03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50
ДОТНО НЭР

ДОТНО НЭР

ДОТНО НЭР

Дэнжийн мянгын гэр хорооллын гудамж нөгөө л янзаараа эл хуль. Банзан хашаа, усны тэрэг, хийсэх хогноос өөр эзэнгүй мэт энд дүнсгэр. Ажин түжин байдлыг эвдэж 910 гэх дугаартай банзан хашааны ногоон хаалга хуучин нугасаа дааж ядан чихарч орчныг цочоох шиг болов. Хаалганы цаанаас бор дээлтэй 70 орчим насны эмгэн гарч ирээд хаалгыг мөн л чихруулан хаагаад гудамж уруудан алхаж одов. Түүнийг Э.Наран гэдэг бөгөөд бага охиноо хүний нутагт явуулаад өдгөө 7 жил болж байгаа нэгэн. Наран эмгэний тэтгэвэр буусан бөгөөд амьдрахын эрхээр Америк улсыг зорьсон охин нь хөл хүнд болсон гэдгийг дуулаад Гандан гарч ном уншуулангаа царайг нь ч хараагүй хүргэн хийгээд төрөх ачдаа сэтгэлээ шингээн бэлдсэн бэлгээ явуулахаар гарч яваа нь энэ.

Гандангийн өвгөн лам дээр очиж, охиноо даатгаад зүс хараагүй хүргэнтэй таарамж хэр байгааг нь магадлаад удахгүй төрөх үрийг нь эсэн мэнд байгаасай гэж Жанрайсаг бурханд хэдэнтээ залбираад Наран эмгэн 3,4 хороолол руу зүглэв. Алхсаар Англо фрэйт улс хоорондын хүргэлтийн компанийн үүдэнд хүрч ирээд удахгүй төрөх шинэ хүндээ өөрийнхөө гараар оёсон өлгий даавуу, өвгөнийхөө хайчилсан үнэг сэлтийг нандигнан боосон уутаа хүргэлтийн компанийнханд өгөв. Тэгэхдээ өөрийн сэтгэлээ мөн баглаад алс хол Америкт суугаа охиндоо хүргүүлэхээр ачаагаа орхив. Эмгэний сэтгэл үртэйгээ уулзсан шиг хөнгөрөөд гэрийн зүг гарав. Замдаа “Англо Фрэйт компанийн хүлгийн жолоо бат байж, охинд минь, удахгүй төрөх ачид маань сэтгэлийг минь бүтэн дайж очоорой” хэмээн ерөөл өргөсөөр одлоо.

Энэ мэт эх нутгаасаа хол суугаа Монгол ахан дүүс маань Англо фрэйт компанийн ложистикийн үйлчилгээгээр л нэгнийгээ санасан сэтгэлээ дэвтээнэ. Одоогоос 10 гаруй жилийн өмнөөс хоёрыг уулзуулж, холыг ойртуулдаг энэ компани үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд АНУ-д очсон, ирсэн, явсан, явуулсан хүн бүрийн мэддэг хамгийн итгэлтэй компани нэгэнт болжээ. Гэхдээ тус компанийн ард ямар хүн байдаг гэдгийг бид тэр бүр мэддэггүй. Тэгвэл энэ удаа Англо фрэйт компанийн Ерөнхий захирал Д.Оюунбилэг эгчтэй ярилцлаа.

Сайн байна уу та. Тантай ярилцах болсондоо таатай байна.

За баярлалаа. Эгч нь урьд нь хэвлэл мэдээлэлтэй нэг их ойр байгаагүй болохоор жаахан сандраад байна.

Ойлголоо. Та миний асуултад л хариулахад болноо. Эхний асуултаа их энгийнээс буюу компаниа хэрхэн үүсгэн байгуулсан талаар тодруулъя гэж бодлоо. Энэ талаараа та дурсахгүй юу?

