05 сарын 06, Даваа
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Н.Ганхуяг: Монгол Улсдаа анхны хувийн галерейг байгуулж байлаа

АНУ-ын Вашингтон ДиСи хотноо МҮОНРТ-ийн үзэгч, сонсогчдын уулзалт энэ сарын 12-18-ны өдрүүдэд үргэлжлэн явагдлаа. Үзэгч, сонсогчдын уулзалтын үеэр ширвээ сахалтай ахимаг насны нэгэн эрхэм нүдэнд тусаж, цөөн хором яриа дэлгэснээр тэднийд зочлож, амьдрал, уран бүтээлийнх нь талаар хуучлах завшаан олдсон юм.

Үндэснийхээ урлагийн өв соёлын гайхамшгийг дэлхийн дайдад сурталчлах эрхэм үйлсийг нэгэн насныхаа амьдралын чиг баримжаа болгон яваа СТА Н.Ганхуяг хэмээх эрхмийн яриаг хүргэж байна.

Анхнаасаа миний зорилго тодорхой байсан

- Гадагшаа гарч Монголын урлагийг сурталчлах санаа хэдийд төрөв?

- Монгол Улсдаа ажиллаж, амьдарч байхдаа үндэснийхээ урлагийг дэлхийд таниулах залуу хүний хүсэл мөрөөдлөөр жигүүр хийдэг байлаа. Тэр хүсэлдээ хөтлөгдөн “Би-Бид” нэртэй хувийн студи байгуулан, уламжлалт урлагаа хөгжүүлэх үйлсэд зүтгэж эхэлсэн.

1985 онд 130 гаруй орны энх тайвны төлөөх уран бүтээлч нарын оролцсон уралдаанд түрүүлж, Москва хотноо Дэлхийн залуучууд, оюутны 12 дугаар их наадмыг очиж үзэх завшаан олдсон юм. Тэр үеэр Москвагийн радиогийн Монгол хэлний редакцийн дарга “Ганаа, чиний дэлхийд гарах үүдийг тань Москвагийн радио ийнхүү нээлээ” гэж хэлсэн нь миний сэтгэлд их тод бууж сайхан санагдаж байлаа.

Ингээд 1992-1994 онд Ленинград хотноо Гүнзе-Чойнон гээд наймдугаар Богд хааны зарлигаар бүтсэн дацангийн таван метр өндөр бурхан багшийн шүтээнийг бүтээж байлаа.

1997 оноос баруун Европийн орнууд болох Франц, Герман зэрэг 20 гаруй улсад зочлон, уран бүтээлийн тоглолт болон үзэсгэлэнгээ дэлгэх ажлуудыг эхлүүлсэн. Улмаар залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор 1998 онд “Хан богд” чуулгыг үүсгэн байгуулж, түүнээс хойш тасралтгүй энэ төрлийн үйл ажиллагааг зуны улиралд тогтмол зохион байгуулсаар ирлээ. Өвлийн улиралд нь бэлтгэлээ базааж, хажуугаар нь цамын урлалаа хийх маягаар ажлаа явуулна. Зарим үед театруудад захиалгаар цамын өмсгөлүүд бэлтгэх үе ч гарна. Өөрсдийгөө санхүүжүүлэх аргыг их л янзаар хийж байсан даа.

HHDLamtai
- Тэгэхээр энэ шугамаараа анх АНУ-д ирсэн байх нь ээ?

-Тийм ээ. Миний хувьд гадаадад уран бүтээлээ сурталчлах, бүтээл туурвих зэрэг оролдлогууд дээр ярьсанчлан нэлээд амжилттай байсан болохоор цаашид энэ чиглэлээр ажиллах урам зоригтой болсон. Монголын урлагийг дэлхий дахинд сурталчлах сэтгэл, зүтгэлийн хүчээр нэг томхон алхвал АНУ-д гишгэж болмоор санагддаг болсон үедээ буюу 2002 онд гэр бүлийн хамтаар энэ оронд ирж суурьшсан даа.

- АНУ-д анх хоёр бага хүүхдийн хамт ирж байсан хэрэг үү?

- Тийм ээ. Манай хүн мэргэжлээрээ сурч боловсрох, би Хойд америкийн нутгуудаар Монголын урлагийг сурталчлах зорилготой анх ирж байлаа. Манайх таван хүүхэдтэй. Бид энд хоёр багатайгаа ирсэн. Хүүхдүүд маань ч жаахан байж дээ. Бага охин маань 1.6 настай, ах нь долоон настай байсан санагдана. Жуулчны визтэй ирсэн болохоор, Монголдоо ирэн очин, үзэсгэлэнгүүдээ зохион байгуулах ажлаа өөрийн чадлаар үргэлжлүүлдэг байв. Мэдээж шууд ирэнгүүтээ энд үзэсгэлэн зохион байгуулах боломжгүй тул нэлээд олон хүнтэй уулзаж, томоохон галерейн захирлууд, урлагийн менежмент хийдэг хүмүүстэй уулзаж байж, ажил бүтнэ. Тийн зургаа зурж, үзэсгэлэнгээ дэлгэж явахад ерөөл билгээр бас сайхан хүмүүстэй их таарна аа. Тэдний тусламж, дэмжлэг өдий хүртэл их л хэрэг болсоор байна.

- Тухайлбал?

