах ч үе байлаа. 22:00 цаг гээд гэртээ харихаар амралтын өдөр юм шиг санагддаг байсан. Зорилго тавиад түүндээ хүрэхийн тулд хичээсэн юм.

-Мотоциклио унахдаа өмсдөг хүрэм чинь нүдэнд тусах юм. Энгэрт нь байгаа олон тэмдэг ямар учиртай вэ?

- Томоохон цугларалтад оролцох болгонд шинэ тэмдэг нэмэгддэг юм. Тухайлбал, “Memorial day” цуглаанд хэдэн мянган мотоцикльчин нэгдэж нэгэн зэрэг хаазалж дуу чимээ гаргадаг. Ингэснээр дайны дуу чимээг Засгийн газарт мэдрүүлж сануулдаг гэж болно.

-Харлей Дэвидсон, чопэр хоёрын ялгаа нь юу байдаг юм бол?

-Харлей Дэвидсон бол дэлхий нийтэд танигдсан брэнд. Чопэрыг тусгайлан урлаж хийдэг. Гарыг нь өндөрсгөх эсвэл ямар ч байдлаар этгээд сонин болгож болдог. Өөрөөр хэлбэл, хүн өөрийн хүссэнээрээ мотоциклио өөрчилвөл чопэр болдог.

Мотоциклийг стандарт хэмжээнээс нь өөрчилсөн бол чопэр. Мөн бүх хийцүүдийг нь гараар хийдэг учир өвөрмөц унаа гэж ойлгож болно. Гарыг нь нам эсвэл өндөр гээд ямараар ч янзалж болно. Ямар ч брэндийн мотоциклийг чопэр болгож болдог юм. Гэхдээ чопэрыг 2-3 цаг унаад амрах ёстой.

-Та бас мотоциклийн сувенир цуглуулдаг юм билээ?

-Харлей Дэвидсон үнэтэй учир тэр бүр шууд авах боломжгүй байлаа. Тухайн үед мотоциклийн ид хорхойтой байсан болохоор дэлгүүр орох бүртээ мотоциклийн сувенир хайдаг байв. 2006 оноос хойш 400 гаруй мотоциклийн сувенир цуглуулжээ. Заримыг нь Монгол руу явуулсан.

-Хобби гэж таныхаар юу вэ?

-Хобби гэдэг хэн нэгнийг дуурайхын нэр биш. Хүн өөрийнхөө хоббиг олох ёстой. Зарим хүмүүс бүр “Юу цуглуулмаар юм бэ. Нэг юм цуглуулчих юмсан” гэж ярьдаг. Ингэж яриад сайхан цуглуулгатай болно гэж саналтгүй. Өөрийнхөө юу сонирхож байгааг олж мэдэх хэрэгтэй.
Мэдээж ажил амьдралаа бяртай авч явахын зэрэгцээ хүссэн зүйлдээ цаг, хүч, хөдөлмөр зарцуулна гэдэг амьдралын бас нэг сайхан зүйл шүү дээ. Хийж байгаа ажилдаа хүртэл эрч хүчтэй, дайчин, урам зоригтой болдог.

Д.Цэцэг / Зууны мэдээ /


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.