05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Б.ЧИНГҮҮН: "ҮЗЭГЧИД АРИЛЖААНЫ КИНОНООС ТАТГАЛЗАХ ҮЕ ИРНЭ"

Сүүлийн үед олон дэлгэцийн уран бүтээл маш бага хугацаанд бүтэж үзэгчдийн хүртээл болж байна. Тиймээс энэ удаагийн ярилцлагадаа бид Б.Чингүүн найруулагчийг урьж оролцууллаа. “Холливудад киногоо дөнгөж хийж эхэлж байхдаа дэлхийн зах зээл рүү борлуулаад эхэлсэн байдаг. Энэ менежмент дэлхийн кино урлагт маш том мафийн сүлжээ болтлоо хөгжчихсөн байдаг юм”...гэх түүнтэй Монголын кино урлагийн цаг үеийн асуудлаар уулзаж ярилцлаа.

-НАЙРУУЛАГЧ Б.ЧИНГҮҮНИЙГ ИХЭНХ ХҮМҮҮС БОГИНО ХЭМЖЭЭНИЙ КИНО БҮТЭЭДГЭЭР ТАНЬ МЭДДЭГ. БОГИНО ХЭМЖЭЭНИЙ КИНО БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ КИНО ХОЁР ЮУГААРАА ЯЛГААТАЙ БАЙДАГ ВЭ. ЗУРАГ АВАЛТ, ӨНГӨ, НАЙРУУЛГЫН ХУВЬД ӨӨР ЗҮЙЛС ОЛОН ЮМ ШИГ. ХАРИН КИНО СОНИРХОГЧИД БОГИНО ХЭМЖЭЭНИЙ КИНОГ БҮТЭЭХЭД ИЛҮҮ АМАРХАН ГЭЖ ТӨСӨӨЛДӨГ?

-Кино уран бүтээлд хандаж байгаа хандлагын хувьд адилхан. Гол ялгаа нь богино хугацаанд найруулга, зохиолын санааг зөв гаргахад байдаг.

-МОНГОЛД БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ КИНО БҮТЭЭХДЭЭ ХОЁР САРЫН ХУГАЦААНД ЗУРАГ АВЧ, САРЫН ДАРАА НЭЭЛТЭЭ ХИЙЖ БАЙГАА. ХАРИН ДЭЛХИЙН КИНО ЕРТӨНЦӨД ЖИЛ ГАРУЙН ХУГАЦААНД ЗУРАГ АВЧ, НЭЭЛТЭЭ ХИЙХ ГЭЖ ХОЁР, ГУРВАН САР БОЛДОГ ГЭДЭГ. МОНГОЛД БОЛОН ГАДААДАД КИНОГ БҮТЭЭХ ХУГАЦАА ЯАГААД ИЙМ ЯЛГААТАЙ БАЙНА ВЭ?

-Бид нартай хамгийн ойрхон кино ертөнц гэвэл Холливуд шүү дээ. Холливуд бол дэлхийн кино ертөнцийн зах зээлд хөлөө олчихсон. Киноны зохиол бичигдэж байхад л “Аль Пачино гол дүрд нь тоглосон Стивен Спилбергийн найруулсан кино” гээд зарлаад эхэлдэг төдийгүй киногоо брокеруудад зараад эхэлчих жишээтэй. Өөрөөр хэлбэл, кино хийж байхдаа л дэлхийн зах зээл рүү борлуулалтанд оруулсан байдаг. Дэлхийн кино урлагийн менежмент маш том мафийн сүлжээ болтлоо хөгжчихсөн байдаг юм. Мэдээж кино зах зээл нь анх хөгжиж байхад арай өөр байсан байх л даа. Universal pictures, Columbia pictures гэх мэт том pictures-үүд өөрсдөө кино хийхээ болиод кино худалдаж авдаг болчихлоо. Киног студи, продакшнууд бүтээгээд том компаниудад худалдчихдаг. Харин киноны эхлэл, төгсгөлд худалдаж авсан байгууллагын лого нэр явж байх жишээтэй. Монголд энэ зах зээл, үзэгчид нь ч хараахан бүрэлдэж амжаагүй байна. Манай киноныхон тун бага төсвөөр уран бүтээлээ туурвиж байгаа. Кино хийхэд гарах зардал, уран бүтээлчдийн цалин кино бүтээх хугацаа нь уртсах тусмаа л нэмэгдэнэ шүү дээ. Гэтэл гаргасан зардлаа хэдий хэр хугацаанд нөхөх билээ. Тоотойхон кино театрт хэдхэн хоног үзүүлээд л тухайн киноны мөчлөг дуусдаг. Тиймээс бага зардлаар хурдан эргэлтэнд оруулах бүтээл туурвихаас аргагүй. Үүнийг монгол уран бүтээлчдийн зовлон ч гэж хэлж болох юм даа. Богино хугацаанд кино бүтээгээд байгаа нь зах зээлтэйгээ л шууд холбоотой. Их хэмжээний хөрөнгөөр урт хугацаанд кино бүтээлээ гэхэд зардлаа нөхөх магадлал нь бага шүү дээ. Дампуурахыг ч үгүйсгэхгүй.

