05 сарын 04, Бямба
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Р.САРАН:ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦУУДАД АЖИЛЛАХ ХҮЧ БЭЛТГЭНЭ

Хүн бүр ажил, орлоготой бол тэр хэрээрээ улс орны амьдрал өөдлөн дэвжинэ. Харин энэ өөдлөлд хамгийн их хувь нэмэр оруулах талбар бол мэргэжилтэй боловсон хүчин, ажилчин ангийг бэлтгэдэг сургуулиуд юм. Тэгвэл  Эрчим хүч гэх Монгол Улсын гал голомтыг залгаж яваа их айлын нарийн ур чадвар шаардсан мэргэжилтнийг бэлтгэдэг Эрчим хүчний сургалт үйлдвэрлэлийн цогцолборын эрхлэгч Р.Сарантай ярилцсанаа хүргэе.

-Эрчим хүчний салбарыг урагшлуулах гол хүчин зүйл нь боловсон хүчин. Өнөөгийн нийгэмд цахилгаангүйгээр амьдралыг төсөөлшгүй. Энэ чухал салбарын мэргэжилтэн бэлтгэж буй цогцолбор 50 жилийн тэртээгээс хэр өргөжив гэдгээс яриагаа эхэлбэл ямар вэ?
 
-Гэрлээ асаах, плитка залгаж хоол, ундаа хийх, гэрээсээ гарч цахилгаан шатандаа суух гээд бүх юм  цахилгаан дээр тогтож байна. Тэгэхээр эрчим хүчний салбар бол энэ улсын гол амин судас нь гэж хэлж болох юм. Эдүгэ эрчим хүчний салбарт 11 мянга гаруй хүн хүчин зүтгэж байна. Энэ амин судсыг тэжээх мэргэжилтэн, туслах ажилтныг манай цогцолбор 50 жилийн туршид бэлтгэж ирлээ. Манай сургалт үйлдвэрлэлийн цогцолбор анх 1964 онд Эрчим хүчний ажилчдыг бэлтгэх түр сургууль нэртэйгээр байгуулагдсан. Түүнээс хойш цогцолбор болтлоо өргөжиж  эрчим хүчнээс гадна бусад салбаруудад мэргэжилтэн бэлтгэх, дадлагажуулах ажлыг хийж байна. Эрчим хүчний яамны Эрчим хүчний хөгжлийн дэргэдэх Эрчим хүчний сургалт үйлдвэрлэлийн цогцолбор гэсэн статустай явдаг. Манай цогцолбор эрчим хүчний механик, гагнуур засвар, шугам сүлжээ, сэлгэн залгалт, цахилгаан техникийн онол гээд дөрвөн төрлийн 30 гаруй сургалт явуулж  байна. Мөн мастеруудын сургалтыг жилдээ хоёр удаа явуулдаг. Манайх нийт 11 багштай жилдээ 600-650 хүн сургаж буй юм. Хугацааны хувьд 21, 28, хоног дээд тал нь хоёр сарын сургалт юм. Сургалтад хамрагдсан мэргэжилгүй хүнд сертификат олгодогоороо онцлогтой. Мөн эрчим хүчний салбарт монтёруудыг сургаж зэрэгтэй төгсгөж байна. Тус салбарт зэргийнхээ хэмжээгээр цалин нэмдэг учраас зэрэг авах хүмүүст атесттатчлал явуулдаг.
 
-Танай цогцолборыг гагнуурын сургалтаар Монголдоо толгой цохидог гэх юм билээ?
 
-Манайх эрчим хүчний даралтат цагаан хоолой гагнадаг. Энэ утгаараа манай гагнуурыг гүйцэх сургалт Монголд  үнэхээр байхгүй. Техник, лабораторийн хувьд бүрэн шинэчлэгдсэн орчин үеийн дэвшилтэт технологид бид хүнээ сургаж байна. Одоо гагнуургүй юм гэж алга болсон цаг. Бүх салбарт гагнуур хэрэглэж байна.  Манай сургалтад эрчим хүчнээс гадна уул уурхай болон хүнсний салбар, тэр дундаа сүү, ундааны үйлдвэрүүд гагнуурчнаа сургадаг болсон. Манай сургалтад  жилд хамрагдаж буй 600 хүний 200 нь гагнуур дээр сурч байна.
 
