04 сарын 23, Мягмар
°C
USD 3,376.32
USD 3,376.32
EUR 3,598.82
JPY 21.83
GBP 4,176.00
RUB 36.23
CNY 466.11
KRW 2.45

Д.Тогтохсүрэн: Төлбөрийн чадваргүйгээс болж 300 айлын орон сууц эзэнгүй байна

Манай сурвалжлах баг Өвөрхангай аймгаас мэдээлж байна. Өвөрхангай аймгийн бүтээн байгуулалт, боловсрол, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцахын сацуу Засаг дарга Д.Тогтохсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өвөрхангай аймаг сүүлийн жилүүдэд агаарын бохирдлоороо нилээн дээгүүрт орох боллоо. Агаарын бохирдлын асуудалд ямар арга хэмжээ авч ажиллаж байна?

-Агаарын бохирдлын асуудал манай аймагт яахын аргагүй тулгамдсан асуудал. Бид гэр хорооллын утааг бууруулах зорилгоор бүрэн шаталттай 3500 зуух гаргасан. Манай Арвайхээрт утаа гаргадаг 7000 зуух бий. Үүний 50 хувьд бүрэн шаталттай зуухаар хангасан. Яг Арвайхээрийн төвд 20 орчим жижиг оврын зуух бий. Эдгээр зуух нилээн агаарын бохирдлыг үүсгэж байгаа. Бидний зүгээс арга хэмжээ авахын хувьд авч байгаа. Гэхдээ арга хэмжээ аваад овойж оцойтлоо сайжирч байгаа юм алга.

-Дулааны цахилгаан станц байхгүйгээс багагүй асуудлууд ундарч байгаа гэж харж байна?

-Дулааны цахилгаан станцын зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулаад гаргачихсан. Өнгөрсөн жил Эрчим хүчний яамнаас тендер зарлаад “Энерготех Сервис” гэдэг компани шалгарсан. Харамсалтай нь хөрөнгийн эх үүсвэргүйгээс ажлаа гүйцэтгэж чадаагүй. Ингээд дулааны станцын ажил талаар болчихсон сууж байна.

-Бүх аймгуудын хувьд өвөлжилтийн бэлтгэл ажилдаа шамдан оржээ. Танай аймгийн хувьд өвөлжилт хэдэн хувьтай байна?

-Засгийн газрын 292, 293 гэж хоёр тогтоол өнгөрсөн долдугаар сард гарсан. Үүнд, мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил хангах, нөгөө нь төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил хангах тогтоол байгаа. Өвлийн бэлтгэл хангахын тулд бид долдугаар сард аймгийн засаг даргын 01 тоот албан даалгавар гаргаад ажиллаж байна. Улмаар өнгөрсөн есдүгээр сарын 15-25-ний хооронд бүх сумандаа өвлийн бэлтгэл хангах ажлын грүппэд орж ажиллаад, дүгнэлт хийсэн байгаа.

Манай аймгийн нийт нутаг дэвсгэрийн 70 хувь нь зуншлага сайтай байсан бол 30 хувь нь зуншлага тааруу байсан гэж хэлж болно.

Гэхдээ их гантай газар байхгүй. Малчдын гаргаж байгаа хүсэлтээр аймгийн хэмжээнд 170 өрхийн 100 мянган мал гадагшаа гарч өвөлжинө гэж байгаа. Харин өөрийн аймагтаа буюу сумаас суманд 600 орчим өрхийн 250 мянган мал оторлоно.

-Мал аж ахуй өвөлжилтийн бэлтгэлд анхаарч байгаа гол хүчин зүйлүүд юу байна?

-Гурван зүйл дээр анхаарал тавьж байна. Нэгдүгээрт мал, мах борлуулах хүсэлт маш их байна. Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 700 мянган мал борлуулах шаардлага байна гэсэн тооцоо гарсан.
Хоёрдугаарт, гадагшаа гарч өвөлжих асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг дээр зохицуулалт хийж байна.
Гуравдугаарт, аймаг сумын өвсний аюулгүй нөөц бүрдүүлэх, малчдын өвсний бэлтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна.

-Төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл ажил хэдэн хувьтай явж байна?

