05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

О.Саранчулуун: Хөлнөөсөө илүүтэй нийгмийн тогтолцооноос болж сэтгэлээр унадаг

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Эмээгийн хөшөө”-ний дэргэд өглөөний 08.30 цагт ярилцлага хийхээр товлосон зочноо хүлээн зогсоно. Энэ зуурт эргэн тойронд дасгал хийсэн, гүйж харайсан хүмүүс нэлээд тааралдана.Ихэвчлэн 25-аас дээш насныхан тэр дундаа хижээлдүү насны хүмүүс өглөө бүр энд ирж дасгал хөдөлгөөн хийдэг ажээ. Удалгүй төв хаалгаар хоёроос гурван настай боловуу гэмээр жаал хүүгээ дагуулсан “хиймэл хөл” дээрээ шогшин яваа эмэгтэй ирж харагдав. Энэ бол бидний ярилцлагын эзэн О.Саранчулуун.

О.Саранчулуун хоёр хөл дээрээ алхаж чаддаг бол урт шилбээ гаргаад өндөр өсгийтэй дэгжин гутал өмсөөд харц дээгүүр алхахыг үргэлж хүсдэг гэнэ. Ийм эмэгтэйчүүдийг хараад тэрээр нууцхан атаархдаг гэсэн. Гэвч энэ бүсгүйн өөрөөсөө гадна өрөөлийг өөрчилж, өөдрөг амьдрахад нь тусалж буй дайчин занд нь атаархмаар. Тэрээр өөртэйгээ адил зовлон туулсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй олон мянган гэр бүлд хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийллийн чиглэлээр нэлээд үйл ажиллагаа зохион байгуулдаг ч түүнийгээ хүн бүхэн хийж чадах ажил тул олонд дэлгэхийг хүсдэггүй гэх. Харин бусдад таниулахыг хүсдэг ганц ажил нь “Хамтдаа гүйцгээе” олон нийтийн гүйлт аж. Учир нь тэрээр бидний адил хоёр хөл дээрээ гүйдэггүй тул өөрөөсөө үлгэрлэн бусдыг идэвхтэй амьдралд уриалах хүсэлтэй юм.

11195432 854320581326540 176081768 n

Ингээд О.Саранчулуунтай ярилцсанаа хүргэе.

-Та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би анагаахын их сургуульд багшилдаг. Миний мэргэжил нийгмийн ажилтан, нийгмийн эрүүл мэндийн судлаач. Манай багш нар багшлахаасаа гадна олон нийт рүү чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах ёстой байдаг. Энэ утгаараа би нэг талаасаа үүргээ гүйцэтгэж байна.

-Энд өглөө бүр гүйлт зохион байгуулдаг юм уу?

-Үгүй. Бямба гараг бүр 08.30 цагт “Хамтдаа гүйцгээе” олон нийтийн гүйлтийг сайн дураараа гүйхийг хүсдэг хүмүүст зориулж зохион байгуулдаг.

-Хүмүүс хэр хамрагдаж байна вэ?

-Сүүлийн үед нэлээд хамрагддаг болж байна. Хамгийн багадаа 20, дээд тал нь 100 гаруй хүн цугладаг. Эхлээд хүмүүстээ дасгал болон гүйлтийн талаар мэдээлэл өгнө. Тэгээд дараа нь бие халаалтын дасгалаа хийгээд цэцэрлэгт хүрээлэнг тойрч гүйнэ. Энд анхлан болон олон жил гүйж байгаа туршлагатай хүмүүс ч нэлээд бий. Гүйж байгаа хүмүүс их тэвчээр гаргадаг болохоор бие биетэйгээ сэтгэлээрээ харьцаж чаддаг.

-Та хэзээнээс гүйж эхэлсэн бэ?

-Одоогоос яг нэг жилийн өмнөөс гүйж эхэлсэн. Анх 2014 оны дөрөвдүгээр сарын 5, 6-ны үед гүйлтийн хөлтэй болсон юм. Тэгээд дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Нью-Иоркд болсон 5 километрийн марафонд оролцсон. Тэнд тэмцээнд оролцож байсан хүмүүс дотроос хиймэл хөлтэй хүн нь ганцхан би. Тиймээс хүмүүс намайг маш их дэмжиж, урам хайрласан. Эндээсээ урамшаад үргэлжлүүлэн хоёр ч олон нийтийн гүйлтэд оролцсон. Тэгээд Нью-Иоркоос Монголд ирмэгцээ олон нийтийн гүйлт зохион байгуулдаг эсэхийг судалсан юм. Гэтэл ийм арга хэмжээ байгаагүй. Тэгээд л би мэргэжлийн бус, гүйхийг хүссэн хүн бүрт зориулсан олон нийтийн гүйлтийг Монголд хийе гэж бодоод эхлүүлсэн. Тэгтэл цахим ертөнцөөр дамжуулан хүмүүс их дэмжиж, идэвхтэй хамрагдаж байна.

