04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

ГАДААД ХУДАЛДААНЫ БОДЛОГОД ТУЛГАМДСАН АСУУДЛУУД

/Гадаа худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эхлээд бусад төрийн байгууллагад ажиллаж байхдаа судлаж байсан ажлаа орхилгүй одоо ч үргэлжлүүлэн гадаад худалдааны талаарх судалгаа хийж, багшилж байгаа Профессор Л.Минжинтэй хийсэн ярилцлагыг бүрэн эхээр нь нийтэлж байна./

АСУУЛТ: Гааль, татварын албыг нэгтгэх, гаалийн хяналт шалгалтын үүргийг өөр байгууллагад шилжүүлэх асуудал яригдаж, УИХ-аар хэлэлцэгдэх гэж байна. Ер нь гаалийн албаны үндсэн чиг үүрэг, зорилт, зохион байгуулалт, үйл ажиллагааны зарчмын талаар тодруулахаас ярилцлагаа эхлье гэж бодож байна.

ХАРИУЛТ: Энэ асуудлыг хэлэлцсэн, хэлэлцээгүй манай улсын гадаад худалдаа, гаалийн бодлогын тулгамдсан асуудлаар би бодож явдгаа хэвлэл мэдээллээр дамжуулан хүмүүст хүргэхээр шийдчихээд байсан юм.
Үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий гаалийн албаны үүрэг нь асар өргөн хүрээтэй бөгөөд нөлөөлөл, үр дагавар нь хол тусдаг. Өргөн утгаар нь ойлгох юм бол гаалийн байгууллага хуульд заасан ёсоор Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй гэж заасныг тодруулж ярья.
Монгол Улсын язгуур эрх ашиг нь тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэр минь бүрэн, бүтэн хил хязгаар минь дархан /харуул хамгаалалттай/ байхад оршдог. Энэ бол туйлын үнэн. Үүнтэй уялдан төрийн гадаад бодлого, түүний үндсэн хэсэг болох гадаад эдийн засгийн харилцааны бодлого яригдана. Товчдоо хамгийн эхэнд улс орон бүр өөрийн уламжлалт буюу суурь бодлоготой байсаар ирлээ.
Дэлхий дахинд сүүлийн хагас зуун жилийн хугацаанд эдийн засгийн харилцааны шинэ шинэ хэлбэрүүд үүсч, улмаар хоёр талын зохицуулалтаас хальж, олон талын зохицуулалт болох олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулж ирлээ. Түүгээр улс хоорондын бараа, үйлчилгээний худалдаа, мөнгө, төлбөр, зээл, хөрөнгө оруулалт, технологийн шилжилтийн асуудал тодорхой хэмжээгээр зохицуулагдаж байгаа боловч тэр нь аль нэг улсын хөрсөн дээр буухдаа тухайн улсын худалдааны, түүний гаалийн бодлогоор шүүн тунгаагдана. Ийм учир гаалийн бодлого нь төрийн гадаад, дотоод эдийн засгийн бодлогын салшгүй үргэлжлэл гэдэг онолтой.
Эдийн засгийн харилцаа ямар хэлбэрээр тогтсон нь хамаагүй, улсын хилээр нэг бол хүн (хуулийн хэллэгээр бол зорчигч), эсхүл бараа, тээврийн хэрэгсэл, түүний дотор мөнгө, оюуны өмч (технологын дамжуулалт)-ийн урсгал нэвтрэн өнгөрдөг. Энэ бүхэнд таатай боломж олгох зорилгоор хөрш улстайгаа харилцан зохицож, мөн улсынхаа аюулгүй байдал, эрх ашгаа харилцан тооцож үзсэний үндсэн дээр улсын хилийн боомт нээж ажиллуулдаг олон улсын жишиг тогтсон байдаг. Хилийн боомтоор нэвтрэх хүн (зорчигч)-ийг хилийн цэргийн алба (шалган нэвтрүүлэх гэж нэрлэдэг) шалгадаг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн жишиг байдаг.
Дашрамд дурдахад манай улс 2014 онд хүчин төгөлдөр болсон хилийн боомтын хуулиар хүн (зорчигч)-ийг шалгаж нэвтрүүлэх эрх үүргийг Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт олгосон юм. Хүн (зорчигч)-ээс бусад хянаж болох бүх обьектыг гаалийн хяналт, шалгалт хийж хил нэвтрүүлдэг. Энэ нь мөн л олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн жишиг (стандарт) юм. Эдгээр нь бараа, тээврийн хэрэгсэл гэсэн нэр томъёгоор хуульчлагдсан байдаг. Үүнээс үндэслээд эдийн засгийн хилээ хамгаалах гэдэг гаалийн албаны үндсэн чиг үүрэг илэрч байна.
Гэхдээ хилийн боомт дахь гаалийн байгууллага нь улсын хил хамгаалахаас чөлөөтэй байна гэсэн үг биш. Хилийн цэрэг (хүчний байгууллага) нь улсынхаа хилийг бүхэлд нь дархлан хамгаалдаг бол хил орчмын нутаг дэвсгэрээс гүн тийш хөндийрхөд эрх үүрэг нь хязгаарлагдана. Мөн адил хилийн гаалийн байгуулага нь хилийн боомтоор тогтоосон гаалийн хяналтын бүсэд л эрх үүргээ хэрэгжүүлж, мөн нутгийн гүн рүү эрх үүрэг нь зарим талаар хязгаарлагдаж, нутгийн гүн дэх гаалийн байгууллагад шилждэг. Үүнээс үүдээд хилийн болон гүний гаалийн байгууллага, гаалийн хяналт, шалгалт гэдэг эрх зүйн харилцааны ойлголт гарч ирдэг. Хилийн цэргээс ялгаатай нь нутгийн гүнд гаалийн хяналт хийдэг эрх үүрэгтэй байгаа биз.
Нэмж дурдахад гадаад эдийн засгийн харилцааны суурь бодлого болох гадаад худалдааны бодлого (эрх зүйн орчин)-ыг даруй бий болгохгүй бол бусад харилцааны бодлогод саад бэрхшээл учруулах болно. Тухайлбал, төрөөс аж үйлдвэрийн талаар явуулах бодлого, аж үйлдвэрийн хууль гаргаж зөв зүйтэй алхам хийж байна. Гэтэл экспорт, импортийн зохицуулалтгүй бол энэ нь хэрэгжихэд хүндрэлтэй. Ядахдаа хөрш хоёр оронтойгоо мах нийлүүлэх асуудлаа шийдэх хэрэгтэй шүү дээ.

АСУУЛТ: Эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах нь гаалийн албаны гол үүрэг юм бол Эдийн засгийн аюулгүй байдлын агуулга, хамрах хүрээ, үр дагавар, түүнийг хамгаалах арга хэрэгслийн талаар тодруулж ярих уу?