Би 2004 онд Англи руу 4 сар ажлаар явсан юм. Тэнд очоод бас ч гэж 4 сар болох болохоор Монголоос хэрэглээний жаал зугаа юм захисан. Гэтэл шуудангаар дамжуулж авсан зүйлс намайг тэнд байх хугацаанд ирээгүй. Би бүр гайхаад тэнд байдаг монголчуудаасаа асуутал Англид суурьшсан Монголчуудад ийм асуудал байнга тохиолддог гэдгийг мэдсэн. Ингээд ямар арга замаар хоёр улсын хооронд шуудан илгээмжийг илүү хурдан тэгээд найдвартай хийж болох вэ гэдгийг судалж байгаад эх орондоо ирээд Шуудан илгээмж буюу хоёр хүний хооронд бараа бүтээгдэхүүн илгээх үйлчилгээ хийж эхэлсэн. 2004 ондоо эх орондоо ирээд шууд л компаниа нээсэн. Юугаа ч мэдэхгүй хүн сэтгэлийнхээ дуудлагаар л энэ бизнесийг эхлүүлсэн гэж хэлж болно.

Танай компани Англи гэхээсээ илүү Америкт илүү алдартай шүү дээ?

Би 2007 онд Америк руу бас явсан. Яах вэ гэр бүлээрээ аялах санаатай явсан хэрэг л дээ. Гэтэл тэнд маш олон монголчууд байдаг хэрнээ нөгөө л шуудан харилцаа Англид байсан шиг тааруу байхгүй юу. Тэгээд л АНУ-д Сан Франциско хотод төлөөлөгчийн газраа нээсэн дээ. 10 жилийн өмнө анхныхаа ачааг явуулахад хүмүүс бидэнд итгэхгүй байлаа. Хувийн ийм компани байдаг юм уу. Итгэл даах уу гээд л олон асуулт тавьдаг байлаа. Тэгж тэгж нэг хүн бидэнд итгээд ачаагаа Монгол руу хүргүүлсэн. Ганцхан ачаа хүргэсэн болохоор компани өөрөө алдагдал хүлээн байж ачааг нь цаг тухайд нь хүргэж өгч байлаа. Тэгсэн дараагийн удаа бидэнд 12 боодол ачаа ирсэн. Ингэж л манай компани үүссэн түүхтэй. Одоо манай компани АНУ-ын ихэнх мужуудад байна дээрээс нь Канад, АНУ, Японд өөрийн гэсэн албан ёсны эрхтэй салбар компаниа нээгээд, агуулахтай болсон. Мөн Америкийн FedEx компанитай гэрээ байгуулан ажиллаж байна.

АНУ, Солонгосоос бусад өөр гадны улсад ажиллаж, амьдарч байгаа монголчууд ачаа явуулах гэхээр олон асуудал тулгардаг. Ихэнх нь замын хүнд ачаа дайдаг. Тэгвэл та анх компаниа нээчихээд энэ асуудлыг яаж шийдсэн бэ?

Англиас ирчихээд компаниа нээхэд тэндээс наашаа бараа ирэхэд тийм ч асуудалтай байгаагүй. Тэнд байдаг хүргэлтийн компанитай гэрээ байгуулаад би монголдоо ачаагаа хүлээж авахад л болох байв. Гэтэл Буянт-Ухаа дээр ачаа маань ирээд гацчихсан. Учир нь урьд нь хэзээ ч нэг компанийн нэр дээр олон өөр хүний бараа Монголын хил дээр ирж байгаагүй юм билээ. Яах вэ хувь хүмүүс бол өөрсдийнхөө нэр дээр ачаагаа авчихдаг бол энэ удаа тэгэх боломжгүй. Тэгээд л гаалийн бүрдүүлэлтээс эхлээд асуудал үүсч байгаа юм. Бөөн л юм болсон санагддаг юм. Бүр аргаа бараад гаалийн ахлах байцаагч нь цохолт хийж өгч байж нэг юм болсон юмдаг. Ер нь манайх их ачаалалтай ажилладаг байлаа. Үндэсний шуудангуудаар бараа явуулахаар их өндөр зардалтай, тэгээд хугацаа нь маш урт байдаг. Гэтэл манайх 7хон хоногт тээвэрлэхээр ихэнх хүмүүс манайд ханддаг байсан. Тэгээд л гааль дээр ачаа овоорчихно. Урьд нь ийм зүйл болж байгаагүй болохоор татвараас авахуулаад, гаалийн бүрдүүлэлт энээ тэрээ гээд олон асуудал Монголын хил дээр болно. Харин ашгүй тэгж яваад Харилцаа холбооны зохицуулах газарт ханддаг гэдгийг сонсоод албан ёсоор гаалиар бараа бүтээгдэхүүн оруулах эрхээ авч байлаа.