-Ингэхэд танай нэг удаагийн сургалтын төлбөр хэд байдаг вэ?
 
- Манай сургалт 443 мянган төгрөгөөс нэг сая 800 төгрөгийн үнэтэй. Сургалтанд ашиглаж буй хий, хоолой болон металлын бэлдэц үнэтэй байдаг учраас зах зээлд өндөрт тооцогддог. Гэхдээ сайн гагнуур хийгээд сурчихвал насан туршийн хоолтойгоо золгоно.  Нэг сар ажиллаад тэр мөнгөө олчихдог.
 
-Англид гагнуурчин хамгийн өндөр цалин авдаг гэдэг. Сүүлийн жилүүдэд манайд гагнуур хийдэг хүмүүсийн үнэлэмж өндөр болж байна. Ингэхэд танай сургалтад хувиараа суралцах хүсэлтэй хүмүүс хэр олон хандаж  байна?
 
-Ер нь сайн гагнуурчид бол гайгүй цалин авдаг болсон. Томоохон уурхайд ажиллаж буй гагнуурчид 2.5 сая төгрөгийн цалинтай. Тэр хэрээрээ хувиараа ирж суралцдаг  хүмүүсийн тоо  нэмэгдэж байгаа. Эдгээр хүмүүсийн ихэнх нь мэргэжил олгох, мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдаж байна. Сүүлийн үед гагнуур хийх сонирхолтой хүмүүс олширч байгаа.
 
-Зах зээлийн үед хамгийн гээгдсэн салбар бол сургалт үйлдвэрлэлийн төв байлаа. Гэхдээ эргээд сэргэж эхэлж байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд танай сургалтад хичнээн хүн хамрагдсан байх юм. Эдгээр хүмүүсийн хичнээн хувь нь ажил, орлоготой болов оо?
 
-2010 оноос хойш ямар салбарын хүмүүс манай цогцолборт суралцав гэдэгт бид судалгаа хийлээ. 2010 онд эрчим хүчний салбарынхан хамгийн их хувийг эзэлж байсан бол 2011, 2012, 2013 онд энэ тоо багасаж  бусад салбарууд нэмэгдсэн нь ажиглагдсан. Сүүлийн 10 жилийн хугацаанд дунджаар 6000 гаруй хүн суралцан гарсан байдаг. Ажилтай болгоно гэдэг бол харилцан адилгүй юм. Зарим нь хувиараа юм хийхээр суралцаж байгаа бол нөгөө хэсэг нь ажилчныхаа мэргэжлийг дээшлүүлэх үүднээс хүнээ сургадаг. Бидний хувьд зарим сурсан хүнийг ДЦС-уудад ажиллуулах хүсэлт тавьж байна. Гэхдээ тэд шууд манай төгсөгчийг ажилд авахгүй шүү дээ. Мэргэжлийн шалгалт авч байж тэнцсэн хүмүүсийг ажилд авдаг. Мөн зэрэгтэй төгссөн өөрсдийн мэргэжилтнүүдээсээ шалгалт авч тухайн зэргийг хангаж байгаа эсэхийг  нь нягталж баталгаажуулдаг юм.
 
-Ингэхэд боловсон хүчин бэлтгэх тэр дундаа нарийн мэргэжлийн хүмүүсийг бэлтгэдэг сургалт үйлдвэрлэлийн лаборатори ямар түвшинд байна вэ?
 