ХАРИУЛТ: Эдийн засгийн тусгаар тогтнолын амин чухал бөгөөд үндсэн асуудал нь эдийн засгийн аюулгүй байдал байдаг учир үндэсний аюулгүй байдлын гол бүрэлдэхүүн болдог өргөн агуулгатай. Энэ талаар Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал (УИХ-ын 2010 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан)-д агуулгыг нь тодорхой заасан. Эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх, хамгаалах асуудал маш өргөн хүрээтэй нь ойлгомжтой. Зүгээр л гадаад худалдаа, гаалийн бодлого хэрэгжүүлэхтэй холбоотой зарим асуудалд дүгнэлт хийж үзье:
-    Нэн тэргүүнд монгол хүн эх орныхоо баялгийг бие дааж эзэмших, орлогоо олон нийтэд хүртээмжтэй тэгш хуваарилах боломжоо алдахгүй байх нь чухал;
-    Гадаадын хөрөнгө оруулалтыг хэт шүтэж, нэг ёсондоо төрийн хяналтаа алдсан, эзэнгүй нутаг дэвсгэр мэт аашилж байгаа харийхнийг давруулахаас сэргийлэх. Энэ асуудлыг гаалийн бодлогоор хянан үзэх цаг болсон байх;
-    Стратегийн ач холбогдолтой импортын бараа (бензин, шатахуун, эрчим хүч, зарим хүнсний бараа, саахар, цагаан будаа гэх мэт)-ны хувьд бусад орны хараат болоод байна. Саармагжуулах бодлогоо идэвхжүүлэх ёстой;
-    Экспортийн гол нэрийн барааны зах зээл хязгаарлагдмал болж, нэн ялангуяа эрдэс, уул уурхайн  бүтээгдэхүүн, түүхий эдийн үнэ унаж, хямдхан ч гэсэн худалдаж, валютын орлого олох үүднээс болж нэг орны түүхий эдийн хавсарга болох замд ороход бэлэн болжээ. Бодлогоо шинэчлэх цаг болсон байна;
-    Өр зээлийн дарамтанд орж, төлбөрийн чадваргүй болж, дефолт зарлах, цаашлаад газар нутгаа болон орд газраа барьцаалж, бүр газар нутгийнхаа хэсгийг өрөнд өгдөг бусдын гашуун туршлагаас сургамж авч, өр зээлийн асуудлыг анхаарч үзэх;
-    Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, дотоод зах зээлээ гадаадын сөрөг нөлөөлөл, шудрага бус өрсөлдөөнөөс хамгаалах бодлогоо тууштай шинэчилж, хямд үнэтэй чанаргүй барааны зах зээл болохоос сэргийлж, гадаад худалдаа, гааль, аж үйлдвэрийн бодлогоо уялдуулах нь чухал байна. Аж үйлдвэрийн яам нь санаачлагатай ажиллаж байна. Одоо худалдааны бодлогоо ч өөртөө авч гаалийн асуудлыг харъяалж болно;
-    Экологийн аюулгүй байдлаа хамгаалах төрийн бодлого суларч, харийнхан улам гаарч, агаар, ус, хөрс бохирдож, эвдрэл үүсч эхлээд байна. Иймээс байгаль экологид ээлгүй үйлдвэрлэлийг монгол нутагт явуулахыг ойрын хугацаанд хориглох нь зүйтэй. Монголын нутгийг эзэнгүй мэт талхилж байгаа нь Тамсаг, Ноён уул, Халх голын байдлаар нотлогдож байна;
-    Гадаадын цагаачид олноор орж ирж, ажлын байр эзлэн, улмаар мөнгөний урсгалд нөлөөлж байна. Тэд үнэн хэрэгтээ монголын бараа худалдан авагч биш байдаг бөгөөд гадаадад мөнгөө валютаар гуйвуулж байдаг.

АСУУЛТ: Гадаад худалдааны бодлого үгүйлэгдэж байгааг та нэг бус удаа хэвлэлээр мэдэгдэж байсан (Өдрийн сонин, 2010-03-01). Ер нь үүнээс шалтгаалан гаалийн бодлого зохицуулалт, хяналт шалгалтын үйл ажиллагаанд ямар хүндрэл учруулж байна вэ?

ХАРИУЛТ: Гадаад худалдааны бодлого нь экспорт-импортын тарифын болон тарифын бус зохицуулалт, төлбөрийн тэнцэл гэх мэт эдийн засгийн чанартайгаас гадна улс төрийн харилцааны түвшинг барих бодлого (УИХ-ын 2011 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлал”)-той нягт уялдаж байдаг ёстой. Гадаад худалдааны бодлогод гаалийн холбогдолтой ямар асуудал тусгаж болохыг хэлье.
Юуны урьд үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, импортыг орлуулах зүйлсийг дотооддоо үйлдвэрлэх, эх орны түүхий эдийн боловсруулалтын түвшинг нэмэгдүүлж, нэмүү өртөг бүтээсэн экспортийг нэмэгдүүлэх, хөрш хоёр оронтойгоо гаалийн бодлогоо зохицуулах, зам тээврийн асуудлыг шийдэх, ялангуяа одоо эхлэх төдий байгаа мах экспортлох яриа хэлэлцээгээ үр дүнд хүргэх нь чухал. Улмаар гаалийн хөнгөлөлтийн ерөнхий нөхцөл үзүүлэх асуудлыг дипломат шугамаар идэвхтэй тавих замаар хөрш орнуудтайгаа харилцах гадаад бодлогын үзэл баримтлалдаа анхаарах ёстой болов уу.
Ер нь Монгол орны мал аж ахуй болон газар тариалангийн эко хүнсний талаар олон улсын хэмжээнд бүхий л шугамаар сурталчилж, гаалийн хөнгөлөлт авахыг бодох нь зүйтэй. Импортоор авах өндөр (нарийн) технологи бүхий, мөн экологид ээлтэй үйлдвэрлэл явуулдаг техник, тоног төхөөрөмжийг гаалийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг аргаар дэмжиж болно шүү дээ. Энэ тал дээр саяхан Монгол Улс, Япон Улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсан нь эхлэл гэж бодож байна. Цаашлаад ийм хэлэлцээрийг үргэлжлүүлэн өндөр хөгжилтэй бусад орнуудтай байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Хөрш орнуудтайгаа бас сайн хэлэлцээ хийх хэрэгтэй. Гэхдээ энд нэг зүйлийг анхаарах ёстой. Нөгөө талын түншүүд маань манай түүхий эдийг ямар ч боловсруулалтгүй авч, өөртөө боловсруулалт хийх замаар үйлдвэрлэлээ дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, нэмүү өртөг бүтээх нь тэдний ашиг сонирхол байдаг. Хоёр талын ашиг сонирхол ийнхүү зөрчилдөх нь байх ёстой асуудал хэдий боловч гадаад худалдааны талаар төр засгийн хэмжээнд хэлэлцэн тохирч уян хатан бодлогоор гарц олж болдог. Тухайлбал, ямааны ноолуурын үйлдвэрлэл, экспорт, зах зээлийн байдлыг авя үзье. Манай ашиг сонирхол бол ноолуурт гүн боловсруулалт хийж, цаашилбал, ээрмэл утас зэрэг бэлэн бүтээгдэхүүн экспортлоход байдаг бол хэрэглэгч, үйлдвэрлэгч талуудын ашиг сонирхол нь эсрэгээр байдаг. Ийм учраас түүхий ноолуур нь гаалийн анхааралд байдаг. Үйлдвэрлэл хөгжсөн орнууд нь буурай хөгжилтэй орнуудыг түүхий эдийн байнгын хавсарга болгох бодлого барьдаг нь үнэн. Ийнхүү түнш орнуудын бодлогыг тооцон үзсэн гадаад худалдааны ухаалаг бодлоготой улс орнууд хөгждөг нь тодорхой.
Эх орны түүхий эдэд тулгуурласан, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, технологи (ноу хау), зарим туслах түүхий эд, туслах материалыг тусгайлан авч үзэж “ Гаалийн баталгаат үйлдвэрийн газар” гэх мэт гаалийн бүрдүүлэлтийн горимд байршуулж, бүтээгдэхүүн нь экспортод гарсан болон бусад ач холбогдолыг харгалзан гаалийн болон бусад татварын хөнгөлөлт үзүүлж болох юм. Харин дотооддоо үйлдвэрлэдэг ижил төрлийн бараа, эсхүл нэн тэргүүний хэрэгцээт бус буюу чанар муутай хүнсний бараа, эмийн зүйлс, барилгын материалын импортыг хязгаарлах талаар ялгавартай тариф тогтоох, сертификатчилах, стандарт тогтоох зэрэг тарифын бус арга бодож болох шүү дээ.
Онцлон тэмдэглэхэд гадаад худалдааны бодлого нь Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд байгуулагдсан, манай улсын нэгдэн орсон хэлэлцээрийн хүрээнд байх зарчимтай. Гэхдээ улс орон бүр өөрийн үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс, ялангуяа хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх хүнсний зүйлс, хорио цээрийн дэглэмийн чанартай тарифын бус зохицуулатын арга хэмжээ авах гарц нь манай улсын нэгдэж ороогүй байгаа хэлэлцээрүүдэд байдгийг анхаарч, цаашид нэгдэн орж ч болно шүү дээ. Зарим хуулиуд ч шинээр гаргах хэрэгтэй. 2008 оноос мөрдөж байгаа Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулинд 1996 оны хуулинд байсан демпингийн эсрэг татвар, саармагжуулах татварын тухай заалтууд хасагдаж,  барааны гарал үүслийн тухай бүлэг нэмэгдсэн нь бий. Энэ нь гадаад худалдааны болон бусад хууль гарна гэж үзэж, угтуулж хуульчилсан хэрэг. Өнөөг хүртэл хүлээлтийн байдалд хэвээр байна.
Гаалийн зохицуулалт, үйл ажиллагаанд тулгарч байдаг олон бэрхшээл хүндэрлүүдээс ганц хоёрыг онцлон дурдая. Нэгдсэн бодлогогүйгээс тусгай зөвшөөрөл болон лицензийг холбогдох төрийн захиргааны төв бүх байгууллага олгодог болсон нь хяналт тавих үүрэгтэйгээ зөрчилдөж байгаа юм. Эндээс л хуулийг хууль ёсоор зөрчиж болдог, хэнч хариуцлага хүлээдэггүй байдал үргэлжилсээр байна. Үүнээс болж химийн хорт буюу аюултай бодисууд ихээр орж ирэх, түүх соёлын үнэт зүйлс, үнэт метал, чулуу, ховор амьтан ургамал гарах тохиолдол газар авсан гэж болно. Эрх бүхий байгууллагын лицензтэй, эсхүл тусгай зөвшөөрөлтэй л бол гаалийн байгууллага нь ямар ч саадгүй улсын (гаалийн) хилээр нэвтрүүлдэг эрх зүйн орчинтой байна. Идлэг шонхор шувууны талаар ямар дуулиан болж байдаг нь үүний нэг жишээ. Товчоор хэлбэл гаалийн бодлого нь гадаад худалдааг зохицуулах обьектгүйтэй адил байгаа тул зөвхөн өөрийнхөө үйл ажиллагааг зохицуулсан нэг ёсны дотоод бодлого болох хууль эрх зүйн орчинтой явж ирлээ.