- Энд ирснийхээ дараа би үзэсгэлэнгийн хажуугаар зураг зурж зардаг байлаа. 2003 онд би нэг удаа Хөвсгөл аймгийн цаатан үндэстэнг бодож байгаад цаа унан давхиж буй охиныг хөх тэнгэр, мөнх цастай хоршуулан зурсан юм. Маргааш нь үзэсгэлэн худалдаан дээр өнөөх зургаа зарахаар тавилаа. Гэтэл нэг хүн хүрч ирэнгүүтээ, дуу алдаад л өнөөх зургийг авсан юм. Төрсөн нутаг Финляндынхаа хөх тэнгэр, цаа бугыг дурсан ярьж байлаа. Зургаа аваад явахдаа надад өөрийн нэрийн хуудсаа өгөөд, “Завтай болохоороо манайд очоорой” гэлээ. Нэгэнт хүнээс урилга авсан хүн тань өөрийн үндэсний хувцсаа өмсөн, хаягийн дагуу тэднийд зочилсон юм. “The art and Drama theraphy institute” буюу монголчилбол “Урлаг жүжгээр хүнийг эмчилдэг институти” байгуулсан хүн билээ л дээ. Тэр инситути нь дааврын синдром буюу сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүсийг урлагаар дамжуулан эмчлэх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тайзны маск маш их хэрэг болдог юм байна. Миний хийсэн бүтээснийг хараад, тэр уг байгууллагатай намайг зураач, дизайнераар ажиллахыг урьсан юм.

Надад тэр институтийн үйл ажиллагааных нь чиглэл маш их таалагдсан учраас шууд л зөвшөөрсөн. Тэднийх мэргэжлийн хөгжмийн зохиолчоос өгсүүлээд бүхий л холбогдох мэргэжилтнүүдтэй бөгөөд аливааг сурч мэдэхдээ маш удаан сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүстэй үнэхээр уйгагүй ажиллана. Тэднийг ямагт хүндлэж, хүн ёсоор хайрлаж, бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийнэ. Амьдралын сайн сайхан дүрийг илэрхийлсэн маск өмсүүлээд тайзан дээр тоглож байгаа мэдрэлийн өвчтэй хүмүүс танигдашгүй. Эв эрүүл юм шиг мэдрэмж төрүүлнэ. Бүр тийм хэмжээнд очтол нь тэдэнтэй тулж ажилладаг гээд бод доо.

- Манайхаас их л өөр төрийн бодлого харагдаж байна аа даа?

- Монголд тахир дутуу, сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүсийн амьдрах орчин хэтэрхий хязгаарлагдмал байхад энд эсрэгээрээ. АНУ-ын томоохон театрууд тэдгээр сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүсийг тоглолтоо хийхэд бүхий л талаар дэмжиж, өөрийн тайзаа чөлөөлж өгдөг юм билээ. Би уг байгууллагад гурван жил ажилласан. Нэг тийм хүнлэг ёс нь бурхны шашны нигүүлсэнгүй үзэлтэй нэгддэг учраас ажиллахад таатай байсан.

Өнөөдрийг хүртэл би уг байгууллагад гэрээт зөвлөхөөр ажиллаж, шинэ бүтээлүүдэд шаардагдах маск, баг, өмсгөл сэлтийг нь бэлтгэж өгсөөр байна. Ажиллаж байх хугацаандаа ногоон карттай болсноор, энд суурьшин амьдрах боломж бүрэн нээгдсэн. Нөгөө талаас надтай хамтран ажиллах нь илүү амар, үр ашгийн хувьд ч тэр хэмнэлттэй байдаг хэмээн захирал нь хошигнодог нь нэг их хуудуугүй хэрэг л дээ.

Family photo

- Монгол хүний зан төлөвтэй холбоотойгоор уу?

- Тийм ээ. Монгол хүмүүс тань өөрөө их универсаль. Хаана ч дасан зохицоод, ямар ч ажлыг хийж чаддаг онцлогтой улс. Яг энэ цусан дахь чадвараараа тухайбал, би маскны загварыг өөрөө гаргана. Өөрөө материалаа сонгоод л оёчихно, шаардлагатай бол бусад чимхлүүр ажлуудыг ч хийнэ. Мөн нэмж хэлэхэд ээж минь их уран гартай хүн байсан. Багаасаа ээжийг дагаж, юм оёж сурах оролдлогууд хийдэг байсан нь амьдралын туршид ач тусаа өгч яваа.

- Уран бүтээлч хүний хувьд АНУ-д ажиллаж амьдрахын давуу тал нь юу юм бэ?

- АНУ өөрөө дэлхийн нийтийн уран бүтээлчдийг татаж байдаг. Энэ улсад уран бүтээлээрээ гараад ирж чадах юм бол дэлхийн хэмжээнд танигдах, хүлээн зөвшөөрөгдөх үндсүүд нь тавигддаг. Тэр утгаараа тус улсын томоохон хотуудын Nationol geography, Smitsonion, Rubin art, Brussell, Binche mask, Сан-Франфиско хотын Азийн урлагийн музейгээр уран зургийн болон маск, цамын, үндэсний урлагийн чиглэлийн үзэсгэлэнгүүдээ дэлгэхэд тийм ч амар байгаагүй хэдий ч яваандаа тэдэнд хүлээн зөвшөөрөгдөж эхэлдэг юм билээ. Нэг ажлыг шантарч няцалгүйгээр бага багаар ахиулж, тууштай үргэжлүүлээд байвал энд аяндаа үнэлэмж өсдөг.

- Монголын уран бүтээлчдийг дэмждэг хувь хүмүүс болоод албан байгууллагууд энд нэлээдгүй байдаг бололтой?

- Ер нь бол Монголын урлагийг сурталчлах ажил нь өөрөө нэг хүний хөдөлмөр, хичээл зүтгэлээр бүтчихдэг эд биш л дээ. Тийм ч учраас энд байгаа уран бүтээлчид АНУ-д суугаа Монгол Улсын элчин сайдын яам, Монголчуудын холбоо зэрэг байгууллагуудтай хамтрах, өөр хоорондоо нэгдэх, нийлэх хэлбэрээр урлагийн үйл ажиллагаануудыг зохион байгуулах нь бий. Түүнээс гадна томоохон музейнуудын үзэсгэлэнгийн урьдчилсан хөтөлбөрүүдэд зохицуулан саналаа илгээснээр дэмжлэг авах тохиолдол цөөнгүй. Энэ тохиолдолд музейнууд бүх асуудлаа хариуцаад, бидний үзэсгэлэнг дэлгэж өгөх үүрэг хүлээж ажилладгаараа онцлогтой.
Chinggis Khaan uzesgelengiin reclam

- Та АНУ-д ирсээр элдэв хар бор ажил хийгээгүй байх нь ээ?