-Төв суурингийн өвөлжилтийн хувьд 110 мянган тонн нүүрс олборлох боловсруулалтын ажлаа “Баян тээг” ХК хэрэгжүүлсэн байгаа. Нүүрсний хувьд асуудалгүй. Харин ирэх арваннэгдүгээр сарын 15 хүртэл сумдуудад нүүрс татан авалт хийх ажлыг зохион байгуулж эхлэх гэж байна.

Уурын зуухнууд дээр засвар үйлчилгээний ажлыг бүрэн хийсэн. Одоо хэдхэн уурын зууханд аваарын дизелийн асуудал яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл, тог тасарсан үед их үүсвэр болох цахилгааныг шийдэх хэрэгтэй байна. Үүнийг шийдвэл төв суурингийн бэлтгэл ажил үндсэндээ хангагдчихаж байгаа юм.

-Газар тариалангийн хураалт хэр байгаа вэ?

-Энэ жил аймгийн хэмжээнд 360 мянган га төмс хүнсний ногоо тарьсан. Тарьсан төмснийхөө 80 хувийг хурааж аваад байна.

Хүнсний ногоог 196 мянган га-д тарьсан. Төмс, хүнсний ногооны хувьд өнгөрсөн жилийнхээ хэмжээний ургацаа авчихна гэж төлөвлөж байгаа.

Улаанбуудай үр тариаг 3700 га-д тарьсан. Өнөөдрөөс эхлээд 9-ний хооронд хурааж дуусгана гэсэн зорилттой байгаа.

Энэ байдлаар нийт хураах ёстой үр тарианы дөнгөж 10 хувийг хураасан байна.

-2015 оны бүтээн байгуулалтын ажлын хувьд?

-Энэ онд 17.8 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байгаа. Үүнээс зургаан тэрбум төгрөг нь орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байна. Үлдэж байгаа 11.8 тэрбум нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа.

Орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа обьектууд 100 хувь энэ ондоо багтаж босно. Харин улсын төсвийн хөрөнгө оруулалттай барилгуудаас ирэх жил хүртэл ашиглалтанд орох хугацаа нь хойшлогдсон гурван барилга бий.

-Авто замын хөрөнгө оруулалтад хэрхэн анхаарч байна вэ?

-3.7 тэрбум төгрөгний өртөгтэй 4 орчим км автозам Арвайхээрт баригдаж байна. Автозамын хөрөнгө оруулалтад бид багагүй анхаарч ажилласан. Сумдуудад мөн бүтээн байгуулалт сайн хийгдэж байгаа. Ер нь бидний төлөвлөсөн ажил хугацаандаа хийгдээд явж байгаа.

-Бүтээн байгуулалтыг улсын болоод орон нутгийн төсвөөс л бүрдүүлдэг мэтээр ойлгогдож байна. Бусад аймгуудын жишгээр хувийн хэвшлийнхнийг татан оролцуулах боломж бий юу?

-Сүүлийн 4 жил манайд 1050 айлын орон сууц ашиглалтанд орсон байгаа. Энэ бол 100 хувийн хувийн хэвшлийнх. Худалдаа үйлчилгээний олон барилгууд ч хувийн хэвшлийнх.

Бид бол инженерийн шугам сүлжээ, газраар хангах асуудал дээр анхаарч, дэмжлэг үзүүлдэг.
2015 оны хувьд хувийн хэвшлийнхэнд хүндхэн байна. Орон сууц, бараа бүтээгдэхүүний борлуулалт эрс буурсан. Иргэдийн худалдан авах чадвар муудчихсан. Шинээр орон сууц барих бизнесмен гарч ирж чадсангүй. Учир нь газар, инженерийн шугам сүлжээ нь шийдэгдсэн ч борлуулалт бага байна. Одоо манай аймагт ашиглалтанд орчихсон 1050 айлын орон сууц байна. Гэтэл төлбөрийн чадваргүйгээс болж 300 айлынх нь орон сууц эзэнгүй байгаа.

-Орон сууцнуудын метр кв-ийн үнэ 1100-1200 байдаг-

12107896 853335218083189 691189338465891363 n

-Малчдад зориулсан, амжиргааг нь дээшлүүлэх ямар ажлууд зохион байгуулж байна?