Англо фрэйт компанийн нэг давуу тал нь танайх зөвхөн АНУ-аас ачaa тээвэрлэж оруулж ирэх биш, АНУ-руу явуулдаг.  Энэ эрхийг яаж олж авсан бэ?

Бид 2007 оноос хойш хөөцөлдөж байгаад энэ эрхийг олж авсан. АНУ-ын хилээр бараа бүтээгдэхүүн оруулах их хэцүү. Хил гаалиар зөвшөөрөх зөвшөөрөхгүй бараанаас авахуулаад. Манайхан чинь зарим нь хэцүү ш дээ. Болохгүй гэсэн бараа бүтээгдэхүүн явуулчихна. Адаглаад нойтон ааруул ачаандаа хийчихдэг эмээ өвөө нар байна. Тэр нь Америкийн хил дээр очоод аюултай бүтээгдэхүүн болчихдог. Тэнд нь устгуулах гэхээр зардал өндөр гэх мэт асуудал бол бий.

Саяхныг хүртэл бид Америкийн тээврийн компанитай гэрээтэй байсан. Харин одоо бол яг өөрсдийн компанийн эрхийг аваад албан ёсны эрхтэйгээр Англо фрэйт компани үйл ажиллагаагаа Америкт явуулж байна. Тийм болохоор хил гаалийн бүрдүүлэлт баталгаанаас эхлээд илүү аюулгүй найдвартай болсон.

Өөрийн хэрэгцээ шаардлагаас үүссэн таны бизнес өдгөө олон хүний итгэлийг даасан том компани болоод зогсохгүй Америкт албан ёсны эрхтэй үйл ажиллагаа явуулж байгаа Монголын ложистикийн анхны компани болжээ. Энэ бол таны өнгөрсөн 10 жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүн. Тэгвэл цаашдын 10 жилийн зорилго тань юу вэ?

Өмнө нь бид эх нутаг аав ээжээсээ хол суугаа хүмүүсийн сэтгэл шингэсэн ачааг хүргэдэг байсан бол одоо ложистикийн цогц үйлчилгээг хүмүүст үзүүлэхийг зорьж байна. Тээвэр зуучийг цогцоор нь хийх нь бидний гол зорилго гэж ойлгож болно. Мөн шуудан харилцааны ажил хийгээд байж байхад надад нэг зүйл ажиглагдсан нь гаднын зах зээлд манай монголчуудын өрсөлдөх боломж. Тийм ч учраас 2014 оноос Америкт “Made in Mongolia” экспог зохион байгуулж эхэлсэн.

Анх 10 компанитай яваад үйл ажиллагаагаа зохион байгуулахад хүмүүс үнэхээр талархалтай хүлээж авсан.

Хөөх Монголд ийм зүйл хийдэг гэж үү. Бидэнд яагаад сайн сурталчилдаггүй юм бэ гээд л. Ноолуур гэхэд л зөвхөн Хятадад л байдаг гэж ойлгодог байх жишээтэй. Тэгээд Монгол гэж ийм оронд ийм ноолуур байдаг, ингэж хувцас хийдэг гэхээр Америкчууд тун сайхан хүлээж авсан. Тэр бүү хэл цуг явсан компаниудад хөрөнгө оруулалтын боломжууд гарч ирсэн. Гэрээ хийсэн компаниуд ч бий. Эндээсээ урам аваад сүүлийн хэдэн жил “Made in Mongolia” экспог тогтмол зохион байгуулж байна.

Манайхан хэрэглэгч орноос үйлдвэрлэгч орон болох цаашлаад гаднын зах зээлд өрсөлдөх талаар байнга шахуу ярьдаг гэтэл яг хэрэгжсэн нь ховор байна. Энэ тал дээр та өөрийн бодлоо хуваалцахгүй юу?