- Анхнаасаа миний зорилго тодорхой байсан. Дээр ярьсанчлан гурван жилийн турш дааврын синдромтой иргэдэд урлагийн эмчилгээний үйлчилгээ үзүүлдэг институтийн зураач, дизайнераар ажилласныг эс тооцвол ажил хийгээгүй. Хар бор ажилд нухлагдах шаардлага ч үүсээгүй. Хэт их мөнгөнд шунаж тэмүүлдэггүйн ачаар урлаг намайг тэжээгээд л байдаг юм. Бурхнаас зурсан төөргөөрөө би урлагаас холдчихгүй, нүүр буруулчихгүй явж байвал бүх амьдрал болдог юм аа. Аяндаа олон орноор тэнээд, юм хум үзэж хараад байхаар чихний бөглөрөө арилж, байгаль эх дэлхийг хайрлах, хүн хүнээ хайрлах үзэл улам гүн бат шингэдэг юм билээ.

- Одоогоор ямар уран бүтээлийн ажил туурвиж байна?

- Миний уран бүтээл шашин урлагийн хосолсон байдлаар хөгжсөөр ирсэн. Энэ ч утгаараа муухан ламаас илүүтэйгээр шашны мэдлэг, нигүүлсэхүйн ухаануудын суурь ойлголттой болжээ. Үүнийхээ ачаар Дээрхийн гэгээнтэн далай лам, шашны томоохон зүтгэлтнүүдтэй сүүлийн хэдэн жилийн турш уулзалт цуглаануудын үеэр хэлмэрчлэх, зохион байгуулалтад оролцох, адис авах гэх мэтээр харилцаа үүсгэж явна.

Би өөрөө Баянхонгор аймгийн Баацагаан сумын Далан түрүүний нутагт төрж өссөн. Монголдоо очих бүртээ төрсөн нутгаараа очно. Бурханы шашинтай холбогдож яваагийнх нутагтаа ах дүү, хамаатан садны хүрээнд нэг сайхан хүндэтгэлийн суварга босгох санаа хэдэн жилийн өмнөөс төрсөн юм.

Тэгээд суварганы талаар судлахаар хэд хэдэн орноор тэнэлээ. Нутагтаа очихдоо суварга босгох газраа сонгож, байгаль эхээсээ зөвшөөрөл авч, идээ цагаагаа өргөсөн. Тийн судлаж явсаар томоохон төслийн хэмжээнд хийх ёстой юм байна гэсэн санаа төрөн, Далай ламтай зөвшсөнөөр Монгол Улсынхаа баруун бүс рүү аялал жуулчлал, шашны цагаан мөрийг улбаалан түгээх зорилго бүхий зураг төслийг боловсруулж байна. Энэ төсөл дээр жил гаруй хугацаанд ажиллаж байгаа. Ирэх зургаадугаар сард Далай багштай золгонгоо, түүний хүслээр боловсруулан зураг төслөө танилцуулах юм. Цаашид уг төсөл ажил хэрэг болно өрнөнө гэж найдаж байна. Гэхдээ одоо ярих цаг нь хараахан болоогүй байна.

Ардын банкнаас таван мянган долларын зээл хүсээд бүтээгүй

- Н.Ганхуяг гэдэг хүнийг цамын урлагаас салангид ойлгох боломжгүй мэт санагдлаа. Тэгэхээр цамын урлагийн үндсэн ойлголтын талаар яриагаа үргэлжлүүлэх үү?

- Цамын урлаг бурханы шашин дэлгэрэлттэй холбоотойгоор 4-5 зуунаас эхлэн үүсэн хөгжсөн гэдэг. Домог яриагаар бол Ландрам хэмээх нэгэн хаан Буддын шашинг ихээр эсэргүүцэж, хүн ардаа байнга хэлмэгдүүлэн, зовоодог байжээ. Хүн ард нь нэгэн гэгээрсэн хүнд хандан зовлонгоос салгаж өгөхийг гуйв гэнэ. Гэгээнтэн өөрийнхөө морийг хараар будан, өргөн ханцуй бүхий содон хувцас хийж өмсөөд, ханцуйн дотроо нум, сумаа харвахад бэлтгэн ордных нь үүдэнд очжээ. Очингуутаа цамын үндсэн хөдөлгөөн болох зэсмэ маягаар бүжиж эхэлснээр Ландрам хаан ихэд сонирхон дөхөж очтол, түүнийг харван алсан гэдэг.

Өөрөөр хэлбэл, шашныг хамгаалахын тухайд анхлан дэлгэрч байсан гэдэг утгаараа сүм хийдүүдийн дэргэд хөгжсөөр ирсэн юм билээ.

- Манай улсад хэдийгээр цамын урлаг дэлгэрч байсан юм бол?