-Өнгөрсөн он таны амьдралд их өөрчлөлт гарсан жил байв уу?

-Тэгсэн. Их өөрчлөлт гарсан. Жилийн дотор марафонд гүйж үзлээ. Тэгээд дахиад өөр олон марафонд гүйх хүсэлтэй болж оролцохоор төлөвлөж байна. Бас мөрөөдөж, төлөвлөж байсан ажлууд маань эхнээсээ биелж эхэлсэн болохоор их өөрчлөлт гарсан жил гэж бодож байгаа.

-Хиймэл хөл тань гүйхэд төвөгтэй биш үү?

-Үгүй. Зориулалтын хөл учраас ямар нэгэн хүндрэл байхгүй. Энэ хөл маань нахилзсан уян хатан болохоор хүний өсгий өргөж байгаа мэт байдаг. Харин явахад тохиромжгүй. Энэ хөлийг өмссөн үед байнгын шогшоо байдалтай явдаг.

-Явах үедээ өөр хөл хэрэглэдэг юм уу?

-Тийм ээ. Өөр хөл бий. Цүнхэндээ хийгээд аваад ирдэг юм.

-Таны хөл тань яагаад ийм болсон юм бэ?

-13 настай байхдаа хөдөө амарч байтал морьноос унаад шагайгаа гэмтээсэн. Тэр үед нь нэг их тоолгүй явсаар эцэст нь хорт хавдар болсон хойно нь эмнэлэгт хандсан. Тэгээд л хөлөө тайруулахаас өөр аргаггүй болсон юм. Тайруулсныхаа дараа хавдар судлалын төвд дөрвөн жилийн турш эмчилгээ хийлгэсэн. Нэг үгээр хэлбэл, энгийн нэг гэмтэл эцэстээ хорт хавдар болж хөлөө тайруулсан юм. Хүмүүс хөнгөн гэмтлийг гэртээ давстай хар цай зэргээр эмчлээд тоолгүй орхичихдог. Энэ хэнэггүй байдал нь өвчнийг даамжруулахад хүргэнэ. Тиймээс бусад хүмүүс хандаж хэлэхэд ямар нэгэн зовиур илэрвэл заавал эмнэлэгт хандаж эмчлүүлэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

11180075 854320604659871 1801639430 n

-Одоо нас хэд билээ?

-34 настай.

-Их залуу харагдаж байна?

-Баярлалаа. Гүйлт дасгалын л үр дүн байх. /инээв/ Хөлөө гэмтээснээсээ хойш 20 жил болж байна. Сүүлийн нэг жил өөрийнхөөрөө байж, өөрийгөө бусдад таниулж олон нийтийн дунд явж байна.

-Сэтгэл санаагаар унах үе байв уу?

-Байлгүй яахав. Гэхдээ завгүй байсан цаг хугацаатай харьцуулахад харьцангуй бага. Хөлнөөс болж сэтгэл санаагаар унахаас илүүтэй нийгмийн амьдралын тэгш бус оролцоо л хамгийн хүнд байдаг. Наад зах нь өдөр бүр автобусаар үйлчлүүлэхэд орох, гарах шатнаас эхлээд зориулалтын зүйл байдаггүй. Бас үйлчилгээний газруудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гарц, шат алга. Энэ бүхнээс болж маш их бэрхшээлтэй байдаг. Магадгүй бусад хүмүүс харахад хоёр хөлтэй алхаад байгаа юм шиг боловч яг үнэндээ тийм биш. Залуу бид нар ч яахав гэж бодоход ийм дэд бүтэцтэй газар хөгшин хүмүүст бол үнэхээр хэцүү байгаа.