-Зах зээлд шилжих үед  боловсролын салбар тэр чигтээ унасаныг хүн бүхэн мэдэж байгаа. Тэр уналтын үед германчууд манай лабораторуудыг шинэчилж өгсөн. 1999-2000 онд Германы төслийн хүрээнд мэргэжлийн сургалт үйлдвэрлэл явуулах 10 гаруй кабинетийг тохижуулсан юм.Үүнийхээ  эдийг нь  гаргах нь чухал. Бэлэн техник, сургалтын энэ баазад хангалттай хүн сурдаг гэж  хэлэхгүй ч тоог нь их болгохын төлөө бид хичээн ажиллаж байгаа. Одоо шугам сүлжээний өндөр хүчдэлийн лаборатори байгуулахаар ажиллаж байна. Хэдхэн хоногийн өмнө гагнуур хийх орчин үеийн иж бүрэн лабораторитой боллоо. Энэ байгаа техник, технологио түшиглэн ажилчин ангийг тэлэхэд бага ч болов хувь нэмэр болохсон гэж боддог.  
 
-Засгийн газраас нарийн мэргэжлийн хүмүүсийг бэлтгэхэд түлхүү анхаарч “Ажил орлоготой Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Үндэсний мэргэжилтэн хэтдээ улс орны хөгжлийг урагшлуулна гэсэн бодлого явж байна. Энэ ч утгаараа мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг дэмжиж эхэлсэн. Танай цогцолборын хувьд хэр дэмжлэг авч байна вэ?
 
- Мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх Засгийн газрын бодлогыг бид дэмжин ажиллаж байгаа. Засгийн газрын дэмжлэгийн тухайд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд хамааралтай. Манай цогцолборын сургалтын хувьд хугацаа нь богино болохоор эл хөтөлбөрт хамрагдаж чадаагүй.
 
- Тавдугаар цахилгаан станциас эхлээд эрчим хүчний салбарт ажиллах хүчний хэрэгцээ өсөн нэмэгдэх нь. Эдгээр мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд танай цогцолборын үүрэг их биз?
 
- Манай цогцолборт суурилан  аймгуудад барьсан ДЦС-ууд, Улаанбаатар хотын зүүн хэсгийг халаах “Ус-15” төслийн боловсон хүчнийг бэлтгэх талаар ярилцаж байна. Одоогоор V цахилгаан  станцид ажилтан бэлтгэх сураг алга. Харин шинэ Дулааны цахилгаан станцуудын  зуухан дээр ажиллах хүмүүсийг бэлтгэх юм. Удахгүй манай багш нар Ховд, Увс аймагт очиж ажлын байрны сургалт явуулна. Мөн  Дорнод аймгийн ДЦС-ын өргөтгөл хийхэд  70 гаруй хүн сургах хүсэлт манайд ирсэн. 40 хүнийг цахилгаанаар, 30 нь гагнуурын чиглэлээр сурах юм. Дөрөвдүгээр сараас эхлэн сургалтууд явж эхэлнэ.
 
-Нэг үеэ бодвол  гадны мэргэжилтнийг шүтэх нь алсарч байна. Дотоодын боловсон хүчнийг дэмжиж буй энэ үед сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн чанарын асуудлыг ярина. Танай цогцолборын хувьд хэр чанартай сургалт явуулж байна вэ?
 
-Яах аргагүй сургалтын чанар чухал. Тиймээс манай төв юуны өмнө ажлын уялдаагаа сайжруулах, сургалтын төлөвлөгөөг маш нарийн  гаргахад анхаарч байна. 20 хүн цахилгаан техникийн онолын үндэс сургалтыг ганцхан багшаар 28 хоног заалгах уу эсвэл өөр, өөр багшаас мэдлэг авсан нь дээр үү гэдэг нь чухал. Тиймээс нэг удаагийн сургалтад олон багшийг оруулж байна. Хүн бүрийн мэдлэгийн цар хүрээ, арга барил өөр учраас сургалт эхнээсээ өгөөжтэй болж байгаа. Мөн манайх  гадны компани, байгууллагуудад захиалгат сургалтын үйлчилгээ үзүүлж эхэлсэн.  Саяхан Хил хамгаалах ерөнхий  газар, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК, “Өрмөн уул” ХХК, “Вагнер Ази” ХХК захиалгат сургалт явууллаа. Үүний зэрэгцээ багш нарынхаа мэдлэг боловсролыг байнга зузаатган ажиллаж байна. Өнгөрсөн жил  хоёр багш Германд эрчим хүчний гагнуурын чиглэлээр туршлага судлаад ирсэн.  
 