- Нэлээд дээхэн үеэс дэлгэрсэн гэдэг. Гэхдээ бидэнд мэдэгдэж байгаагаар бол арван зургаадугаар зууны үед анхдугаар Богд өндөр гэгээн Занабазар Монгол бурхны шашинг дэлгэрүүлэн, сүм хийдийг олноор үүсгэн байгуулснаас хойшхи он жилүүдэд хөгжиж эхэлсэн. Арван есдүгээр зууны үед Монгол Улсад нийт 700 гаруй сүм хийд байснаас 500 орчим нь өөрийн гэсэн дэг жаягтай цамын өмсгөл, бүжигтэй байсан гэдэг. Түүнээс хойш цамын урлаг Монгол орноор түгэн дэлгэрч, Төвдөөс цамын дэглэлийг тусгайлан залж байсан түүхүүд олноороо байдаг. Тэр дундаас хааны ивээл дор хөгжиж ирсэн “Хүрээ цам” нь эдүгээ дэлхий нийтийн сонирхлыг татсаар байгаа юм. Цамын урлагийн түүхэн оргил хөгжил нь арван есдүгээр зуундаа хамаардаг. Одоо Чойжид ламын музейд хадгалагдаж байгаа “Шүрэн Жамсран” нь дэлхийн хосгүй үнэт бүтээлийн тоонд орж, өндөр гэгээн Занабазарын бүтээлүүдийн үнэлэмжтэй зэрэгцэн оршдог.

- Цамын бүжгийн ерөнхий утга агуулгын тухайд?

- Цамын урлаг нь ухааны ур, нүдний ур, гарын ураар дамжин амилдаг нарийн ажиллагаа шаарддаг. Дээрээс нь жинхэнэ байгалийн гаралтай шүүр, сувд, оюу, алт мөнгөөр дамжин, нууц тарнийн шидээр цамыг амилуулдаг ёсон хүртэл байна. Цамын бүжгийг үзүүлж байгаа гол шалтгаан нь тэнгэрийн бурхдыг газарт залан, хүмүүст харах боломжийг олгож байна гэсэн утгатай. Ингэснээр амьдралын гай барцад, зовлон шаналал үргэн зайлна хэмээн үзсээр ирсэн түүхтэй.

- Таны хувьд нэгэн үес тасраад байсан цамын урлагийг Монгол Улсад идээшүүлэн дасгах ажлыг хэрхэн эхлүүлж байсан бэ?

- Цамын урлаг нь өөрөө бурхны шашинтай холбоотой хөгжиж ирсэн болохоор социализмын үед нэгэн хэсэг зогсолтод ороод байлаа. Бүр анх 1811 онд Монгол Улсад цамын бүжиг тавигдаж байсан юм билээ.Тэр цагаас эхлэн тасралтгүй үргэлжилсээр 1937 онд цамын бүжиг харайснаас хойш далан жилий турш тасрахад хүрээд байсан.

Монгол Улсад ардчилсан хувьсгал гарснаар бурхны шашин сэргэх боломж олдож,1988-1990 онд анх “Түмэн эх чуулга”, “Жуулчин” компани байгуулагдах үеэр цамын бүжиг хосолсон тоглолтуудыг зохион байгуулах хэлбэрээр уламжлалыг сэргээн, идээшүүлэн дасгах оролдлогуудыг хийж байсан. Тэгж яваад л “Хүрээ цам-108” төслийнхөө ажил руу орсон доо.

ajliin yavts

- Танд “Хүрээ цам-108”-ыг урлах санаа анх хэрхэн төрөв?

- 1988 онд “Хүрээ цам” баримтат киноны зураг авалтын үеэр Монгол Улсын хамгийн сүүлчийн цам харайх ёслолд бүжиж байсан Сэрээтэр, Данзан, миний багш Дашцэвэг болон бусад хүмүүс төв ганданд ажиллах байхтай таарсан юм.

Зураг авалтад энэ тэндэхийн хүрээ хийдүүдээс авч ирсэн жинхэнэ оригналь цамын хувцсууд орлоо. Ахмад цам бүжигчдийн ярианаас “Энэ сайхан ховор юм устаж үгүй болох вий дээ” гэсэн эмзэглэл төрж байлаа. Тэр эмзэглэлдээ хөтлөгдөөд дахин 108 цамыг сэргээн урлахаар шийдэж байлаа.

- “Хүрээ цам-108” төслийн санхүүжилтийг тухайн үед шийдэх хэцүү байсан уу?

- Тухайн үед мөнгө санхүүгийн байдал нэлээдгүй хүнд байсныг хэн хүнгүй мэднэ. “Хүрээ цам” баримтат киноны зураг авалтын үеэр төрсөн миний санаа нэг хэсэгтээ л ажил хэрэг болж өрнөөгүй. Тэгж явсаар 1995-1996 онд эхлээд 108 цамын жижиг хэлбэр буюу хүүхэлдэйн дүрсүүдийг урлалаа. Нэг жижиг ширээн дээр л багтаж байна. Тэднийгээ хараад мэдээж, уран бүтээлч хүний хувиар өмсдөг том хувилбаруудыг нь хийж, цамын бүжиг харайлгах хүсэл төрнө өө дөө.

Ингээд жижиг төслүүдийг санхүүжүүлж байгаа сургаар тэр үеийн Ардын банкин дээр очлоо. Төслөө танилцуулаад, бидэнд таван мянган долларын санхүүжилт хэрэгтэй гэдгээ учирлав. Тийм л мөрөөдөлтэй байж. Банкны хүмүүс манай урлан дээр ирээд “Өө их сайхан юм байна. Бид эргээд хариу мэдэгдэнэ” гэж хэлээд явлаа. Гурван сарын дараа “Таны санаа их сайхан хэдий ч эргэн төлөгдөх боломж нь муу тул санхүүжүүлэх боломжгүй” гэсэн хариулт өгдөг юм байна.

- Тэгээд?

- Нэгэнт банк дэмжлэг үзүүлээгүй болохоор “За одоо яахав дээ” гээд л өнгөрлөө. Тухайн үед надад өөрөө санхүүжүүлэх боломж байгаагүй болохоор өөр яалтай билээ. Тэгсэн нэг өдөр манай найз жуулчин дагуулчихсан урлан дээр ирлээ. Миний цамын хүүхэлдэйнүүдийг үзэхээр ирсэн гэнэ. Жуулчин эр хүүхэлдэйнүүдийг үзээд “Чи энэ бүтээлүүдээ надад зарах уу” гэдэг юм байна. Би өмсдөг хувилбаруудыг хийхийн тулд өнөөх банкнаас хүсэж байсан таван мянган ам.доллараар авбал ав гэсэн хариу өгснөөр, шууд авлаа. Тэр хүнийг Дэвид Томос Канада гэдэг бөгөөд АНУ-ын томоохон баян хүн байсан юм билээ.