Миний хувьд группийн мөнгө авах гээд хөөцөлдөхөд маш их хүндрэлтэй байдаг. Жилд нэг удаа сунгана. Ингэхдээ янз бүрийн шат дамжиж, дугаарлан үйлчлүүлж цаг их зарцуулдаг. Таван төгрөг авах гэсэн биш бүр бие, сэтгэлээ чилээж ядраана. Яг тэр үед надад “ямар харгис юм бэ, энэ хүмүүст ямар хэцүү байгааг эд нар мэдэж байгаа болов уу” гэх бодол төрдөг. Ер нь группийн мөнгийг хүнийх нь дансруу хийчихэж болдоггүй юм болов уу. Эрүүл мэндийн үзлэгээ хийхдээ энэ хүмүүстээ арай л амар хялбар байхаар шийдэж болдоггүй юм байхдаа гэж боддог. Энэ харгис тогтолцооноос болж хөгжлийн бэрхшээлтэй байдал нь тэр хүнд маш их дарамт болж, хүндээр тусч байгаа юм. Тэрнээс бол хөгжлийн бэрхшээлээсээ болж шаналах нь бага. Миний хувьд өөрөөсөө ичихээ больсон.

-ЯАГААД БИ ГҮЙЖ ЧАДАЖ БАЙХАД ТА ЧАДАХГҮЙ ГЭЖ-

11195354 854323644659567 232665307 n

-Та хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцооны талаар нэлээд идэвхтэй үзэл бодлоо илэрхийлдэг. Тэд нийгмээс тусгаарлагдсан уу?

-Тийм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд дуу хоолойгоо илэрхийлэх гэхээр орчин нь бүрдээгүй байна. Тухайлбал, цахилгаан шатанд суухад хараагүй хүний тэмдэглэгээ алга. Замын хөдөлгөөнд оролцоход гарцан дээр дуутай дохио алга. Телевизийн мэдээ нь тэр бүр дохионы орчуулгагүй байна. Ийм үед нийгмийн оролцоотой байх гээд яах юм бэ. Бүх юм бүрхэг, мэдэх боломж байхгүй байхад хүн мэдэхгүй байгаа юмаа юу гэж ярих юм бэ. Орчин тойрондоо юу болж байгааг тэд үнэндээ мэдэхгүй байна. Тэгэхээр оролцоотой байлгая гэж ярих гээд байгаа бол эхлээд оролцох боломж, хүртээмжийг бий болгох хэрэгтэй.

-Танд олон хүмүүс хандаж, асуудлаа ярьдаг гэсэн?

-Тийм. Ер нь өдөрт дор хаяж 5-10 хүн ханддаг. Заримдаа бүр 50, 100 хүмүүс ч хандах тохиолдол бий. Тэд асуудлаа ярина. Тусламж хүснэ. Тэр нь заримдаа надад бүр стресс болох тохиолдол байна. Учир нь тэдний асуудлыг сонссон болохоор яаж ийгээд л туслахыг хүсдэг. Манай улсад хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүд, хүүхүүд маш их байна. Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүчирхийлэлд их өртдөг. Хүмүүс хөгжлийн бэрхшээлийг нь асуудал гэж хараад байгаа боловч цаана нь маш олон асуудал бий. Тэрийг нь л сонсох хэрэгтэй.

-Та энэ чиглэлд юу хийж байгаа вэ?

-Би чинь нийгмийн ажилтан хүн. Тэр утгаараа нийгмийн чиглэлээр ямар нэгэн зүйл хийхийг хүсдэг. Хийж байгаа ажлаа одоогоор хэлмээргүй байна. Сэтгэлээсээ хийж байгаа бас хүн болгон хийж чадах ажлыг олон нийтэд зарлах сонирхол алга. Хүмүүсийг уриалж байгаа гүйлтийнхээ талаар бол ярина. Яагаад гэвэл “би гүйж байгаа юм чинь та яагаад гүйж чадахгүй гэж” хэмээн уриалмаар байна.

-Яагаад спортын олон төрлөөс гүйлтийг сонгох болсон бэ?