-Эрчим хүчний салбар сэргээгдэх эрчим хүчээр хүрээгээ тэлж байна. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх сургалтыг танайхаас явуулах уу?
 
-Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ажилладаг компанитай хамтран хоёр удаагийн сургалт явуулсан. Өнгөрсөн жил сэргээгдэхийн чиглэлээр сургалт авсан байгууллага дахин сургалт явуулаач гэсэн санал тавьж байгаа. Тиймээс цаашид энэ чиглэлээр сургалт явуулахаар төлөвлөж байна.
 
-Томоохон компаниуд дэргэдээ сургалтын баазтай болоод байгаа. Танайх шиг сургалтын төв Монголд хэд байгаа вэ. Манай эрчим хүчний чиглэлээрх сургалтын төвүүд гадны жишигт хэр ойртож байна?
 
-Одоогийн байдлаар 4 сургалтын төв байна. Компаниуд мэргэжилтнүүдээ бэлтгэх үүднээс сургалтын төв байгуулж эхэллээ. Үүнээс гадна зарим компаниуд   сургалтыг мөнгө олох хэрэгсэл гэж ойлгоод байх шиг ээ. Гол нь сургалтын цар хүрээ баазаа бэхжүүлж байж улсад мэргэжилтэн бэлтгэнэ шүү дээ. Тухайлбал Германы “Mercedes benz” нүсэр том баазтай бүрэн утгаар нь сургалтын төв  байгуулсан байх жишээтэй. Гадны компаниудын энэ жишигт манайхан хүрээгүй. Гэхдээ байгаа боломжоо ашиглаж ажиллах нь чухал.
 
-Танай цогцолбор 50 жилийн ойгоо угтан ямар ажлууд өрнүүлж байна вэ?
 
-Цогцолборын 50 жилийн ой ирэх наймдугаар сард болно. Манай хамт олон ойгоо угтан дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологи болох хагас автомат гагнуурын лабораторийг нээлээ. Эрчим хүчний салбарын хий даралтат сав хоолойг гагнахад нэлээн ур чадвар шаардана. Ихэнхдээ аргон буюу байгалийн хий, холимог хийг ашиглан гагнуур хийж байна. Гагнуур хийх түвшин сүүлийн 10 жилд хурдацтай дээшилж  буй ч стандартын дагуу зөв горимоор гагнахгүй. Тиймээс бид олон улсын жишигт нийцсэн гагнуурчдыг бэлтгэхээр боллоо. Австралийн тоног төхөөрөмжийг 10 тасалгаанд суурилуулж хагас автоматын чиглэлээр гагнуурчин бэлтгэх бааз бүрдэж буй юм. Үүний дөрвөн тасалгаанд гагнуурын аппарат суурилуулсан бол зургаан тасалгаанд аргон ба цахилгаан гагнуур хийх төхөөрөмж байрлууллаа. Германы гагнуурын зөвлөх багш М.Брост бидний урилгаар хүрэлцэн ирж мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллаж байна. Түүнчлэн Германы гагнуурын зөвлөх багш М.Бросттой хамтран хагас автоматын чиглэлээр сургалт явуулах гарын авлага гаргахаар бэлэн боллоо. Мөн ойгоо угтан орон нутагт ажиллаж буй монтёруудын компьютерийн мэдлэгийг дээшлүүлэх сургалт явуулахаар төлөвлөсөн. Тиймээс компьютерийн лабораторийг байгуулж сургалтын хөтөлбөрт компьютерийн хичээлийг оруулахаар болж байна. Ингэснээр эрчим хүчний ажилчид болон сургалтад хамрагдсан хүмүүсийг компьютерийн программ дээр суралцаж орчин үетэй хөл нийлүүлэхэд туслах юм. 
 
Б.Заяа

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.