- Америк иргэний сонирхлыг бурхны шашны цамын хүүхэлдэй татсан гэхээр...?

- Би асуулаа. “Та цамын энэ олон жижиг хүүхэлдэйгээр яах гэж байгаа юм” гэж. Тухайн үед Дэвид Томос Канада манай улсад ирэн, аялал жуулчлалын чиглэлийн компани байгуулж байсан юм билээ. “Би АНУ-ын Блүүмэнгтонд нэг том эдлэнтэй. Тэр эдлэнгээ Далай ламд бэлэглэснээр, тэнд Төвдийн маш олон лам нар ирж шашны үйл ажиллагаа явуулдаг юм. Тэдэнд бэлэглэнэ” хэмээж байсан.

- Анхны санхүүжилт азтай байдлаар бүтэж байж дээ?

- Тийм шүү. Тухайн үед би зээл хэрхэн бүтдэг талаар ямар ч мэдлэггүй байсан. Уг нь дээгүүр, доогуур холбогдох хүмүүсийн гар цайлгавал бүтчих л эд байсан юм шиг сүүлд нь санагдсан. За тэгээд, бүтээгүй нь бараг өлзийтэй биз дээ гэх аяны юм бодоод, америк эрийн өгсөн мөнгөөр “Хүрээ цам-108” төслийнхөө анхны санхүүжилтийг хийж байлаа. Бас тэр үед ерэн саяын Гансүх гэхчилэн найдваргүй зээлдэгчийн түүх домог шиг яригддаг байв. Ер нь тэгээд ямар ч үйлийг өөрийн чадлаараа хийнэ гэдэг өөрөө их сайхан зүйл.

- “Хүрээ цам-108” төсөл арван жилийн турш үргэлжилсэн нь учиртай л юм байна?

- Санхүүжилтийнхээ эхлэлийг тэгж тавингуутаа, “Хан Богд” чуулгынхаа хүрээнд зуны тур тоглолтуудаа Европийн орнуудаар хийн, олсон багахан ашгаараа өвөлдөө цамын урлалаа үргэлжлүүлсээр нийтдээ арван жилийн хугацаанд 108 цамаа урлан гүйцээсэн. Өөрийн хүчээр аажим, аажмаар урагшилж, хийдэг бусад ажлуудаа мөн үргэжлүүлж байлаа. Мэдээж гэр бүл, хамаатан садан, шавь дүү нар гэхчилэн маш олон хүний хөдөлмөрийн үр шимээр бүтсэн. “Хүрээ цам-108” төслийн нээлт “Олон улсын урлаг баяр-2007” нэрийн дор тэр үеийн Д.Сүхбаатар талбайд зохион байгуулагдаж, цамын бүжиг бүжиж байлаа.

- Хүрээ цамын гайхамшгийг Олон улсын түвшинд хэрхэн хүлээн авдаг бэ?

- Монголчуудыг хаана ч очсон сайхан хүндлэл хүлээж байдаг. Аливаа ажил үйлс нь хурдан бүтнэ, гадны сайхан сэтгэлтэй хүмүүс туслана. Миний хувьд ихэнхдээ цамын өмсгөлтөй явж байдаг болохоор хүмүүс эхэндээ жаахан айж, эмээсэн байдлаар хандах нь бий. Хамгийн гол нь цамын утга учраа хаана ч явсан хүмүүст зөв тайлбарласнаар ямагт эерэг хандлага төрүүлдэг.

- 108 цам багагүй аялал хийсэн үү?

- “Хүрээ цам-108”-ыг урлахдаа анхнаасаа дэлхий дахинд сурталчлах, танин мэдүүлэх, даган баясуулах зорилгоор урласан. 2007 онд дээр хэлсэнчлэн уг төслийнхөө нээлтийг нэлээд өргөн хэмжээнд Монгол Улсдаа зохион байгуулсан. Тэр ондоо багтаж, Маноко, Франц зэрэг улсуудад томоохон хэмжээний урлагийн тоглолтуудын хүрээнд цамын бүжгээ бүжсэний дөрөө АНУ-ын Блүүмэнгтон хотын Далай багшид өнөөх америк эрийн бэлэглэсэн эдлэн газар дахь Төвдийн шашны төвийг “Монгол-төвдийн шашны соёлын төв” болгон өөрчилж, миний танилцуулсны дагуу 108 цамыг тэнд урьсан юм. Тэнд 5-10 мянган хүнд зориулан цамын бүжгээ тавьснаар “Энэ бол дэлхий дахины соёлын түүхэнд монголчуудын оруулж буй томоохон хувь нэмэр” хэмээн үнэлж, бидэнд их урам зориг хайрлаж байлаа. Би өөрөө очир өвгөн болон бүжиглэж байхад Далай багш надаас адис хүртэж байсан нь санаанаас ер гардаггүй. Энэ бол цамын урлаг асар их сүсэг бишрэл, хүндлэл, ариун цагаан сэтгэлийг дагуулдгийн нэгэн жишээ юм. Түүнээс хойш нэлээдгүй олон улс, хотуудаар аялан бүжиглэсэн.

- Одоогоор таны урласан 108 цам энд байдаг гэсэн үг үү?