-Шууд сонгоогүй. Нэлээд олон спортыг судалсан. Тэдний дотроос суурь тэвчээр өгч чадах спорт бол гүйлт гэдгийг мэдсэн юм. Бас гүйлт бол оюун санааны бясалгал. Бясалгана гэдэг бол оюун санаагаа хоосолж байгаад бодохыг хүссэн зүйлсээ нэг нэгээр нь бодож, мөрөөдөх явдал юм. Өөрөөр хэлбэл, бодит ертөнцөөс тасарч өөрийгөө өөр ертөнцөд аваачин хамаг биеэ хөнгөлөх нь чухал. Ер нь хүн тархин дахь залхуурлаа давж чадвал хөл үргэлж гүйхэд бэлэн байдаг гэдэг.
Тэр ч утгаараа би хүмүүсийг спортоор дамжуулж нийгмийн идэвхтэй амьдраасай гэж боддог. Та хүүгээ гэртээ байлгаад л байвал ганцаараа зожиг болно. Харин та олны дунд байлгаад олонтой нь ажиллуулж чадвал тэр хэрээрээ нийгмийн идэвхтэй болно. Тухайлбал, би хүүгээ “миний хүү чадаж байна, яваарай яваарай” гээд алхмыг зааж өгөх бүрт хүү минь тэр бүхнийг сурч, дараа нь өөрөө бие дааж хийж чаддаг болдог. Спорт бол яг ийм зарчимтай. Хүнд урам зориг хайрлаж урагшлах, тэмүүлэх сэдэл өгдөг. Яг ийм зарчмаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн амьдралд татан оролцуулахыг хүссэн юм.

-ТАВАН ТИВИЙН МАРАФОНД ГҮЙХИЙГ ХҮСДЭГ-

11123986 10153269988959839 1265660961 n

-Та “Mөрөөдөл бодит ажил болоод ирэхээр мөрөөдлөө хүртэл хянамаар санагдах юм” гэж хэлжээ. Мөрөөдлийнхөө шатны хаана нь явна вэ?

-Би хүмүүст  туслах юмсан гэж их боддог байлаа. Энэ мөрөөдөл маань биелж байна. Гэтэл энэ хорвоод зовж зүдэрсэн хүмүүс ямар олон байдаг юм бэ? Тэр бүхнийг хуваалцаж байгаа ч миний чадал хүрэхгүй гэдгийг мэдэрсэн. Тэгээд л чадах юмаа мөрөөдөх хэрэгтэй юм байна гэж бодсон.

-Бусдад туслахаас гадна таны мөрөөдөл юу вэ?

-Таван тивийн марафонд гүйхийг хүсдэг. Энэ мөрөөдлөө биелүүлнэ гэж бодож байна. Би нэг марафоныг миний амьдралын нэг том үе шат гэж бодож байгаа. Эхний марафондоо оролцсон. Нью-Иоркт болсон юм. Эндээс маш их зүйлийг сурч мэдэж, ойлгосон. Зүгээр нэг марафонд гүйж зардал гаргах биш өөрөө өөрийгөө шагнах урамшуулал байгаасай, хүрэх үр дүн бүр нь өгөөжтэй байгаасай гэж хүсдэг. Таван шат дамжиж таван том үйлс бүтээж гэмээ нь миний эрхэм мөрөөдөл биелэнэ.

-Нэг марафон нь хэдэн километр байдаг вэ?

-42 км. 42 километрт гүйхэд 34 дэх километрийг “үхлийн цэг” гэдэг. Өөрөөр хэлбэл, хүн үлдсэн 9 километрийг туулахын өмнө хоолой хатаж цааш гүйх тамиргүй болж эхэлдэг. Тэгээд дундаас нь хаядаг хүмүүс бий. Би анх Нью-Иоркийн марафонд оролцож байхдаа 34 дэх киломерт дээрээ бүр цуцаж, дуу гарахаа больж, хамаг бие өвдөөд гүйлтээ зогсоомоор байсан. Тэгээд найз руугаа их өрөвдөлтэй нүдээр харж л дээ. Тэр үед найз маань намайг ууртайгаар “үхсэнээ хараа вэ” гэж загнасан. Тэгээд л би цааш гүйж эхэлсэн. 

-Иймэрхүү хэцүү үедээ өөрийгөө яаж зоригжуулдаг вэ?

-Би хийхгүй бол өөр хэн хийх вэ гэж хэлдэг. Мөн дуусгахгүй юм бол яах гэж эхэлсэн юм бэ гэж өөрөөсөө асууна. Ер нь ямар ч ажил хийсэн эхэлсэн л бол дуусгаж үр дүнг харахыг зорьдог. Хүн аливааг хийхэд итгэл үнэмшил их чухал гэж боддог. Тухайлбал, хийж байгаа ажил минь надад хэрэгтэй гэдэгт итгэдэг. Энэ ажлыг хийх нь Монгол улсад хэрэгтэй гэдэгт итгэдэг. Спорт бол хүний амьдралыг өөрчилнө гэдэгт итгэдэг. Энэ бол миний итгэл үнэмшил. Надтай хамт байгаа хүмүүс ч үүнд итгэдэг. Итгэсэн байхад хүн ямарваа нэг ажлыг тууштай, хүчтэй хийж чадна.