АСУУЛТ: Гааль, тарифын зохицуулалтын арга хэрэгслийн гол обьект нь улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан зүйлс юм байна. Тэр бодлогыг хаанаас батлан гаргадаг, өнөөдөр энэ бодлого хэрхэн яаж хэрэгжиж байна вэ?

ХАРИУЛТ: Яг хэлэх гэсэн зүйлийг олж асуулаа. Тарифын бус зохицуулалтын хамгийн хүнд гэж үзэх хэлбэр нь хориглох хэм хэмжээ. Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох шийдвэрийг УИХ-аас гаргадаг. Одоогийн мөрдөж байгаа эрх зүйн орчин нь УИХ-ын 1998 оны 05 дугаар тогтоолоор батлагдсан юм. Өнгөрсөн хугацаанд дотоод, гадаад орчинд асар их өөрчлөлт гарсан. Нөгөө талаас хэрэгжүүлэх болон хяналт тавих үүрэгтэй байгууллагуудын ажлыг уялдуулах шаардлагатай болов. Хамгийн гол нь тэр үед анхааралд байгаагүй зүйлс, тухайлбал археологи, палентологийн олдворууд, үнэт металл, чулуу, соёлын үнэт зүйлс, ховордсон амьтан ургамал зэргийг хилээр гаргах, цианитууд, арсенатууд, мөнгөн ус зэрэг химийн хорт бодис зэрэг зүйлсийн хилээр оруулж байгаа эрх зүйн орчинг хянаж өөрчлөх цаг болсон. Мөн тарифын бус хоригийн олон хэлбэр дотроос квот тогтоох, лиценз, тусгай зөвшөөрөл олгох, стандарт тогтоох гэх мэт. Онцолж үзэхэд олон улсын хэллэгээр “техникийн зохицуулалт” гэдэг түр зуурын хориг тавих арга хэмжээ нь манай орны хувьд өргөн хэрэглэгддэг. Жишээ нь шүлхий өвчин, шувууны болон гахайн ханиад гарсан гээд л гахайн мах, шувууны мах, өндөг оруулахыг хориглох явдал удаа дараа гардаг. ОХУ, БНХАУ нь манай улсаас малын шүлхий өвчний шалтгаанаар мах авахгүй байгаа нь мөн л хорио цээртэй холбоотой техникийн зохицуулалт юм.
Хар тамхины худалдаа, хэрэглээ манай улсад хяналтаас гарахад хүрээд байна. Манай улс дан ганц хилийн гаалийн хяналт шалгалтаар түүнийг илрүүлэхэд нэн хүндрэлтэй. Хар тамхи янз бүрийн аргаар аль нэг улсаас орж ирсээр байна. Бас манай олон тооны иргэд хар тамхи зөөсөн, тээвэрлэсэн (гэдэс, ходоодондоо) хэргээр Хятадын гаальд баригдаж, зарим нь цаазаар авахуулах ял авсан эмгэнэлт мэдээ гардаг боллоо. Дэлхийн гаалийн байгууллагаас санаачилсан “Гаалийн байгууллагын өөрчлөлт, шинэчлэлийн хөтөлбөр”-ийн хүрээнд гаалийн шалгалтыг эрсдэлийн судалгаанд үндэслэсэн хийдэг болсон. Хятадад ч гэсэн Монголын иргэдийг Малайз зэрэг орноос ирсэн бол эрсдэл тооцон шалгаж байгаа нь үүний нэг баримт.

АСУУЛТ: Ер нь улсын хилийн боомтод хилийн хяналтын ямар албад, ямар үүрэгтэй ажилладаг вэ?

ХАРИУЛТ: Аливаа хөрш улсын хилийн боомтод ажилладаг хяналтын албад нь ерөнхийдөө нэг стандартад орсон гэж би дээр цухас дурдсан. Иймээс хөрш орнууд харилцан адил хилийн боомт нээхэд тавигдах нэг гол шаардлага нь ижил эрх, үүрэг бүхий албад ажиллуулдагт оршдог. Тиймээс хилийн цэрэг (шалган нэвтрүүлэх гэж нэрлэгддэг алба) нь хүнийг шалгах, гааль нь бараа, тээврийн хэрэгслийг шалгах, мөн мэргэжлийн хяналтын албад болох ариун цэвэр, халдвар судлал, мал эмнэлэг, ургамал хорио цээр, чанарын хяналтын гэсэн албад олон улсад нээлттэй томоохон боомтуудад заавал ажиллах стандарттай. Харин зарим улсад хилийн боомтод цагаачлалын алба ажиллуулдаг тохиолдол байдаг. Манай улс ч үүний нэг юм.
Гаалийн байгууллагын нэг онцлог нь босоо удирдлагатайн гадна улсын хил нэвтрүүлэх тэр агшинд шүүх, прокурорын зөвшөөрөлгүйгээр хүний эрхэнд халдаж (үйлдэл, эс үйлдэл ч байсан) гаалийн шалгалт хийдэг эрх үүрэгтэй. Энэ нь мөн олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, нэг мөр болсон жишиг юм. Энд нэг зүйлийг анхаарч үзэх хэрэгтэй. Хууль ёсоор бол (хилийн хамгаалалтын зорилготой шалгалт нь энд хамаарахгүй) гаалийн хяналт шалгалтын явцад илэрсэн мал амьтны болон ургамлын гаралтай зүйлсэд мэргэжлийн шинжилгээ хийж, гарсан дүгнэлтээр нь гаалийн байгууллага шийдвэрлэгдэг байх ёстой. Гэтэл улсын хилийн боомт болон гүний гаальд ч ялгаагүй эдгээр хяналтын албад нь давхар шалгалт хийж, хүнд суртал, дарамт үзүүлж байна гэсэн гомдол тасралтгүй гардаг. Энэ гомдол шүүмжлэл нь гол төлөв гаалийн байгууллагын хаягаар гардаг. Учир нь үйлчлүүлэгчид нь хяналтын албадын ажил, үүргийн ялгааг сайн мэдэхгүй байгаатай холбоотой болов уу. Олон нийтийн шүүмжлэл, сэтгэл зүйн таагүй уур амьсгал нь төр засгийн удирдах хүмүүст гаалийн байгууллагын хаягаар очдогоос тэд ч гэсэн гаалийн албаны хувьд сөрөг ойлголт авч байгаа нь үнэн. Энэ үзэгдэл шинэ зүйл биш, ер нь ийм уламжлал байсаар ирсэн юм. Өнөөдөр боомтуудад ажлын уялдаа холбоо ямар байгаа, ямар алдаа дутагдал байгийг миний хувьд дүгнэн хэлэх боломжгүй байна.