- Тийм ээ.Энд байдаг.Нэг континор ачаа болдог. Цаасан шуумал учраас гэмтэл их авна. Чийг авна. Дахин сэргээн завсарлана. Их л юм болно. Манай нэг америк найз томоохон үзмэрүүд зохион байгуулдаг танхимтай. Тэнд ихэнхийг нь хадгалуулдаг.Орчин, температурын хамааралтай хадгалагдах шаардлагатай хэсгүүдийг мөн энэ найзынхаа гэрт хураасан байгаа. Яг зориулалт бүхий заал, танхим хөлслөх гэхээр энд сар тутам их хэмжээний доллар төлөх шаардлага үүснэ. Тэр бэлэн доллар нь надад байхгүйн улмаас энэ мэтээр зохицуулах шаардлага үүсдэг юм.

Америкчууд хятадууд биш л байхгүй юу

- Та нэгэн үес “Чингис хаан” явуулын үзэсгэлэнг зохион байгуулж байсан?

- 2009 оноос эхлэн “Чингис хаан” явуулын үзэсгэлэнг Монголын урлагийн сайхныг бишрэн шүтдэг нэг америк иргэнтэй хамтран Денивер, Техас, Норт-Корлона зэрэг тус улсын зургаан томоохон музейд дэлгэсний зэрэгцээ Сингапур болон Монгол Улсдаа зохион байгуулж эхэлсэн. Энэ үзэсгэлэн нь тусгай төслийн шугамаар 2013 он хүртэл үргэлжлэн гарсан ч харамсалтай нь одоогоор зогсчихоод байгаа.

- Үзэсгэлэнгийн бүрдүүлэлтийг яаж бий болгож байсан бэ?

- Монгол Улсынхаа зургаан музейгаас Чингис хааны холбогдолтой нэлээд үзмэр авч ирснээс гадна Эрмитаж, энд амьдардаг хувийн цуглуулгатай хүмүүсийн дэмжлэгийг аван, нийтдээ 200 гаруй үзмэртэйгээр дэлгэгддэг байсан. Хэмжээ нь 1500 орчим метр скор талбай эзэлж байсан хэдий ч томоохон музейнуудад дэлгэгдэж чадсан. Учир нь музейнуудын явуулын үзэсгэлэнгийн талбай бага хэмжээтэй байдаг. Би уг үзэсгэлэнгийн санхүүгийн асуудлыг хариуцаагүй. Монгол Улсын талыг төлөөлж, үзмэрийг дэглэж ажилладаг байлаа. Гэхдээ Монгол Улсад хөөрхөн орлого төвлөрүүлдэг байсныг бол мэднэ.

- Хөөрхөн орлого гэхээр?

- Нэг их том тоо биш л дээ. Бид уг үзэсгэлэнг гаргахаар Монгол Улсынхаа музейнуудаар ороход тэр сайхан ховор түүхийн дурсгалууд хадгалалт, хамгаалалтын хувьд асар их асуудалтай нь харагдаж байсан. Тэдгээр үзмэрүүд эдийн засгийн эргэлтэд орсон юмгүй, тэнд тоосонд дарагдаад хэвтэж байхаар сард 20 мянга, жилд 240 мянган ам.доллар Монгол Улс руугаа явуулаад, дээрээс нь Их эзэн Чингис хааны нэрийг дуурсгаж явбал Монгол Улсад нь хэрэгтэй биз дээ. Ядаж музейнүүдээ сэргээн завсарлахад зарцуулвал аштай юу.

- Тэгэхээр уг үзэсгэлэн одоо дэлгэгдэхээ больж, үзмэрүүд нутаг буцсан гэсэн үг үү?

- Тийм ээ. Анх уг үзэсгэлэнг гаргах зөвшөөрлийг БСШУЯ-наас бид авч байсан юм. Би Монгол Улсдаа амьдардаггүй болохоор нарийн ширийн юмыг нь мэдэхгүй. Уг нь Ардчилсан нам төрийн толгойд гараад, үндэснийхээ өв соёлыг дэлхий дахинд сурталчлах ажилд илүү анхаарлаа хандуулмаар санагдсан ч “Та нар өмнөх Засгийн газартай ямар гэрээ байгуулсныг бид мэдэхгүй болохоор энэ төслийг зогсоолоо” гэсэн. Түүгээр ч барахгүй бидний шилжүүлж байсан мөнгө чухам хаана очдог байсан нь тодорхойгүй байдлаар асуудал үүсэх жишээтэй. Монголын уламжлалт урлаг, түүх соёлын дурсгалт бүтээлүүдийг сурталчлах, эдийн засгийн эргэлтэд оруулах тал дээр манайхан хэт хойрго, хардалт сэрдэлтийн үүднээс ханддаг болохоор шинэ юм хийхэд жаахан асуудалтай. Гэлээ гээд би өөрийн улсын урлагийн сайн сайхан бүхнийг суртачлах нэгэн насныхаа үйлээс хэзээ ч татгалзаж байгаагүй.

- Та өөр төрөлжүүлсэн үзэсгэлэн зохион байгуулах хүсэлтэй байх нь ээ?

- Дан ганц Чингис хаан гэлтгүйгээр одоо эзэнгүйдээд байгаа өндөр гэгээн Занабазарын музейн үзмэрүүдийг ч бас ингэж, дэлхий дахинд сурталчлах боломж бидэнд байгаа. Даанч манайхан хүнд итгэж өгдөггүй. Чингис хааны үзмэр гарч байхад манай улсаас мэргэжлийн баг ирж, үзмэрүүдэд шалгалт хийж байсан удаа бий. Гэтэл энд чинь музейн стандарт гэж нэг том юм бий. Биднээс илүүтэйгээр манай үзмэрүүдийг хамгаалж, арчилна. Манайхан түүнийг нь хувилчих вий, олшруулчих вий гэсэн хардалгаар байнга сэрдэнэ. Ер нь бол америкчууд хятадууд биш л байхгүй юу. Түүхийн ховор үзмэрийг олшруулах тал дээр маш хатуу хориг хуультай улс.