-Мал мах, түүхий эдийн үнэ өндөр байгаа үед малчдын орлого нэмэгддэг. Энэ жилийн байдлыг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад махны үнэ 3000 орчим төгрөгөөр буурчихсан. Тухайлбал, өнгөрсөн жил 150 мянган төгрөгөөр зарагддаг байсан эм хонь өнөөдөр 70-80 мянган төгрөг л байна.

Мөн арьс шир, нэхий ноосны үнэ өнгөрсөн жилийнхээс 50 орчим хувийн буулттай байна. Ингэснээр малчдын орлого энэ оны хувьд эрс бууралттай болчихсон.

Малчдыг усан хангамжаар хангах дээр аймгийн хэмжээнд анхаарал тавьж байна. Улмаар мал маллах арга ухааны асуудлаар сургалт зохион байгуулдаг. Нөгөөтэйгүүр малын үүлдэр угсаа чанарыг сайжруулахад анхаарал тавьж байна.

Нэмж хэлэхэд, Францаас ирсэн саалийн ямаа Арвайхээр хотын сүүний хангамжийг сайжруулахад гол нөлөө үзүүлж байгаа.

-Шилжилт хөдөлгөөн ажилгүйдлийн түвшин хэр байна?

-Улаанбаатараас 500 орчим иргэн шилжиж ирсэн байдаг. Энэ нь орон сууцны хангамж, дэд бүтэцтэй холбоотой байх. Харин ажилгүйдлийн түвшин энэ онд их хүнд байгаа. Өнгөрсөн жилийн есөн сарын байдлаар бид 1500 хүнийг ажилтай болгосон байдаг. Харин өнөөдрийн байдлаар 689 хүнийг ажилд оруулсан байна. Гэхдээ хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо бага байдаг.

Манайх 112 мянган хүнтэйгээс 66 мянга нь хөдөлмөрийн насных. Тиймээс ажилгүйдэл бол бий.

Энэ онд хямрал бий болсонтой холбоотой хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд орон тоогоо цомхотгож байна. Цалин хөлсөө олгож чадахгүй байдалтай ч байна. Энэ бүхнээс хамгийн санаа зовоож байгаа зүйл бол хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлт. Өөрөөр хэлбэл, дээд боловсролтой ажилгүй хүний тоо өнөөдөр 2000 гарсан. Эзэмшсэн мэргэжил боловсрол нь зах зээлийн эрэлтэд нийцэхгүй ийм хүмүүс их бий. Дээд боловсролгүй, тусгай боловсролтой хүмүүст бол ажил олдоно.

-Танай аймгийн хөгжлийн гарц яг юу гэж харж байна вэ?

-Манайх таван зүйлд түшиглэдэг. Нэгдүгээрт, хөдөө аж ахуйн салбар, хоёрдугаарт аялал жуулчлал, гуравдугаарт, уул уурхай, дөрөвдахь нь барилгын үйлдвэрлэл, сүүлийнх нь агуулахын болон тээврийн нөхцөл бололцоо бий. Энэ таван чиглэлээр цаашдаа Өвөрхангай аймаг хөгжих гарц байна гэж харж байна.

-Танай аймгийн хувьд бичил уурхайчин ихтэй гэж хэлж болно. Тэднийг дэмжиж ажилладаг гэж ойлгож болох уу?

-Манайд хууль бусаар алт олборлож байгаа гурван газар байна. Нарийн тээл сум, Хайрхандулаан, Бат-Өлзий, Уянга суманд нинжа бий. Нинжаг бол бид хөөж туудаг. Гэхдээ энэ жилийн хувьд хөөж тууж чадахгүй байна.

Тэд хүнд үед өөрийнхөө амьдралыг болгочихдог улс. Гэхдээ бид хөөхөөс өөр аргагүй байдаг ч амьдралыг нь бодоод хүчтэй хааж чаддаггүй. Яг нарийндаа ажилгүй болчихсон хүмүүс тэнд ажилладаг. Зохион байгуулалтанд оруулчихаар бүр хэцүү. Өөрөөр хэлбэл, нөхөрлөл, бичил болгоод эхлэхээр давраад байх талтай. Хамгийн гол нь эдний ухаж хаясан газрыг аймгийн хөрөнгөөр сэргээх шаардлагатай болж, сэргээдэг. Ийм хор нөлөөтэй.

12074536 853335421416502 794292530016737469 n

П.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.