АСУУЛТ: Хилийн хяналтын эдгээр албад үүргээ зохих ёсоор биелүүлбэл улсын эдийн засгийн хил дархан байх ёстой биш үү? Гэтэл өнөөдөр хар тамхи, химийн хорт бодис, чанаргүй хүнсний бараа гээд хориотой зүйлс ороод ирсэн, нөгөө талаар татвараас зайлсхийх, эх орныхоо эрдэс баялаг, түүх соёлын зүйлсийг гаргаж байгаа мэдээлэл их байдаг. Энэ олон хяналтын хаагуур нь өнгөрөөд байна вэ? Ер нь хориглох, хязгаарлах бодлого ямар зорилготой вэ?

ХАРИУЛТ: Сүүлийнхээс нь эхэлж хариулья. Гаалийн бодлого, зохицуулалтын гол арга хэрэгсэл болох хориглох, хязгаарлах бодлогын үндсэн зорилтыг олон улсын хэмжээнд ч мөн адил төстэй чиг үүргээр дараах байдлаар тодорхойлдог. Үүнд:
1.    Улсын аюулгүй байдлыг хангах (буу зэвсэг, тэсрэх дэлбэрэх бодис, терроризмоос сэргийлэх, тэмцэх);
2.    Хүн амын эрүүл мэнд, удмын сангийн аюулгүй байлыг хамгаалах (хар тамхи, спирт, согтууруулах зүйлс, хүнсний аюулгүй байдал гэх мэт);
3.    Экологийн аюулгүй байдлыг хангах (ховор ан амьтан, ургамлыг хамгаалах, агаар, ус, хөрс бохирдуулах химийн хортой болон аюултай бодисыг хяналтад авах гэх мэт);
4.    Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах (энэ талаар өмнөх асуултад хариулсан);
5.    Түүх соёлын өвөө хамгаалах (түүх соёлын хосгүй үнэт болон үнэтзүйлс, археологи палентологийн олдворууд, монгол хүний оюуны өмчийг хамгаалах)
6.    Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх (өнөөдрийн байдлаар Монгол Улс хил, гаалийн асуудлыг ямар нэгэн байдлаар хөндсөн олон талт болон хоёр талт 60 гаруй гэрээ, хэлэлцээрт нэгдсэн орсон байдаг).
Гаалийн асуудлыг зохицуулсан, Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ нь манай төрийн гадаад худалдаа, гаалийн бодлогын эх сурвалж болдог учир энэ зорилтыг жаахан  тодорхой авч үзье:
а. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухай НҮБ-ын (1961, 1971, 1988 оны) гурван конвенц (энэ үндсэн дээр манай бүх хууль, дүрмүүд гарсан);
б. Дэлхийн худалдааны байгууллагын 10 гаруй хэлэлцээр, үүний дотроос Гаалийн үнэлгээний тухай, Гарал үүслийн дүрмийн тухай, Ачилтын өмнөх шалгалтын тухай, Импортын лицензийн дүрмийн тухай гэх зэрэг гол хэлэлцээрүүд нь манай улсад 1997 оноос эхлэн хэрэгжиж байна;
в. Дэлхийн гаалийн байгууллагын үндсэн 5 конвенц, 2 тунхаглал, Багц стандартын заалт нь гаалийн үйл ажиллагаанд мөрдөгдөж байна;
г. Түүнчлэн НҮБ-ын байгаль орчныг хамгаалах асуудал (ховордсон амьтан ургамлын тухай), озоны давхрагын тухай, хортой хог хаягдал, химийн хорт бодисын тухай, био аюулгүй байдлын тухай зэрэг олон конвенцуудын заалт үндэсний хууль тогтоомжийн эх сурвалж болж хэрэгжиж байгааг хэлэх хэрэгтэй.
Хоёр талын 20 гаруй хэлэлцээртэй, хамгийн сүүлийн жишээ нь “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол улс, Япон улс хоорондын хэлэлцээр” байгуулагдаж, чөлөөт худалдааны хэрэгжилтийг хангах ажилд орцгоож байх шиг. Энэхүү хэлэлцээр нь чөлөөт худалдааны асуудлаарх манай улсын хувьд анхных бөгөөд Япон улстай хийх худалдаа, экспорт, импортын бараа нь гаалийн татвараас харилцан чөлөөлөгдөнө гэсэн үг.

АСУУЛТ: Улсын хилийн боомт дахь хилийн гааль болон нутгийн гүн дэх гаалийн байгууллага гэж байдаг болохоор тэдгээрийн эрх, үүрэг, хяналт шалгалтын зохион байгуулалт болон эрх зүйн орчинд ялгаатай тал байна уу?

ХАРИУЛТ: Газар зүйн байршил төдийгүй, улсын хил нэвтрэх бүсээс шалтгаалан хилийн гаалийн байгууллага (энд олон улсын нисэх онгоцны буудал дахь гаалийн байгууллага бас хамаардаг) улсын нутаг дэвсгэрийн гүн дэх гаалийн байгууллага гэж хуульчлагдсан.
Гүний гааль гэдэг нь экспорт, импортын барааг илгээх, хүлээж авах тээвэр, логистикийн үйлчилгээ бүхий гаалийн хяналтын бүсийг хэлдэг. Өмнө дурдсанаар улсын хилийн боомт дахь гаалийн хяналтын бүсийн хэмжээнд гаалийн хяналт шалгалт хийх ёстой. Гаалийн байгууллагын эрх үүрэг нь хяналтын бүсээс гарсан үед хязгаарлагдана. Хилийн цэргийн хяналт ч мөн адил хил орчмоос хөндийрөхөд эрх үүрэг нь хязгаарлагдана гэсэн үг. Улсын хилийн боомтод гол төлөв зорчин явагчид, тэдний тээш, хувийн хэрэглээний эд юмс хилийн гаалийн хяналт шалгалтад хамаардаг бөгөөд импортын (вагон, чингэлэг, битүү авто тээвэр бүхий) барааны хувьд бараа хүлээн авах хаягийн дагуу гүний гаалийн байгууллагын хяналтад явуулна. Гүний гаалийн хяналтын бүсэд тухайн барааг хүлээн авагч гаалийн бүрдүүлэлт хийлгэж бараагаа авах буюу илгээх ёстой. Гүний гаалийн байгууллага (Улаанбаатар хотод гэхэд л 10 гаруй бий. Үүнд: Туушин, Монголтранс, Олон улсын тээвэр зуучлалын төв гэх мэт)-д гаалийн бүрдүүлэлтийн олон талт цогц үйл ажиллагаа бүрэн хэмжээгээр (олон улсын жишигт нийцсэн) явагдах нөхцөл бүрдсэн байдаг.
Манай улсын экспортын бараа, түүний дотор уул уурхайн түүхий эд (зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдэр гэх мэт) нь задгай вагон буюу авто тээврээр тухайн нутгийнхаа гаалийн байгууллагаар бүрдүүлэлт хийлгэх ба харин хилийн гаалийн байгууллага эцсийн шалгалт хийж болно.
Хилийн боомтод буудаг импортын бараа бараг байдаггүй учир, хилийн гаалийн байгууллага нь дээр дурдсанаар гол төлөв авто тээврийн ачаа болон зорчигчийн тээшийг шалгах, импортын бараатай тээврийн хэрэгслийн лац, ломбо нь зөрчилгүй бол гаалийн хяналтад авч шалгалгүйгээр гүний гаальд мэдээлнэ. Эндээс үзэхэд улсын хилийн боомт дахь хил, гаалийн хяналт шалгалт нь импортын барааны хувьд хязгаалагдмал байгаа нь тодорхой байгаа биз. Харин гүний гаалийн бүрдүүлэлт хийх цогц ажиллагаа гэдэг нь гаальд мэдүүлэх, бичиг баримт шалгах, гаалийн бүрдүүлэлтийн горим сонгох, барааны ангилал тодорхойлох, гаалийн үнэлгээ хийж, татвар хураамж ногдуулах, төлүүлэх, барааг шалгах, хэрэг зөрчил илэрвэл хуулийн дагуу шийдвэрлэх, эцэст нь гаалийн хилээр оруулах зөвшөөрөл олгосноор л зөвхөн гаалийн бүрдүүлэлт дуусдаг хуультай. Нэмж хэлэхэд гаалийн шалгалт дуусаагүй гэж үздэг хуультай учир гаалийн бүрдүүлэлтийн дараахь шалгалт гэх хууль ёсны үйл ажиллагаа явагддаг. Бүрдүүлэлтийн явцад гаалийн шалгалтаар л хэрэг зөрчлүүд илэрдэг. Нөгөө домог болон яригддаг ургамлын тос гэсэн нь архи болж, кетчуп нь виски болж, ус нь спирт болж тогтоогдсон, хэдэн арван мянган бууны сум нуусан энэ тэр чинь энд гүний гаальд илэрдэг.
Өмнө дурдсан ёсоор гүний гаалийн байгууллагад хүн (зорчигч) гэдэг хуулийн ойлголт байдаггүй учир, хилийн цэргийн болон цагаачлалын алба ажилладаггүй онцлогтой. Харин мэргэжлийн хяналтын бусад алба шааардлагатай барааны дээжинд лабораторийн шинжилгээ хийж, дүгнэлт гаргасны дараа гаалийн байгууллага нь гаалийн хил нэвтрүүлэх эсэхийг шийдвэрлэдэг процедуртай. Ингэснээр импортын бараа сая л нэг монгол улсын хил (гаалийн) нэвтэрч, улмаар улсын гаалийн нутаг дэвсгэрт орсон гэж үздэг. Одоо эзэмшигч нь захиран зарцуулах эрхтэй болно. Үүгээр улсын хил, гаалийн хил, улсын нутаг дэвсгэр, гаалийн нутаг дэвсгэр гэсэн ойлголтууд ялгарч, бас нэгдмэл байх зарчмын ойлголт хэрэгжиж байна. Онцлож тэмдэглэхэд хилийн боомтыг олноор нээхгүй байх нь зөв байх. Улс орны хилийн хяналтын чадавхид сөрөг нөлөөлж болно.