Монгол Улсдаа анхны хувийн галерейг байгуулж байлаа

- Таны яриаг сонсоод байхад уран бүтээлийн хувийн урлан, чуулга, цамын урлал гэхчлэнгээр урлагийн салбар дотроо багагүй хөрвөж ажилласан нь харагдаад байна. Магадгүй энэ ярилцлагын турш дэлгэж амжаагүй өөр зүйлс бас байгаа юу ?

- Би энд 2002 онд ирсэн гээд бодохоор бага залуугаасаа, хийж бүтээх хүсэлдээ шатааж явсан тэр үеүд нь өөрөө нийгмийн эргэлтийн цаг байж таараад байгаа биз. Урлагаасаа бол нэг их гажаагүй. Гэхдээ тэр үеийн хүмүүсийн нэгэн адил янз бүрийн л юм хийж явлаа.

- Тухайлбал?

- 1998 онд би Монгол Улсад анхны хувийн “Хангарьд” нэртэй галерей байгуулж байлаа. Одоо хувийн галерей олон болсон хэдий ч тэр үедээ их л шинэлэг үзэгдэл болж байсан юм. Нэг их том зайтай биш л дээ. Гэхдээ л хотын захиргааны албан ёсны зөвшөөрөлтэй, бүх шугам, сүлжээндээ холбогдсон тов хийсэн галерей байгуулсан. Тухайн үед барималч, цуглуулгач С.Бадрал багш намайг “Ганаа чи одоо салбараа нээ” гэж хөөргөөд л.

- “Хангарьд” галерей хаана байршилтай билээ?

- Хан-Уул дүүргийн Чингисийн өргөн чөлөөнд байрлалтай. Би галерейн чиглэлээр нь ашиглаж байгаад, одоо түр түрээсэлсэн байгаа. Миний анхны барьж, байгуулсан галерей болохоор түүндээ их хайртай. Одоо үнэлбэл их л хөөрхөн үнэд хүрэх үл хөдлөх болно доо /инээв/. Түүнийгээ зарлаа гэхэд энд сайхан Хаусанд орно. Гэхдээ би зарж үрдэггүй юм аа. Хүний амьдрал сайхан ш тээ.

- Таны үеийнхний картын бараанд шилжиж байсан он жилүүдийн дурсамж сонирхол татам байдаг?

- Хүн сэтгэж л чадвал мөнгө олддог шүү дээ. Тэр үед би дэлгүүрүүдийн цонхон дээр зураг зурж, шаардлагатай зарлал, мэдээллүүдийг нь сайхан бичиж, зурж өгдөг байлаа. Тийм үйлчилгээ үзүүлснийхээ хүчинд худалдагч нартай найз болж, оочер дугааргүй үйлчлүүлэх жишээтэй. Зарим үед тэд өөрсдийн зардаг ховор бараанаасаа ч илүүчилнэ.

- Танд их л олон сонрхолтой дурсамж байна аа даа?

- Би дээр хэлсэн. Ээж минь уран хүн байсан болохоор би багаасаа юм оёж сурсан юм. Нэг ийм дурсамж байна. Их дэлгүүрт ерэн төгрөгийн үнэтэй Чех улсад үйлдвэрлэсэн саарал цув ирдэг байлаа. Их том оо, хэлхийсэн юм л байна. Би тэр цувнаас нэг дор 2-3 ширхэгийг авангуутаа, шошго тэмдгийг нь эвдэхгүйгээр нэмэлт чимэглэл оролцуулан багасгаж куртка хийнэ. Өөрөөр хэлбэл, “моод” оруулж байгаа хэрэг. Засаж янзалсан курткнүүдээ авч, “Дэнжийн-1000” -ын зах гараад нэг бүрийг нь 300-350 төгрөгөөр зарна. Тэр үед дээд боловсролтой хүний цалин 700-800 төгрөг байхад би долоо хоногт 1000 төгрөг куртик эсгэж оёсны төлөөнөө олчихно. Болж л байгаа биз дээ. Засаж оёх ажил гарт орсон тул нэгэнд нь гурван цаг л зарцуулах жишээтэй.

Энэ мэтээр бизнесийн амжилт олсон хүмүүс манай улсад их л олон байгаа. Гэхдээ би бизнес хөөгөөгүй. Зөвхөн урлагийн ажлаа чөлөөтэй хийхийн тулд мөнгийг өөр аргаар олдог байсан. Яриад байвал их юм бий.

- Яриад бай л даа?

- Хувийн амьдралаа хүнд зарласан хэрэг болох вий /инээв/. Би өөрийнхөө оёдлын ажлыг цех болтол нь өргөжүүлээд тарваганы арьсыг өнгө оруулан, бусад багажаар боловсруулан, гадагш нь гаргаж дажгүй ашиг хүртэнэ. Харин гаднаас өөрийн хэрэгцээнд машин оруулж ирэхдээ оруулж ирсэн үнээр нь өгч орхидог байлаа. Хүн мөнгийг яаж харахаас л шалтгаалдаг байх. Миний хувьд айхавтар хуримтлал үүсгэх хүсэл бол байгаагүй. Мэдээж, галерей барьчих хэмжээний, амьдралаа залгуулж, зуны тур тоглолтынхоо эхний санхүүжилтийг хийчих хэмжээний мөнгөөр тасарч байгаагүй ээ.

- Би дээр асуух гээд зүрхлээгүй. 1992-1994 онд Ленинград хотноо Гүнзе-Чойнон цогцолборын бурхан багшийн хөргийг та хэдий хэр хөлсөөр бүтээж байсан бэ?

- Хүмүүс намайг нээх өндөр үнээр бүтээсэн гэж боддог. Гэтэл үнэндээ би тэнд бурхан багшийн таван метр өндөр хөргийг бүтээхдээ лам нартай нь ав адилхан будаа, талх идээд л, хөлс авалгүйгээр хийсэн.