-Хэцүү шантармаар, амармаар санагдах үед та хаашаа явахыг хүсдэг вэ?

-Ажлаас шантрах үед шууд л гүймээр санагддаг. Гав ганцаараа гүйлтэнд бэлддэг хоёр газар л бий. Тэндээ очно доо. Яагаад гэвэл би гүйж байхдаа л шантардаггүй. Эндээс би их тайвныг мэдэрдэг.

-Танай гэр бүлийн хүн тань таныг хэр ойлгож дэмждэг вэ?

-Манай нөхөр компьютерийн сүлжээний инженер мэргэжилтэй хүн. Хятадад долоон жил, АНУ-д хоёр жил орчим суралцсан мэдлэгтэй залуу бий. Яг миний хийж байгаа энэ ажлыг эхэндээ жаахан тиймхэн хүлээж авсан ч сүүлдээ ойлгож эхэлсэн. Олон нийтийн ажил руу анхаараад ирэхээр гэр бүлдээ тавих анхаарал бага зэрэг сулардаг юм шиг байна лээ. Гэхдээ манай нөхөр бид хоёр харилцан бие биенийхээ орон зайг хүндэлж чаддаг учраас ойлголцоод амьдарч байна. Тэр бол маш сайн нөхөр, сайн аав.

-Одоо танайх хэдэн хүүхэдтэй вэ?

-Нэг хүүхэдтэй. Манай хамгийн бага төрсөн дүү минь манайд бүргэлтэй байдаг. Тэгээд ам бүл дөрвүүлээ гэсэн үг.

-Ээжийнхээ тухай яриач?

-Ээж маань цэцэрлэгийн багш хүн. 1990-ээд оны үед буюу намайг хөлөө тайруулахаас өмнө их олон хүн ажлаасаа халагдаж, цомхотголд өртөж байсан. Тэр үеийн хомрогонд манай ээж өртөж ажилгүй болсон юм. Аав маань тусдаа амьдардаг. Тэгээд ээж маань тавын таван хүүхэдтэй байсан болохоор хүүхдүүдээ өсгөхийн тулд эмнэлэгт цэвэрлэгчээр ажиллаж эхэлсэн. Ээж маань одоо ч байгаа. Гэмтлийн эмнэлэгт олон жил ажилласан сайхан ааштай, жижигхэн хүн бий. Миний ээжийн хамгийн сайхан нь хүнд их тусархуу. Заримдаа хэрээс хэтэрсэн гэмээр тусархуу зантай. Манай ээжид таван мянган төгрөг байлаа гэж бодоход дөрвөн мянган төгрөгийг нь зээлчихдэг хүн. Би бол тийм биш. Бас ээж маань бухимдаж, уурладаггүй их тайван зантай. Тэгээд би ээжээсээ та яагаад ийм тусч байдаг юм гэж асуухад “миний хүү тэр хүний оронд өөрийгөө тавьж үзэж сурах хэрэгтэй” гэж хэлсэн юм. Хэдий ээж маань зөөлөн хүн боловч намайг эрхэлж, нялхамсуулж өсгөөгүй. Төсөөлье гэвэл, амьдралын хатуу, хөтүүд олон хүүхдээ өсгөөд их хатуужсан эмэгтэйчүүд байдаг даа. Гэрт орж эм, гадаа гарч эр болсон. Миний ээж тийм л хүн.

11187945 854323661326232 1960643250 o

-Ээжийгээ гомдоож байсан уу?

-Ээжийгээ маш их гомдоодог байсан. Саяхан би хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ээжүүдтэй уулзалт хийсэн юм. Гэтэл дөрөвдүгээр ангид сурдаг саажилттай охинтой нэг ээж байсан. Тэр өдөр бүр хүүхдийнх нь хөдөлгөөн удааширч байгаа болон ээж рүүгээ байнга уурладаг болсон тухай ярьсан. Тэр яриаг сонсож байхад миний багадаа ээждээ гаргадаг байсан зантай адил санагдаж нулимс цийлэгнэж суулаа. Би ээждээ “танаас болж би ийм болсон. Та л намайг анхаарах ёстой байсан” гэх мэт үгсийг хэлдэг байсан. Ер нь санаанд нийцэхгүй зүйл гарвал ээждээ л уураа гаргачихна. Тэр үедээ юм боддоггүй байсан ч ээж болсныхоо дараа л тэр бүхнийг ойлгосон.