АСУУЛТ: Тэгвэл улсын (гаалийн) хилээр нэвтрэх барааны ихэнх хэсэг нь гүний гаалийн бүрдүүлэлтэд хамрагддаг юм байна. Нийслэл хотод гэхэд 10 гаруй газарт гүний гааль байдаг гэлээ. Тэнд өдөр бүр л олон зуун вагон, контейнер бараа ирж байна. Дотор нь хориотой бараа байж болно. Гэтэл монгол улсын хилээр ороогүй гэж үзэх нь үү?

ХАРИУЛТ: Тэгэж үзэх хуулийн үндэслэлтэй. Энэ нь “Гаалийн бүрдүүлэлтийг хялбарчлах, уялдуулах тухай олон улсын конвенц” буюу Киотогийн конвенц юм. Энэ конвенцид Монгол улс 2006 онд нэгдэн орсноор Гаалийн тухай хуулиа 2008 онд шинэчлэн батлуулсны учир нь энэ. Иймд олон улсын хэмжээнд жишиг болсон эрх зүйн хэм хэмжээ гэж үзнэ. Ямар ч аюултай, хориотой бараа байсан гаалийн бүрдүүлэлтээс өмнө онцын сэжиггүй бол шалгахгүй учир илрэхгүй. Гаалийн бүрдүүлэлтийн эцсийн шат болох шалгалтын явцад л зэс нь цухуйна. Илэрсэн хэрэг зөрчлийг шийдвэрлэх асуудал сая л эхэлнэ.

АСУУЛТ: Олон нийтийн дунд байгаа ойлголтоор гаалийн байгууллага нь татвар хураамж цуглуулж, улсын төсвийн орлого бүрдүүлэх үүрэгтэй гэж үздэг юм билээ. Гэтэл хамгаалан зохицуулах чиглэлтэй хууль сахиулах үүрэг нь давамгайлдаг нь тодорхой байна. Гаалийн хяналтад олон хуулиудын заалт ч мөрдөгддөг юм байна. Татварын хувьд тодруулж өгөөч?

ХАРИУЛТ: Татварын хувьд гаалийн байгууллага нь холбогдох хуулийн дагуу дөрвөн төрлийн (гаалийн, НӨАТ, онцгой албан татвар болон автобензин, дизелийн түлшний замын сангийн) албан татвар авдаг. Тэр хуулиуд мөрдөгдөх нь ёс.
Экспортын бараа нь үндсэндээ гаалийн тарифаас чөлөөлөгдсөн. Ганц, хоёр тусгай татвартай түүхий эд бий. Тэгэхээр экспортын татварын орлого гэж бараг байдаггүй.
Импортын бараанаас дээр дурдсан албан татвар авдаг боловч татварын хөнгөлөлт, чөлөөлөлт хавтгайрч, эдийн засгийн чөлөөт бүс байгуулагдаж, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах явц өргөжих, гаалийн тарифыг бууруулах талаарх ДХБ-ын бодлого зэргээс болж гаалийн байгууллагаас бүрдүүлэх төсвийн орлого цаашид ч буурах хандлагатай. Мөн үндэсний үйлдвэрлэл хөгжиж, импортыг орлуулах (цемент, нефть бүтээгдэхүүн гэх мэт) барааг дотооддоо үйлдвэрлэдэг болоход импортыг бууруулах тутам татварын орлого бас буурах нь тодорхой.
Дашрамд дурдахад гадаад худалдааны бодлогоор гаалийн ялгавартай тариф хэрэглэх цаг нь болсон болов уу.
Гаалийн хяналт шалгалтаар хэрэгжилт нь илэрч байдаг хар тамхины, галт зэвсгийн, түүх соёлын өвийн, химийн хорт болон аюултай бодисын холбогдолтой 40 гаруй хуулийн заалтыг мөрдөж байна. Ийм учраас хууль сахиулах үүрэг цаашид улам өргөн болох зүй тогтолтой.

АСУУЛТ: Дахин лавлаж асуухад төрийн гаалийн бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх, тодруулж хэлбэл, гаалийн хяналт шалгалтын өвөрмөц арга ажиллагааны талаар нууц биш бол... Ер нь гаалийн алба нь мэргэжлийн алба уу?

ХАРИУЛТ: Гаалийн алба нь мэргэжлийн алба төдийгүй олон талын мэргэжил шаарддаг алба.Хуульч, эдийн засагч, мэдээллийн технологийн болон электроникийн, авто инженер гээд 10 төрлийн мэргэжлийн хүмүүсийг сонгон авч гаалийн хэрэг эрхлэн явуулах сургалтад хамруулсны дараа ажилд авдаг хуультай. Тэгэхээр гаалийн бодлогыг гадаад, дотоодын нөхцөл байдал, улс орны язгуур эрх ашиг, ялангуяа үндэсний аюулгүй байдал, гадаад талаас ирэх хариу арга хэмжээ, геополитикийн асуудал зэргийг тооцон үзэж төлөвлөх ёстой. Гаалийн бодлогоо зөв явуулбал улс орноо өөд нь татаж болно. Алдаатай явуулбал улс орноо уруудуулж болдог нь зөвхөн манай оронд төдийгүй дэлхийн улс орнуудад тохиолдож ирсэн түүхтэй. Хамгийн тод жишээг дурдахад 1996-1999 оны хооронд Монгол улс импортын барааг гаалийн татвараас чөлөөлсний үр дагавар нь их балагтай болсон.
Монгол улс нь ДХБ, ДГБ-ын гишүүн орны хувьд хууль ёсоор явагдаж байгаа гадаад худалдааг хөнгөвчлөх, худалдааны луйвар, хар тамхи зэрэг гэмт хэрэгтэй хамтран тэмцэх, үндэслэлгүйгээр гаалийн тариф өсгөх, тарифын бус хязгаарлалтыг хийхээс зайлсхийх, гаалийн бүрдүүлэлтийг хялбарчлах зэрэг хэлэлцээрүүдийн заалтыг үндэсний хууль тогтоомждоо тусган хэрэгжүүлж байна. Ер нь гаалийн бодлого, зохицуулалт, зохион байгуулалтын үйл ажиллагаа нь олон улсын хэмжээнд хамгийн гүнзгий интеграцчлагдсан гэж үзэж болно. Барааг мэдүүлэх, ангилах, гаалийн үнэлгээ, гарал үүслийг тогтоох, гаалийн горим сонгож байршуулах зэрэг нь ДГБ-ын гишүүн 180, ДХБ-ын гишүүн 161 орны олонхийн хувьд стандартчлагдсаар (хэлэлцээрүүдэд нэгдэж хууль тогтоомж нь нэг мөр болж) байна.
Манай улс Ази тивийн бүс нутагтаа гаалийн шинэчлэлийг үр дүнтэй хийж байгаа гэсэн үнэлгээтэй байдгийг дурдах хэрэгтэй. Мөн Монгол улсын үндэсний аюулгүй байдлын (2010 оны) болон гадаад бодлогын (2011 оны) үзэл баримтлалын үзэл санааны дагуу гадаад орнуудтай харилцах харилцааны түвшинг тооцох ёстой. Энд хөрш хоёр оронтойгоо гаалийн бодлогоо зохицуулах, хилийн боомт ажиллуулах, хэрэг зөрчилтэй хамтарч тэмцэх, хорио цээрийн дэглэм, хууль тогтоомжоо харилцан хүндэтгэх гэх мэт харилцаагаа хамгийн тэргүүнд тавьж байх ёстой. Гурав дахь түншийн орнуудтай ч мөн гаалийн асуудлаа зохицуулах ёстой. Жишээ нь Японтой чөлөөт худалдааны бодлогоо хэрэгжүүлж эхэлснийг дурдаж болно.