-МОНГОЛ КИНОГ ГАДАГШ НЬ ГАРГАВАЛ ЯАДАГ БОЛ. ДЭЛХИЙН КИНО ЗАХ ЗЭЭЛД ШУУД БОРЛУУЛАЛТАНД ГАРГАХ БОЛОМЖ БИЙ ЮҮ?

-Бас л мөнгө, хөрөнгийн асуудал тулгарна л даа. Кино театрын түрээсээс эхлээд санхүүгийн асуудал тулгардаг. Гэхдээ сүүлийн үед манай уран бүтээлчид гадаад зах зээл рүү анхаарал хандуулж ажиллах болсон. Монголын кино урлагийн зөвлөлөөс эхлээд кинотой холбоотой бүх л байгууллага үүний төлөө зүтгэж байгаа даа.

-ТА МОНГОЛЫН КИНО УРЛАГИЙГ ХӨГЖИЖ БАЙНА ГЭЖ ДҮГНЭЖ БАЙНА УУ?

-Хөгжиж байгаа. Сүүлийн үед гарч байгаа дэлгэцийн бүтээлүүдийн чанар сайжирч байна. Үзэгчид ч ам сайтай байна. Киноны хийц, зохиолын хувьд ч харьцангуй ахиц харагдаж байна шүү. Харин хоёр, гурван жилийн өмнө борооны дараах мөөг шиг маш олон кино гарч байсан. Өнөөдрийн хувьд тэдгээр бүтээлүүд сураггүй болж, уран бүтээлчид нь ч мөн чанар чансаагаараа шалгарч үлдсэн гэж хэлж болно.

-КИНО УРЛАГИЙН ХӨГЖЛИЙГ ТООГООР ТОДОРХОЙЛОХ УУ ЭСВЭЛ КИНОНЫ ЧАНАР ТОДОРХОЙЛДОГ ЮМ БОЛОВ УУ?

-Одоо үед сайн, муу олон кино хийгдэж байгаа. Гэхдээ цаг хугацааны урсгалд сайн нь шигшигдэж муу нь алга болох байх. Мэдээж аливаа уран бүтээлийн сайн муу чанарын шүүлтийг үзэгчид хийдэг шүү дээ. Үзэгчдийн хувьд кинонд харьцангуй шүүмжлэлтэй ханддаг болчихсон сайн бүтээл үү эсвэл муу бүтээл үү гэдгийг маш сайн ялгадаг болсон. Хэрвээ сайн кино байвал үзэгчид цаг хугацаа өнгөрсөн ч үзэж л байдаг. Харин муу кино бол тав хоног кино театруудаар цацагдаад л мартагдана. Тэгэхлээр сайн муу чанартай чанаргүйг би дүгнэхгүй. Кино уран бүтээлчдийн хувьд арилжааны кино хийж байгаа. Мөнгөний кино хийж байж бид нар өнөөдөр амьдрах ёстой шүү дээ. Харин яваандаа кино урлаг хөгжлийн дээд цэгтээ хүрэхэд арилжааны кинонууд алга болж, үзэгчид ч арилжааны кино үзэх хүсэлгүй болж эхэлнэ. Нийгмийн хөгжлөө дагаж илүү уран бүтээлч сэтгэлгээгээр кино үздэг цаг ирэх байх.