-Ээж чинь тэр үед юм хэлдэг байв уу?

-Гомдоод уйлдаг байсан байх. Тэр хүний сэтгэлийг хэдэн удаа урж тасдаж байсныг тоолж баршгүй. Сүүлийн үед ээжтэйгээ хамт олон цагаар байгаагүй удсан байна лээ. Тэгээд энэ жилийнхээ төрсөн өдрөөр ээждээ хоол хийж өгөөд нэлээд удаан хамт байсан.

- ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН ЗОРЧДОГ ЕРДӨӨ ГАНЦХАН АВТОБУС ХҮСНЭ-

11185729 854327691325829 1252978690 n

-Хэрвээ би бусад шиг байсан бол гэх цагаан атаархал танд төрж байсан уу?

-Төрнө ш дээ. \инээв\

-Яг юунд атаархах уу?

- Би өндөр өсгийтэй дэгжин гутал өмсөөд эмэгтэй хүн болсных урт шилбээ гаргаад өөрийгөө мэдрээд алхах юмсан гэж боддог. Магадгүй техник, технологи хурдацтай хөгжиж буй энэ үед хиймэл хөл улам боловсронгуй болж хэдэн жилийн дараа гэхэд энэ мөрөөдөл минь бас биелэх байх. Хэдийгээр би одоогоор өсгийтэй гутал өмсөж явдаг ч яг санасан шиг биш. Өөрийнхөөрөө чөлөөтэй гунхаж яваа эмэгтэйчүүдэд атаархдаг.\инээв\ Бас усанд чөлөөтэй сэлж чаддаг эмэгтэйчүүдэд атаархдаг. Хиймэл хөл усанд сэлэхэд завсраар нь ус орж дүүрээд эвдрэх талтай. Мэдээж өртөг өндөртэй худалдаж авдаг тул гамнах хэрэгтэй болж дураараа сэлж чадахгүй л байна. Их сонин зүйлд атаархаж байгаа биздээ. \инээв\ Гэтэл зарим хүмүүс намайг хараад “чамд харин атаархаж байна” гэдэг. Ингээд бодохоор хүн ер нь өөрт байхгүй зүйлдээ л атаархдаг байх даа. Би хэдий өрөөсөн хөлтэй ч эмэгтэй хүн болохоор түүнийгээ маш их арчилж хайрладаг шүү. /инээв/

-Хэрвээ бэрд гарч ирээд гурван хүслээ хэл гэвэл та юу хүсэх вэ?

-Надад маш олон хүсэл байна. Гэхдээ яг чухал гурвыг хэлэх шаардлагатай гэвэл би нэгдүгээрт Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэн зорчдог тусгай зориулалтын ердөө ганцхан автобустай болгож өгөхийг хүснэ. Уг нь энэ бэрдтэй бэрдгүй байх ёстой зүйл. Гэтэл бодит амьдрал дээр одоохондоо алга. Дараа нь би надад болон яг надтай ижил асуудалтай хэрнээ хүсэл зориг нэгдсэн хоёр, гурван хүнд оюун санааны шантрашгүй, цуцашгүй хүч өгөөч гэж хүснэ. Их юм хиймээр байгаа ч заримдаа ядарч, цуцах үе байдаг. Тиймээс л ахиж тийм зүйл мэдрэхгүйн тулд энэ хүслийг хэлж байгаа юм. Гурав дахь нь би ахиад дөрвөн хүүхэдтэй болгож өгөөч гэж хүснэ. Тэгэхээр ам бүл өнөр өтгөн айл болж алдарт эх болно. \инээв\ Яг бодит байдал дээр дөрвөн хүүхэд төрүүлж хүчрэхгүй болов уу гэж бодож байна л даа.

Ярилцсанд баярлалаа.

Ярилцаж байх зуурт нартай цэлмэг байсан хэдий ч хөдөлгөөнгүй нэг газраа удахад ихэд даарч чичирч байсныг нуух юун. Гэтэл О.Саранчулуун огт даарсан шинжгүй байв. Тэрээр “Энэ бол спортын буюу гүйлтийн ач. Гүйлтээс тэсвэр тэвчээрийг олж авдаг юм” гэлээ.
Та бүхэн О.Саранчулуунтай https://www.facebook.com/groups/letsrunmongolia/827971697317458/?ref=notif&notif_t=group_activity хаягаар холбогдох боломжтой.

П.Мөнхжаргал

11187419 854323651326233 1305386835 o

11065059 854323654659566 414084650 o


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.