АСУУЛТ: Төрийн хяналтын дор барааг улсын хил нэвтрүүлэх өнөөгийн эрх зүйн орчинг өөрчлөн шинэчлэх шаардлагатай гэж ойлголоо. Ингэснээр хил, гаалийн хяналт шалгалтын үр нөлөө дээшлэнэ гэж та үзэж байна уу?

ХАРИУЛТ: Өнөөдөр мөрдөгдөж байгаа эрх зүйн орчин гэвэл дээр дурдсан УИХ-ын 1998 оны 05 дугаар тогтоолоор батлагдсан хориглосон, хязгаарласан барааны хувьд өнгөрсөн хугацаанд гадаад, дотоод орчинд гарсан их өөрчлөлтэй уялдан зарим талаар эргэн харах шаардлагатай болсон гэж би дээр дурдсан. Мөн хугацаанд тухай бүрд анхаарч, 1999 онд спирт оруулахыг, 2005 онд хар болон өнгөт металын хаягдал гаргахыг хориглосон нэмэлт оруулсан. Төрийн байгууллагын зөвшөөрөл, лицензтэй барааны хувьд согтууруулах ундаа, тамхийг лицензгүй болгосоныг эс тооцвол өөр өөрчлөлт ороогүй гэж үзэж болно.
Дотоодод болсон том өөрчлөлт нь 2000-аад оны дундуураас эхлээд гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн үйлдвэрүүд ажиллаж, агаар, ус, хөрсний бохирдол, эвдрэл бий болж, химийн хортой бодисууд болох нөгөө цууд гарсан “Хааны дарс”, “Чонын хор” гэдэг нэртэй цианитууд, арсенатуудын импорт, хэрэглээ нь хяналтаас гарч өнөөдөр чөлөөт эргэлтэнд байгаа гэж үзэж болно. Нотолгоо нь Дарханы Хонгор сум, Ноён уул, Завхан аймагт болж байгаа үйл явдлаар илэрч байна. Хүнсний аюулгүй байдал ч мөн адил болов. Нэг ёсондоо биотерроризмийн аюул нүүрлээд байна шүү дээ. Тэгвэл гааль яагаад энэ хорыг мэдсээр байж оруулаад байгаа юм бэ? Асуулт гарна шүү дээ. УИХ-ын дээр дурдсан тогтоол болон Засгийн газрын 2001 оны 54 дүгээр, 2002 оны 219 дүгээр тогтоолуудаар тусгай зөвшөөрөл олгох экспорт, импортын квот тогтоож лиценз олгох асуудлыг нэг яаманд эрхлүүлдэг болсноор хяналт тавих, эрхээ хэрэгжүүлэхэд хүндрэл учирсан уу, эсхүл эрх ашгийн зөрчилд орсон уу ямар ч байсан Төрийн хяналтаа сулруулсан нь дээр дурдсан жишээгээр нотлогдож байна.
Хил дамнасан олон улсын чанартай, уламжлалт бус гэмт хэргүүд улам бүр газар авсаар байгааг ч анхаарах цаг болсон. Дашрамд нэмж хэлэхэд манай тал нь ОХУ-ын иргэд хийн гар буу авчирч оруулахыг завдсаныг илрүүлсэн гэж нэг бус удаа сүртэй мэдээлсэн. Гэтэл Монгол улс руу бензин тээвэрлэж явсан галт тэрэгний цуваанд тэсрэх бөмбөг тавьсаныг ОХУ-ын гааль илрүүлсэн талаар тун саяхан Өнөөдөр сонинд мэдээлсэн байна лээ. Эндээс бид хийн гар буунд анхаарах, аль эсхүл ... бодох л асуудал биш үү. Тэсрэх дэлбэрэх бодис, ураны хүдэр, малын болон ховор ан амьтаны гаралтай түүхий эд, түүх соёлын өвтэй холбоотой гээд олон зүйлс хууль ёсоор, хууль зөрчиж гаргаж, оруулж байгааг үгүйсгэхгүй. Хэвлэл мэдээллээр нийтэд ил болгосон мэдээллээс үндэслэн хэлж байна.
Импортын бараа тээвэрлэсэн вагон, контейнер, авто фургон зэргийн лац, ломбо нь хөдлөөгүй бол тээврийн хэрэгслийг хилийн боомтод нээж шалгалгүйгээр нэвтрүүлдэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ. Олон улсын тээврийн болон гаалийн гэрээ хэлэлцээрүүд ийм заалттай. Тэнд ямар бараа байгааг зөвхөн илгээгч, хүлээн авагч л мэднэ. Тээвэрлэгч зөвхөн баримтанд дурдсанаар хариуцдаг учир барааг нарийн мэдэхгүй ч байж болно. Та асуулаа. Улаанбаатарын төвд зогсож байгаа вагон, контейнерт үнэхээр юу ч байж болно. Дээр би хэлсэн. Хилийн боомт дахь бүх хяналт шалгалтын байгууллагуудын эрх үүрэг нь нутгийн гүнд хязгаарлагддаг гэж. Гүний гааль нь гаалийн бүрдүүлэлт хийхээс өмнө сэжиг илрээгүй бол шалгах эрх үүрэг хязгаарлагдмал. Бүрдүүлэлт хийх эрх нь зөвхөн тухайн цэгийн гаальд ногддог хуультай. Ийм нөхцөл үүсдэг нь олон улсын гэрээгээр (Киото конвенц) зохицуулагдсантай холбоотой. Би өмнө бас цухас дурдсан. Гүний гаальд шалгалтыг зохих ёсоор хийх, татвар хураамж авах, лабораторийн шинжилгээ хийх, хууль, хяналтын бусад байгууллагатай хамтран ажиллах зэрэг бүх орон зай, цаг хугацааны болон техникийн зэрэг нөхцөл бүрдсэн байдаг учир гаалийн хэрэг зөрчил олноор илэрдэг гэж болно. Илэрсэн хэрэг зөрчлийг захиргааны болон эрүүгийн хуулийн зүйлчлэлээр газар дээр нь шийдвэрлэх бололцоотой.

АСУУЛТ: Хил дамнасан, олон улсын гэмт хэрэг ихэссэн талаар та дурдсан. Энэ нь манайд тулгарч байгаа асуудал мөн үү? Яаж урьдчилан сэргийлж, түүнтэй тэмцэх вэ?