Миний хувьд тээвэр зуучийн ажлыг сүүлийн 10 гаруй жилийн турш хийгээд явж байхад Монгол Улс маань зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн аль эсвэл түүхий эд экспортлох гэхээсээ илүү нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломж байна гэж хардаг. Гэхдээ бидэнд дутагдалтай, шийдэх ёстой асуудал бий. Адаглаад тээвэрлэлтийн асуудал хүнд байдаг. Манай компанийн хувьд энэ асуудлыг шийдэх тал дээр өөрсдийнхөө хийх ёстой ажлыг хийж л байна. Зах зээлийн хувьд судлаад үзэхээр бидэнд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломжтой гэвэл АНУ, Япон, Канад зэрэг улсууд байна. Японы хувьд бид хоёр улсын Засгийн газар гэрээ хийгээд хил гаалийн хувьд бараа бүтээгдэхүүн оруулахад илүү нээлттэй болсон. Үүнийг бид ашиглах хэрэгтэй. Америк бол угаасаа л хэрэглэгч орон. Бид тэнд өөрсдийгөө сурталчилж чадвал болохгүй зүйлгүй. Канадын хувьд ноолуурын гол хэрэглэгч зах зээлүүдийн нэг. Тиймээс энэ гурван улсад манай компани агуулахаа нээсэн. Одоогоор бид зорилтод зах зээлүүдээ судлах, гаднын зах зээлийг монголчууддаа таниулах ажлыг хийж байна. Тэгэхгүй бол зах зээлээ манайхан мэдэхгүй болохоор таамгаараа бүтээгдэхүүн үйлдвэрлээд түүнийгээ зарах гээд байдаг. Гэтэл зах зээл нь хүлээж авдаггүй. Орон бүрийн хэрэглэгчийн сонирхол хандлага өөр өөр.

Тэр ч тийм шүү. Зах зээл юу хүсч байгааг биш өөрсдөө юу чадахаа хийгээд байна гэх шүүмжлэлийг манай үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид бишгүй хүртдэг. Энэ талаар та жаахан тодруулж болох уу?

Аливаа бизнесийг гол тодорхойлж байгаа зүйл бол зах зээл юм. Өнөөдөр бидэнд шинэ зах зээл нээх, гаднын зах зээлд өрсөлдөхөөс өөр аргагүй бизнесийн шинэ сорилт тулгарч байна. Бид нар дотооддоо байгаад эсвэл түүхий эд зараад хол явахгүй гэдэг нь тодорхой боллоо. Бизнесийн амжилт гэдэг бол бизнесийн чадавхаар л тодорхойлогддог.

Монголын бизнесүүдийн ихэнх нь жижиг зах зээлд ажиллаж ирсэн буюу дотоод зах зээлдээ хандсан бизнес хийж өнөөдрийг хүрлээ. Үүнтэй холбоотой нөгөө санхүүгийн арга хэлбэр, хөрөнгө оруулалт, маркетинг нь яг л тийм зарчмаар явж ирсэн гэсэн үг. Энэ нь өөрөө олон улсын түвшинд бага зэрэг хязгаарлагдмал. Гадагшаа чиглэсэн үйл ажиллагаа эрхлэхийн тулд бизнесийн чадавх, хөрөнгө оруулалт, бүтээгдэхүүн сайжруулалтаа олон улсын түвшинд хүргэх шаардлагатай болно. Энэ нь нэг талаар бизнест шинэ боломж гаргаж ирж байгаа юм. Тэр нь шинэ зорилго гаргаж ирэх болно. Тухайлбал, монголчууд Америкийн зах зээлд хэдэн зуугаараа өрсөлдөх боломжтой. Энэ зах зээлийг зорилгоо болгоод түүнд чиглэсэн чадавх хөгжүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал бидэнд боломж бий. Товчхондоо бол хувийн хэрэгцээгээр тодорхойлогдсон бизнес бус дэлхийд өрсөлдөх компанийг бий болгох хэрэгтэй гэсэн үг юм.

Зах зээлээ судлах гадагшаа гаргах гэхээр бид урд хойд хөршөө л яриад байдаг. Үүн дээр та ямар бодолтой байдаг вэ?