Гүнзе-Чойнон цогцолбор өөрөө их сонин түүхтэй. Дэлхийн хоёрдугаар дайны үед фашистуудын бөмбөгдөлтөөс ойр орчмоосоо нуралгүй үлдсэн хоёр барилгын нэг нь. Тухайн үед фашистуудын дээрмээс айсан лам нар алтан ганжируудаа хар лакаар будаж байсан бөгөөд одоо ч тэр хэвээрээ хадгалагдан үлдсэн байгаа. Шүтээн бүтээж байх үедээ би хэн хүнд тохиогоод байдаггүй асар их хувь тохиол. Би буян заяаг нь хүртэж амьдарна гэсэн сэтгэлээр л хандаж байсан учраас хөлс мөнгө авах тухай яриа дэлгээгүй. Буян заяа нь дэлгэрч, миний дараа дараагийн үйлс бүтэмж сайн яваа гэж сүслэн боддог. Надад уран бүтээлийн маш их онгод хишиг хайрласан, тэр бүтээлийг хийснээр. Тэр үед надад мөнгө авах шаардлага ч байгаагүй.

- Мөнгө авах шаардлага байгаагүй гэдэг тань...?

- Би тэнд ажиллаж байх хугацаандаа амралтын өдрүүдээр гарч, Москва хот оронгуутаа Монголчуудын авч ирсэн барааг зараад хөөрхөн ашиг олчихно. Москвагаас бараа авч Ленинград хотын зах дээр зараад, ахуйн хэрэглээгээ хангадаг байлаа. Ганзагын наймаачин шиг байгаа биз /инээв/. Энэ аргаа шүтээн урлалын багийнхандаа ч зааж өгнө.

- Та ер нь шуналгүй хүн юм шиг ээ?

- Магадгүй ээ. Монголын нийгмийн шилжилтийн үе болоод энд ирж амьдарсан он жилүүдээ бодоод үзсэн ч тэр. Би тийм ч хаустай болчих юмсан, ийм сайхан машин тэрэг хөлөглөх юм сан гэх дүрэлзсэн шуналаар амьдралдаа хандаж байсангүй. Тэр дундаа урлагаар дамжуулан мөнгө олох хүсэл төдийлөн төрж байгаагүй гэж болно. Мөнгө олдог уу гэвэл олдог. Түүнийгээ өөрийн хүслээр сонгосон Монголын урлагийг дэлхий дахинд сурталчлах үйлсэд зарцуулдаг. Урлагаар дамжуулан айхавтар баян болчих юмсан гэсэн санаа өвөрлөж яваагүй бага залуугийнхаа үзэл баримтлалаар өнөө хэр амьдралд хандаж байна. Яг энэ утгаараа миний санаж, хүсэж, тэмүүлсэн бүхий л үйл хэрэг сайн санаанд тулгуурласан байдаг учраас бүтэмжтэй, эерэг үр дүнг дагуулсаар ирсэн. Нэг зүйлд тууштайгаар, зөв чиглэлээ алдчихгүй зүтгэхийн үр шимийг би хүртэж яваа л гэж ойлгодог. Бид энэ амьдралд үнэхээр сэтгэл хангалуун амьдарч байна. Хүн хүн өөр өөрийнхөө оногдсон хувь заяагаар л амьдралаа бүтээнэ.

- Гэр бүлийн хүрээнд таны энэ үзэл хүмүүжил нэлээд гүнзгий тусгалаа олсон мэт харагдаж байна?

- Гэр бүлийн хүн маань ч энэ байдалд дасчээ. Манай хүн эмч мэрэгжилтэй. Энд өөрийн мэргэжлээрээ ажиллаж байгаа цөөн монголчуудын нэг. Бага хүү маань энд коллежид суралцахын хажуугаар нэг театрт урилгаар ажилладаг. Том хүүхдүүд маань эх орондоо сайхан амьдарч байна. Бүгд их бага хэмжээгээр урлагтай холбогдсон. Манай гэр бүлийн хүн миний Монголын урлагийг дэлхий дахинд сурталчлах үйлсийг минь дэмжиж, хэдэн сараар үзэсгэлэн, тоглолтын хуваарьтай явж байгаад ирэхэд нам тайван байдлаар л угтдаг.

- Эх орондоо хэдий хэр зайтай зочилж байна вэ?

- Энд ирээд хувийн амьдралын шалтгаан, бичиг баримтын асуудлаас үүдэн хэдэн жилээр эх орон руугаа зориогүй хүмүүс олон байдаг. Миний хувьд эхний жилүүддээ жуулчны визтэй байж байгаад, ногоон карт авсан. Ер нь бол эх орондоо байсхийгээд л очих дуртай. Уран бүтээлийн ажлын шугамаар, ах дүү, хамаатан садангууддаа золгох гэхчлэнгээр явж өгнө дөө. Ихэвчлэн хээр, хөдөөгүүр явсаар байтал нэг мэдэхэд буцах цаг болсон байдаг. Монгол нутгаараа тэнэж явах ч мөн ч сайхан шүү дээ. Энэ хавар л гэхэд би хүүтэйгээ өөрийн төрсөн нутаг Баянхонгор аймгийн Баацагаан суманд очиж нэг суварга босгох ёстой. Би Баацагаан сумын далан түрүүний нутагт бага насаа өнгөрүүлсэн хүн гэж дээр хэлсэн. Эх орондоо очих бүртээ тэр нутгаараа орж, ах дүү хамаатан садантайгаа учран золгож, тэнгэр хангай, байгаль эхдээ мөргөдөг дөө.

- Ярилцсанд баярлалаа.

Бичсэн Ж.Мядагбадам / mnb.mn


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.