ХАРИУЛТ: Гэмт хэрэг улам бүр зохион байгуулалтанд орж, олон улсын чанартай болж байна. Энд би зөвхөн гаалийн холбогдолтой зүйлсийн талаар товч дурдая. Хар тамхины наймаа хамгийн ашигтай байдаг уламжлалаа хадгалсаар байгаа боловч сүүлийн үед терроризмтой холбоотойгоор зэвсгийн наймаа, мөнгө угаах, хүний наймаа, худалдааны луйвар зэрэг уламжлалт бус гэмт хэрэг газар авч нэг орны хүрээнээс хальж, олон улсын хэмжээний зохион байгуулалтанд оржээ. Ийм учраас хоёр болон олон талын хамтын ажиллагааны хүрээнд тэмцэхээр НҮБ, ДХБ, ДГБ-ын гэрээ хэлэлцээрт нэгдэн орсон гэж би өмнө нь дурдсан. Тулгарч байгаа асуудал мөн гэж хэлмээр байна. Манайд хар тамхины асуудал газар авсаар байна.
Мөнгө угаах нь манай улсын хувьд хамгийн боломжтой, зохион байгуулалттай явуулахад таатай орчин болсон шиг байна. Хүний наймааны чанартай гэмт хэргийн элементүүд илэрсэн тухай мэдээ ч гардаг болов. Худалдааны луйвар бол гаалийн хяналтаар илэрдэг элбэг байдаг үзэгдэл. Ялангуяа барааны нэр төрөл, тоо хэмжээг өөрчлөх, барааны ангилалыг будилаантуулж татвараас зайлсхийх зөрчил нь гаалийн өдөр тутмын үйл ажиллагаанд тохиолддог. Ихэнхдээ энэ зөрчлүүд захиргааны зөрчлөөр зүйлчлэгдэж байгаа юм. Эрүүгийн хэрэг үүсгэх хэрэг ч гардаг тухай Гаалийн ерөнхий газрын мэдээлэлд гарсаар байдгийг та мэднэ.
Эцэст нь хэлэхэд тарифын бус зохицуулалтын бодлогоо даруй өөрчлөн шинэчилмээр байна. Тэхдээ шинжлэх ухааны үндэслэлтэй гэж том яриад яахав. Ямар ч байсан гадаад, дотоод орчин болон гаалийн хэрэг зөрчлийн шалтгаан нөхцлийг сайн судлах нь чухал байх. Нэг анхаарах зүйл нь хөрш болон түнш орнуудын гаалийн бодлоготой уялдуулан зохицуулах хэрэгтэй. Жишээ нь: Мах экспортод гаргах квот тогтоосон хэдий ч ОХУ, БНХАУ-ын хорио цээрийн бодлоготой зохицож байна уу. Хорио цээрийн зөвшөөрөлгүй бол гааль нь оруулахгүй. Манай улс спирт оруулахгүй хуультай байтал бусад орнууд гаргах хуультай, манай улс ангийн бууг гаргаж болох хуультай гэтэл БНХАУ-д оруулахыг хориглодог гэх мэт зөрчлүүдийг хууль тогтоомжоо харилцан хүндэтгэж, хүлээн зөвшөөрөх асуудлыг магадгүй шаардлагатай бол дипломат шугамаар ч харилцаж байж зохицож болно гэж бодож байна.

АСУУЛТ: Гаалийн хэрэг зөрчлийн шалтгаан нөхцлийн талаар та юу хэлэх вэ?

ХАРИУЛТ: Гаалийн ерөнхий газрын мэргэжлийн асуудал хариуцсан албанд судалгаа байх ёстой. Гаалийн байцаагчид нь олон хэрэг зөрчил, зарим нь бүр ноцтой хэрэг илрүүлдэг. Захиргааны зөрчил гэвэл гаалийн байгууллагын өдөр тутам илэрч байдаг хэвийн үзэгдэл. Онцолж тэмдэглэхэд гаалийн байгууллага нь авлига, хээл хахуультай тэмцдэг алба, нөгөө талаар өөрөө бас авлигад өртөх эрсдэлтэй алба. Шударга үнэнч, эх оронч байцаагчдын хувьд зарим үед тал талын нөлөөлөл, дарамтад орох явдал байдаг нь үнэн.
Гаалийн  хэрэг (контрбанд) нь ихэнх тохиолдолд зохион байгуулалттай, бүлэглэсэн гэдгээр хүндрүүлэх шалтгаантай хэрэг байдаг. Учир нь түүний хамрах хүрээнд авлига, албан тушаалын, улсын нууц задруулсан, урван тэрслэх, тагнан турших зэрэг хүндрүүлж үзэх нөхцлүүд хамрагддаг, ноцтой гэмт хэрэг гэж үздэг. Гаалийн ноцтой хэрэг зөрчлийг илрүүлдэг боловч мөрдөн байцаалт, шүүхийн шатанд хэрэгсэхгүй болгох тохиолдол бий. Харин ч илрүүлсэн шударга байцаагчийг өөрийг яллах дөхдөг, дахиад хэрэг илрүүлэхгүй болтол нь гүтгэх, дарамтлах мэтээр залхаах явдал байдгыг хэлэх хэрэгтэй.
Гэхдээ харин өргөсөн тангаргаасаа няцаж, ашиг хонжоо олохын төлөө элдэв аргаар гаалийн албанд шургалсан зарим хүмүүсийн зохисгүй үйлдэл нь гаалийн албаны нэр хүндийг сүрхий унагаж байгааг хэлэх хэрэгтэй. Хэрэг зөрчлийн шалтгааныг би судлаагүй. Гэхдээ нэг үгээр хэлбэл урьдчилан төлөвлөсөн, зохион байгуулалттай, санаатай үйлдлүүд давамгайлж байдаг гэдгийг хэлж чадна.

АСУУЛТ: Яг би танаас асуухаар зэхэж байсан юм. Гаалийн албаны хүний нөөцийн бодлого, хөгжлийн байдал, албан хаагчийн ёс зүйн талаар та юу хэлэх вэ? Олон түмний дунд гаалийн байцаагчдын талаар таатай бус сэтгэгдэлтэй байдаг нь нууц биш.

ХАРИУЛТ: Хүний нөөцийн асуудал аль ч үед анхаарлын төвд байж ирсэн ба сайн, муу нэрийг дагуулсаар байдаг нь ажил үүргийн онцлоготой нь шууд холбоотой байж болно. Гаалийн ажилтны зан харилцаа, хүнд суртал, цаашлаад ёс зүйн талаар хавтгайруулсан шүүмжлэл байнга гарч байдаг. Энэ нь гол төлөв нэг үхрийн эвэр цохивол, зуун үхрийн толгой доргих гэдэгтэй төстэй. Хүний нөөц ялангуяа сонгож авах, сургах, бэлтгэх, боловсруулах, зөв байршуулах болон нийгмийн асуудлыг сайжруулах зэрэг нь үеийн үед л байсаар ирсэн нийтлэг зүйл. Харин боловсон хүчнийг сонгон авахад ямар нэг гадны нөлөөгүйгээр, байгууллага өөрөө хамт олноороо шийддэг байх зарчимтай байвал зөв. Ингэж байж л алба нь төрийн тусгайлсан чиг үүргээ биелүүлнэ.
Тэртээ 1924 онд шинэ төрийн эхэнд л гаалийн албаны боловсон хүчин бэлтгэхийг чухалд үзэж, гаалийн нягтлан бодохын сургууль (одоогийн СЭЗДС-ийн үндэс) байгуулж, мөн л сонгож авах, сургах, байршуулах зэрэг ээдрээтэй асуудлын эхлэлийг тавьсан түүх бий.
Гадаад харилцаа өргөжиж тэлсэн 1950-аад оны эцсээс эхлэн боловсрол, мэргэжлийн хажуугаар тэр үеийн шаардлагаар орос, хятад хэлтэй хүний шаардлага тавигдсан бөгөөд тэр нь яван явсаар Гаалийн тухай хуулинд гаалийн албанд дээд боловсролын мэргэжлээс гадна гадаад хэлтэй хүн ажиллуулахаар хуульчилсан нь энэ. Ер нь хилийн боомтын гаальд хөрш орныхоо хэлийг сайн мэддэг хүн ажиллуулдаг олон улсын практик байдаг. Манай хуулинд шилжүүлэн ажиллуулдаг журмаар аль ч хил дээр ажиллах шаардлага хангаж байж л үүргээ биелүүлж чадна шүү дээ. Гадаад худалдааны болон барааны бичиг баримтууд, эмийн зүйл, хүнсний барааны заавар, тодорхойлолтыг ч орос, англи хэл дээр байхаар хуульчилсан шүү дээ. Тэгэхээр англи хэл хэрэгтэй.
Нэхэн санахад 2000-аад оны эхээр Гааль, эдийн засгийн дээд сургууль байгуулж, баклавраас дээш түвшингийн боловсролтой хүмүүсийг сонгон элсүүлж, ДГБ-ын болон гадаад орнуудын гаалийн сургалтын модуль дээр суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулж, багш нараа ч бэлтгэж, 7-8 удаагийн төгсөлт хийсэн юмдаг. Төгсөгчид маань өнөөдөр гаалийн байгууллагуудад бүх шатанд нэр төртэй ажиллацгааж байна. Ажил жигдэрч байтал 2011 онд мөн л хэн нэгний балагтай шийдвэрээр цомхотгосноор, гаалийн албаны шаардлага хангасан боловсон хүчин бэлтгэх ажил унтарсан гэж үзэж болно.
Сүүлийн жилүүдэд төрийн бүх албанд дэлгэрсэн гажуудал гаалийн албыг ч тойроогүй. Харин ч миний өмнө хэлснээр ашиг сонирхолын үүднээс, бас ёс бус томилгооны хар гайгаар гаалийн албаны нэр хүнд дэндүү унасан. Энэ байдал нь гаалийн албыг татан буулгах шийдвэр гаргахад ямар нэг шалтаг болсон ч байж мэднэ.
Одоо яах вэ? Ойрын ирээдүйд олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад орох, төмөр болон авто замын боомтууд өргөжих төлөвтэй байна. Тэнд ажиллах хүний нөөцийг одооноос эхлэн бодох хэрэгтэй. Японоос гаалийн байцаагч авчирч ажиллуулахгүй нь ойлгомжтой. Нэг үеийг бодвол төв, хөдөөд ажлын нөхцөл, амьдрах орчин дээрдэж байна. Харин хилийн боомтуудын нөхцөл сайжруулахаар гадаад, дотоодын компаниудаас санхүүгийн тусламж авахаас зайлсхийх хэрэгтэйг энд онцлон хэлмээр байна. Гадаадын компаниудад зориулсан хилийн боомт болчихвол үндэсний аюулгүй байдал ямар болох нь тодорхой.