Хятал улс 10 триллон ам.долларын зах зээл. Гэтэл бид 3-4 тэрбум нүүрсний тухай яриад байгаа юм. Цаана нь ямар их боломж байгаа нь ойлгомжтой. Бид үүүнийг ерөнхийд нь ойлгож байгаа боловч бизнес талаас нь харахгүй байна. Бизнес гэдэг нь зах зээлийг бодитоор судлах, цаашилбал харилцагчийн сегмент, хэрэглэгчийн хэрэгцээгээр нь судлах шаардлагатай болдог. Энэ бол бизнесийн ерөнхий зарчим. Хятадад гарахын тулд эхлээд тухайн зах зээлээ судалж, таньж байж тэр зах зээлд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлнэ. Гэтэл Хятадын зах зээл рүү гарах гэхээр бидэнд тус улсын хилийн бодлого л хамгийн их саад болдог. Яагаад гэвэл тус улс өөрөө үйлдвэрлэгч орон болохоор эцсийн бүтээгдэхүүн авах сонирхол бага. Харин түүхий эд авах сонирхолтой байдаг. Тэр утгаараа Хятадын хилээр модон сандал оруулахад өндөр татвартай байдаг бол модыг мод чигээр нь гаргахад татвар бага байх жишээтэй. Тэгэхээр энэ зах зээл бидэнд хаалттай болчихоод байгаа юм. Гэтэл манайх шиг үйлдвэрлэгч бус хэрэглэгч орон байна шүү дээ. Эсвэл хилийн бодлого нь зөөлөн ч юм уу. Энэ мэтээр л бид зах зээлээ судлаж бодит боломжийг олж харах хэрэгтэй.

Аливаа бизнест үндсэн хоёр туйл байдаг. Эхнийх нь боломж. Энэ нь зах зээлээр илэрхийлэгдэнэ. Нөгөөх нь тухайн зах зээл буюу боломжийг ашиглах нөөц боломж, бүтээгдэхүүн үйлчилгээ юм. Эндээс харахаар юу анхдагч вэ гэхээр зах зээл. Тиймээс зах зээлд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх ёстой. Гэтэл бид өөрсдийнхөө боломж нөөцөд тулгуурласан зах зээлийг хайгаад байдаг. Тухайлбал, бидэнд мах, нүүрс байна авах газар байна уу гэх мэт. Одоо байгаа юмаа зарах гэхээр тэр нь зах зээлийн хувьд хязгаарлагдмал. Энэ бол бизнесийн хувьд буруу талаас нь явж байгаа хэрэг. Гаднын зах зээлд ямар мах хэрэгтэй байна вэ тэрийг л зарах ёстой болохоос биш байгаа махаа л шахах гээд байж болохгүй гэсэн үг. Бизнесийн хэлээр бол эхлээд зах зээлийн хөгжүүлэлт тэгээд бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ хийнэ гэсэн үг. Дараа нь үүндээ таарсан чадавхийг бүрдүүлэх хэрэгтэй. Хэрэгцээ байхгүй хэдэн мянган инженер бэлдээд яах вэ.

Монголын өрсөлдөх чадварын талаар ярихаараа байгаа юмаа л ярьдаг. Энэ бол байгаа юмаа хүчээр зарах гэж байгаатай л адилхан увайгүй арга. Ийм зарчмаар явбал бүс нутаг, гаднын зах зээлд бид яагаад ч ахиц гаргаж чадахгүй. Тийм болохоор бид дотоодын үйлдвэрлэгчдэд гадны зах зээлийг таниулах үүднээс “Made in Mongolia” үзэсгэлэнг зохион байгуулж, ядаж үйлдвэрлэгчиддээ тэр зах зээлийг харуулахыг зорьсон. Гэтэл энэ зорилго маань өөрийн эрхгүй том зүйл рүү татаад оруулчихсан.

Тэр том зүйл нь юу вэ?