-ЕР НЬ УРАН БҮТЭЭЛЧДЭД НАС, ЦАГ ХУГАЦАА ХЭР ХАМААТАЙ БАЙДАГ ЮМ БОЛ...УРЛАГИЙН ТОГООНД ОЛОН ЖИЛ ЧАНАГДАЖ БАЙЖ САЯ САЙН УРАН БҮТЭЭЛЧ БОЛДОГ ГЭХ ЯРИА БИЙ. ТА ҮҮНТЭЙ САНАЛ НИЙЛЭХГҮЙ БАЙЖ Ч БОЛНО ШҮҮ ДЭЭ?

-Мэдээж хэдэн оймс илүү өмсөж, элээсэн гэдгээрээ л ярина. Тийм тийм кино бүтээсэн, тэдэн кинонд тоглосон туршлагатай гэж ярьдаг. Гэхдээ тухайн хүний байгалаас заяасан авьяас, ур чадвараас хамаарах болов уу. Гэвч уран бүтээлч хүн бол үхэн үхэтлээ суралцсаар байгаад үхдэг. Сайн жүжигчин, шилдэг найруулагч ч алдаа гаргадаг. Төрөлхийн жүжиглэх авьяастай, уран бүтээлд тоглох гэж хичээгээд байгаа хэрнээ дотоод ур чадвар нь гардаггүй “ явдаггүй” жүжигчин байдаг. Харин заримдаа мэргэжлийн уран бүтээлчдийн дэргэд бяцхан зургаан настай, таван настай хүүхдүүд илүү жүжиглэх тохиолдол гардаг. Олон талтай харьцуулалт байдаг болохоор нэг талын барьж хариулахад хэцүү л дээ.

-ТА САЯ ХЭЛЛЭЭ “ЯВДАГГҮЙ” ЖҮЖИГЧИН ГЭЖ. ГЭХДЭЭ ЗАРИМ САЙН ЖҮЖИГЧИН МУУ ТОГЛОСОН КИНО Ч БАЙДАГ ШҮҮ ДЭЭ. ТЭГЭХЛЭЭР ЖҮЖИГЧНИЙ УР ЧАДВАРЫГ ТУХАЙН БҮТЭЭЛ ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЙРУУЛАГЧ ГАРГАЖ ЧАДАХ, ЧАДАХГҮЙГЭЭС БАС ШАЛТГААЛАХ УУ?

-Нэг талаараа муу жүжигчин гэж байдаггүй муу найруулагч гэж бий. Болдоо гэдэг хүнийг Дорж гэдэг хүний дүрд тоглуулахын тулд найруулагч “шүүсийг нь шахаж” байж, бүх чадварыг нь гаргаж тухайн дүрийг бодитоор бий болгодог. Хоёрдугаарт манай жүжигчид дүрийн судалгаа бага хийгээд байх шиг санагддаг. Ялангуяа орчин үеийн жүжигчид тухайн зохиол, дүр дээрээ ажиллах нь тааруу болчихсон. Зохиолыг хоёр өдрийн өмнө аваад л зураг авалтанд орчихдог. Хальт зохиолоо уншсан болоод л хаячихдаг. Гэтэл дүртэй танилцахын тулд дүрийн судалгааг сарын өмнөөс эхлүүлсэн байх шаардлагатай. Энэ тал дээр драмын театрын жүжигчид илүү нухацтай ажилладаг. Харин дэлгэцийн жүжигчид арай л хайнга хандаад байдаг юм шиг санагддаг. Гэхдээ бүгдийг нь үгүйсгэж болохгүй. Тухайн дүрдээ орчихоод гардаггүй, дүрээ бүтээх гэж “шатдаг” хүмүүс мэр сэр бий.

http://www.youtube.com/watch?v=L0H16MAz4Ok

blind date poster

Э.ТЭМЛҮҮН  Эх сурвалж: Urlag.mn 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.