АСУУЛТ: Та бидний энэ удаагийн ярилцлагын сүүлчийн асуулт. Гаалийн албаны өвөрмөц онцлогыг ойлголоо. Гэтэл гааль, татварын албыг нэгтгэж, төсвийн орлого бүрдүүлдэг байгууллага болгож цомогтгохоор Засгийн газар, УИХ-д асуудал оруулаад байна. Энэ хэр оновчтой гэж үзэж байна вэ?

ХАРИУЛТ: Хариулахад нэг талаас хялбархан, нөгөө төлөөс ээдрээтэй асуулт байна. Гаалийн албаны нэг өвөрмөц онцлог нь аль ч улс оронд босоо удирдлагатай байдаг зарчимтай. Энэ нь хэний ч нөлөөнд үл автагдах гэсэн үг. Төв, орон нутгийн засаг захиргаанд харьяалагдахгүй байдаг нь аймаг, хотын гаалийн бодлого, үйл ажиллагаа гэж байх ёсгүйг харуулж байгаа нь энэ. Харин Татварын алба нь засаг захиргааны харьяалалд захирагдсан хэвтээ тогтолцоотой шүү дээ. Тэгэхээр удирдлагын зарчим нь эсрэг тэсрэг байгаа биз. Татвар хураах эрх зүйн орчин нь өөр. Гаалийн татварыг одоо цаг дээр шийдвэрлэдэг(татварыг төлж байж бараагаа авдаг) бол Татварын алба нь бараа бүтээгдэхүүн эргэлтэнд орсон цагт л орлогын татвар тооцдог шүү дээ.
Гааль, тарифын бодлого нь төрийн гадаад, дотоод эдийн засгийн бодлого учир гадаад улс төрийн харилцаанд нөлөөлдөг, хариу арга хэмжээнд өртдөг учир ДХБ, ДГБ-ын нэгдсэн зохицуулалтанд оруулсаар байна. “Гаалийн дайн” гэдэг олон улсын маргаан ховор гардаг болсон нь үр дүнгээ өгч байгааг харуулж байна. Гаалийн байгууллага төсөвт дарамт болох биш мөнгө бүтээгчид шүү дээ. Ийм учраас хариулахад хялбар ойлгомжтой.
Дараачийнх нь. Хөгжилтэй орнуудын нэр барьсан үндэстэн дамжсан бизнесийн бүлэглүүд нь буурай хөгжилтэй, түүхий эдийн баялагтай орнуудын баялагт эзэн суухын тулд тухайн орны төр засгийн бодлогод нөлөөлж, төрийн хяналтын механизмийг сулруулж, төрийг эзэнгүйдүүлэх, баялгыг нь дураараа цөлмөх замаа нээдэг. Үүний тод жишээг “Хар Африкийн зам” гэж нэрлэгдсэн эмэгнэл харуулж байна. Олон улсын хэмжээнд гарч ирсэн “Баялгын хараал”, “Эдийн засгийн алуурчид” гэдэг нэр томъёо үүнтэй холбогдолтой.
Тэд улс орныг өр зээлийн дарамтад оруулж, эрхшээлдээ байлган, төр засгийн шийдвэрт нөлөөлдөг. Харин үүнд нь магадгүй гаалийн алба саад болоод байгаа ч юм бил үү. Үгүйсгэх аргагүй гэж үзэж байна.
Гаалийн албаны босоо тогтолцооны зарчим нь төв, орон нутгийн удирдлагын санаанд таарахгүй байдаг талтай.
Нөгөө талаар гаалийн байгууллагыг улс төржүүлж, Засгийн газар өөрчлөгдөх бүрд л элдэв томилгоо хийж, боловсон хүчний нөөцийн чанар буурч, ажил, үүргээ хуулийн дагуу гүйцэтгэхэд саад, хаалт болж байна. Тэгэхээр Гаалийн байгууллагын ажиллагсадын эерэг, сөрөг үйлдэл нь хариу арга хэмжээнд өртөж байгааг үгүйсгэхгүй.
Олон улсад гааль, татварын алба цуг байдаг талаар ярьж байна лээ. Надад 20-иод улс орны гаалийн ажилтай танилцах завшаан тохиолдож байсан. Зарим улс оронд гаалийн байгууллагын хууль сахиулах чиг үүргийг тодотгон авч үздэг бол, зарим улсад худалдааг зохицуулах үүргийг илүүд онцлон гадаад худалдааны асуудал эрхэлсэн засгийн газрын байгууллагад харъялуулсан байдаг. АНУ, Япон, БНСУ зэрэг зарим өндөр хөгжилтэй улсад гаалийн байгууллага нь Сангийн яамандаа харъяалагддаг боловч хууль сахиулах чиг үүрэг нь давамгайлж байдаг. Улсын төсвийн орлого бүрдүүлэх чиг үүргийн хувьд хөгжиж буй орнуудын, ялангуяа буурай хөгжилтэй орнуудын гаалийн байгууллага төсвийн үлэмж хувийг бүрдүүлдэг, нэг ёсондоо хууль сахиулах чиг үүрэг нь бараг хаягддаг бол хөгжингүй орнуудын гаалийн байгууллагын хувьд улсын төсвийн орлого бүрдүүлэх нь чухал биш болж, хууль сахиулах, худалдааг хөнгөвчлөх чиг үүрэг нь өсөн нэмэгдэж байна. Ер нь ингэснээр нийгэм, эдийн засгийн аюулгүй хангагдах учиртай. Тэгээд ч хил дээр хууль ёсны худалдааг хөнгөвчилж, хууль бус худалдааг таслан зогсоох асуудал чухлаар тавигдаж байгаа. Европын холбооны гишүүн орнууд нь гаалийн нэг нутаг дэвсгэр учир хилийн боомтын нэг шалгалттай мэт боловч орон бүр гүний гаалийн шалгалттай шүү дээ. Үүнийг андуурч болохгүй.

МОНГОЛЫН ТӨРИЙН ТҮШЭЭД ЭХ ОРОНЧ ЭРҮҮЛ САРУУЛ БОДЛООР ТУНГААЖ ШИЙДВЭР ГАРГАНА ГЭДЭГТ НАЙДАЖ БАЙНА.

Ярилцлага өгсөнд баярлалаа.

2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.