Манай компани анх удаагаа үзэсгэлэн зохиогоод л дотоодын ноолуурын томоохон үйлдвэрлэл эрхлэгчид маш том захиалга олж өгсөн. Гэтэл тухайн үйлдвэр үйлдвэрлэлийн хүчин чадал хүрэхгүй гэдэг шалтгаанаар гэрээгээ цуцалж байх жишээтэй. Өнөөдөр манай ноолуурын энэ жижиг үйлдвэрүүд тус тусдаа л маш цөөн тооны үйлдвэрлэл эрхэлдэг. Тэгээд гадагшаа гарна гээд яриад байдаг. Яг гадагшаа гарах гээд нэг томоохон дэлгүүрийн захиалга авчихаад 1 жилийнх нь бүтээгдэхүүнийг нийлүүлж чадахгүй уначихдаг. Ингээд асуудал гараад ирэхээр энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг тал дээр бид ажиллахаас өөр аргагүй болж байгаа юм.

Уг нь бид нэгдээд гадны зах зээлд нэг л том сүлжээ дэлгүүрийн нийлүүлэгч болсон байхад юун нүүрс зарах. Түүнээсээ илүү ашиг олно шүү дээ.

Энэ мэт ажлыг бол та ганцаараа хийвэл хүчрэхгүй. Төр засагтайгаа хамтарч ажиллах тал дээр юу гэж бодож байна вэ?

Төрийн гарыг хараад байвал бүтэхгүй юм билээ. Юм л бол Засаг солигдоод ямар ч бодлогын залгамж халаа гэдэг зүйл байхгүй болохоор өмнөх ярьж байснаа шууд л үгүйсгэдэг. Тэгэхээр хувийн хэвшлийнхэн өөрсдөө санаачилгатай, хамтран ажиллах хэрэгтэй байна. Тэр үүднээсээ манай компани Orloo.info компанитай хамтраад гадны зах зээлд чиглэсэн компаниудыг бойжуулах, хөгжүүлэх, зах зээлд гаргах зорилго бүхий төслийг эхлүүлээд бэлтгэл шатандаа явж байгаа. Төсөл бэлэн болохоор мэдээж төрийнхөнд танилцуулна. Мөн есдүгээр сард “Made in Mongolia” экспог уламжлал болгон зохион байгууллаа.

Энэ удаагийн Made in Mongolia экспо-ын талаар жаахан тодруулахгүй юу ?

Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн олон улсын чанар стандартад нийцсэн Монголын БРЭНД бүтээгдэхүүн, үйлчилгээг АНУ, Канад улсын зах зээлд нэвтрүүлэх боломжийг судлах, худалдан авагч, захиалагч, нийлүүлэгч түншээ олох, маркетингийн судалгаа хийх боломжоор хангах зорилготой уг арга хэмжээг бид гуравдахь жилдээ амжилттай зохион байгуулаад байна. “Монголд Үйлдвэрлэв 2017” бизнес форум, үзэсгэлэн худалдаанд нийт 15 үндэсний үйлдвэрлэгч ААН-үүд оролцсон. Мөн Гадаад харилцааны яам, ХХААХҮЯам, Жижиг Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх Сан, Хөгжлийн Банк, Канад дахь Монгол улсын ЭСЯ зэрэг төрийн институтиуд ч уг үзэсгэлэнд амжилттай оролцоод сэтгэл өндөр ирцгээсэн. Ер нь төр, хувийн хэвшил гэлтгүй уг үзэсгэлэнд оролцоод дэлхийн зах зээлд боломж байгаа юм байна гэдгийг ойлгоод буцдаг нь маш чухал. Канадын хувьд CHFA органик бүтээгдэхүүний үзэсгэлэнг зохион байгуулдаг. Энэ нь “органик” гэх тодотголтой Канад улсын хүнс, эрүүл мэнд, гоо сайхны салбарын 8500 оролцогчдыг хамарсан зөвхөн гишүүн байгууллагууд нь л оролцдог онцлогтой Торонто хотын нэгэн том үзэсгэлэн бөгөөд уг үзэсгэлэнгийн үеэр Канад улсад хэрэгжиж буй органик бүтээгдэхүүний хууль тогтоомж, шалгуур үзүүлэлт болон үүнд орсон нэмэлт өөрчлөлтүүдийг холбогдох яам тамгын газрын хүмүүс танилцуулдаг нь энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэгчдэд томоохон мэдээлэл болсон гэж үзэж байна. Мөн үүнээс дэлхийн, тэр дундаа хүнсний бүтээгдэхүүний орчин үеийн чиг хандлагыг харах боломжтойгоороо онцлог. Харин АНУ-ын хувьд Чикаго хотын томоохон их дэлгүүрүүд /mall/-ийн нэг болох “Westfield Old Orchard Mall”-д АНУ, Монголын хамтын ажиллагааны 30 жилийн ойн хүрээнд Монголын соёл урлаг, Монгол орноо сурталчилсан арга хэмжээг “Монголын өдрүүд” нэрэн доор амжилттай зохион байгуулсан.

АНУ-ын Чикаго хотод “Монголд Үйлдвэрлэв-Хойд Америкт” үзэсгэлэн худалдаа боллоо.

Posted by UMON TV on Monday, October 16, 2017

Энэ удаагийн арга хэмжээний хамгийн том үр дүн нь юу байв?

Бид ер нь нэлээн ганзага дүүрэн ирсэн шүү. АНУ-ын хувьд хамт явсан үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ хүсэлтээр Чикаго хотод Монголын бараа бүтээгдэхүүнийг танилцуулдаг байнгын үйл ажиллагаатай Showroom нээхээр болсон. Одоо тохижилтын ажлаа хийгээд явж байна. Энэ хүрээнд бид зөвхөн жилдээ нэг удаа үзэсгэлэн гэхгүй өдөр тутам монголоо сурталчлах боломжтой болж байгаа юм. Одоо ирэх 11 сард ийшээ явах сонирхолтой үйлдвэрлэл эрхлэгчид саналаа өгөөд эхэлсэн. Мөн Канад улсын хувьд бидэнд маш том боломж нээгдсэн. Канадын Торонто хотод зохион байгууллагдсан “Монголд үйлдвэрлэв-Хойд Америкд 2017” арга хэмжээний үеэр Торонто хотын Олон Улсын худалдааны яамны Олон улсын худалдааны газрын захирал Terrie Romano Монголын зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үр дүнд арьс шир боловсруулахад шаардлагатай түүхий эд техник технологийг нэвтрүүлэх байгууллагууд мөн ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч брэндүүдтэй холбож өгөх тал дээр цаашид дэмжин ажиллахаа илэрхийлсэн нь бидний хувьд маш том боломж олдсон сайхан үйл явдал байлаа.

Үүгээр зогсохгүй Канад улсын “Blakes” Хуулийн фирм тухайн улсын хууль эрх зүйн орчин татвар тарифын бодлогын талаар мэдээлэл өгөх болон бусад чиглэлээр тусалж дэмжин цаашид хамтарч ажиллах сонирхлоо илэрхийлсэн байгаа.

Энэ хүрээд бидний ярилцлага өндөрлөсөн юм. Тун завгүй байгаагаа учирласан тэрбээр яарсаар гарч одов.

Түүнийг гарахад намрын хүйтэн агаар нэвт салхилж, аадрын үүл дээр сааралтана. Бороо дусаж, замын түгжрэл, хүмүүсийн цуваа ихэсчээ. Д.Оюунбилэг яарсаар гарч, хүмүүсийн урсгал дунд ороод бараа тасрав. Хэлэх гэсэн санаагаа товч бөгөөд тодорхой хэлдэг, даруухан түүний талаар өтгөн хар кофе уунгаа эргэцүүлэв. Сэтгүүлч миний бие Монголын ложистикийн салбар, импортлогч орноос экспортлогч орон болох тухай олон хуралд суусан боловч Д.Оюунбилэг шиг ийм үр дүнтэй ажил хийсэн нь ховор байдгийг саналаа. Гэтэл энэ эмэгтэй ганцаараа шахуу энэ их ажлыг хийчихээд даруухаан гэгч нь явж байгаа нь бахархмаар аж. Дараагийн удаа илүү гоё ярилцлага хийнэ дээ хэмээн бодсоор түүний явсан зам руу харсаар түүнийг үдэв.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.